Бямба, 2024-04-27
Ц.Эрдэнэхүү: Хялбаршуулсан тайлан өгөх нь татвар төлөгчийн сонголт

Б.НАМУУН

Татварын багц хууль ирэх сарын 1-нээс хэрэгжихтэй холбоотойгоор татварын хялбаршуулсан тайлан болон бусад асуудлаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татвар төлөгчидтэй харилцах тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч Ц.Эрдэнэхүүтэй ярилцлаа.

 

– Ирэх сарын 1-нээс хэрэгжих шинэ хуулиар татвар төлөгчид тайлангаа өгөх ажиллагааг нэлээд хялбар болгож байгаа. Яг ямар өөрчлөлт орж байгааг тайлбарлаж өгөөч?

-Татвар ногдуулах орлого нь зургаан тэрбум төгрөгөөс дээш бол аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг улирал бүр ирүүлнэ. Харин орлого нь зургаан тэрбум төгрөгөөс бага бол жилд хоёр удаа тайлан ирүүлэхээр заасан байгаа. Шинэ хуулиар 50 сая төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгж болон иргэний татварын тайлан өгөх явцыг хялбаршуулж өгсөн. Тухайн хуулийн этгээд өөрөө хүсвэл жилд нэг удаа тайлагнаж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өөрсдийн сонгосон горимоор тайлангаа ирүүлнэ. Хялбаршуулснаар эсвэл хуучнаараа өгөх нь тухайн татвар төлөгчийн сонголт. Бусад тайлангийн хувьд хуучнаараа үргэлжилнэ.

-Хялбаршуулсан горимоор тайлан өгнө гэдгийг энгийнээр хэлбэл?

-Өмнөх жилийн тайлангаар тухайн байгууллага эсвэл иргэний борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс бага байгаа бол тухайн оныхоо III улиралд багтаан харьяа татварын албандаа хүсэлт гаргах хэрэгтэй. Хялбаршуулсан тайланг жилд нэг удаа ирүүлэхийн зөвшөөрөх гол шалгуур нь татварын бүртгэл мэдээллийн санд холбогдсон байна. Мөн  НӨАТ-ын баримт гаргадаг байх ёстой. Ингээд татвар ногдох орлогын дүнгээс нэг хувиар татвар төлж тайлант жилдээ нэг удаа тайлангаа өгч болно гэсэн үг.  Гэхдээ тайландаа зардлаа хасахгүйгээр тусгаж татвараа төлөх ёстой.

-Хялбаршуулсан тайлан гаргах сонголтыг хийвэл анхаарах зүйлс юу байгаа вэ?

-Хялбаршуулсан горимоор тайлан ирүүлдэг болбол татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн алдагдал шилжүүлэхгүй, гадаад улсад төлсөн татварыг хасахгүй, өр төлөх хугацааг сунгахгүй гэсэн зохицуулалт бий. Мөн Татварын албанаас хүргүүлсэн хуваарийн дагуу татвараа төлөх ёстой. Хуульд зааснаас бусад тохиолдолд хялбаршуулсан тайлангийн горимоос гарахгүй. Ямар тохиолдолд хасагдах вэ гэхээр жилийн орлого нь 50 саяас дээш болж, НӨАТ-ын тухай хуульд заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгч болсон тухайн өдрөөс хялбаршуулсан горимоос шууд хасагдана.

-Тайлан өгөх явцыг хялбаршуулсан болон татварын хувь хэмжээг бууруулж байгаа ч хүлээлгэх хариуцлага чангарсан гэж ойлгож байгаа?

-Хугацаандаа татвараа төлөөгүй болон тайлангаа ирүүлээгүй бол Зєрчлийн тухай хуулийн дагуу  иргэнийг 150 мянга, хуулийн этгээдийг 1.5 сая төгрөгөөр торгоно. Хэрэв зөрчил гаргасан бол зөрчлөөс хамаарч төлбөл зохих татварын 50 хүртэл хувиар торгох гэх мэт хариуцлагын заалт ч байгаа.

-Компаниуд болон бизнес эрхлэгч хувь хүмүүст зориулсан татварын хөнгөлөлтүүдийн талаар хуульд тусгасан юм билээ. Энэ талаар тодруулахгүй юу. Жишээ нь нийслэлээс алслагдсан байршилд байгаа татвар төлөгч хөнгөлөлт эдлэхээр байсан?

-Тийм хөнгөлөлтүүд ирэх оноос хэрэгжинэ. Алслагдсан бүс буюу Улаанбаатар хотоос 500 км-ээс хол үйл ажиллагаа явуулдаг бол ногдох албан татварыг 50 хувиар, Улаанбаатар хотоос 1000 км-ээс хол үйл ажиллагаа явуулдаг бол ногдох албан татварыг 90 хувиар хөнгөлнө. Гол шалгуур нь алслагдсан аймаг, сумандаа байнгын үйл ажиллагаа явуулдаг, хуулийн этгээдийн ерөнхий захиргаа нь тухайн орон нутагтаа бүртгэлтэй, орон нутгийн татварын албатай харьцдаг, ажлын байр бий болгосон /нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан/ байх ёстой. Харин ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул хийх, ашиглах, цөмийн энергийн чиглэлийн үйл ажиллагаа, согтууруулах ундаа , тамхины ургамал тарих, тамхи газрын тосны бүтээгдэхүүн импортлон, эсвэл дамжуулан худалдах, ярианы үйлчилгээ эрхлэх, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх, автозам, замын байгууламжийг барих, засварлах үйл ажиллагаа явуулдаг бол энэ хөнгөлөлтийг эдлэхгүй гэж ойлгох хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Ц.Эрдэнэхүү: Хялбаршуулсан тайлан өгөх нь татвар төлөгчийн сонголт
2019-12-27 14:01:39
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ