Бямба, 2024-04-27
"Эрчим хүчний үнээ нэмэхгүй бол найдвартай ажиллагаа тасалдах эрсдэлтэй"

Эрчим хүчний салбарын ачаалал нэмэгддэг хүйтний улирал хаяанд ирлээ. Энэ үед эрчим хүчний салбар хэрэглэгчдийнхээ цахилгаан, дулааныг хязгаарлахгүйгээр ажиллаж чадах эсэх нь иргэдийн санааг зовоож байна.

Энэ талаар Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий "Эрчим хүчний салбар нөөц тоноглолгүй болчихсон. Өвлийн өндөр ачаалалтай саруудад бүрэн хүчин чадлаараа ажиллана. Гэхдээ өмнөх жилүүдэд ямар нэг доголдол гарч, тоноглол саатах үед хэрэглээг хязгаарлаж байсан. Тиймээс аль болох хэрэглээг хязгаарлахгүйн тулд л ажиллаж байна.

Хүчин чадлын дутагдалд орж хэрэглээг хязгаарлаж буй суурь шалтгаан нь хэрэглэгчийн тарифыг олон жилийн турш бодит өртгөөс бага тогтоож ирсэнтэй холбоотой. Хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байсны улмаас эрчим хүчний компаниуд өргөтгөлийн ажлаа хийхэд хүндрэл учирсан. Эрчим хүчний үйл ажиллагааг найдваржуулах шаардлагатай.

Өнөөдөр үнийн өсөлт явагдаж байна. Зардал нэмэгдэж байгаа учир дулааны үнэ нэмэгдэж л таарна. Үнээ өсгөхгүй гээд байгаа бол юугаар дараагийн засвар үйлчилгээгээ хийж, найдвартай байдлаа хангах билээ дээ. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ бодит өртгөөр худалдах ёстой" гэв.

Эрчим хүчний үнэ, тарифыг нэмж байж найдвартай ажиллагааг хангана гэж төрийн байгууллагуудаас мэдээлсээр буй. Тухайлбал "Эрчим хүчний үнийг 2019 оноос хойш хөдөлгөөгүй. Салбарын алдагдал жил ирэх тусам нэмэгдэж байна. Өнгөрсөн жил 78, 2022 онд 92 тэрбум байсан бол 2023 онд 150 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай гарахаар байна. Тиймээс үнийг аль болох яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай" гэж Эрчим хүчний зохицуулагч П.Товуудорж ярьсан юм.

П.ТовуудоржСэргээгдэх эрчим хүчний үйлдвэрийг нэмэгдүүлэх замаар найдвартай байдлаа хангах боломж байгаа ч "ДЦС-уудаа өргөтгөх ажилтай холбоотойгоор сэргээгдэх эрчим хүчний станцуудыг суурилуулах ажил буурсан" гэж Б.Ерэн-Өлзий хэлэв.

Монголд одоогоор нарны 6, салхин 3 сэргээгдэх эрчим хүчний станц бий. Гэвч тэдгээр нь цэнэг хураах батарейгүй бөгөөд цаг агаарын нөхцөлөөс хамааран эрчим хүч үйлдвэрлэдэг байна. Иймд ирэх оноос батарей суурилуулах төслийн ажлууд эхэлнэ гэж албаны хүмүүс мэдээллээ.


"Эрчим хүчний үнээ нэмэхгүй бол найдвартай ажиллагаа тасалдах эрсдэлтэй"
2022-09-28 15:53:48
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ