Баасан, 2024-04-26
Б.Мөнхтөр, Б.Даажамба нар Хонконг руу зорчжээ

Хөгжлийн банкинд холбогдох шүүх хуралдаанаар өчигдөр /2023.05.15/ “Бэрэн групп”-т холбогдох хэргийг шинжлэн судалсан бөгөөд энэ үеэр прокурор “Бэрэн групп”-ын захирал Б.Мөнхтөр, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Б.Даажамба нар Хонконг руу зорчсон тухай баримтыг танилцуулсан нь ид дуулиан тарьж байна. Тодруулбал, МИАТ компаниас 2022 оны тавдугаар сарын 9-нд албан бичгээр ирүүлсэн мэдээлэлд “Зорчигч Б.Даажамба нь "289 248 01 10 189" дугаартай билетийг 2018 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр "Аеро маркет" ХХК-аас 1,980,700 төгрөгийн бэлэн мөнгөөр, зорчигч Б.Мөнхтөр нь "289 241 020 58 93" дугаартай  билетийг 2018 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр тасалбар түгээгүүрийн төвөөс 1,825,100 төгрөгөөр, "Бэрэн групп" ХХК-аас 4,608,600 төгрөгийг шилжүүлж худалдан авсан. Зорчигч Б.Даажамба, Б.Мөнхтөр нар нь дээрх билетээр 2018 оны арванхоёрдугаар сарын 2-нд ОМ298 дугаартай нислэгээр Хонконг-Улаанбаатар чиглэлд зорчсон талаар мэдээлэл бүртгэгджээ. Энэ нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Б.Даажамба, "Бэрэн групп" -ийн захирал Б.Мөнхтөр нар Хонконг-Улаанбаатар чиглэлд хамт зорчсон талаарх нөхцөл байдал харагдаж байгаа аж.

Мөн Хил хамгаалах ерөнхий газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 28-нд ирүүлсэн албан бичигт Б.Даажамбын Монгол Улсын хилээр орсон гарсан талаарх лавлагаа ирүүлэхэд И1019954 дугаартай гадаад паспортоор 2018 оны арваннэгдүгээр сарын 25-нд хилээр гарч, арванхоёрдугаар сарын 2-нд буцаж ирсэн. Харин Б.Мөнхтөр нь 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд Монгол Улсын хилээр гарч, арванхоёрдугаар сарын 2-ны өдөр буцаж орж иржээ. Тэдний Хонконг руу зорчсон энэхүү баримт нь "Бэрэн групп"-д зээл гаргаж өгсний "авлига" биш байгаа гэх хардлага дагуулж буй юм.

Сануулахад, Хөгжлийн банктай холбогдох нээлттэй сонсголыг өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулах үеэр шинжээч “Бэрэн групп” -ийн захирал Б.Мөнхтөр 1.5 сая ам.долларыг зузаатгал нэрээр хувийн дансандаа шилжүүлж, нийт 7.2 сая ам.долларыг зориулалтын бусаар ашигласан” гэж танилцуулсан юм. Дээрх асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Мөнхтөр та Макао чөлөөт бүс дэх казиногийн АТМ-аас их хэмжээний мөнгө гаргасан байна. Та мөрийтэй тоглоом тоглодог уу?" гэж асууж байв. Харин “Бэрэн групп” -ийн захирал Б.Мөнхтөр “Би мөрийтэй тоглодоггүй, шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй. Шүүх дээр бүх гүйлгээгээ баримтаар нотлох болно” гэж хариулж байв.


Б.Мөнхтөр, Б.Даажамба нар Хонконг руу зорчжээ
2023-05-16 11:52:20
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ