Ням, 2024-11-24
Хотын даргын хэлсэн хоёр сайн мэдээ

Хот шинэ даргатай болоод нэг сарын ч хугацаа өнгөрөөгүй байна. Анх томилогдохдоо л түгжрэл, утаа гэсэн хоёр том асуудалтай нүүр тулах нь тодорхой байсан Х.Нямбаатар эхний ээлжид нийслэлийн түгжрэлийг бууруулах төлөвлөгөөгөө танилцуулсан. Нийгэмд яг одоо энэ сэдвээр талцал явагдаж байна. Хотын төвөөр явахдаа төлбөр төлөх, төлөхгүйн тухайн маргаан л хүчтэй яригдаж буйгаас бусад онцлох саналууд нь орхигдоод байх шиг ээ. Юун түрүүнд, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах гол хийгээд ойрын гарц нь нийтийн тээврийн парк шинэчлэл. Энэ чиглэлд эхний ээлжид 700 шинэ автобус оруулж ирэх болсноо мэдэгдсэн. “Цавчаа ногоон”-ы хэргээс улбаалж нэлээд нарийн шалгуураар автобус оруулж ирэх буй за. Харин тэр төвийн төлбөртэй бүсийн тухайд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Төлбөртэй бүсийн зохицуулалтын талаар ташаа ойлголтууд байна. Энэ хууль батлагдсанаар төлбөртэй бүсийн тарифыг шууд тогтоохгүй. Эхлээд нийтийн тээврийнхээ хүртээмжийг нэмэгдүүлж, уялдаа холбоог сайжруулсны дараа төлбөртэй бүс тогтоох эрхийг НИТХ-д олгох зохицуулалтыг хуульд тусгасан. Тэгэхээр шууд 27 мянган төгрөг байна гэж ойлгож болохгүй. Магадгүй 2000, 5000, 10000 төгрөг ч байж болно. Мэдээж хотын төвтэй ойр төлбөргүй зогсоолуудад автомашинаа тавиад, алхах, дугуй унах, скүүтэрээр явах зэрэг боломжийг бүрдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Дэлхийн олон хот авто замын түгжрэлийг бууруулахын тулд төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийж ирсэн. Дэлхийн улс орнуудын жишгээс үзэхэд төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийж чадсанаар тухайн бүс доторх хөдөлгөөний эрчим 30 хувиар буурдаг гэсэн статистик бий. Харин тухайн бүсэд амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90 хүртэл хувиар, албан ёсны такси үйлчилгээг 50 хувь хөнгөлнө” гэсэн байна. 
 
Хотын шинэ даргын ойрын өдрүүдэд хийж буй мэдэгдлээс харахад, хоёр чухал сэдэв олон нийтийн анхаарлын төвөөс холуур тойроод байна. Нийслэлийн утааг 22 хувиар бууруулж, түгжрэлийг 36.3 хувиар буулгах сайн мэдээ. Бас иргэдээ ч орон сууцжуулах төлөвлөгөө. Тэр нь нийслэлийг зургаан Дэд төвөөр дамжуулж хөгжүүлэх тухай юм. Энэ сэдвийг хөндөхийн тулд эхлээд төрийн залгамж чанарын тухай өгүүлэх ёстой. Монголд тогтчихсон нэг буруу жишиг байдаг нь өмнөх даргын хийсэн ажлыг үргэлжлүүлэхгүй гэх хандлага. Тэр тусмаа өөр намын үед эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэхээс аль ч дарга хойш суух гээд байдаг талтай. Тэгвэл нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар АН засаглаж байх үед буюу хотын дарга асан Э.Бат-Үүлийн эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, нийслэлийн Дэд төвүүдэд анхаарал хандуулахаас мэдэгдлээ. Тэрээр “Э.Бат-Үүл даргын үед хэрэгжүүлж эхэлсэн Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй гэр хорооллыг орон сууцжуулах зургаан Дэд төвийн дэд бүтэц дээр суурилж гэр хорооллыг цогцоор нь газар чөлөөлөлт хийж, орон сууц барих төслийг хэрэгжүүлнэ. Азийн хөгжлийн банктай хамтран зургаан Дэд төвийн дэд бүтцийг хийх ажлууд хийгдэж байгаа. Үүнээс Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн ажил үндсэндээ дууссан. Одоо Толгойт, Дэнжийн 1000, Шархад, Дамбадаржаа дэд төвийн дэд бүтэц хийх, айлуудын газар чөлөөлөх, инженерийн шугам сүлжээ, автозамын трасс татах ажлууд эхлээд явж байна. 100 хувь дууссан Сэлбэ дэд төв дээр ойролцоогоор 12000 айл, Баянхошуу дэд төв дээр 6000 айлын орон сууц босох юм. Бид энэ Дэд төвүүдийг хэрхэн иж бүрэн орон сууцжуулах вэ гэдэг утгаар сая УИХ-д өргөн барьсан хуулийн төсөлд айлуудын газар чөлөөлөлттэй холбоотой хэд хэдэн нөхцөлийг бичиж өгсөн. Эхний ээлжид Сэлбэ дэд төв орчмын 158 га байршилд 2000 нэгж талбар айлын газрыг чөлөөлөх төлөвлөлт оруулж ирсэн. Энэ газрыг чөлөөлснөөр нам давхрын 12 000 айлын дундаа ногоон байгуулмж, цэцэрлэгт хүрээлэн бүхий орон сууцны цогцолбор босгох санхүүгийн болон зураг төслийн бэлтгэл ажлууд хангагдаад байна. Сэлбэ төвийн 12 000 айлын орон сууц боссоноор газраа чөлөөлсөн 2000 айл орон сууцандаа ороод цаана нь 10000 айлыг орон сууцаар хангах боломж, нөхцөл бүрдэх юм. Ийнхүү Хайлааст, Чингэлтэй, 5 буудал, Дарь-Эхийн замын баруун хэсэгт байгаа буюу гол дагасан айлуудыг бүхэлд нь оруулах боломж бүрдэнэ” гэж мэдэгдлээ. Энэ ажлыг ирэх онд барилгын ажил эхлэх боломжтой улиралтай зэрэгцэн эхлүүлэхээ ч бас хэлээд байна. Хамгийн гол нь Дэд төвүүдийг барьснаар автозамын түгжрэл 36.3 хувь, утаа 22 хувиар буурах тооцоо судалгаа гарчээ. 
 
Дэд төвүүд яагаад чухал вэ?
 
Нийслэл Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг ЗХУ-ын мэргэжилтнүүд батлахдаа, ердөө хагас сая хүнтэй хот байхаар бодож тооцсон. Хэдийгээр анхны төлөвлөгөөг өнгөрсөн хугацаанд таван удаа шинэчлэн засч, хэрэгжүүлсэн хэдий ч анхны сууриасаа огтхон ч гажилгүй өдий хүрчээ. Юу гэвэл, Улаанбаатар хотыг анхнаас нь нэг төвтэй байхаар тооцож, тэрхүү цөмөө тойруулж хотжилт үүсгэхээр төлөвлөсөн байсан. Хамгийн ихдээ л хагас сая хүнтэй хотод л зориулж хийсэн төлөвлөлт учраас буруутгах ч аргагүй. Харин социализмын үеэс хойш нийслэлийн нийгэм, эдийн засгийн эрчимтэй тэлэлт, хүн амын бөөгнөрөл, машин техникийн хэрэглээ нэмэгдсээр байсан ч түүнийг дагасан дэд бүтцийн шинэчлэл огт хийгдсэнгүй. 1960-аад онд Улаанбаатар хотноо 120, 220, 40, 50 мянгат гэх хорооллууд сүндэрлэн боссон. Үүнээс хойш 1980-аад онд I, III, IV хорооллыг барьж босгосон. Ингээд үүнээс хойш бүтэн 40 жил өнгөрөхөд дээрх шиг томоохон бүтээн байгуулалт өрнөөгүйн гол шалтгаан нь дэд бүтэц юм. Зөвхөн хотын төв хэсгээ тойруулж дэд бүтцээ шийдсэнээс үүдэж, хотын төв хэсгийн ачаалал илт өсөв. Гэтэл тэрхүү төв хэсэгт хотын бүх хүн ам багтах ямар ч бололцоогүй билээ. 
 
Ингээд Улаанбаатар хотын тэлэлт хэвтээ, босоо болон үсчсэн бүх хэлбэрээр эрчимтэй явагдаж, баруун зүүн тийшээ 30-40 км, урагшаа хойшоогоо 20-30 км үргэлжилсэн. Хэт олон хүн хотод шилжин суурьших болсноос үүдэж, дэд бүтэц хөгжөөгүй газруудад дур зоргоороо хашаа хатган, гэр барьж эхэлсэн. Уг үндсийг нь хөөвөл, яг эндээс л Улаанбаатар хотын хамаг зовлон эхэлсэн байдаг. Дэд бүтэц хөгжөөгүй газарт гэр барьсан айлууд нүүрс түлэх болсноор агаарын бохирдол үүсч, бохир, цэвэр усны шугаманд холбогдоогүйгээс хөрсний бохирдол хүрээгээ тэлж, бүх үйлчилгээгээ хотын төвөөс залгуулдаг амь амьжиргаа нь нийтийн тээвэр, авто замын түгжрэлийг үүтгэжээ. Нийслэл үндсэндээ нэг л төвтэй. Сүхбаатарын талбайгаа тойроод төрийн бүх яам, агентлаг, худалдаа соёлын үйлчилгээ төвлөрснөөс болж түгжрэл үүсдэг. Аж төрөн суугаа газар орчиндоо буюу гэрийнхээ ойролцоо бүх хэрэгцээгээ хангаж байвал хотын төвийг өдөр бүр зүглэж, түгжрэх шаардлагагүй болно. Энд л Улаанбаатар хотын бэрхшээл бүхний шийдэл нуугдаж байж мэднэ. 
 
Нийслэлд тулгамдаж буй гурван бүлэг асуудал бий. Үүний эхэнд, хотын дэд бүтцийн хүртээмжгүй байдал, хоёрт, хот руу шилжих хөдөлгөөн ихэссэний улмаас гэр хорооллын тэлэлт ордог. Тэгвэл гурав дахь асуудал нь, ердөө л дээрх хоёр нөхцөлөөс үүдсэн бэрхшээл хүндрэлүүд юм. Тухайлбал, агаарын бохирдол, хөрсний бохирдол, замын түгжрэл, орон сууцны хүрэлцээ гээд хөвөрнө. Тиймээс эхний хоёр шалтгааныг арилгавал дараагийн урхаг, үр дагаврууд дагаад алга болно гэсэн үг. 
 
Цаашдаа Улаанбаатар нэг төвт хотын загвараар хөгжих боломжгүй болсон. Их, Бага тойруу гэх багахан гортиг руу тэмүүлэх хөдөлгөөн нь хотын түгжрэлийг бий болгож, хотын захдаа хотын хөдөө гэх хөгжлийн ялгаа заагийг нэгэнт үүсгэжээ. Тийм учраас хотын Дэд төв гэх нэр томъёо сүүлийн жилүүдэд эрчимжиж, төрийн бодлого үүнд төвлөрөх болов. Хотын шинэ дарга Х.Нямбаатар ч энэ сэдвийг барьж авсан нь яах аргагүй сайн мэдээ юм. 

Хотын даргын хэлсэн хоёр сайн мэдээ
2023-11-03 10:48:37
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0