Нийслэл Улаанбаатар хот болон зарим аймаг, сумдад бензин, түлшний хомсдол үүсээд байгаа. Тэгвэл шатахуунтай холбоотой үүсээд буй асуудлын талаар эдийн засагч Ц.Лут-Очиртой ярилцлаа.
-Иргэдийг бухимдуулж байгаа нэг асуудал нь шатахуун, түлшний хомсдол болчихлоо. Үүнээс болоод олон цагаар иргэд дараалалд зогсож байна. Тэгвэл өнөөдрийн энэ нөхцөл байдал чухам юунаас болж үүссэн гэж харж байна вэ?
-Манай улс шатахуунаа 100 хувь ОХУ-ын Роснефтиэс урт хугацааны гэрээгээр авч байгаа. Гэтэл Роснефтийн нийлүүлж байгаа шатахууны стандарт хамгийн дээд тал нь АИ-95, АИ-98 гэж байгаа ч бид АИ-92 гэдэг евро стандартаар авдаг. Гэтэл бусад улсад буюу европын холбоо Евро-5, түүнээс дээш цэвэршүүлсэн стандартын түлш авдаг. Харин манайх евро стандартаар биш, АИ-92 гэдэг бензин авдаг хэрэглэгч улс шүү дээ. Роснефть компани европын холбооны улс руу нийлүүлэхгүйгээр төв азийн орнууд буюу Кавказын орнууд руу нийлүүлдэг. Үүний гол хэрэглэгч нь Монгол Улс. Одоо бол ОХУ дотооддоо өөрсдөө түлшний хязгаарлалттай болсон. Яагаад гэвэл Украины дайнтай холбоотой. Украины дроны довтолгоо ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэр, эрчим хүчний салбар луу тасралтгүй дайралт хийж байгаа. Тийм учраас одоогийн байдлаар Европ зүг рүү буюу Украины хилээс 700 км зайд байгаа нефтийн үйлдвэрүүд бүгд халдлагад өртсөн. Ер нь ОХУ-ын нефть үйлдвэрлэлийн 37 хувь нь ажиллах боломжгүй, хомсдолд орсон байгаа.
ОХУ дотооддоо АИ-92 бензин нь хязгаарлалтад орсон. Тэгэхээр яалт ч үгүй ганц шатахуунаа авдаг бинзений эх сурвалж маань ийм байгаа учраас нийлүүлэлт багасаж, тасалдаж байна. Гэтэл Монголын шатахууны нөөцийн сав нь хэрэглээндээ таарсан жижиг учраас нэг дор их хэрэглээд явахаар тасалдал үүсчихээд байгаа юм.
-Тэгвэл одоо хийх ажил юу байх вэ?
-Тэгэхээр одоо бидний хийх ажил бол эх үүсвэрээ олон болгох. Евро стандартын түлшийг өндөр үнэтэй ч хамаагүй оруулж ирэх ёстой. Евро-5 стандартын түлшийг бусад улсаас оруулж ирэх боломжийг нээж өгөх ёстой гэж бодож байна. Тэгэхгүйгээр бид нэг улстай гэрээ байгуулдаг. Тэр нь тасалдвал дагаад хомсдол үүсдэг. Бага стандартын, хямд түлшээр бензинээ хангадаг загвар маань цаашдаа явахаа больчихлоо л гэсэн үг.
-Орос, Украины дайны дараа өөр улсаас шатахуун авах боломж байсан уу?
-Дайн болоод гурван жил хагас болж байна. ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү идэвхтэй дайралт эхлээд яг нэг жил хагас болж байна. Үүнд бид анхнаасаа л урьдчилаад бэлдэх ёстой байсан. Яагаад бид бусад улсаас бензин авдаггүй вэ гэвэл татвартай холбоотой. Бид ОХУ-аас АИ-92 бензин дээр ямар нэгэн онцгой татвар төлдөггүй. Тиймээс хамгийн хямд, стандартгүй түлш нийлүүлэх боломжтой газар нь ОХУ. Хамгийн ойрын хугацаанд бусад улсаас түлш, бензин оруулж ирэх дэд бүтцээ шийдэх хэрэгтэй. БНХАУ, Солонгос, Казахстанаас бензин авах боломж бий шүү дээ.
Мөн татварын орчноо тэнцвэржүүлэх хэрэгтэй байна. Хятадаас өндөр чанартай евро стандартын түлш авах гэхээр Оросын шатахууны үнэд цохиулчихдаг. Ижил үнэтэй шатахуун зарж болохгүй. Үнээ нэмье гэхээр хүмүүс эсэргүүцнэ. Дээрээс нь Засгийн газар үнээ нэмж болохгүй шүү, лицензийг чинь цуцална гээд шаардаад байдаг. Ингээд нефть бүтээгдэхүүн худалдаж байгаа хүмүүс хоёр хайчны галан дунд орчихоод байгаа юм. Гэтэл өөр эх үүсвэр хэрэгтэй байдаг ч хэт үнэтэй.
-Энэ нөхцөл байдлыг анх дайн эхлэхэд олж хараагүй гэхээр тухайн үеийн Засгийн газар муу ажилласны үр дүн үү?
-ОХУ-аас бензин түлшний хангамж тасалдах эрсдэл хэзээд байсаар ирсэн. Үүнийг эдийн засагч, судлаачид сүүлийн гурван жил байнга л анхааруулсаар ирсэн. Гэтэл манай эрх баригчид, Засгийн газар маань ОХУ-тай уулзаад, цаадуул нь бензинийг тасралтгүй хангана, урт хугацаанд хөнгөлөлттэй үнээр нийлүүлнэ гэж амлалт хэлээд л яваад байгаа. Тэр амлалтад нь бид бат итгээд, найдаад байна. Бусад орноос өндөр стандартын түлш оруулж ирэх, ижил тэгш байх татварын бодлого ерөөсөө хийгдээгүй байна гэсэн үг. Бусад улсаас бензин оруулж ирье гэхээр дэд бүтэц маань бэлэн биш. Шингэн түлшийг шилжүүлэн ачих хүчин чадал бага байна. Урд хөрштэйгөө төмөр замын цагийн зөрүүнээс болоод шатахуун их хэмжээгээр оруулж ирэхэд хүндрэлтэй байгаа. Мөн БНХАУ-тай бусад барааны худалдаа явагддаг учраас төмөр замын ачаалал өндөр байдаг. Хажуугаар нь транзит тээврийн ачаа 40 хувь байдаг. Тиймээс түлшний хангамжийг урд хөршөөс нийлүүлэхэд дэд бүтэц, тээвэр ложистикийн талаас асуудалтай байгаа. Уг нь үүнийг бид аль хэдийнэ шийдвэрлэчих ёстой байсан юм. Мөн уул уурхайн бүтээгдэхүүндээ ашиглах дизель түлшээ өмнөд хөршийн боомтуудаар оруулж ирэх асуудлыг өмнөд хөрштэй ярилцах ёстой.
-С.Баярын Засгийн газрын үеэс л бид өөрсдөө шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэг болъё гэж ярьж эхэлсэн. Яагаад энэ асуудал одоог хүртэл дорвитой шийдэлд хүрсэнгүй вэ?
-Сүүлийн 30 жил бид түлшний хангамжийнхаа эх үүсвэрээ өөрчилье гэж ярьж байгаа. Энэ асуудал сүүлдээ үе үеийн Засгийн газрын худал ярьдаг ганц сэдэв болсон. Түүнчлэн шатахууны хамаарлаа бууруулах гэсэн оролдлого бүр бүтэлгүйтэж байна. Үеийн үед Оросыг гуйгаад, хямдралтай үнээр түлш нийлүүлэх гэрээ хийгээд явж байх жишээтэй.
Одоо нефть боловсруулах үйлдвэрийн тухай асуудал яригдаж байна. Гэтэл ашиглалтад орох ёстой хугацаанаасаа өнгөрөөд дөрвөн жил болсон байдаг. Яагаад ийм удаашралтай байгааг ерөөсөө ойлгохгүй юм. Бид дотооддоо хамгийн их, үнэгүй байгаа нүүрсээ боловсруулаад, маш чанартай АИ-98, АИ-95 бензин, онгоцны түлш гаргах боломжтой. Уг нь “Эрдэнэс Монгол” дээр төслийн ТЭЗҮ нь бэлэн болчихсон. Багануурын нүүрсэн дээр тулгуурлаад хүрэн нүүрснээс синтетик байгалийн хий гаргах төсөл юм. Үүнийгээ яагаад хурдацтай явуулж болдоггүй юм бэ.
-Манайх газрын тосны хийн хоолойн үйлдвэр байгуулах гэж байгаа. Гэтэл үйлдвэрээсээ бусад зүйлээ бүтээн байгуулчихсан бил үү?
-Дорнод аймгийн Тамсагбулагийн газрын тосыг Зүүн баянд боловсруулах үйлдвэр баригдаж байгаа. Тамсагбулгийн ордоосоо газар доогуур хоолойгоор Зүүн баян хүртэл тээвэрлэх ажил хийгдэж байна. Энэ чинь зөвхөн 40 хувь. Газрын тосны гарц буугдвал энэ хувь буурна. Гэтэл нөгөө талд түлшний хэрэглээ нэмэгдээд байна. Тийм учраас бидэнд дотооддоо нүүрсээ боловсруулаад, түлш гаргах үйлдвэр хэрэгтэй. Энэ нь халаалтын хий ч болж болно. Мөн нүүрс түлээд утаа, тортог их байна гэх асуудлыг ч давхар шийдэж болох төсөл юм. Үүнийг татварын орчноор илүү ашигтай төсөл болгох боломжтой. Хөрөнгө оруулагчид ч орж ирэх сонирхолтой байгаа.
-Иргэд бензин ихээр нөөцлөөд байгаа учраас зохиомол хомсдол үүсээд байна гэх тайлбарыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны сайд Г.Дамдинням хийсэн. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Иргэдэд нөөцийн сав байхгүй шүү дээ. Зөвхөн машины банк л байгаа. Нийт иргэдийн 70 хувь нь приус машинтай. Приусны банк 40 литрээс илүү гарахгүй. Тиймээс иргэдэд шатахуун нөөцлөх ямар ч боломжгүй. Бид Оросоос тасралтгүй бензин оруулж ирдэг ч нэг дор ихээр нөөцлөх боломжгүй юм.
Тэгвэл шатахууны хомсдолын тухай иргэд ямар байр суурьтай байгаа талаар сурвалжиллаа.
Иргэн Д.Самбуу: -Монголын ард түмнийг гол хөдөлгөж байгаа зүйл бол шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн шүү дээ. Би гэхэд өчигдөр орой хайж явсаар нэг цаг оочерлож байж банкаа дүүргэж авсан. Хэд хонож байгаад л бензин тасарлаа, хомсдолоо гэдэг. Гэтэл салбарын сайд нь зүгээр, хэвийн байгаа гээд байдаг. Ямар учиртай юм бүү мэд. Дээр байгаа хүмүүс нь суудлаа олохгүй болохоор иргэд бид яаж амьдрах вэ дээ. МАН дотроо үзэлцээд л байдаг. Ер нь монголчуудыг амьдруулахгүй хэмжээнд хүргэж байна. Одоо үнийн өсөлтийг хар. Хуучин дундаж амьдралтай байсан бол одоо баян, хоосон гэсэн давхарга л бий боллоо. Үүнийг засахын тулд энэ төрийг бүр задалж, зайлуулах шаардлагатай. Өөр нэг наймаачин авчирч тавиад ямар ч нэмэргүй. Иргэдийг бензинээр нь боомилж байгааг юу гэж ойлгох вэ. Одоо өвлийн хүйтэн боллоо. Энэ өвөл “шатахуун тасалдвал яах вэ” гэж бодохоос үнэхээр гутамшигтай байна. Уг нь төрд байгаа хүмүүс биднийг төлөөлж, монголчуудыг сайхан амьдруулах гэж энэ ордон дотор сууж байгаа шүү дээ. Гэтэл үндсэн ажлаа хийхгүй байна.
Иргэн Ц.Амгаланбаатар: -Улс төрийнхөн өөрсдөө хоёр тал болчихоод байна шүү дээ. Нэг тал нь Занданшатар, нөгөө нь Амарсайханы тал болчихлоо. Улстөрчдийн гар хөл болж байгаа хүмүүс нефтийг чинь барьчихлаа шүү дээ. Тэр хүмүүстээ хэргээр даалгавар өгчихсөн. Ангарскийн нефтийн үйлдвэр чинь засвар хийгээд дуусчихсан. Манайх тэндээс чөлөөтэй авч байгаа. Г.Дамдинням сайд шатахуун байгаа гэж хэлээд байгаа. Шатахуун бол нөөцдөө байдаг. Ганцхан тэр хүн л нөгөө талын сурталчилгаанд байгаа юм. Ард түмнийг хэргээр ингэж байна гэж би бодож байна. Ер нь Монголын ард түмэн төргүй болчихлоо. Бензингүй болчихлоо. Ингээд ажил төрөлгүй болчихож байгаа юм. Бид хуульгүй төрд амьдарч байна. Ингээд л амьдрах аргагүй болгох гээд байна шүү дээ.
Иргэн Б.Нямсүрэн: -МАН-ын Засгийн газар байх үед бензиний хомсдол дахин гурваас дөрвөн удаа үүснэ. Ажлаа хийж мэддэггүй арчаагүй төрийн буруугаас болж шатахуун, тог, халаалтгүй энэ өвлийг давах юм шиг байна даа. Бензин авах гэсэн дараалал хотыг хамарсан түгжрэл болж хувирсан. Бодит нөхцөл байдал ийм байхад яагаад Г.Дамдинням худлаа яриад байгаа юм. Зун бензиний хомсдол үүсдэггүй хэрнээ яагаад заавал өвөл хомсдол үүсээд байдаг юм бэ. Зориуд
иргэдээ хорлоод байдаг юм болов уу. Удахгүй бензинийхээ үнийг нэмж ч магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Сайд нь иргэдээсээ болж хомсдол үүссэн гэж ярихаасаа ичээсэй. 40 литр хүрэх, хүрэхгүй машины банкнаас өөр юу ч үгүй иргэд яаж түлш нөөцлөх вэ. Дахин хэлье. Г.Дамдинням аа, таны урдаас, хойноос хангалттай хэмжээгээр оруулж ирээд, цутгаад байгаа тэр их бензинийг хаанаа нөөцлөх вэ. Одоо бараг иргэдэд хэрэг үүсгээд шалгах л дутуу байна даа.
Иргэн М.Нацагдорж: -Жилийн жилд л шатахуун хомсдож байна шүү дээ. Энэ бол улс төрөөс үүдэлтэй асуудал. Би маш удаан дугаарлаж байж 20 литр бензин авсан. Төр засаг ядахдаа нефтийн үйлдвэрээ дуусгахаа бодмоор байна. Дарханы зам шиг л ажил боллоо. МАН ард түмнээ ингэж дарамтлахаа болиоч ээ. Хамгийн хөгийн нь дандаа худлаа ярина. Шатахууны нөөц байгаа гэдэг. Гэтэл хүмүүс бензин олж авч чадахгүй байна шүү дээ. Үүнээс өөр ямар бодит байдал, асуудал хүсээд байгаа юм бэ. Өнөөдөр Г.Дамдинням иргэдээс болж шатахууны хомсдол үүссэн гэлээ. Яаж вэ. Иргэдийг төлөөлж буй төрийн хүн гэхэд дэндүү ичмээр тайлбар хийлээ. МАН засаглаж байгаа цагт ард түмэн нар харна гэж хэзээ ч байхгүй. Иргэд ямар савандаа шатахуун нөөцлөөд байгааг баримттай ярина уу. Манай сайд, дарга нар баримт гэж ярих их дуртай биз дээ.
Г.БАЛГАРМАА
А.ДАВААДУЛАМ
Эх сурвалж: Өдрийн сонин
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо |
2025-10-23 12:20:01
2025-10-23 12:18:59
2025-10-23 12:17:14
2025-10-01 11:00:20
2025-10-01 10:59:24
2025-10-01 10:56:54
2025-09-24 12:06:06
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
2025-09-23 08:43:02