Засгийн газар өнөөдөр хуралдаж, 30 орчим асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хэлэлцсэн асуудлын талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Гурван долоо хоногийн өмнө Засгийн газар МҮХАҮТ-тай хуралдсан. Хувийн хэвшил бизнес хийхэд чөдөр тушаа болж буй асуудал нь хууль биш журмууд байна гэдэг асуудал хөндөгдсөн. Иймд журмуудын асуудлаар ЗГ-т танилцуулга хийгдлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 437 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. 300-д нь ямар нэгэн байдлаар журам батлах эрх олгосон заалт байна. Энэ 300 гаруй хуульд 2500 журам батлахаар хуульчлагджээ.
ХЗДХЯ захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийг хөтөлдөг. Өнөөдрийн байдлаар, улсын нэгдсэн бүртгэлд 2395 журам бүртгэлтэй байна.
2018 онд манай улс 906 журамтай байсан байна. Сүүлийн хэдхэн жилийн дотор эрс нэмэгджээ.
Хамгийн гол нөлөөлсөн нь хог хаягдал, малын тоо толгой, эрчим хүчний хууль дагасан журмууд байна.
Дээр дурдсан 2395 журмын 33 хувийг сайд нар баталж. Засгийн газраас 600 гаруйг баталсан байна. Гол яамд нь БОАЖЯ 89, БХБЯ 146, СЯ 88, ХЗДХЯ 91 гэх мэтээр баталжээ.
Агентлагуудын хувьд, ГЕГ 35, Татвар 47, МЭЕГ 25 журам баталж.
Бүх аймаг, нийслэлийн ИТХ-аар нь мөн гаргаж харлаа. УИХ-ын харьяа байгууллагуудаас 143 журам баталсан. Хамгийн олон нь СЗХ 66, Монголбанк 36 журам баталсан байна.
Ийнхүү Засгийн газраас,
ХЗДХЯ-нд бүртгэлгүй 850 журам байгааг тогтоолоо. Баталчихсан мөртлөө ХЗДХЯ дээр бүртгүүлээгүй. Нөгөө 2395-аас тусдаа гэсэн үг.
Иймд бүртгэлгүй байгаа энэ 850 журмыг шууд хүчингүйд тооцохоор боллоо.
Гүйцэтгэх эрх мэдлээс баталсан 2500 журмын талыг шууд хүчингүй болгохоор шийдлээ.
Ингэхээр нийт 2000 журам шууд хүчингүй болж байна.
Энэ шийдвэрийн хүрээнд ЗГ, яамдын батлах журмын хамгийн дээд хэмжээг 500 байхаар тогтоолоо.
Дээрх асуудал нь хэд хэдэн Үндсэн хуулийн асуудал үүсгэж байна. Хууль тогтоох эрх мэдлийг УИХ хэрэгжүүлдэг. Хэрэг дээрээ гүйцэтгэх эрх мэдэл ийм хэмжээний журам баталж, хууль тогтоох эрх мэдлийг шилжүүлэн авах байдал хавтгайрсан байна. Үүгээр дамжуулж эрх мэдэл хураах, авлигажих шалтгаан нөхцөл үүснэ. Мөн гуравт, иргэдэд хүнд суртал үүсэж байгаа.
Цаашдаа, 2024 оны нэгдүгээр улиралд багтааж, хүчингүй болж байгаа журмуудыг хуульд өөрт нь тусгахын тулд ажлын хэсэг байгуулагдахаар тогтлоо.
Б.Энхбаяр: Хууль дагасан нийт 2000 гаруй журмыг шууд хүчингүй болголоо |
|