1.
Өнгөрсөн долоо хоногийн эхээр Ерөнхий сайд УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэлнэ гэсэн шум тараад, яагаад ч юм чимээгүй болчихсон. Мөн сүүлийн үед улс төрийн хүрээнд яригдаж буй голлох сэдэв “Авлигын дагнасан шүүх” байгуулах эсэх тухай яриа болоод байгаа учраас Засгийн газрын тэргүүний чуулганы танхимд орж ирэхийг хүлээсэн хүлээлт үүсээд байв. Учир нь ирэх долоо хоногт авлигатай тэмцэж буй адармаа дагуулсан тэмцлийг нь тээгэнд оруулаад байгаа “нүүрсний” хэмээх хэргийн нээлттэй сонсгол шинэ Хууль зүйн сайдын манлайлал дор эхлэх билээ. Үүнийг угтуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын чуулганд үг хэлсэн нь тодорхой юм.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар өдөр бүр парламентын танхимд үг хэлдэггүй учраас улс төрийн ажиглагчдын хувьд тэдний хэлсэн үг шинжвэл зохилтой үг байдаг билээ.
Үүнийг бичигч би бээр Ерөнхий сайдыг орон нутагт томилолтоор ажиллах үеэр зарим аймагт хийсэн иргэдийн уулзалтыг очиж сурвалжилсан юм. Үүнээс өмнө олон удаа улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга нарын орон нутаг дахь томилолтыг сурвалжилж байсан ч сүүлийн зургаа долоон жил завсарласан байсан болохоор миний хувьд маш сонирхолтой ажил байлаа.
Учир нь улсын төсөв хэлэлцэхийн өмнө ийнхүү улс орноо бүтэн тойрч, орон нутгийн иргэдтэй нүүр тулан уулзаж байсан Ерөнхий сайд санаанд орж ирэхгүй байгаа юм. Ер нь байхгүй байх.
Аймаг болгонд хүрэлцэхгүй төсөв, дутуу гуцуу байдал, элэгдэлд орсон барилгуудын сэдэв жам юм шиг сөхөгдөж байсан ч энэ бүхний дундаас үйлдвэр барья, хуучин үйлдвэрүүдээ сэргээе, ажлын байр өгөөч, бид юм хиймээр байна гэх дуу хоолой илүү хүчтэй сонсогдож байсан нь сайхан.
Дээхэн үед Булган аймагт ажиллаж байхад иргэдийн уулзалт дээр нь “Ер нь яахаараа алдарт эхийн одонг дандаа эмэгтэйчүүд авч байх ёстой юм бэ. Би ганцаараа хүүхдүүдээ өсгөж байна” хэмээн нэгэн эр чангаар мэдэгдэж бөөн инээдэм болж байж билээ. Гэтэл өнөөдөр “Би гоймон хийж байгаа. Гэхдээ дөнгөж багийнхаа хэрэгцээг л хангаж байна. Би бүтэн аймгаа хангадаг болмоор байна. ЖДҮ-ийн төслүүдэд олгодог зээл авах боломж алга” гэж залуухан бүсгүй ярьж байна. Энэ үгэнд нь ямар ч хэнээрхэл хавчуулагдахгүй нь бүр гоё. ЖДҮ-г хөгжүүлэх ёстой зээлийг танай хэд цөлмөчихсөн биз дээ. Бидэнд ирэх ёстой боломж ийм замаар алга болчихоод бид ингэж зовж байна” гэх мэтээр чарлахгүй юм. Ер нь хөдөө орон нутагт улс төржилт багасчээ. Иргэд өөр юм ярьдаг болсон байна.
Булган аймагт гэхэд улсдаа алдартай гурилын үйлдвэр, багсармалын үйлдвэр, мөсөн чихрийн үйлдвэр гээд хэд хэдэн гоё үйлдвэрүүд байлаа. Одоо бүгд хашаан доторх амьгүй туурь, хананаас хүүрнэх амьдралгүй домог болон үлджээ. Тэд энэ үйлдвэрүүдээ сэргээхийг гуйж байна билээ. Энэ бол хүмүүсийн ухамсарт орсон бодит өөрчлөлт юм. Хоосон хэрүүл, худлаа орилоон, хийрхсэн жүжгүүд хотод л шингэчихэж гэмээр санагдсан.
Ерөнхий сайд ч аймгуудад тухтайхан, чамбайхан уулзалтуудыг цаг гаргаж хийж байв. Иргэд ч түүний толгойлсон Засгийн газрын авилгатай хийж буй тэмцлийг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Итгэж байгаагаа хэлж байна.
2.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ийнхүү монгол орноо бүтэн тойрч ирээд парламентад үгээ хэллээ. Одоо харин түүний хэлсэн үгийг сонирхоё.
Түүний Ерөнхий сайдаар ажиллаж байгаа хугацааны жил хагасыг мөнөөх гайт цар тахал эзэлчихсэн гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Харин хоёрдахь жилийг бүхэлд нь авлигатай тэмцэхэд зориуллаа гэж тэр чуулганы танхимд хэлсэн үгээ эхлүүлсэн юм.
Цааш нь тэрбээр “Дунджаар нэг аймагт 8-10 цаг үргэлжилсэн уулзалтын үеэр иргэд өмч хувьчлал, газрын наймаа, ашигт малтмалын лиценз олголт шударга бусаар хэдхэн хүний хүрээнд явагдсан нь нийгмийн тэгш бус байдлын суурь болж, өнөөдрийн бухимдалт, эмх цэгцгүй, хуулийн өмнө эрх тэгш бус нийгмийн суурь шалтгаан болсон гэж дүгнэцгээж байна”. Мөн “Нийслэлийн утаа, түгжрэл, газрын наймаа, түүнийг тойрсон стандартгүй барилгажилт зэрэг өнөөдрийн тулгамдаж буй асуудал ч өөрсдөө баяжихын тулд ард иргэддээ үлдээсэн авилгачдын өв гэдгийг ард иргэд гүнзгий ойлгосон байна” хэмээн гол санаа руугаа шуудхан оров.
Мэдээж “Манан” бүлэглэлийн үлдээсэн үндсэн өв бол авлига хэрсэн монгол орон. Үүнтэй маргах боломжгүй нь тодорхой учраас парламент нь ч түүнийг сонсох сэтгэл зүйн бэлтгэлтэй байна билээ.
Авлигажсан тогтолцоо ард иргэдийн хүсэл мөрөөдлийг хулгайлсныг, шударгаар хөдөлмөрлөх хүсэл эрмэлзлийг нь мохоож орхисныг, тэгсэн ч гэсэн иргэд үр хүүхдийнхээ амьдрах шинэ 30 жилд илүү санаа зовж байна гэдгийг Ерөнхий сайд чуулганы хоймроос гишүүдэд хэллээ.
Тэр бас “30 жилийн тогтолцоо 3 хүрэхгүй жилд бүтэн нурахгүй ч авлигыг үл тэвчих үзэл санаа бүрэлдэн бий болж, нийгмийн сэтгэлзүй болон төлөвшиж байгаад” Ерөнхий сайдын хувьд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.
Тэр мөн өөрийн бараг автор нь гэж хэлж болохуйц түвшинд зүтгүүлж байгаа авлигын эсрэг тэмцлээ мухардалд оруулахгүйн тулд парламентаасаа дэмжлэг хүсч өнөөдөр ийм хэмжээний үг хэлж байна уу гэлтэй.
Том утгаараа бол энэ асуудал том эрсдэл дээр явж байгаа нь үнэн. Ганц нэгхэн хүнээр туг тахиад ард нь жинхэнэ нүүрсний хэргийн загалмайлсан эцгүүд сугаран үлдэх аюул ч байна гэлцэх.
Түүний хувьд анх эхлүүлэхдээ л “ Авлигатай тэмцэнэ гэдэг өөрсөдтэйгөө ч, өрөөлийнхтэй ч нам харгалзахгүй өргөн хүрээнд тулалдана гэсэн үг болохыг би сайн мэдэж байгаа” гээд ил тод зарлачихсан. Тэрийгээ ч өнөөдөр ахин учирлаж байна. Бүр идээг шахахгүй нууж аргацаасаар байвал нэг л өдөр буглаж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай байсан шүү гэж учирлаж байх юм. Араас нь “Авлигын эсрэг тэмцэл адармаатай ч алхам алхмаар урагшилсаар өнөөдөр шүүхийн шатанд тулаад зогслоо” гэж хэлэн бүгдийн чихийг сортойлголоо.
Шүүх гэдэг хананд тулчихжээ. Ерөнхий сайд өөрийнхөө амаар чуулганы индрээс хэлж байна. Үүнээс илүү шууд хэлнэ гэж юу байх билээ.
Үнэн хэрэг дээрээ шүүхийн нэр хүнд дээр улаан дохио хангинаад удаж байгаа. Тэдний талаар сайн сайхан дүгнэлт бараг харагдахгүй болтол унасан. Тэд үе үеэрээ томилсон эзэндээ янаг явсаар ийм байдалд хүрэв.
3.
Авлигатай хийж байгаа тэмцэл эрчимжиж, эдийн засгийн зарим үзүүлэлтүүд сэргэж байгаа ч, авлигачдад эцсийн хариуцлага тооцох ажил шүүхийн шатанд удааширч, бүр гацаж байгааг Ерөнхий сайд дахин онцлон хэлж байна.
Бид Шүүхээ муу муухайг нь дуудан нүдсээр байгаа нүд аниулах уу. Шүүхийг муухай болгож байгаа бүлэглэлийн гар хөл болсон бохир шүүгчдээс салгаж, хараат бус шүүх засаглалыг бүрдүүлэхийн төлөө ажиллах уу. Шударга шүүгчдийг дэмжье, бүлэглэлийн шүүгчдээс Шүүхийг өөрийг нь хамгаалья. Үүнийг иргэдтэйгээ хамтарч, тэдний дэмжлэг дор хийе гэж тэр уриалж байна.
“Улсад 20 тэрбумын хохирол учруулсан авлигачийг 20 саяар торгоно гэдэг авлигын эсрэг шийтгэл үү, эсвэл авлига авах нь зөв шүү гэдэг урамшуулал уу” гэж Ерөнхий сайд шүүгчдээс асууж байна.
Улс орноо дампуурлын ирмэгт аваачсан нөхдүүд шүүхийн гадна баяр тэмдэглэж байгаа нь хариуцлага тооцож байгаа хэлбэр үү, эсвэл зээлээ аваад төлөхгүй ч байж болно гэдэг сэдэл үү?
Үзэл бодлоо илэрхийлсэн залууст төмөр нүүр харуулчихаад, авилгын хэрэгтнүүдийн даралт ихэсч, тулай нь сэдрэхэд улсаараа халаглаж, хүмүүнлэгийн байгууллага шиг эрхлүүлсээр байх уу?
Энгийн хэргүүд гурван сар дотор гурван шатны шүүхээр шийдэгдэж байхад, дуулиант авлигын хэргүүд анхны шатны шүүх дээр долоон жил гацаж байгааг хэрхэн тайлбарлах вэ...Эдгээр үгсийг авлигатай тэмцэж байгаа Ерөнхий сайд парламентын ордноос цуурайтууллаа. Парламент дээр
энэ асуудлыг ярихгүй өөр хаана ярих билээ. Тэр тусмаа авлигын эсрэг тэмцлийнхээ хүрээнд тусгай, дагнасан шүүх байгуулах тухай хуулиа өргөн барьж байгаа учраас бүр ч нээлттэй, илүү ч илэн далангүй түвшинд ярьж байгаа юм байна.
Энэ өргөн барьж байгаа хууль нь ямар учиртай хууль юм бэ гэж иргэд сонирхож байгаа байх. Мэдээж авлигаасаа салсан улс орнуудын туршлага байгаа. Олон улсын байгууллагуудын зөвлөмжүүд байгаа. Бүгдийг нь л Ерөнхий сайд хангалттай иш татаж ярина билээ.
Авлига хэмээх энэ том хүчин өөрөө эдийн засгийн асар их хүчтэй учраас түүнтэй хийж буй тэмцэл тэрнээс илүү өртөгтэй. Одоо л хөдлөхгүй бол ирээдүй маань хэд нугалж төлөх болно. Ингэтэл системжсэн, тогтолцоо болтол хэрж шингэсэн, олон улсын бохир сүлжээ дамнан сүлжилдсэн “хар хүч”-тэй тэмцэх чадвар маань сул байна. Ийм учраас Монгол Улсад авлигын дагнасан шүүхийг байгуулах нь зайлшгүй шаардлагатай хэмээн Ерөнхий сайд үзэж байгаа юм байна.
Зөвхөн шүүх засаглал ч биш, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий газар, Улсын Ерөнхий Прокурорын Газар зэрэг авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын ажилтнуудыг олон улсын түвшинд сургаж дадлагажуулах, мэргэшсэн экспертүүдтэй олон улсын эрхзүйн хүрээнд хамтран ажиллах, авилгын эсрэг шударгаар ажилласан төрийн албан хаагчдын нийгмийн болон насан туршийн аюулгүй байдлын баталгааг бүрдүүлэх шаардлагатай байна гэдгийг тэр онцолж байна.
Системийн авлигын эсрэг хийж буй ийм түвшний тэмцлийг хийхэд улстөрчдийн өөрсдийнх нь чин хүсэл, мятрашгүй эрмэлзэл, мэдээж эр зориг хичнээн чухал болохыг тэр гишүүдийн нүд рүү харж байгаад зориуд хэлэв. Авлигын дагнасан шүүхийн асуудлаас эрх баригч намын гишүүд, тодруулбал өөрийнхөн нь эр эмгүй хулмалзаж, худал үнэн шалтаг тоочин зугтсан хэдэн өдрийг харж ажиглаад зориуд тийнхүү хэлсэн байх. Өөдөөс нь хараад сууж байгаа нөхдийн дотор зүрх алдаад бэргэж байгаа хэсэг ч байна. Өөрийн эрхгүй ямар нэг сэжмээр хутгалдчихаад сандарч яваа нөхөд ч байна.
Тийм болохоор авлигын дагнасан шүүх байгуулж байгаад энэ бүхний ард гарья гээд дайрч буй Ерөнхий сайд тэдний нүдэнд эрлэг нь болон үзэгдэж байгаа биз.
Улстөрчдийн үзүүлж буй хандлагуудыг харахад “Авлигын дагнасан шүүх” гэх түүний энэ сөрсөн төсөл бүтэхгүй байх магадлал өндөр харагдана. Эсэргүүцэл парламент дотор ч, гадна ч их байгаа учраас...
Дараагийн зүйл:
Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын шийдсэн хамгийн том ажлуудын нэг бол хуримтлагдсан их өрийн асуудлууд юм. Мэдээж хоолойд тээглэсэн яс болсон “Мазаалай” бондын 500 сая ам доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам доллар, мөн “Чингис” бондын 1.5 тэрбум ам долларын өрийг төлсөн засаг юм чинь тэрийгээ ярьж таарна .
Харин Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт 1.5 их наяд хүрч, “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг саяхан 10 сарын 23- нд бүрэн төлж барагдуулсан гэж хэлсэнтэй нь би хувьдаа санал нийлэхгүй. Бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлсэн хоёр гурван том компанийн зээлийн эргэн төлөлт графикийн дагуу явдгаараа явж л байсан. Тэдний төлөлт бол чанаргүй ангилалд орохгүй л дээ. Ерөөс энэ бүтэлгүй банкин дээр явуулсан үйлдвэржилтийг дэмжих хөрөнгө оруулалтын бодлого нь үндсэндээ Төрийн алдаа байсан юм. Харин энэ засаг хэвлэл мэдээлэлтэй хавсайдан, тусгай тоглолт явуулж баахан политаймент найруулчихаад, энэ хөөстэй тоогоо ийнхүү их багагүй ярьцгаах нь инээдтэй санагддаг.
Ингээд Ерөнхий сайдын үгнээс түүсэн хамгийн гоё мессежээр бичлэгээ өндөрлөе.
Энэ мэдээг би Ерөнхий сайдын зул сарын бэлэг гэж нэрлэсэн юм.
Хэдхэн хоногийн дараа буюу энэ 12-р сарын 25-нд “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам долларын төлбөрийг төлж дууссанаар Монгол Улс дампуурлын эрсдлээс 12 жилийн дараа гарч байна” гэж Ерөнхий сайд хэлсэн үгнийхээ төгсгөлд мэдэгдлээ.
Бүхэл бүтэн арваны турш бидний нуруун дээрээс дарж явсан ачаа шүү дээ.Үнэндээ энэ бол одоо ариун цагааны дүрээр хөөрхөн хөөрхөн юм ярьж, хоёрын дунд хор шидэн, гурвын дунд гулгаж тэшин яваазарим нэгний гараар зуурагдсан их өр юм.
Тэр өрийг төлөн дуусгаж байгаагаа Засгийн газар ийнхүү зарлалаа. Ямар хэмжээний ачаа байсныг үүрсэн хүмүүс нь л мэднэ. Тийм ч учраас “Улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсөддөө зориулж өршөөлийн хууль баталсан хариуцлагагүй үйлдэл дахин давтагдах ёсгүй “ гэх гашуун үгийг нисгэхээ мартсангүй ээ.