Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.12.12/ хуралдаан 16 цаг 10 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул хуралдаан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүнээс 2022 оны 03 оны 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн нэртэй болов ч энэ нь эрүүл мэндийн тухай хууль гэдгийг тодотгоод уг хуулийн төсөл Монгол Улсын ирээдүйн эрүүл мэндийн салбарт үүсэх томоохон эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн гэв.
Өнөөдөр Монгол Улсад үүсээд байгаа зүрх, судасны өвчлөл, таргалалт, эрүүл бус хүнс, ундаа нь хүүхдийн илүүдэл жин, шүдний өвчнийг даамжруулж нийгмийн тулгамдсан асуудлын нэг болсон. Олон улс энэхүү тулгамдсан асуудлаа чихэрлэг ундаанд албан татвар ногдуулах замаар шийдэж байна гэв.
Хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар ялангуяа 7-11 насныхны дунд долоон жилийн дотор таргалалт 7 дахин буюу 28 хувиар өссөн нь хамгийн аюултай үзүүлэлт байгаа юм. Таргалалт, бусад өвчлөлтэй тэмцэхэд уг хууль чиглэж байгааг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа тодотгохын зэрэгцээ ДЭМБ-аас 2016 онд энэ төрлийн татварын бодлогыг хэрэгжүүлэхийг дэлхийн улс орнуудад уриалсан төдийгүй эл арга хэмжээг эс авбал цаашдаа үүнээс үүдэх эрүүл мэндийн өсөн нэмэгдэх зардлыг шийдвэрлэхэд илүү бэрхшээлтэй болно гэдгийг онцолсон.
Хуулийн төслийг дэмжиж Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор санал хэлсэн. Тэрбээр, "Өнгөрсөн хугацаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, дэлхийн таргалалттай тэмцэх нийгэмлэг зэрэг олон улсын байгууллагаас чихрийн агууламжтай ундаанд онцгой татвар ногдуулах, хувь хэмжээг нэмэгдүүлэх зөвлөмжүүдийг өгсөн. Чихрийн агууламжтай ундаа, бүтээгдэхүүн нь таргалалтыг тав дахин нэмэгдүүлдгийн зэрэгцээ хүүхдийн оюуны чадамж, бие бялдрын хөгжилд 40 хувь сөрөг нөлөөтэй үзүүлж буйг судалгаагаар тогтоогоод байна. Иймд дэлхийн 40 гаруй улс чихэрлэг ундааны татварыг нэмэгдүүлж байна. Хууль батлагдсанаар эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг тодорхой хэмжээнд бууруулах хэдий ч эрүүл хоололтыг хэвшүүлэх асуудалд нийгмийн эрүүл мэндийн байгууллагууд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллах, эцэг эхчүүд хүүхдэдээ эрүүл хоололтын зөв дадал олгоход онцгой анхаарч, зохицуулах шаардлагатай" гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Ингээд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Эрүүл мэндийн даатгал, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо, үр нөлөөний талаар гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцлээ
Дараа нь Эрүүл мэндийн даатгал, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо, үр нөлөөний талаар гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэв.
Аудитын тайлангийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, Санхүү, нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцуулсан юм. Тэрбээр, уг аудитыг гүйцэтгэхдээ эрүүл мэндийн даатгалын тогтолцоо үйл ажиллагааны үр дүн, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилт хангагдсан эсэх, эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчийн эрэлт, хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээ үзүүлсэн эсэхэд дүгнэлт өгөхийг зорьсныг онцлов.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг 2015 онд баталж, 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулснаар Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх, иргэдэд эрүүл мэндийн хүртээмжтэй, чанартай тусламж, үйлчилгээг үзүүлэх, санхүүжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлжээ. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ гүйцэтгэлээр санхүүжүүлэх тогтолцоог шинэчилсэнтэй холбоотой Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь нэг худалдан авагчдын үүргийг гүйцэтгэж байгаа боловч, тус байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийг хангуулж ажиллах үндэсний зөвлөлийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг тэргүүлэх аудитор танилцуулгадаа тодотгосон.
Мөн тэрбээр, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2022 онд 1.4 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн нь 2021 оноос 499.4 тэрбум буюу 52.5 хувиар өссөн боловч орлогын төлөвлөгөөнөөс 226 тэрбум төгрөг буюу 15.6 хувиар буурч, 1.2 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарсан нь орлогын төлөвлөгөөг бодит бусаар төлөвлөсөнтэй холбоотой байна.
Эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага өмнөх оноос 272 тэрбум төгрөг буюу 22.5 хувийн өсөлттэй байна. Эрүүл мэндийн даатгалын санд 2019 онд 469.6 тэрбум төгрөгийн орлого бүрдэж, 350.9 тэрбум төгрөгийн зарцуулалттай байснаас 118.7 тэрбум төгрөг, 2020 онд 477.4 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлснээс 426.3 тэрбум төгрөгийг зарцуулснаар 51.1 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлттэй гарч байсан бол сангийн орлого зарлагын харьцаа 2021 онд 206.1 тэрбум, 2022 онд 255.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Алдагдлын шалтгаан нь төсөвт байгууллага аж ахуйн нэгж болон ажиллагсдад төлөх шимтгэлийн орлогын бүрдүүлэлт төлөвлөгөөндөө хүрээгүй, 2022 онд авлагыг 129.1 тэрбум төгрөгөөр буюу орлого дутуу төвлөрүүлсэнтэй холбоотой байна гэж байлаа.
Аудитын дүгнэлтэд үндэслэн анхаарвал зохих асуудлаар дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлсэн гэв. Тухайлбал, Үндэсний зөвлөл эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулах чиглэлийн арга хэмжээнд голлон анхаарч, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог шат дараатай сайжруулах, цаашдын төлөв байдлыг тодорхойлж үндсэн зорилтоо хангах түвшинд ажиллаагүй байна. Үндэсний зөвлөл нь мэргэжлийн техникийн хороог байгуулаагүй, ажлын албаны бүтэц, үйл ажиллагаа тогтворгүй, ажлын байрны чиг үүрэг, хууль, эрх зүйн зохицуулалт хангалтгүй байна. Эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн хандалт, лавлагаа шатлалын эмнэлгүүдэд төвлөрч байгаагаас даатгалын санхүүжилтийн ялгаа үүсгэж, улмаар анхан шатын эмнэлгүүдийн бие даасан байдалд хүрэх боломжийг хангахгүй байна. Улсын хэмжээнд тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүдийн 17.2 хувь нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд 37.8 хувийг лавлагаа шатлалын, 62.2 хувийг сум, өрхийн анхан шатны эмнэлгүүд эзэлж байна гэв.
Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг бодит тооцоололд үндэслэн төлөвлөөгүйгээс орлого бүрдүүлэлт тасарсан бөгөөд сангийн хөрөнгийн чөлөөлөлт үлдэгдэлд хүү тооцохгүй байна. Эмнэлгүүдээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах гэрээг дүгнэх шалгуур үзүүлэлтийг шинээр баталсантай холбоотой Эрүүл мэндийн даатгалын байгууллага сүүлийн 2 жилд гэрээ дүгнэх ажил хийгээгүй нь гэрээний хэрэгжилтэд дүгнэлт гаргах боломжийг бууруулж байна. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг арвилан хэмнэлттэй үр дүнтэй зарцуулах зорилгоор нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байна гэсэн юм.
Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн цахим сангийн дүрэмгүй байгаа нь сангийн орлого, зарлага, үйл ажиллагааны талаарх мэдээлэл, түүнд тавих хяналт шинжилгээ үнэлгээ тооцоолол хийх нөхцөлийг бүрдүүлээгүй байна. Даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний багцуудыг тодорхойлох, төлбөрийн арга, өртөг, тарифыг шинэчлэх, эрүүл мэндийн байгууллагын сонгон шалгаруулах журам, шалгуурыг боловсруулах, тусламж үйлчилгээний чанарын хяналтыг журам шалгуурыг батлах ажлууд хийгдсэн байна. Аудитаар илэрсэн асуудлыг шийдвэрлэхийн тулд УИХ-д нэг асуудлыг толилуулж, Сангийн сайдад нэг, Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн даргад гурав, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргад гурван зөвлөмжийг тус тус хүргүүлсэн гэдгийг Ц.Наранчимэг дарга танилцуулгадаа дурсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, С.Одонтуяа, Д.Өнөрболор, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд иргэд олон нийтэд эрүүл мэндийн үйлчилгээнүүдийг хүртээмжтэй чанартай хүргэх чадамж санхүүгийн тогтолцоо бүрдүүлэх, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн чиг, үүрэг стандартыг шинэчлэхэд зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа эсэх, эрүүл мэндийн боловсрол, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх чиглэлд зарцуулах хөрөнгийн асуудлыг өргөн мэдүүлж байгаа Нийгмийн эрүүл мэндийн тухай хуульд хэрхэн тусгасан талаар тодруулж байлаа.
Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, Санхүү, нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг хариултдаа, аудитын тайланд эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилт харилцан адилгүй, сум, өрхийн эмнэлгүүдийн эрүүл мэндийн төвүүдийн чадавх сайжраагүй, лавлагаа, шатлалын эмнэлгүүдийн ачаалал буураагүй байна гэж дүгнэсэн гэдгийг тодотгов.
Харин Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, энэ салбарт чанар, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтийн аргад шилжээд гурван жил болж байгааг онцлоод 2023 оны наймдугаар сараас тарифт өөрчлөлт хийж тусламж, үйлчилгээний давхцал зэрэг тодорхой асуудалд зохицуулалт хийснийг дурдахын зэрэгцээ цаашдаа нийгмийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний нэр төрөл, санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа хэмээн хариулсан. Мөн тэрбээр, бусад орнуудын туршлагаас харахад нийгмийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээндээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, санхүүжилтийнхээ 50-70 хувийг нь зарцуулдаг юм байна. Иймд Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг санаачлаад өнөөдөр Нийгмийн бодлогын байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг нь хийсэн. Хуулийн гол агуулга нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг улсын төсвөөс олгодог зарчимд шилжихэд чиглэсэн гэсэн нэмэлт тайлбарыг өгч байлаа.
Үргэлжлүүлэн аудитын тайлантай холбогдуулан гишүүд үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, аудитын дүгнэлт, зөвлөмжийг эрүүл мэндийн байгууллагууд биелүүлж, хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатайг дурдаад гүйцэтгэлийн аудитын дүгнэлт мөлгөр байгааг онцолж байлаа. Эрүүл мэндийн даатгалд хэчнээн хүн хамрагдахаас хэд нь хамрагдаж, хувь гүйцэтгэл нь хэд байхыг тодорхой болгох, улмаар Эрүүл мэндийн санг бүрдүүлж буй хүмүүсийн асуудал, үүрэг, хариуцлагыг тодорхой болгохгүй бол иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад ч, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд халтай асуудал гарсаар байна гэдгийг анхааруулсан.
Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн аудитын дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс гаргасан саналыг анхаарч, цаашид салбарын тулгамдаж буй асуудалд гарц гаргалгааг гарган ажиллах нь зүйтэй гэв. Мөн тэрбээр, Үндэсний аудитын газраас уг аудитыг 2023 оны 06 дугаар сарын 30-нд гүйцэтгээд дүгнэлтээ Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын санд хүргүүлсэн байдаг. Иймд төрийн аудитын байгууллагаас тавьсан албан шаардлага, акт, төлбөрийн хэрэгжилтийг хэрхэн хангасан талаарх явцын мэдээллийг холбогдох байгууллагууд 12 дугаар сарын гурав дахь долоо хоногт багтаан Төсвийн байнгын хороонд ирүүлэх чиглэлийг өглөө.
Хуралдааны төгсгөлд, Хөдөө аж ахуйн салбарын зээл, тусламжийн хөрөнгийн ашиглалт, үр өгөөжийн талаар гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэхээр төлөвлөсөн ч Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд хүрэлцэн ирээгүй тул Байнгын хорооны дарга уг асуудлыг хойшлуулснаар хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27