Монгол Улс хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулахаар ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш 18 Засгийн газар, 15 Ерөнхий сайдын нүүр үзлээ. Сүүлийн гурван жилийг эс тооцвол нэг Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаа дунджаар нэг жил гурван сар үргэлжилсэн болохыг улс төр судлаачид онцолдог. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гурван жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. 1990 оноос хойш бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажилласан П.Жасрай, Н.Энхбаярын нарын Засгийн газрыг эс тооцвол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар шиг тогтвортой ажилласан танхим үгүй.
2021 оны нэгдүгээр сарын 21-нд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөж, 29-нд нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гишүүд тангаргаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлснийхээ дараа УИХ-д үг хэлэхдээ дараах дөрвөн зорилтыг танилцуулж байлаа.
Зорилт 1. Цар тахлыг богино хугацаанд даван туулах төлөвлөгөө
Зорилт 2. Эдийн засгаа сэргээх төлөвлөгөө
Зорилт 3. Дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоо
Зорилт 4. Шударга ёс, цахим засаглал
Гурван жилийн турш тогтвортой засаглаж буй Засгийн газар зорилтоо хэрхэн хэрэгжүүлэв?
Хэрэгжилт 1.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хамгийн эхний ээлжинд Цар тахлыг богино хугацаанд даван туулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэхүү хөтөлбөрийн үр дүнд цар тахлыг богино хугацаанд амжилттай даван туулсан. Дэлхийн бусад улс оронтой эн зэрэгцэн иргэдээ вакцинжуулснаар хөл хориогоо цуцлах боломж бүрдсэн юм. Улмаар цар цахалтай амжилттай тэмцсэн улсын нэгээр тодорч үүнийгээ ашиглан жуулчдыг даллаж эхэлсэн цаг саяхан. Энэ бүхний үр дүнд 2023 онд 700 орчим мянган жуулчин хүлээж авч дээд амжилт тогтоогоод байна.
Муу зүйл ч сайн талтай, сайн үр дагавартай байдгийн бодит жишээ нь цар тахлын үеэр эмнэлгүүдийн материаллаг бааз сайжирсан явдал юм. Цар тахлыг богино хугацаанд ажилттай давсан эрүүл мэндийн салбар дараагийн зорилтоо ч ажилттай хэрэгжүүлэв. Энэ бол “Эрт илрүүлэг” хөтөлбөр байлаа. Өвдсөн үедээ л эмнэлэг барааддаг хэнэггүй гэмээр монголчуудыг нэгдсэн байдлаар үзлэг оношлогоонд оруулсан нь үр дүнтэй бөгөөд олны талархлыг хүлээсэн хөтөлбөр болсон юм. Бүсийн эмчилгээ оношлогооны төвүүд, лабораториуд, нэг, хоёрдугаар зэрэглэлийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчилсэн нь “Эрт илрүүлэг” хөтөлбөрийг улс орон даяар ажилттай хэрэгжүүлэхэд хөшүүрэг болов.
Хэрэгжилт 2.
Улсын хамгийн том баялаг бол хүн. Тиймээс Засгийн газар хамгийн түрүүнд хүн ардынхаа эрүүл мэндэд, дараа нь эдийн засагтаа анхаарал хандуулах зорилгоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд цар тахлын улмаас санхүүгийн хүндрэлд орсон аж ахуйн нэгжүүддээ гурван хувийн хүүтэй зээл олгосон нь хамгийн том дэмжлэг болсон юм. Ингэж төрийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа жигдрүүлсэн аж ахуйн нэгжүүд улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулж эхэллээ. Цар тахлын үед хасах үзүүлэлттэй байсан эдийн засаг өсөж 6.8 хувьд хүрснээс гадна гадаад валютын нөөц таван тэрбум ам.долларт ойртов. Түүхэндээ анх удаа 70 орчим сая тонн нүүрс экспортолж, төмөр зам, боомтын бүтээн байгуулалтуудаас эхлээд томоохон төслүүд урагшилж эхэлсэн нь Засгийн газрын Эдийн засгаа сэргээх төлөвлөгөө хэрхэн хэрэгжиж байгааг илэрхийлнэ. Төсвийн орлого нэмэгдэж, эдийн засагт өсөлт бий болсны үр дүнд гадаад өрийн дарамтаас гарч, Монгол Улсын зээлжих хэрэглэл улам сайжирч байна.
Хэрэгжилт 3.
Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмж, орон нутагт зургаан хувийн хүүтэй зээл олгох зэргээр орон сууцны зээлийн уян хатан бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн нь иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлсэн шийдвэрүүд байлаа. Төрийн албан хаагчдын цалинг ирэх дөрөвдүгээр сараас дахин нэмэхдээ нийтэд нь 10 хувиар нэмэх шийдвэр гаргасан. Мөн аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж буй төрийн албан хаагчдад 20, сумын төвд ажиллаж буй төрийн албан хаагчдад 40 хувийн цалингийн нэмэгдэл олгохоор болсон юм. Түүнчлэн шүүмжлэл дагуулж байгаа ч малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс хариуцахаар болсон нь сум орон нутагтаа эзэн нь болж гадаа гандаж, хөдөө хөхөрсөн малчдад том дэмжлэг болов.
Мөн иргэдээ ажил хөдөлмөр эрхлэх нөхцөл боломжоор хангахын төлөө Засгийн газар тодорхой ажлууд хийж буй. Үүний нэг нь цэцэрлэгийн насны хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулж эхэлсэн явдал юм. Эдийн засаж өсөж гадаад өрийн дарамтаас гарснаар төсвийн орлогыг иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх төсөл хөтөлбөрүүдэд түлхүү зарцуулах боломж гарч байгааг Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд нар онцолсон юм.
Хэрэгжилт 4.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөрөвдүгээрт эрэмбэлсэн Шударга ёс, цахим засаглал тогтоох зорилтдоо хамгийн их анхаарал хандуулсан гэхэд болно. Ингэхээс ч аргагүй. Нийгэмд шударга ёс тогтож, төрийн үйлчилгээнд хүний оролцоо багасаж цахимжсанаар олон эерэг үр дагаварууд бий болж байгаа юм. Засгийн газар нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сангийн зээлийн ард нуугдсан хууль бус асуудлуудыг ил гаргаж олон нийтийн хараанд оруулан цаашид дахин давтагдах нөхцөлгүй болголоо. Эгээр асуудалд холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэж эхэлсэн нь олон хүнд сургамж болов. Засгийн газраас хэрэгжүүлсэн “Таван Ш” ажиллагаа нийгэмд шударга ёс тогтооход үр дүнгээ өгч байна.
“И Монголиа” төслийг амжилттай хэрэгжүүлж иргэд төрийн олон үйлчилгээг гар утаснасаа авдаг боллоо. Ингэснээр иргэдийн цаг завыг хэмнэж эхэлснээс гадна төрийн хүнд суртлыг багасгаж, авлигыг бууруулахад томоохон түлхэц боллоо.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ийнхүү гурван жилийн өмнө амласан зорилтоо хэрэгжүүлж байгаагаас гадна Үндсэн хуульд өөрчлөлт оруулан сонгуулин холимог тогтолцоог сонгож, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгов. Цаашлаад УИХ-ын сонгуулийг бүсчилсэн тойргоор зохион байгуулахаар болсон юм. Энэ бүх шийдвэр нь төсвийн нэгдсэн бодлого хэрэгжүүлж улс орноо нэгдэл болгох, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэж байна.
Тогтвортой засаглаж ирсэн Засгийн гарын гурван жилийн ойг тохиолдуулан гарааны зурхайд амласан зорилтоо хэрхэн хэрэгжүүлж байгааг тоймлон хүргэхэд ийм байна.
Гурван жилийн өмнөх зорилт ба хэрэгжилт |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27