Бямба, 2024-11-23
Б.Гүнбилэг: “Г.Занданшатар тэргүүтэй УИХ Үндсэн хуулийн эсрэг үйл ажиллагаа явуулж байна”

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.

 

-УИХ-ын ес дэх удаагийн сонгууль бүсчилсэн хэлбэрээр анх удаа зохион байгуулагдах гэж байна. Жалганы улс төрөөс гаргах сайн тал бий гэж байгаа ч сөрөг зүйлс түүнээс дутахгүй байх бололтой. Эрх баригч нам нэгэнт тоглоомын дүрмээ ингэж баталлаа. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

 

-Тойрог томсгох нь сайн талтай. Гэхдээ сайн талыг ингэж ашиглахгүй. Үндсэн хуульт ёс энээ тэрээ гэж том ярихаа больё. Энгийн ойлголтоор оюун санааны хувьд эрүүл, ёс зүйтэй хүмүүс ийм тоглоомын дүрэм батлахгүй. Бидний өнөөдрийн байгаа амьдрал, ардчиллаас татгалзаж авторитар дэглэм рүү шилжиж байгаагийн нэг том илрэл. Эрх зүйт ёсны дагуу амьдарч байна уу, эсхүл эсрэгээрээ хуулийн нэр барьж, бусдыгаа дандаа хүчирхийлдэг хэсэг бүлгийн гаж донг хангаж, хүчиндүүлж, тонуулж, хамаг байдгаа хулгайлуулж амьдарч байна уу гэдгээ монголчууд энэ удаагийн сонгуулиар, энэ тоглоомын дүрмээр улам баттай харна.

 

-Тухайлбал, баруун бүс Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгуудыг нэгтгэн, нэг тойрог болгосон байна. Сонгуулийн сурталчилгаа 18 хоног. Аймаг, сум, багт намын үүртэй улс төрийн нам МАН, АН хоёр л байна. Бусад намуудын хувьд сурталчилгаа хийх хүрээ, боломж хязгаарлагдмал харагдаад байна?

 

-Энэ жижиг намууд пропорционалиас өөрсдийгөө ганц, нэг суудал авчих байх гэж хараад байгаа байх. Мажоритар дээр их мөнгөтэй, дэд бүтэцтэй хүн л өрсөлдөнө. Маш их мөнгөтэй хүн шүү. Тийм хүн маш цөөхөн. Хүн л юм чинь эрсдэлээ бодно. Ийм богино хугацаанд дэд бүтцээ хийх чадвартай намгүй нэр дэвшигч гарахад хэцүү. Эсхүл их өр тавьж өрсөлдөнө. Намуудын нэр дэвшигчдээс санхүүжиж, тэдний дохиураар ажиллах цөөнгүй бие даагч нар мэдээж өрсөлдөнө. Хүн харахад бие даагч нар олуулаа гарч ирээд өрсөлдөөд байгаа юм шиг харагдах мэт боловч тэр бие даагчдын ихэнх нь цаанаа зохион байгуулалттай, хуулийн дагуу олон ухуулагч авч, хөлс өгөх боломжтой тул тэр боломжийг ашиглан, том намуудын нэр дэвшигчдийн хахуулийг дамжуулах гүүр болон ажиллах болно.

 

-Уг нь сонгуулийн сурталчилгаанаас эхлээд нэр дэвшигчид ижил гараанаас гарах ёстой. Гэвч залуу улстөрчид танигдах боломжгүй тул “Танихгүй бурханаас таньдаг чөтгөр дээр” гэдэг сонголт руу л хөтлөхөөр харагдах юм. Сонгогчдод сонголт хийх боломж асар хомс байна л даа?

 

-Энэ бол Үндсэн хуулийн зөрчил. Нэр дэвшигчдийн үйл ажиллагаа явуулах хуулиар олгосон суурь боломж өөр өөр, ялгавартай байхад л Үндсэн хуульд заасан тэгш байдлын зарчим зөрчигдөнө. Энэ нь өөрөө шударга ёсны зарчмын гол суурь болдог тул Үндсэн хууль зөрчигдөж таарна. Ингээд Үндсэн хуулийн эсрэг, төрийн эрхийг хууль бусаар хуулийн дагуу авах үйл ажиллагааг Гомбожавын Занданшатар тэргүүтэй УИХ хийж байгаа гэсэн дүр зураг л Монголын түүхэнд үлдэж байна. Энэ удаагийн УИХ-аас Үндсэн хууль руу улаан цайм халдсан, эрүүл нийгэмд байж болохгүй хэд хэдэн түүхийн хар толбо үлдээсний нэг жишээ болж байна. Увс, Ховдын тэр хязгаарт байгаа малчин өрхийн гэрт сум бүрт сүлжээтэй намын нэр дэвшигчийн сурталчилгааны материал л очно. Бусдынх нь очихгүй. Яагаад гэвэл сонгуулийн хуулийн дагуу олон нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны материалыг нэг сувгаар тарааж болохгүй. Бүр хориглосон байдаг. Уг нь ийм том тойргоор өрсөлдүүлж байгаа бол бүх нэр дэвшигчийн материалыг заавал ухуулагч нар бус, нэгдсэн журмаар тарааж өгөх ёстой юм. Ингэсэн бол жалга довны улс төрөөс саллаа энэ тэр гэж ярих боломжтой. Гэтэл харин ч эсрэгээрээ сонгуулийн үндсэн чиг үүргийг зөрчсөн, боомилсон явдал болж байна.

 

-Бүсчилсэн хэлбэрийг сонгосноор сонгуулийн зардал буурна гэсэн. Өмнө нь нэг аймаг, нэг дүүрэгт сонгуулийн зардал гаргадаг байсан бол энэ удаа гурваас дөрвөн аймагт ухуулагчаас эхлээд тараах материалын зардал гэх мэтчилэн өмнөхөөсөө илүү зардал гарахаар харагдах юм. Та юу хэлэх вэ?

 

-Мэдээж, маш их мөнгөний сонгууль хийнэ. Нэг аймагт гарч байсан зардал 3-4 дахин нэмэгдэнэ. Тэр эрчээрээ гаргасан мөнгөө нөхөх гэж төсвийн хулгай, нүүрсний хулгай, авлига, хээл хахууль цэцэглэнэ. Ард түмнийг байнга хүчиндсээр байгаад сурчихсан мангар тогтолцоо улам цаашаа хөгжинө.

 

-Төвийн бүс гэхэд Дархан, Сэлэнгэ, Төв аймгийг нэгтгэн, 10 мандаттай нэг тойрог болгосон. Нэг намаас 10 хүн нэр дэвшихээр дунджаар нэг тойрогт 40 гаруй хүн нэр дэвшиж таарахаар байна. Сонгогчид саналаа өгөхөөс эхлээд түвэгтэй байдал үүсэж мэдэхээр харагдсан. Мөн нэрсийн жагсаалтад хэрхэн багтаж байгаагаас шалтгаалан сонголт бас өөр байх болов уу?

 

-Сонгогч олоод зурчих л байх. Гэхдээ Улсын дээд шүүхэд анх бүртгүүлснээр нь нэр дэвшигчдийг эрэмбэлнэ гэдэг Үндсэн хуулийн эсрэг үлбэгэр зохицуулалтаа байлгасаар байгааг ажиглаарай. 

 

-Өөр нэг ажиглагдсан зүйл нь өмнө нь, ялсан нам орон нутагт засаглаж, цөөнх засагласан сумдын хөрөнгө оруулалтаас эхлээд маш олон зүйл хаягдаж, орон нутгийн иргэд хохирч ирсэн. Увс, Ховд аймаг тус бүр 70 гаруй мянган сонгогчтой. Завхан аймаг 40 гаруй, Говь-Алтай аймаг 30 гаруй мянган сонгогчтой. Эдгээр аймгуудыг бүсчлэхээр Говь-Алтай аймгийн иргэдийн санал бусад аймгуудаас харьцангуй бага байгаа тул аймаг бүхэлдээ парламентад төлөөлөлгүй болох эрсдэл харагдаад байна. Үүний үр дагаврын талаар та юу хэлэх вэ? 

 

-Мэдээж төлөөлөл байхгүй болно. Ялангуяа манайх шиг жалга довны үзэлтэй улсад олон хүн амтай аймагтаа ач холбогдол өгч, түүгээрээ багцлахыг зорино. Энэ нь төсвийн санхүүжилтэд шууд нөлөөлнө. Говь-Алтай, Булган, Дундговь гээд цөөн хүн амтай аймгууд механикаар хоцрогдож эхэлнэ.

 

Э.ЭНХ


Б.Гүнбилэг: “Г.Занданшатар тэргүүтэй УИХ Үндсэн хуулийн эсрэг үйл ажиллагаа явуулж байна”
2024-01-23 09:40:30
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0