Бид бол монголчууд
Монголчууд бид арвандолдугаар жарны усан туулай хэмээх 2023 оны хүндхэн жилийг давж 2024 оны модон луу өндөр жилтэй золгож байна. Өндөр жил 366 хоногтой бөгөөд дараагийнх нь 8 жилийн дараа 2028 онд тохионо. Одоогоос хоёр мянга гаруй жилийн өмнө эртний Ромын эзэнт гүрний удирдагч Юлий Цезарь хоёрдугаар сарын 29-ны өдрийг цаг тооллолд нэмж оруулсан тэр үеэс “Өндөр жил” хэмээх ойлголт бий болсон байна. Өндөр жил нутаг талдаа нугачаатай, нас буянд ээлтэй, энэ жилд төрсөн хүүхэд ер бусын авъяаслаг болдог гэнэм. Энэ модон луу жилд дэлхийн олон улс, төрийн тэргүүнээ сонгож, манай орон УИХ-ын сонгуулиа хийх гэж байна. Энэ жил монголчууд 3,5 саяулаа болжээ.
Луу бол ертөнцийн дөрвөн хүчтэний нэг болох, Хөх тэнгэртээ хөвөөд байдаг, хүч ихтэй ер бусын ид шидтэй домгийн амьтан галаар тургиж, сүүлээр шарваж дэлхий доорхи бүхнийг номхруулдаг хэмээнэ. Хятад улсад лууг ихэд сүжиглэн бүх төрлийн зан үйлд хэрэглэх боловч луу монголоос гаралтай гэдгийг нотлох түүхийн баримт Монгол нутагт буй Хүннү нарын Модун Шанью хааны Луут ордны туурь, хүннүгийн язгууртны булшнас олдсон алтан луут тэмдэг гэхэд бүгд тэртээ хүннү гүрний үеийнх бөлгөө.
Иймээс луу бол эртний бөөгийн шашинт хүннүчүүдийн сүжиг сэтгэлгээнд анх үүссэн тэнгэрийн амьтан, энэ удаа луу жил бол монголчуудын буурал түүхэнд өндөр жил болон ирж буй. Иймээс бид сар шинэдээ “Зудаа цааш нь, зунаа нааш нь” гэх амны билэгтэй, луу унжилгүй өр төлбөрөө барагдуулж, муу нэртэй, луу данстай үлдэхийг цээрлэн шинээр гарч буй “Хилэнт эх” хэмээх модон луу жилдээ золгоцгооё. Тэртээ хөхөгчин хонин жил Улсынхаа Ерөнхийлөгчөөс нэр хүртсэн Монголжин охин маань тэр хүнд цаг үед, наран мандах зүгийн Өмнийн говь нутагт 2015 оны модон хонин жилийн эхэнд төрж монголчууд биднийг тийм ч амархан хүрдэггүй эв нэгдэлд дагуулсан, онцгой сайн үйл болж төр засаг, ард олон бүгдээр “Бид олуулаа боллоо, Бид гурван саяулаа боллоо” хэмээн билэгшээн угтаж байсан цаг саяхан мэт санагдавч Монголжин охин маань өдгөө 9 нас хүрч энэ сайхан үйл түүх болон үлдсэн байна. Түүнээс хойш он жилийн сэлгээн дунд сар шинээ угтан сайн сайхныг билэгдэн золгосоор монголчууд энэ “Хилэнт эх” модон луу жилдээ бид 3,5 саяулаа боллоо.
Өнөөдөр монгол орон байгаль цаг уурын хүнд нөхцөл аж амьдрал, үнэ ханш, замын түгжрэл, хорт утаа, нүүрсчид, идээч уугаач нар, сонгуулийн өмнөх улс төрийн хүнд нөхцөлд амьдарч байгаа тул эрхэм уншигч авгай Та бүхэн гэр бүлийнхээ хүрээнд өв уламжлалт баяраа тэмдэглэх ялдамд шударга ёс, хуучны ёс жудаг, зан заншлаа хойч үедээ эргэн нэг удаа боловчиг сануулж өгөхөд бага ч гэсэн нэмэр болох буй хэмээсэн учир энэ буй.
Дэлхийн олон үндэстэн, ястан өөр өөрийн гэсэн өвөрмөц өв соёл, иргэншил, ёс заншилтай байдаг. Монголчууд бид ч гэсэн өөрийн гэсэн өөр нэгэн өв соёл, өөр нэгэн ёс заншилтай ард түмэн билээ. Тэнгэр, газар, хүмүүн гурав бол бидний амьдралыг дэвжээн тэтгэж буй нарийн зохилдлого, утга бүхий чандмань юм. Тэнгэр бол хүн, байгалийг захирна. Газар бол хүн, байгалийг тэтгэнэ. Хүн хөх тэнгэртээ залбирч, хөрст дэлхийгээ хайрлана Төв Азийн цээжин дэх эх үндэстэн монголчууд бид байгаль, хорвоогийн ааш аяг зөөлөрч, хаврын тэргүүн барс сар гарахад шинэ он, урин цаг ирлээ хэмээн он тооллыг арга, билгээр шинжин, арван хоёр амьтны нэрээр нэрлэж өдөр хоног, сар, улирлаа тооцдог өөрийн гэсэн ёс заншилтай ард түмэн юм. Аливаа үндэстэн, ястан хорвоогийн ааш ариншинг даван амьдрахын тулд дотоод сэтгэхүйдээ хүсэл, мөрөөдөл, сүсэг бишрэлээ хадгалан, бясалгалын их хүчийг олох бөгөөд байгаль орчиндоо зохицон өөрийн зам мөрөөр нэвтрэнэ. Үүнийг бид элэнц, хуланц, эцэг өвгөдөөсөө уламжлан авч жаран, жарныг дамжин амьдарсаар иржээ. Хүн болгон өөрийн гэсэн зам мөртөй, энэ тухай дор өгүүлэнэ.
Их эзэн Чингис хаан 1206 онд Их Монгол улсаа байгуулж энэхүү барс жилийн хаврын тэргүүн барс сарын, барс өдрөөс дараа жилийн эхэн буюу цагаан сарын шинийн нэгэн хэмээн тэмдэглэн, Өүлэн эхдээ золгов... хэмээн түүх өгүүлдэг. Энэ цаг мөчөөс хойш олон жаран ард үлдэж, монголчууд бид өөрсдийн бүтээсэн энэ их өв соёл, ёс заншлаа шүтэн дээдэлж хамгаалсаар иржээ.
Өв соёл, ёс заншил гэдэг зүйл байгалиас бус, зөвхөн хүний сэтгэхүйд улбаалж ахуй амьдрал дундаас бүтдэг. Он жил нэгээс нөгөөд шилжих энэ мөчид бүхнээ хүлээсэн шинэ он, шинэ цаг тоолол эхлэн монгол орон даяар газар сайгүй баяр хөөр болж, энэхүү өгөөмөр үеийг цагаан сар хэмээн бултаар тэмдэглэн, тэнгэр хангайдаа цайныхаа дээжийг өргөн, улс үндэстнээрээ эв нэгдлийг бэлгэдэн золгодог уламжлалтай. Энэ билэгт сайн өдрөө монголчууд ёс төртөй угтаж, амь нас, аж амьдрал, хувь заяагаа даатган тэнгэр бурхандаа залбирдаг. Нар хаяалбараасаа улам дээшлэн мандаж, өдөр ирэх бүр “буудайн чинээ” уртсан, гурван ес цааш ханатай болж хаврын урь орон, хүн бүхний сэтгэл тэнийн, урин дулаан цаг улирал ирлээ хэмээн билэгшээдэг. Эдүгээ аргын тооллын 2024 оны хоёрдугаар сарын 10 буюу билгийн тоолын хаврын эхэн сарын 1-нээр шинэ он цагийн тоолол эхэлж бидний туулсан амьдралд жаран жилд нэг л удаа тохиох модон луу жил гарч байна. Энэ үеэр бүх луу жилтнүүдийн жил орж нэг нас нэмнэ. Жил орох гэдэг нь энэ арван хоёр жилийн тойруулга нэг бүтэн эргэж, төрсөн жил нь эргэн ирж буй тул 13, 25, 37, 49, 61,73, 85, 97... гэх мэт луу жилтнүүд жил орж буй тохиол юм. Энэ гарч буй луу жилд төрсөн хүүхдүүд нэг хий настай хэмээн энэ тойруулгад эхлэн орж буй. Хий настай гэдэг нь эхийн хэвлийд өнгөрүүлсэн хугацааг хэлэх агаад эмэгтэй хүн хэвлийдээ буй болсон ураг тээх тэр үеэс эхлэн мууг нүдээр үзэлгүй, муухайг чихээр сонсолгүй, мөөгөн бороо лугаа адил зөөлөн явж үрээ эсэн мэнд төрүүлэх учиртай юм. Ийнхүү ээлжлэн урсах он жил, сар, өдөр, цаг, мөч бүхэлдээ байгаль, дэлхий орчлонтойгоо амин холбоотой байдаг. Иймээс гарч буй модон луу жил сөрөг харш бүхний үүдийг хааж, бид бүхний хүсэн хүлээж буй сайн сайхан амьдралыг тэтгэн, саар бүхнийг арилгах болтугай хэмээх билэгдлээр сар шинээ угтацгаая.
Монголчууд сар шинийн энэ үеэр мартагдах буй соёлын өв бүхнээ ил гарган хойч үедээ эргэн сануулж байх нь нэн чухал. Үүний тулд хүн бүр өөрт буй өнгөтөй бүхнээ эдэлж, өмсөж, авдрын мухарт буй аав, ээжийнхээ хойч үедээ үлдээсэн үнэт эдлэлээ гарган хэрэглэж, бие цэгцтэй, сайн хүсэл мөрөөдөл, тэмүүлэл бүхий ариун тэнэгэр бодолтой байж, шинэ оноо угтах өөдрөг сэтгэл бүрэлдэнэ.
Энэ их баярын үеэр монголчууд шинэ торгон дээлээ өмсөн, хуучны аль өнгөтөй өөдтөй эд хэрэглэл, мөнгөн эмээл, хазаар, хэт хутга, үнэт чулуун соруул бүхий гаанс, хөөрөг, сувдан эдлэл тэргүүтнээ гарган эдэлдэг байв. Ур хийц сайтай эд бүхнээ дээдэлж олон түмэндээ соёлынхоо энэ үнэт өвөө ил гарган үзүүлж, мэдүүлж түгээж буй хэрэг юм. Эдгээр өв соёлын зүйлсээ жилдээ нэг удаа ч гэсэн ил гаргаж, хуучны үлгэр, оньсого, зүйр цэцэн үг, “Ертөнцийн гурваа” хэлцэн сануулж байх учиртай. Үүнийг зөвхөн цээжиндээ, авдрандаа хадгалж үл болно. Он цагийн цалгиан дунд цагаан сар мөнөө л ард түмэн лугаа адил гачлин зовлонг сөрөн туулж явсаар өнөөг хүрчээ.1952 онд улс даяар гашуудаж, 1954 онд ажлын өдөр,1960 оноос хөдөөд Нэгдэлчдийн баяр, бусад хотод МАХН-ын ухуулга, үзэл суртлын өдөр болж байлаа. 1990 оноос Цагаан сар хуучны язгуур ёс заншил, өв уламжлалаа сэргээн Монгол түмний үндэсний баяр болсон. Бид бээр улаан залаат, хөх толбот монгол хүн шүү гэдгээ ямагт санаж, бид бол өрнө дорныхноос огт өөр, бид бол өөрийн гэсэн бичиг үсэг, хэл яриа, цаг тоолол, өв соёл, зан заншилтай энэ бүхнийхээ дагуу цагаан сар, баяр наадмаа хийдэг улс үндэстэн, бид бол бусадтай адилгүй, бид бол үндэсний үзэл, өөрийн гэсэн уламжлал, түүх соёлын өвтөй ард түмэн гэдгээ илэрхийлж буй нэг том боломж юм. Үндэсний үзэлтэй байна гэдэг аливаа улс үндэстэний цаашид оршин тогтнох дархлаа юм. Хаана төрсөн нь хамаагүй ээ, удам угсаа нь, сэтгэл санаанд нь би монгол хүн гэсэн эх оронсог сэтгэхүй байх нь хамгаас чухал. Энэ нь хилийн чандад буй монгол гарал үүсэлтэй бүх хүмүүст хамааралтай гэсэн үг. Манай дэлхий дээр монгол гарал үүсэлтэй үндэстнүүд сая, саяар тоологддог ажээ. Эл бүгд нийлвээс улс үндэстний эв нэгдэл, туурга тусгаар монгол түмний өнө мөнхөд оршин тогтнохын гол суурь нь болно. Иймээс Цагаан сар, Цогт охин тэнгэр Балданлхам бурхнаа дагуулан ирж Та бидэнд, энх тунх, саруул сайны дээд батбилэгдэл бүхнийг өвч биедээ агуулсан ёс заншилт монгол хүн шүү гэдгээ ямагт эргэн харах тэр мөчийг жилийн жилд сануулж буй. Цагаан сар бол монгол түмний эв нэгдлийн баяр, монгол хүний уужим ухаан, ариун цагаан сэтгэл, цог хийморийг бадрааж, гарч буй жилийн эхнээс итгэл, мөрөөдөл, санаа сэтгэлийн асар их тэнхээ өгч, зөв замнахад зууч болох учиртай, жилдээ нэг тохиох билгэдэл чанарын маань агуулга юм.
Өмнөх бэлтгэл
Цагаан сард бэлдэнэ гэдэг бол нэг ёсны гэр бүлийн баяр болдог байлаа. Хамтдаа цуглаж бууз, баншаа чимхэн, ул боовны гурилаа нухаж бэмбий хийх, мах, идээгээ чанах гээд цөм дэс дараа учир начиртай. Хахир хатуу өвлийг давж, хүсэн хүлээсэн урин дулааны улирлыг цагаан сар тээн ирж, хүн бүрд нэг нас нэмж, аз хийморь, санаж мөрөөдсөн үйлс нь бүтэх тэр өгөөмөр цагийг ургах нартай хамт золгуулдаг бөлгөө. Хавар бол нүүдэлчин монголчуудын их найдлагын улирал юм. Өвөл нь онд эсэн мэнд орж урин хавар ирэхэд мал дэлэгнэж, төл хөрвөн тэвээрч, цагаан идээ гарч элбэгшиж эхлэнэ. Монголчууд гарч буй шинэ ондоо мэнд сайн орвол, байгаль цагийн ивээл дор бусад нь болно, бүтнэ хэмээн билэгшээн ярьдаг. Иймээс миний багад ижий, ажаа |би ингэж авгайлдаг| хоёр маань цагаан сар болох хугацааг эртнээс тогтоож өмнөх намраас эхлэн эсгийгээ хийж, арьсаа элдэж, гурилаа тээрэмдэн, идээ цэгээгээ базаан, өвөлжөө бууцаа сэлбэн, идшээ хийж, сар шинийн өмнө гол ажлаа нугалан орон гэрээ тохинуулдаг байлаа. Өвлийн шөнийн тавиунд үлгэрч, туульчдаа тойрон сууцгааж бууз, баншаа чимхэж, хэвийн боовоо хийж, ууцаа чанана. Хийсэн бууз нь будаа шиг арвин, хэвийн боов нь бурам шиг амттай, чанасан ууц нь тэгш сайхан болж баярын идээ бүрдэнэ. Үйлэнд уран бүсгүйчүүд нарийн хурган дотор эгнүүлж, шинэхэн торгон дээлийн энгэрт товч, шилбийг нь тааруулана. Эрчүүд өвлийн адаг сарын сүүлчээр унах морьдоо нар дагуулан уяж хааяа хөлөргөж, дэлийг нь засч хуурай өтөг бууцан дээр сойн, эзэгтэй нар оёсон дээлээ, овоодой үнэгэн лоовуузаа гадаа дэлгэж өнгө дотрыг нь сэргээдэг. Сойгдож шавхарсан морьд нүд нь гэрэлтэн, арьс нь өнгө орж чилгэр болоод дөрвөн хөл дээрээ тэгш зогсох агаад энэ үед дэлийг нь засч уран товруу хазаар, улаан алаг дэвстэй, мөнгөн тоногтой эмээлээ тохоод харахад монгол морины үзэсгэлэн сая тодрох ажгуу. Энэ үеэр гүү морь унахгүй, гүзээ мах идэхгүй гэж ярьдаг байлаа.
Битүүний орой
Битүүний орой бол өвлийн адаг хөхөө сарын гучин буюу үдэж байгаа оны эцсийн үдэш, энэ шөнө тэнгэрт сар битүүрч харанхуй болох агаад бууз, банш, эрүүг нь заагаагүй толгой зэрэг битүү хоолыг битүүртлээ иднэ хэмээснээс битүүлэг гэдэг нэр үүссэн тухай хөгшчүүл хуучилдаг. Сар битүүрэх гэдэг бол биднээс холдож тэнгэрт үзэгдэхгүй болж байна гэсэн үг тул өмнө нь үйлдэж буй ахуй соёлын дом юм. Энэ жилийн Цагаан сар битүүнгүй хэмээн мэдээллийн хэрэгслээр гарч байгаа. Энэ нь битүүндээ сар битүүрэхгүй гэсэн үг байх. Одоогоор бидэнд битүүлгээ хэрхэх тухайд зурхайч, мэргэдийн бошиг, айлтгал алга байна. Битүүний орой бол сар шинэлэн гарах замыг тосон засч буй нарийн дэг журам, ёс заншилтай, хүн бүхний хүсэн хүлээж буй онцгой баярын үдэш юм. Сар битүүрэхгүй байх нь ямар нэг далдын ид шидтэй, байгалийн болон бурхны хилэгнэл бус дэлхий, нар, сар гурвын харилцан байрлал дундах хугацаа, хормын зөрүү хэмээн үүнийг ойлгож байгаа. Иймээс битүүнээ шинийн нэгнээс салгана гэдэг бол морь, бөхгүй наадам мэт болох байх. Гэсэнч битүүний үдшээ хэрхэн өнгөрөөх нь хувь хүний сүсэг, үзэл бодлоор л болох зүйл шүү дээ. Хуучин заншлаараа л битүүлэх нь, битүүлэх байх.
Битүүнээс өмнө өмсөх дээл, унах морио бэлдэж, малаа хотлуулж, хот хороо, гэр орноо цэвэрлэж, бурхандаа зул өргөж, эмэгтэйчүүд өмсөж зүүх, хувцас хунар, үс гэзгээ гоёж эцэст нь зуухныхаа үнсийг авахад тэнгэр үүлээ хөөн энэ нэгэн онцгой үдшийн зөн билгийн ид шид бүрэлдэн тогтнож монгол хүмүүний сэтгэл сэвгүй, ой ухааны ариусгал болж, хийсэн бүхнээ эргэн харахад
Үсээ самнасан авгай нэг цэмцгэр
Үнсээ авсан тулга хоёр цэмцгэр
Үүлээ хөөсөн тэнгэр гурван цэмцгэр гэж ертөнцийн гурван цэмцгэр бүрддэг хэмээн хөгшчүүд маань сургадаг байлаа. Битүүний орой битүүртлээ иднэ гэдэг нь шинэ оныг сэтгэл тэнүүн, гэдэс цатгалан, элбэг дэлгэр угтвал тэр жилдээ мөн хэвээр байна хэмээх зөн билгэдэл агуулсан эртний заншил юм. Битүүний энэ оройд зориулж бэлдсэн идээ, чанасан мах, банш, бууз тэргүүтнийг цадталаа иднэ. “Цаг цагт нэг идэж, цагаан сараар нэг цаддаг” гэх хуучны үг энэ орой биелэлээ олдог хэмээн үздэг. Гэр бүлийн хэмжээнд бол банш, буузандаа гурван цагаан буюу мөнгө, цагаан идээ, цагаан будаа тэргүүтнийг нууж хэн таарсанд нь гарч буй жилд эд мөнгө, идээ цэгээ, будаа тариа элбэг тохионо хэмээн билэгшээн үздэг байв. Ингэж ирж буй оны босгон дээр сэтгэл тэнүүн болж, өглөө гарах, ирэх зүг мөрөө олсноор сар шинийг угтах бэлтгэл эрэмдээ орж гол ажил дуусдаг. Хуучин цагт өвлийн шөнийн уртад, өөхөн дэнгийн гэрэлд, сар шинийн тэр гэгээн өглөөг хүлээн хөгшчүүл хорол өрж, залуус шагай таалцах, няслах, шүүрэх, алаг мэлхий өрөх, үйчүүр тоглох, шар нохой гүйлгэх гэх мэтээр наадаж, үлгэр хэлж, тууль хайлан, ертөнцийн гурвыг хэлцэж, оньсого таалцаж энэ оройг хөгжилдөж өнгөрөөдөг байлаа.Аман хэлбэрийн түүхийн нэг агуу зүйл нь үлгэр, оньсого, тууль, домог юм. Энэ бол үүх түүхийг мөнхөд авч явдаг ардын ухааны урлаг бөгөөд үлгэр хэлж, тууль хайлах гэдэг нь бидний ой ухааны архив, үлгэрч, туульч, магтаалч нар бол түүнийг хойч үедээ өртөөлөн хүргэдэг улаачид юм.
Энэ орой ажаа, ижий хоёрын маань таавар наргиан эхлэнэ дээ. Тэд нар маань хүүхдүүд бидэнд
-За ертөнцийн гурван хурдан юу вэ ? гэхэд бид хариуд нь
Салхитай тэнгэрийн үүл нэг хурдан
Саруул ухаантны санаа хоёр хурдан
Сайн морины явдал гурван хурдан.. гэхэд зөв байна. Аа тийм үү. Та нар сүрхий хүүхдүүд байна. За хө тэгвэл
-За ертөнцийн гурван хоосон юу вэ?
Барин тавин байвч зүүд нэг хоосон
Барайж торойж байвч зэрэглээ хоёр хоосон
Бахирч хашгирч байвч цуурай гурван хоосон... Аа тиймүү хө.
-За ертөнцийн гурван улаан юу вэ?
Жаргалтай хатны хацар нэг улаан.
Жавартай тэнгэрийн хаяа хоёр улаан.
Жалгад ургасан сухай гурван улаан. Зөв байна.
-Ертөнцийн гурван баян юу вэ?
Газар үндсээр баян.
Тэнгэр одоор баян.
Тэнгис усаар баян.
Ертөнцийн гурван хөх юу вэ?
Урсах голын ус нэг хөх.
Уужим дэлхийн тэнгэр хоёр хөх.
Улаан галын дөл гурван хөх. Ямар мэргэн хүүхдүүд вэ та нар хө.
-За тэгвэл. Ертөнцийн гурван бузар юу вэ?
Хумс завсар хир орвоос нэг бузар
Хууль завсар хахуул орвоос хоёр бузар
Хайр завсар хар орвоос гурван бузар... гэх мэтээр хэлж хариуд нь хавирга, шаант, шанд нь шар цаас авна.Шар цаас гэж нэг төгрөгийг хэлдэг байв. Ертөнцийн гурав бол Монгол түмний аман зохиолын онцгой хэсэг агаад цөөн мөрөнд бүх үнэнийг агуулсан оньч мэргэн ухааных нь онцгой увидас юм. Оньсого таалгахдаа “Зуундарийн зургаан цагаан ямаа зуданд үхээгүй атлаа зун үхлээ” тэр юу вэ? гэнэ. “Марал мичид” хэмээх зургаан од өвөл гарч энгийн нүдэнд үзэгдээд зун харагдахаа больдог. Энэ оньсогыг хүүхэд нэг л удаа сонсоод эдгээр ододын тухайд анхны ойлголттой болох агаад хүүхдийн ой ухаанд насан туршид нь үлддэг юм.
Идэхгүй мөртлөө их гэдэстэй
Явахгүй мөртлөө гурван хөлтөй
Тэр юу вэ?
Тогоо,тулга хоёр ... зөв байна. Аа тийм үү хө.
Жин торго хэмжээгүй гэнэ
Жижиг сувд нүхгүй гэнэ.. тэр юу вэ гэхэд Бид тэнгэрийн одод гэнэ. Хэрэв хэлсэн оньсогыг нь тайлж чадахгүй бол худалдана. Худалдахдаа дайрал үгээр:
Тайлаг тайлаг тэмээнээс
Таван атга шорооноос
Гунжин гунжин үнээнээс
Гурван атга шорооноос
Сэтэрхий зүүнээс
Сэмэрхий хадагнаас гээд... л наргиан болгон дуудаж гарна даа. Үлгэр бол бидний дуртайяа сонсдог зүйлийн нэг байлаа. Үлгэрт үргэлж шудрага үнэн, муу муухайг ялж, ядуу хүний амьдрал сэргэн амар сайхан жаргадаг нь хэн бүхэнд дотоод ой ухаан, мэдэрхүйд онцгой ханамж өгдөг сэтгэл оюуны баярлуулах хүчирхэг сайхан зүйл юм. Өнөөдөр ч гэсэн монгол түмэн өдөр тутмынхаа амьдралдаа үлгэрт гардаг шиг шудрага үнэнийг, тэр сайн сайхан аз жаргалтай амьдралыг бид үргэлж мөрөөдөж эрж хайсаар л байгаа. Иймээс ирэх шинэ он, цагийн өнгөнд зөвхөн үлгэрт гардаг тэр шудрага үнэн амьдралын бодит хэрэглүүр болж сайн, сайхан үйл болоосой хэмээн өөдрөг сэтгэлээр сар шинээ угтацгаая.
Бүтүүнд хэсэхгүй, айлд хонохгүй, хэрүүл хийж, амны билэггүй юм ярихгүй, бүх цэвэрлэгээ дуусч шинийн нэгний өглөө ус барих, юм угаах, оёх, хог үнс асгах, хумс, үс авах, мал нядлах, хүүхэд, амьтан загнах, зодох, түлээ хөрөөдөх гэх мэтийг хийхгүй, эд мөнгө зээлэх, хэрэлдэх, өр төлбөртөй онд орохыг цээрлэдэг. Энэ бүхэн сар шинийн өмнө бүх муу үйлийг дуусгаж, ирэх шинэ цагт сүр сүлд нь тэнгэрлэг, аж амьдрал өөдлөн дээшлэхийг билэгдэн ирээдүйд итгэн найдаж буй бишрэл бөлгөө. Ингээд таван мэдрэхүйдээ сайн сайхны билэгдэл болгож нүдээрээ зул, чихээрээ дуу хуурын аялгуу, амаараа амтад идээ, хамраараа арц хүжийн үнэр, биедээ шинэ хувцас өмсдөг нь сар шинийн өмнө саар бүхнийг гээн бие, хэл, сэтгэлээ ариусгаж, бодол санаагаа цэгцэлж буй өөдрөг санааны илрэл юм. Ийнхүү сар шинийн бүх бэлтгэл ажил битүүний энэ орой бүрдэн, бүгдээр сэтгэл ханамжтай болж, хөөрч баясах нөхцөл бүрдэн баярын урам ордог. Өөдрөг сэтгэл, баярын урамтай айл гэрийн голомтод, дуу хуурын эгшигт жаргалтай дэлгэр бүрдэн, гэрийн жавар арилж нэгээс нөгөөд дамжин өрх гэрээрээ, айл хотлоороо, улс түмнээрээ өгөөмөр тэнүүн уур амьсгал ордог.Энэ орой монголчууд морин хуурынхаа жаврыг гарган цэнгэнэ. Моринд дуртай монголчуудын зөн совин, уянга ярууг өөртөө шингээдэг морин хуур хэмээх энэ уран эгшиглэн монгол хүний дотоод сэтгэлийн гүн мэдрэмжийг хөглөн бадраадаг увдистай бөлгөө. Хуурын хоёр чавхдас дөрвөн цагийн өнгийг хөг аяндаа багтаан, хүний хэлээр ярьж, шувуудын дуугаар жиргэн, хүлгийн үүрслээр янцгаана. Уртын дууны аялгуу нь зөвхөн энэ хөгжмийн уянгатай нийлж хөдөө талын нүүдэлчин амьдралын аяс хэмнэлд идээшин дассан монгол хүний сэтгэлийн галыг бадраадаг билээ.
Сүсэг ба дом
Монголчуудын гол гурван шүтээн бол тэнгэр, газар, гал гурав юм. Иймээс монголчууд бидний сүсэг голдуу л энэ бүхэнтэй холбогдоно. Цэвэрлэгээ хийхдээ гэрийнхээ үүдийг их анхаардаг. Энэ нь үүдэн сахиус болон үүдээр орох зочин, буян хишгийн замыг бодолцож буй хуучны сүсэг юм. Энэ орой хонгор халзан луус унан, гарынхаа арван хурууг инчдэх агшинд тэнгэрээс буун ирж дэлхий ертөнц, гурван мянган орчлонг нэгэнтээ тойрон, айл гэрийн сүлд, хийморийг тэтгэн, мууг амин золиг болгож, ум сайн бүхнийг агаар салхи лугаа адил түгээдэг Арван хангал бурхдын нэг, ачит эх, цогт охин тэнгэр Балданлхам бурхнаа шүтэн, унааг нь услах мөс баруун дээд тотгонд, голд нь сайн зүгийн тэнгэр бурхан гэрт орох замыг нээж цэгээн чулуу тавьж, буг чөтгөр айлын буруу хатавчаар ордог хэмээн харгана хавчуулдаг домтой байдаг. Луус гэдэг амьтныг шарын шашны номлолд хүч, хурд, тэвчээр бүхий сайн хүлэг, бурхны унаа хэмээн үздэг ажгуу. Малаа хотлуулж, бурхан тахилаа сэргээн зул өргөнө. Зул өргөх нь битүү харанхуйд өнгөрсөн ба одоогийн зам мөрийг арван зүгт гэрэлтүүлэхээр бурхныхаа өмнө асаасан бишрэл буюу бие, хэл, дотоод сэтгэлийн төлөөх гэрэл юм. Арван зүгт гэдэг нь найман зовхис, тэнгэр, газар орж буй. Айлын гал голомт гэдэг бол тэр айлын баторших суурь, амьдрал үргэлжлэх амин сүнс, өсөн дэвжих хойч үе, үр удмын холбоос болдог. Галаа түлэхдээ галын бурхнаа сэтгэлдээ бишрэн тарни хэлж асч буй галын дөл дүрэлзэн буйг харж чин сүсгээр дээдлэн галын бурхан, сахиусан тэнгэр гэх мэт амьд эзэнтэй хэмээн бишрэн тахина. Зарим хангал бурхад галтай хамт гарч ирдэг. Нүцгэн хөлөөрөө гал гишгэн, амаараа гал тургаж тэргүүнээ гал дунд авч яваа байдлаар ирж буйгаас үзэхэд гал бол асар их сүжгийн хүчтэй, итгэл бишрэл оюуны совилтой зүйл. Гал тахих ёсон нутаг, нутагт зан заншил, овог удмаа дагаад өөр, өөр байдаг. Энэ орой гал гадгаш гаргахгүй, бусдаас гал гуйхгүй байх учиртай. Эртний энэ ёс бол айл бүхний гал голомтод тэр гэр бүлийнхний буян заяа орших агаад галаа хөгжөөн тахиж, эцэг эхийнхээ гал голомтыг мөхөөлгүй залгуулах нь овог удмаа мөнхрүүлж тэр бүхнийг цаашид мөхөөлгүй тогтоох амин сүжиг оршино... хэмээн үздэгт буй. Энэ үүргийг айл гэрийн галын эзэн отгон хүү мөхөөлгүй сахих учиртай гэж үздэг байв. Мэдээж заавал отгон гэсэн үг биш, ганц хүүтэй айл бол тэр нь, хүүгүй айлын охин нь эсвэл түүнээс гарсан хүү байж болно. Гал тахина гэдэг нь галын Маранзад бурхандаа зул барьж, өргөл өгөх сүсгээр галдаа шар тос өвчүүний хэрсэн, сүүлний уг гэх мэт гал хөгжөөх зүйл хийж арц, хүж уугиулан “Хаан эцгийн цахисан, хатан ээжийн бадраасан гал дүрэлз, дүрэлз” хэмээн тарни уншиж, шинэ гэр бүл голомт залгуулах хүүтэй, галаа манах охинтой болохын өлзийтэй ерөөл билэгдэн хэлж бурхан тахилын өмнөх хүрдээ эргүүлэнэ. Хүрд бүхэн маанийн үсэгтэй тул түүнийг эргүүлэх нь маань хөгжөөж буйн нэгэн илрэл юм. Хөгжиж буй гал дээш цахилж тооноор дамжин тэнгэр тэмүүлэх агаад сайн ажиглан харваас тэр гал дунд хийморийн сахиус бяцхан хүүгийн инээмсэглэл мэт дүрэлзэн буй. Энэ зан үйл бол эр нь гал залгуулж, эм нь түүнийг нь хөгжөөн бадраах гэсэн утга дор энэ айлын цаашид өсөн дэвжих замыг засч буй хуучны дом юм. Гал бөхөөх зүйл зууханд хийхгүй. Орчин цагийн ихэнх ахуйн нөхцөл байдалд үүнийг гал түлж гүйцэлдүүлэх боломжгүй тул зөвхөн тарни уншиж, дом үйлдэнэ. Орчин цагт мэдээж энэ бүхэн хувь хүний сүсэг бишрэл, итгэл үнэмшил, үзэл бодрол дээр суурилах учиртай.
Сар шинийн идээ шүүс
Тавгийн идээний гол сүнс нь ул боов юм. Таваг засахдаа идээнийхээ боовыг 3,5,7,9 гэх мэтээр сондгой үеэр жаргал, зовлонг ээлжилж жаргалаар эхлээд жаргалаар дуусгахаар тохируулж өрдөг заншилтай. Есөөс дээш үеэр идээ өрөхгүй учир нь монголчууд есөн үеэр овог, удмаа тооцон үүний дараа яс хагалах ёс үйлдэж цус холилдох зүйлгүй болдог. Гурван үе идээг залуу гэр бүл хориос гучин насны, таван үеийг гучаас тавин насны гэх мэтээр үеийн тоо нь өсч явсаар далаас дээш настан есөн үе идээ тавих учиртай хэмээн хөгшчүүд сургадаг. Иймээс айл болгон заавал есөн үе боов өрөх шаардлагагүй гэсэн үг. Дээр нь цагаан идээ, ёотон, чихэр зэргээр чимдэг. Цагаалга хэмээн цагаан будаа агшааж бэлдэнэ. Үүнээс гадна цагаан сараар хүүхдэд өгөх самнай, жижиг дугуй боов хийдэг. Гол идээний нэг бол хонины ууц юм. Ууц гэж юу юм бэ, заавал түүнийг айл бүр тавих ёстой юу гэдэг асуудал өнөөдөр гарч байна. Энэ бол хонины нуруу бүхлээрээ сээрээс хойш ахар сүүл хүртлэх хэсгийг хэлнэ. Ууц дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр хавирга, шагайт чөмөг дагуулж өндөр хавиргаа зочныхоо баруун гар талд байхаар, хоёр талд хосоор эсвэл дөрөв дөрвөөр нь тавина. Сээрийн нарийн үзүүр, шаантыг борви, далны маяа, хавирганы дотор талыг ууцныхаа харцага тал руу нааж, харцгыг зочны зүг харуулж тавьдаг. Монголчууд зөвхөн халуун хошуут хонин сүргийнхээ дундаас хүч тарга сайтай эрийг нь сонгож ууц тавьдаг. Эртнээс уламжилж ирсэн монгол зон олны гүн хүндэтгэлийн энэ идээ шүүсийг голдуу төрийн хүндэтгэл, шашны баяр болон олон нийтийг хамарсан хурим найр, том хэмжээний баяр наадам, ёслолын үед л хэрэглэдэг байлаа. Ууцны оронд үхрийн өвчүү чанавал, дал дөрвөн өндөр хавирга, шаант богтос зэргийг нэмж тавьж болно. Зарим нутагт өвчүүг хэвтээ эрхтэн хэмээн үздэг тал ч бас бий.
Малтай айл бол ууц тавихад нэг их хүндрэл гарахгүй байхаа, хотынхонд бол ямар нэг гэр бүлийн баяр, насны ой, хурим зэрэг онцгой тэмдэглэлт үйл явдал давхцсан үед л тавихаас бусад үед бол гар доорхи идээгээр цагаан сарыг тэмдэглэх нь зохистой. Иймээс ууц тавих гэж улайран хөөцөлдөх шаардлагагүй, боломжтой нь тавиг, бусад нь гарын дор байгаагаараа л тэмдэглэцгээе. Өнөөдрийн нийгмийн гол давхрага болсон жирийн иргэд, ялангуяа залуу гэр бүл үе, үеэр боов өрж, өндөр үнэтэй ууц тавих боломж хомс тэгээд ч орчин цагийн хүмүүсийн хандлага, ахуйн нөхцөл байдлаас шалтгаалан энэ бүхнийг өөрчлөх шаардлага зайлшгүй урган гарч байгаа юм. Өнөөгийн даяаршиж буй ертөнц, эрчимтэй хөгжлийн явцад хот хүрээнийхэн бид цэвэр нүүдэлчин амьдралаар явах боломжгүй тул өөртөө хэрэгтэйг нь авч, хөгжлийн явцаас хоцролгүй амьдрах чадвараа дээшлүүлэн, язгуур соёлоо баяжуулж байх зайлшгүй шаардлагатай болжээ. Иймээс сэтгэл санаагаа цэгцлэн сар шинээ санхүүгийн талаар дарамтгүй тэмдэглэх нь зөв буйзаа. Нэгэнт айл бүр өнөөгийн амьдралд хэрэгжүүлэх боломжгүйн дээр агуулга, хэрэглээгээрээ шаардлага хангахгүй болсон зарим зүйлээс татгалзах нь хувь хүний үзэл бодол сонголт болох нь зүйн хэрэг юм.
Шинийн нэгэн ба ёс заншил, өв соёлын агуулга
Өвөг дээдэс маань хуучин цагт цагаан сарын шинийн нэгний өглөө эртлэн гарын алганы хээ харагдах үеэр баримжаалан босдог байв. Өнөөгийнхөөр бол үүр хаяарч эхлэх 6.50 -7.00 цагийн үе юм. Өглөө 8 цаг гэхэд нар мандана. Битүүний энэ орой лам нар шөнөжин Цэдэрлхам хурж энэ бурхан тахилгаа дуусгаж хоноод өглөө нь Очирдарь бурхандаа ерөөл тавьж өлзий хутаг өргөнө. Балданлхам бурхан орчлон дэлхийг тойрон явсаар газарт бууж ирдэг хэмээн энэ өглөө түүнд зориулан Цэдэрлхам хурж хоносон лам нар золгоцгоож залгуулаад сүсэгтэн мөргөлчин олон ирж оролцдог хэмээн ярьдаг байлаа. Зурхайч нар ирж буй жилийн өнгө төрхийг тодорхойлж, шинийн гуравнаас эхлэн цагаан сарын их ерөөл, шинийн арван дөрвөнд хамгийн том хурал болж энэ үеэр монголчууд өргөнөөр ирж бурхан болоочийнхоо хойноос буяны ерөөл, хурал ном хуруулж энэ жилийнхээ заслыг хийлгэдэг заншилтай. Энэ эхний арван тав хоног бол бурхан багшийн их дүйцэн өдөр агаад ид хувилгаан үзүүлж, хийсэн буян аривжих тул хүмүүс өргөнөөр сүм хийдэд ирж мөргөл үйлддэг билээ. Нэг гэр бүлийн эхнэр нөхөр хоёр суудал нийлсэн байж болзошгүй тул салгуулах дом хэмээн өмнөх битүүний орой мөлжиж орхисон хонины толгойн эрүүг нь хамтдаа зааж салгадаг гэсэн хуучны домтой байв. Шинийн нэгний өглөө хувхай хоосон хэмээх модон хохимой өдөр тул түүнийг элбэг дэлбэг болгохын тулд идээ цагаа, сэтгэл санааны ариунаар их бэлэг дэмбэрэлтэй өдөр болгодог нь жилийн явцад ийм өдөр тохиосон ч түүний хорлолд өртөхгүй байх учиртай. Монголчууд мандаж буй нар, тэргэлж буй сар, дэлгэрч буй цэцэг, ирж буй шувуудыг харах нь хийморьлог зүйл хэмээн үздэг. Энэ бүхэн бол нар сар, ургамал, амьтан цөм манай дэлхийд, бидэнд ойртож биднийг ивээж буй явдал юм. Шинийн нэгний өглөө ургах нартай уралдан айл гэрийн өрхийн тэргүүн эрчүүд ойролцоох уулын орой дахь овоонд цайныхаа дээжийг тэнгэр, хангайдаа өргөж, хийморийн зүг гарч хишгийн зүгээс ирдэг байв. Өндөрлөг газрыг тэнгэр газрын зааг хэмээн үзэж хоёр гараа дээш өргөн хурайлж тэнгэр хангайдаа хурайлан залбирдаг хуучны нэгэн дуунд:
Цагаан сарын шинийн нэгэндээ
Цагаан идээгээр саваа дүүргээд
Цагаан эсгийгээ гаднаа дэвсээд
Тэнгэр бурхандаа мөргөмү... хэмээн эртнээс дуулж иржээ. Цагаан өнгө бол монголчуудын өв соёлын билэгдэл юм. Цагаан санаа, цагаан сар, цагаан эсгий, цагаан сүү идээ ... бол цэвэр ариун, шинэ эхлэлийн анхны А-гийн долоон үсгийн “Цагаантолгой” болж буй. Эрт дээр цагаас эцэг хан тэнгэр, эх хатан дэлхий хэмээн биширч ирсэн монголчууд бидний хувьд овоо бол дээд хан тэнгэрт ойртох өндөрлөг өглөөний нар ойроос харагдах газар гэсэн утгатай. Ертөнцийн наран бол хаанаас ч бидэнд улам ойртон ирж тэнгэр, газрыг бидэнтэй холбож өгнө. Овоонд гарна гэдэг нь тэнгэр бурхандаа улам ойртох өндөрлөг газар, уулын оройгоос шүтэх боломжийг илүү бүрдүүлж буйн нэг илрэл агаад монгол хүний ирээдүйн зам мөр, хагацал, учрал, гүн итгэл агуулагдсан дотоод сэтгэхүйн орон зай дахь сүсэг бишрэлийн нэг оргил юм. Энэ өглөө монголчууд наран гарах дорно зүгт түүнийг тойрон эргэлдэх газар дэлхийтэйгээ хамт тэмүүлэн ургахын улаан нарнаар тэнгэр бурхандаа залбирч хурайлдаг заншилтай. Ингэж монголчууд эрт дээр үеэс сар шинийг ургахын улаан нарнаар угтан, бүх хүн амьтан нэг нас нэмж өвлийг өнөтөй даван урин дулаан хаврын тэргүүн барс сартай золгодог нь европ болон баруун зүгийн шинэ жилээс эрс ялгаатай юм.
Их хүрээний монголчууд Богд уулын ар хормой дахь “Эрдэнийн овоо” хэмээх намхан довцог болон Тасганы овоонд сар шинийг угтан гарсаар ирсэн уламжлал, заншлаа өнөөг хүртэл хадгалсаар иржээ. Сүүлийн үед сэтгэл ихэд зовоож буй зүйл бол монголчууд бид уул овоогоо шүтэн тахихдаа маш их хадаг, сүү, идээг үлдээн овоогоо овоолсон хог болгон үлдээдэг явдал юм.
Миний багад шинийн нэгнээс өмнө Ажаа маань |Сэлэнгэ, Баруунбүрэн сум| манайх өвөрт нь өвөлждөг “Эрдэнэ толгой” гэдэг намавтар ууланд намайг дагуулан гарч овоогоо цэвэрлэж, засч сэргээдэг байв. Энэ уулын араас орой дээр нь морьтой, явган яаж ч гарахад хялбар, настай буурлууд үхэр тэрэгтэйгээ хүрчихдэг юм. Шинийн нэгний өглөө миний Ажаа, төрсөн ах Сэндэнжаваа нар намайг дагуулж Эрдэнэ толгойн овоондоо гарч тэнгэр бурхандаа залбиран, цай, идээнийхээ дээжийг өргөөд, буухдаа “Төрсөн өдрийн төөрөг, Гарсан өдрийн гараг” дагуу хийморийн зүг гарч, буян хишгийн зүгээс ирж, гэрийн эзэн гэр бүлээ төлөөлөн мөрөө гаргаад гэртээ буудаг хуучны ёс байдаг. Бурхан шашны номлолд зааснаар бол хүн бүр өөрийн гэсэн сайн зүг, муу мөртөй байдаг ажгуу. Иймээс хүмүүс овоог сонгохдоо гэрт ойр, нар харагдах, гарахад амар байдлыг харгалзах ба алс хол тэртээд өндөр оргилд цагаан сараар барагтай л бол гардаггүй байж. Иймээс цаг
Цагаан сар бол Монголчуудын эв нэгдлийн баяр |
2024-08-06 10:51:07
2024-08-06 10:47:19
2024-08-06 10:41:08
2024-08-06 10:37:24
2024-08-06 10:35:49
2024-08-06 10:34:33
2024-08-02 11:02:06
2024-08-02 10:52:15
2024-08-02 10:51:02
2024-08-02 10:50:05