Бямба, 2024-11-23
Түгжрэлийг бууруулж, төвлөрлийг задлах гарц

Бүсчилсэн хөгжил гэхээр олон нийт хөдөө орон нутгийн л асуудал гэж ойлгох нь бий. Төр засгийн зүгээс ч орон нутгийг бүсчлэн хөгжүүлэх тухай ярьсаар ирсэн. Тийм ч учраас иргэд ийм ойлголттой болсон биз. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Улаанбаатар хотыг ч бүсчлэн хөгжүүлэх талаар ярьж эхэллээ. Анзаарсан бол орон нутагт, аймгуудад л ажиллахаас бус дүүргүүдэд тусгайлан ажиллаад байдаггүй Ерөнхий сайд сүүлийн үед дүүргүүд, Хайлааст орчмын гэр хорооллын хороод гэх мэтээр Улаанбаатар хотын нэгжүүдэд ажиллаж эхэлсэн. Тэрээр Улаанбаатар хотыг бүсчлэн хөгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулж яваа нь энэ.

Улаанбаатар хотын зарим дүүргийг хувааж шинээр дүүрэг байгуулах, дагуул хоттой болох тухай яриад удаж буй. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй танхим үе үеийн Засгийн газрын ярьсаар ирсэн энэ асуудлыг зөвхөн ярих бус бодит болгохоор шийдвэрлэжээ. Ингэхдээ бүсчилсэн хөгжлийн зорилттойгоо хосуулан нэг сумаар хоёр туулай буудах нь. Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээндээ нийслэлийг бүсчлэн хөгжүүлж түгжрэлийг бууруулан, төвлөрлийг сааруулахаар төлөвлөөд байна.

1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж Улаанбаатар хотыг есөн дүүрэгт хуваасан. Түүнээс хойш 32 жил өнгөрч байна. Энэ хугацаанд Улаанбаатарын хүн ам 1.7 саяд хүрсэн. Хан-Уул дүүргийн хүн ам 60 мянгааас 281 мянга, Баянзүрх дүүргийнх 87 мянгааас 435 мянга болж нэмэгдсэн гэх мэтээр үргэлж өсөлт явагджээ.

Хүн ам ингэж өссөн нөхцөлд 1992 оны бүтцээр төрийн үйлчилгээг хүргэхэд хүндрэлтэй байх нь ойлгомжтой. Гэвч өнгөрсөн хугацаанд ямар нэгэн өөрчлөлт шинэчлэлт хийхгүй зүтгүүлсээр ирсэн. Харин өнгөрсөн жилээс нийслэлийн засаг захиргааны бүтцийг өөрчлөхөөр судалгааны ажлыг эхлүүлсэн юм.

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт 204 хороо бий. Тэнд 2856 хүн ажиллаж байна. 204 хороо, есөн дүүргийн Засаг дарга гээд 213 Засаг дарга сонгогдсон гэсэн үг. Гэвч тэд тухайн дүүрэг, хорооныхоо иргэдийн асуудлыг бүрэн шийдэж чаддаггүй. Тийм боломж ч, эрх мэдэл ч байхгүй. Тиймээс иргэд асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд хотын төв рүү зүглэж түгжрэл үүсгэдэг.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.3 хувьд нь нийслэл Улаанбаатар хот байрладгаас төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрийн 0.02 хувь буюу Бага тойрууд эрх мэдлийн 90 хувь нь төвлөрч байна.

Улаанбаатар хотын түгжрэл бол хотын төвийн Бага тойруу орчмын 86 га газарт төрийн захиргааны 50 гаруй төв байгууллага төвлөрдөгтэй шууд холбоотой юм. Тиймээс хотыг 42 дүүрэг буюу 42 нэгжид хуваан эрх мэдэл олгож түгжрэлийг бууруулахаар төлөвлөөд байна. Өөрөөр хэлбэл, 5-6 хороог нийлүүлж нэг дүүрэг болгохоор төлөвлөөд байгаа юм. Тухайлбал, Таваншар дүүрэг, Толгойт дүүрэг, Амгалан дүүрэг, Улаанхуаран дүүрэг гэх мэтээр шинэ хуваарилалт хийх юм. Тус дүүргийн Засаг дарга нь иргэдийнхээ бүх асуудлыг хариуцаж төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлдэг болно гэсэн үг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар хэлэхдээ “Сүүлийн 30 гаруй жилд Монгол Улсын хүн амын талаас илүү нь нийслэлд төвлөрснөөс болж хил хүрээ нь тэлж, даац нь хэтэрсэн. Үүнийг дагаад түгжрэл, утаа, хог, бохирдол зэрэг олон бэрхшээл бий болсон нь төлөвлөлтийн алдаатай бодлого, нийслэлийн өмнөх удирдлагуудын эс үйлдэхүйтэй холбоотой. Энэ алдааг хотын өнөөгийн удирдлагуудтай холбож шүүмжлэх нь өрөөсгөл төдийгүй үүнийг нийслэл дангаараа шийдэж чадахгүй хэмжээнд хүрсэн учир Засгийн газар дэмжээд зогсохгүй оролцохоос аргагүй болсон. Хүндрэлийг шийдэхийн тулд бүтэц, зохион байгуулалтаас эхлээд хууль, эрх зүйн өөрчлөлт хийх замаар цогцоор нь шинэчлэх, дүүргүүдийг задлах, төрийн үйлчилгээг заавал хотын төв эсвэл дүүргийн байр руу очиж авахгүйгээр иргэд тухайн оршин суугаа бүсдээ түгжрэл, бухимдалгүйгээр 15-20 минутад төрийн, нийгмийн зэрэг хүссэн үйлчилгээгээ авдаг болох нь чухал юм. Бүсчилсэн хөгжлийн дагуу “20 минутын хот”-ыг бий болгоно. Ер нь бүсчлэл гэдэг бол эрх мэдлийг задална гэсэн үг. Улаанбаатар хотын түгжрэл бол хотын төвийн Бага тойруу орчмын 86 га газарт төрийн захиргааны 50 гаруй төв байгууллага төвлөрдөгтэй холбоотой. Үүнийг 42 нэгжид задлах байдлаар төвөөс гаргах нь чухал байна. Нийслэлийг бүсчлэх гол агуулга нь энэ. Одоо бол төрийн анхан шатны нэгж ямар ч эрх мэдэлгүй ажиллаж байна. Тэдний эрх мэдлийг хуулиар нэмэгдүүлж, наанадаж төсөв захиран зарцуулах эрх олгох, цаашилбал хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах хүрээнд төвлөрлийг сааруулах бодлогыг төр, засгаас хэрэгжүүлэхээс өөр гарцгүй болсон” гэлээ.

Түгжрэлийг бууруулж, төвлөрлийг задлах гарц


Түгжрэлийг бууруулж, төвлөрлийг задлах гарц
2024-03-15 10:44:24
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0