Бямба, 2024-11-23
Ерөнхий сайдад Улаанбаатар хот юуны хамаа буюу юун 42 бүс

Улсын төсвийг захиран зарцуулагч гүйцэтгэх засаглалын тэргүүн Ерөнхий сайдад Улаанбаатар хот бол “мөнгөний гахай”. Дүүргүүд нийслэлдээ, нийслэл улсдаа тушаах орлогын төлөвлөгөөтэй ажиллаж, илүү гарснаар нь хороо дүүргүүд “амьдардаг”. Улс Улаанбаатараас гадна аймгуудаас татах ч хамаг өнгөтэй өөдтэй нь энэ дөрвөн уулын дунд л ундарна. Ундарна гэснээс шар усны үер ундрах бол мэдээж ашиггүй. Үерээс хамгаалахын тулд 60 тэрбум төгрөгөөр далан барихаар болж байна. Төрд хэрэгтэй “мөнгөний гахай”-г аюулгүй ажиллуулах ёстой шүү дээ. Улаанбаатар хот аль болох их мөнгө олох ёстой, түүний тулд бас аз жаргалтай ч байх ёстой.

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 0.3-хан хувийг нийслэл Улаанбаатар хотын газар нутаг эзэлдэг. “Эзэлдэг” гэхэд ч хаашаа юм, чихэлддэг гэх нь ононо. Тэр дотор нийслэлийн төв буюу алдарт Бага тойруу ердөө 0.02 хувь нь. Шуудхан хэлэхэд, Бага тойрууд 1,6 сая улаанбаатарчуудын хамаг л эрх мэдлийн 90 хувь төвлөрч байна. Бага тойруу гэдэг маань 86 га газар бөгөөд энд төрийн захиргааны 50 гаруй төв байгууллага төвлөрдөг. Эндээс л 100 хувь түжрэл үүсгэн бид яг гацчихжээ. Тэгэхээр Улаанбаатарт хэн аз жаргалтай юм бэ? Хэн ч аз жаргалгүй болсон хэрэг. Гэвч гарц, шийдэл заавал байх ёстой. Яагаад гэвэл Улаанбаатар бол Монголын эдийн засаг, соёл, шинжлэх ухааны төв, хөгжлийн “уурхай”.

Л.Оюун-Эрдэнэ сүүлийн хэдэн сар өглөө бүр шахам хороо дүүргүүдээр гүйдэлтэй болсныг эрхэм иргэн анзаараа байлгүй. Анзаараагүй бол Улаанбаатарын хүний анхаарах ёстой мэдээлэл тэнд л байна. Одоогийн засаг захиргааны бүтэц Улаанбаатарт өөрчлөгдөх нь. Дүүргүүдийг задлах нь.  Хотыг 42 бүс болгох гэнэ! Монгол Улсын 21 аймгийг баруун бүс, хангайн бүс, хойд бүс, говийн бүс, төвийн бүс, зүүн бүс болгон хөгжлийн зургаан бүсэд хуваан эмхлэх бол Улаанбаатарыг мөн хөгжлийн бүсүүдэд, тэгэхдээ бүр 42 хуваах загварыг тэр гаргажээ. “Нийслэлийг бүсчилж хөгжүүлснээр төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртож, хүртээмжтэй болно. Иргэд төрийн ямар ч үйлчилгээг 20 минутад авдаг байх боломжийг бүрдүүлэхийг зорьж байна. Мөн нийслэлд тулгамдаж буй түгжрэлийн асуудал ч шийдэгдэнэ” гэж Ерөнхий сайд өглөө бүр хэлж явна. Нийслэлийг 42 бүсэд хуваана гэдэг нь хороодын байршил ойр, нөхцөл ижил төстэй байдлаар нь нэг бүс болгож, төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, оновчтой болгох тухай л яриа юм билээ. Тухайлбал, эрүүл мэндийн үйлчилгээ гэхэд  5 хороо нэг бүс боллоо гэхэд өрхийн 5 эмнэлэг нэгдэж, нэг дөнгүүр эмнэлэг болох, ингэснээр хүчин чадал, үйлчилгээг сайжруулах орчин нөхцөл, эмч сувилагчдын багийн ажиллагаа эмх цэгцтэй байж болох зураглал ч яригдаж байх жишээтэй. Хороо, дүүргийн өнөөг хүртэлх бүтэц, үйл ажиллагаа, төрөөсөө иргэний авч ирсэн үйлчилгээний хүртээмж, чанарт дурамжхан байдаг бол 42 бүсэд хуваах замаар хороо тус бүрээр тарсан бичил хүчин чадлууд бүсэд нэгдэн эмхлэгдэх, ийнхүү нийт 42 бүс үүсгэн хөгжүүлэх шинэ загварт заавал анхаарал хандуулаад үзээрэй. Бэлхийн суугч харъяа дүүрэгтээ очихын тулд хотын төв ордог. Шинэ бүсийн төв байгуулагдвал түүнд 15-20 минут хангалттай болно. Түгжрэлгүй, бухимдалгүй. Нийслэлийн бүсчилсэн хөгжил гэдэг ердөө л “хорин минутын хот”.       

Улаанбаатарт өөрийн гэсэн засаг захиргаа байдаг биз дээ гэвэл бий. Бүр тусгай БЭТ мэртэй гээч. Хөдөөгөөс шилжин ирэгсдийн 30 жилийн нүүдлийн эхэн дээр орчин үеийн хот, ирээдүйн хот ямар байхыг төлөвлөөгүй, мэргэжлийн инженерүүд, эдийн засагчдаар бус авлигаар газрыг нь наймаалж, барилгажилтыг, дэд бүтцийг аргалснаас өнөөгийн Улаанбаатар алдаатай хот болон хувирсан. Нийслэл ямар ч ачааллыг одоо даахгүй. Зам нь даахгүй түгжрэл, өвөл нь даахгүй утаа, иргэншлээ даахгүй бохирдол л бий болсон. Хотын өнөөгийн дарга засаг захиргаатайгаа нийлээд хотоо даахгүй болсон. Тиймээс энэ бүх зовлон хотоос орлого авдаг Засгийн газарт хүрч, бүтцийг нь хөгжлийн зурагтай нь үндсээр нь өөрчлөхөөс өөр гарцгүй болсон. Бүр хуультай нь, эрх зүйн орчинтой, тогтолцоогоор нь цогцоор нь өөрчилж шинэчлэх ганцхан арга л үлдсэн.

Нийслэлийг улсад ашигтай байлгахын тулд иргэд нь эрүүл чийрэг, тав тухтай орчинд ажиллаж амьдрах, ашиг орлого нь тэр хэрээр эрчимтэй, өсөлттэй байх ёстой юм. Улаанбаатар хотын хэрэг явдал, таны ахуй амьдрал Ерөнхий сайдад юуны хамаатай вэ гэвэл харин ч нэг хамгийн их хамаатай.


Ерөнхий сайдад Улаанбаатар хот юуны хамаа буюу юун 42 бүс
2024-03-15 18:22:34
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0