Улсын Их хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Таны хувьд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа. Байнгын хорооноос ойрд ямар, ажлууд хийж байна вэ?
-Энэ долоо хоногийн даваа гаригт манай байнгын хороо Төрийн албаны зөвлөлийнхөө тайланг сонслоо. Зайлшгүй хэрэгцээтэй тохиолдолд УИХ-аар оруулах хуультай. Тийм болохоор зөвхөн Төрийн байгуулалтын байнгын хорооны хэдэн гишүүд сонс гэхээсээ илүү бусад гишүүд маань сонсох нь чухал юм байна. Тиймээс чуулганы хуралдаанд оруулах нь зөв юм байна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл гишүүдээс Монгол Улсын төрийн алба өнөөдөр ямар түвшинд явж байна. Орон нутагт алдаа дутагдал нь юу байна гэдгийг сонсох ёстой. Төрийн албан хаагчийн ёс зүй, боловсрол, сонгон шалгаруулалтын асуудал гээд олон зүйл бий. Энэ дотроос болж байгаа нь бий. Болохгүй байгаа нь ч бий. Тийм болохоор энэ удаад гишүүдээсээ сонсъё. Харин дараагийн тайлан дээрээ энэ асуудлуудыг нь чиглүүлж өгье гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр ТББХ-ноос Сонгуулийн тухай хуультай холбоотой асуудал яригдана. Сонгуулийн босго гэх юм уу, төлбөртэй холбоотой асуудлыг оруулъя гэсэн бодолтой байгаа. Учир нь өнгөрсөн сонгууль бол Монгол Улсын хувьд асар үнэтэй, босго өндөртэй боллоо. Бид Сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулаад, тойргоо өөрчлөөд эргээд хуульдаа өөрчлөлт оруулж чадалгүйгээр орчихсон. Гэтэл том тойрог дээр асар их зардалтай болчихсон. Тийм болохоор энэ зардлыг багасгаж байж иргэдийн төлөөлөл илүү орж ирнэ. Энэ босго бага байх тусмаа багш судлаач, эрдэмтэн, инженерийн төлөөлөл илүү их орж ирнэ.
Ингэж байж л хөгжсөн, ардчилсан том парламент болох ёстой. Энэ утгаар нь Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуультай холбоотой хуулийн өөрчлөлтийг зайлшгүй оруулах нь Төрийн байгуулалтын байнгын хорооны үүрэг юм гэж харж байгаа. Мөн удахгүй Үндэсний радио, телевизийн зөвлөл, Сонгуулийн ерөнхий хорооны тайланг үргэлжлүүлэн сонсох төлөвтэй байгаа.
-Төрийн албаны зөвлөлөөс “Хуурамч дипломоор төрд ажилласан хүмүүсийн авсан цалинг нь төлүүлнэ” гэх мэдээ явсан. Манай төрийн албанд хуурамч дипломтой тийм олон хүн байдаг хэрэг үү?
-Хуурамч дипломтой холбоотой асуудал мэр сэр байгаа. Тухайн үедээ тэр болгон шалгаж байгаагүйтэй ч холбоотой байх. Орон нутагт шалгахыг хүсдэггүй зүйл ч байгаа л байх. Ер нь янз янзын байдлаар төрийн алба хашсан зүйл байгаа. Хоёрдугаарт, хууль бус томилгоо явуулдаг. Мөн хууль бусаар хүмүүсийг ажлаас нь халах явдал ч гардаг. Ингээд шүүхээр яваа хүмүүсийн ажиллаагүй байх хугацааны төлбөрийг буруу шийдвэр гаргасан удирдлага төлөх гээд төлбөртэй холбоотой асуудлууд ч байгаа. Иймэрхүү зүйлүүдийг илрүүлэх тал дээр Төрийн албаны зөвлөл маш боломжийн хэмжээнд ажиллаж байна гэж үзэж байгаа. Гэхдээ орон нутагт хүрч ажиллах, тэр нь зайлшгүй биелдэг байх. Үүний араас дахин ийм зүйл гардаггүй байх гээд олон удирдамжийг Төрийн албаны зөвлөлд өгөх ёстой болчихоод байгаа юм. Тиймээс л эхлээд чуулганы хуралдаанаар асуудлыг нь оруулъя. Өөр засаж сайжруулах зүйлүүд юу байна гэдгийг ярилцаад удирдамжуудаа өгье л гэж байгаа юм.
-Даваагийн Цогтбаатар гишүүнтэй холбоотой асуудал ер нь юу болсон бэ. Төрийн байгуулалтын байнгын хорооноос ямар нэгэн шийдвэр гаргах уу?
-Миний хувьд удахгүй Төрийн байгуулалтын байнгын хороогоор хуралдуулъя гэсэн саналыг оруулъя гэж бодож байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд “Хуулийн мухардалд орлоо” гэсэн зүйлийг ярьсан байна лээ. Ер нь ингэж хуулийн мухардалд орчихсон зүйл байхгүй ээ. Аливаа асуудал хоёр талтай байдаг. Шүүхийн шийдвэр зайлшгүй биелэх ёстой. Гэтэл хуульд УИХ хэлэлцэнэ, хэлэлцэж шийдвэрлэнэ гээд заачихсан. Тэгэхээр чинь санал хураах асуудал гарах байх. Харин олонхоороо аваад үлдчих тохиолдол гарвал нөгөө хуулийн мухардал, Үндсэн хуулийн зөрчил гарна гэсэн зүйлүүд л яригдаад байгаа. Гэхдээ ямар ч байсан хамаагүй ойрын хугацаанд байнгын хороогоор оруулна. Үндсэн хуулиар бүх ард иргэд эрх тэгш байх ёстой. Тэр утгаараа шүүхийн шийдвэр гарсан бол зайлшгүй биелэх ёстой шүү дээ. Тэгэхээр үүнийхээ дагуу хариуцлага тооцох асуудал маань буруу байна гэдгийг гаргаж ирээд цаашаа засаж залруулах ажил явах байх л гэж бодож байна.
-“Хойд бүс”-ийн чуулган өнгөрсөн долоо хоногт Булган аймагт болсон. Тус бүсээс сонгогдсон гишүүний хувьд үүнийг та хэрхэн харж байна вэ. Гол ач холбогдол нь юу вэ?
-Өнгөрсөн сонгуулиар бид “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” гэдэг зүйлээ батлаад, тойргоо бүсчилсэн байдлаар болгоод сонгуулиа холимог тогтолцоогоор явуулсан. Зөвхөн сонгуулиа ингээд явуулаад байх юм уу. Эдийн засгаа яаж явуулах, бодлого, төлөвлөлтөө яаж хийх юм. Хойд бүс гэхэд л гурван аймаг бий. Аймгууд нь бүс дотроо ямар эрэмбэ, дараалалтай байх юм гээд олон асуудал байсан. Харин өнгөрсөн долоо хоногт бүсийн чуулганаа хийгээд Хойд бүсийг аялал жуулчлал, аж үйлдвэржсэн бүс байна гэж тодорхойлсон. Ингэхийн тулд хамгийн гол нь хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх ёстой. Энэ зөвлөгөөнийг хийхдээ Булган аймгийг сонгосон нь их зөв гэж харсан. Учир нь яг ингэж орон нутагтаа Засгийн газар очих нь их ач холбогдолтой юм байна. Өмнө нь бид чинь ямар нэгэн асуудал гарахаар тойргийнхоо хэдэн гишүүнээр дамжуулж хэлдэг байсан. Тэгвэл яг тухайн орон нутагт, бүсэд юу хэрэгтэй байгааг ард түмнийхээ амаас шууд сонсчихож байна. Ингээд Ерөнхий сайд зарим тохиолдолд салбарын сайд нартаа үүрэг даалгавар өгөөд явчихаж байна лээ.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
Эх сурвалж: Өдрийн сонин
Ж.Бат-Эрдэнэ: Төрийн албаны зөвлөлийн тайланг чуулганы хуралдаанд оруулахаар болсон |
2025-05-08 12:39:39
2025-05-08 09:53:25
2025-05-08 09:51:27
2025-05-07 11:12:49
2025-05-07 11:11:58
2025-05-07 11:10:56
2025-05-07 11:10:15
2025-05-07 11:08:18
2025-05-06 12:01:55
2025-05-06 12:01:07