Мягмар, 2025-05-13
П.Мөнхтулга: Сонин хэвлэл тухайн улсаас арчигдах нь иргэдийн боловсролоос илүү үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд сөрөг нөлөө үзүүлдэг

УИХ-ын гишүүн П.Мөнхтулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Таны хувьд эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй хүн. Энэ утгаараа манай улсын эдийн засгийн үзүүлэлт өнөөгийн байдлаар ямар байна вэ. Нөгөөтэйгүүр экспортод гаргадаг гол бүтээгдэхүүний үнэ ханш сүүлийн саруудад нэлээд эрчимтэй унаж байна шүү дээ…?

-Монгол Улсын макро эдийн засаг маш эрсдэлтэй нөхцөл байдалд байна гэж дүгнэж байгаа. Манай улсын экспортын бараа бүтээгдэхүүний 90 орчим хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байдаг. Үүн дотроо нүүрс мэдээж давамгайлдаг. Гэтэл Трампын тариф тогтоолтоос болон Хятад улсад гангийн үйлдвэр багассантай холбоотойгоор манай коксжих нүүрсний үнэ унаж байна. Эрэлт нь буурсан. Экспортын гол барааны үнэ буурчихсан энэ үед бид яах ёстой вэ. Нэн тэргүүнд төсөвт тодотгол хийх шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр үнийн өсөлт маш ойлгомжтой. Аливаа улсын валютыг тодорхойлж байдаг гол зүйл бол гадаад худалдааны тэнцэл. Өөрөөр хэлбэл, бид ямар хэмжээнд бараа бүтээгдэхүүн гаднаас импортоор авч байна түүнээс илүүг экспортолж байж манай төгрөгийн ханш тогтвортой байдаг. Тэгэхээр валютын нөөцөөрөө төгрөгийн ханшийнхаа уналтыг барих ч гэдэг юм уу, ингэх тусам олон улсын зах зээл дээрх төгрөгийн үнэлэмж буурч байдаг онцлогтой.

-Тэгэхээр яах ёстой юм бэ?

-Одоогийн нөхцөлд дэлхий нийтээрээ хүлээлтийн байдал руу орчихлоо гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, АНУ буюу дэлхийн хамгийн том зах зээл ямар шийдвэр гаргах вэ гэдгийг хүлээж байна.

Нүүрсний үнэ унаж байгаа. Харин алт өсч байгаа хэдий ч буцаад унаж эхэлж байна. Том зургаараа ямар үзэгдэл явж байна вэ гэхээр дэлхийн орнууд хоорондоо бараа бүтээгдэхүүнээ солилцохоо больж байна гэсэн үг л дээ.

-Улс орнууд яагаад бараа бүтээгдэхүүнээ солилцохоо больж байна гэж…?

-Яагаад гэвэл том хэрэглэгч зах зээл бүх орнуудтай уялдаа холбоотой байдаг. Тухайлбал, АНУ-ын барилгын зах зээл өсч байхад манай зэс, нүүрс хоёрын үнэ нэмэгдэж байдаг. Учир нь америкчууд барилгын хоолойгоо зэсээр хийдэг. Мэдээж барилга учраас ган орно. Ган хийхэд нүүрс шаардлагатай болно. Энэ нь том нөлөөллөөрөө манай улсын зэс, нүүрсний эрэлтийг сайжруулдаг гэсэн үг. Тэгэхээр АНУ буюу том хэрэглэгч зах зээлд ямар шийдвэр гаргаж байна түүнийг дагаж үйлдвэрлэгч, түүхий эд нийлүүлэгч зах зээлд том цохилт болж байдаг. Энэ утгаараа том хэрэглэгч зах зээл өөрөө хаалгаа хаачихаар бүгд хүлээлтийн байдал руу орчихдог. Ийм үед бид яах ёстой вэ гэхээр дотоодын үйлдвэрлэлээ л дэмжиж, хөгжүүлэх хэрэгтэй. Өргөн хэрэглээний барааны импортыг бууруулах ёстой. Товчхондоо аль болох дотоодын хэрэглээгээ дэмжих шаардлага үүсч байгаа юм.

-Зэс, нүүрс гээд түүхий эдийн үнэ унаж байгаа энэ үед бид дотоод нөөц бололцоондоо л найдах ёстой гэсэн үг үү?

-Тийм. Нөгөөтэйгүүр бид нүүрсээ биржээр зарж байгаа. Үүний олон улсын худалдааны нөхцөл нь заавал хилийн гадаа гаргаж өгөх шаардлагыг тавьж байгаа, тийм үү. Гэтэл Хятад улс хилээрээ нүүрс нэвтрүүлэх сонирхолгүй байна. Учир нь хил доторх агуулга нь дүүрчихээд байгаа. Тэгэхээр бид энэ нөхцөлөө нээлттэй болгох ёстой. Яаж вэ гэхээр манай баяжуулах үйлдвэрийн хашаан дотроос ч авч болно гэдэг нөхцөл рүү оруулах хэрэгтэй. Ингэж байж Монгол Улс гадаад худалдааныхаа тэнцлийг тогтвортой барьж чадна.

Өөр нэг чухал зүйл байна. Юу гэхээр зэс, алт дээр заавал таваарлаг буюу вагон, автомашинд ачаад гадагшаа зарах биш, манай улс дотор зэс, алтаа худалдаж аваад хямд үед нь хадгалаад буцаагаад үнэтэй үед нь борлуулах боломжийг биржийн худалдан авагчдад олгох эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай.

-Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих цаг үе ирсэн гэж хэллээ. Гэтэл одоогийн байдлаар дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн үнэтэй байна. Яагаад гэхээр суурь үнэ буюу шатахуун, эрчим хүч, дулааны үнэ огцом нэмэгдчихсэн учраас гарч байгаа бүтээгдэхүүний үнэ өсөлттэй байна. Үүнийг шийдэхийн тулд суурь үнийг буулгах буюу цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлэхгүй байх ёстой юм биш үү?

-Яг зөв асуулт. Бид эрчим хүчний реформ хийж байна гээд ард түмнийхээ нуруунд асар хүнд ачааг нэмсэн. Угтаа эхлээд эрчим хүчний салбар дахь зардлыг бууруулах асуудалд анхаарах ёстой байсан. Засгийн газар үүнд илүү нарийн мэргэжлийн ажиллах ёстой байлаа. Энэ салбарт илүү ажиллах хүчин байна уу, илүү урсгал зардал гарч байна уу, эсвэл авлига, хулгай байгаад байна уу гэдгийг дотоод хяналтаар нарийн шалгах ёстой байсан юм. Шугамын алдагдал ч байж болно. Энэ мэт эхлээд дотоод хяналтаар үүнийг тодорхой болгох хэрэгтэй байлаа л даа.

Ингээд салбар дотор байгаа асуудлаа тодорхой болгож, шийдсэний дараа ард түмэнд ачаагаа үүрүүлэх байсан юм. Тэгэхээр эрчим хүчний реформоо бид салбар доторх хулгайгаа, зардлаа бууруулахаас эхлэх ёстой байтал шууд ард түмний нуруунд ачаагаа үүрүүлж эхэлсэн нь том алдаа боллоо. Үүнд миний хувьд анхнаасаа эсрэг байр суурьтай байсан. Одоо ч энэ байр суурь дээрээ байгаа. Суурь үнэ өндөр байх тусам үнийн өсөлт тэр чинээгээрээ нэмэгдэнэ. Энэ бол инфляцийг хөөрөгддөг зүйл.

-Шуудан, харилцаа холбоотой асуудлаар таны хувьд ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа гэж сонссон. Саяхан Байнгын хороогоор энэхүү асуудлыг мөн хөндөж ярьсан. Гол агуулга, өөрчлөлт нь юу байна вэ?

-Монгол Улсын 21 аймгийн хөдөө, орон нутгийн иргэдэд шуудан, харилцаа холбоо хүрдэггүй. Мөн цахим худалдаанд оролцож чаддаггүй. Хамгийн ноцтой нь өдөр тутмын сонин хэвлэл захиалах, албан ёсны эх сурвалжаас мэдээ, мэдээлэл авч чаддаггүй, дандаа фэйсбүүкийн буюу албан бус эх сурвалжуудаас мэдээ, мэдээлэл авдаг асуудал байна. Өөрөөр хэлбэл хэрүүл, хов живээс мэдээлэл авдаг болсон гэсэн үг. Энэ нь иргэдийн боловсрол, амьдралд хандах хандлага зэрэг маш олон зүйлд сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Яагаад ийм болчихов, хаанаа гацаа үүсчихэв гэхээр шуудан, харилцаа холбоо дээр асуудал байгаа юм. Тэгэхээр бид албан ёсны эх сурвалжтай мэдээллийг орон нутгийн иргэддээ хүргэхийн тулд Монгол шуудангийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт хийх, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох энэ ажлын хэсгийг УИХ-ын Байнгын хороонд хүсэлт гаргаж, байгуулсан байгаа.

-Ажлын хэсгийн хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үр дүнд ямар өөрчлөлтүүд бий болох юм бэ?

-Юуны түрүүнд хөдөө орон нутагт илгээмж очдог болно, сонин хэвлэл хүрдэг болно. Мөн цахим худалдаанд чөлөөтэй оролцдог болно. Ингэхгүй бол хэдий болтол дайвар бараанд итгээд явах юм бэ. Энэ бол өнгөрсөн зуунд үлдсэн хоцрогдсон технологи. Энэ цаг үед бид албан ёсны эх сурвалжаас илгээмжээ авах шаардлагатай. Нөгөөтэйгүүр хүн амын тал хувь нь амьдарч байгаа хөдөө, орон нутгийн иргэдэд сонин хэвлэл очдог болсноороо тэр хүмүүсийн боловсрол, амьдралд хандах хандлага, мэдээллийг тунгаан шүүх ухамсар нь дээшилнэ. Хов жив, худал мэдээлэлд итгэж залилуулах, сөрөг хандлага олж авах зэрэг олон нөлөөллийг үүгээр хумьж өгнө. Энэ шуудан харилцааг бодитой хөгжүүлснээр өдөр тутмын цаасан хэвлэл буюу баримттай, баталгаатай эх сурвалжууд сэргэж эхэлнэ. Ер нь бусад оронд цаасан хэвлэл буюу өдөр тутмын сонин алга болсон гол шалтгаан нь шуудан харилцаа. Өдөр тутмын сонин хэвлэл тухайн улсаас арчигдах нь иргэдийн боловсрол, зөв хандлага сулрахаас гадна үндэсний аюулгүй байдал алдагддаг, цаашлаад тусгаар тогтнолд ч нөлөөлөх хэмжээнд хүрдэг. Тиймээс шуудан харилцаа бол том зургаараа үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал шүү.

-Цахимаар бүх мэдээлэл, харилцаа холбоо явах нь манай улсын хувьд эрсдэлтэй гэж судлаачид үздэг. Учир нь бидэнд өөрийн гэсэн интернэт байхгүйтэй холбоотой болов уу?

-Яг зөв. Манайд өмчийн хэлбэртэй цахим харилцаа холбооны суваг нэг ч байхгүй. Жишээ нь, манайх руу ирж байгаа шилэн кабелийг оросууд тасалбал яах вэ. Тэгвэл бид мэдээллийн хувьд дэлхийгээс тасарна. Хоорондоо мэдээлэл, харилцаа үүсгэхэд хүндрэлтэй байдалд орно. Хуучин аналоги шугамуудыг бүгдийг нь буулгачихсан. Энэ бол бусдаас хараат бусаар үндэстэн дотроо утсаар ярих шугам байсан. Гэтэл бид үүнийг устгаад дижитал болно гээд тоон систем рүү шилжсэн. Энэ нь мэдээж шилэн кабель болон хиймэл дагуулаар явдаг. Гэтэл шилэн кабель, хиймэл дагуул бүгд гадаад улсын өмч. Тэгэхээр үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн ач холбогдол нь ерөөсөө энэ юм. Нөгөөтэйгүүр үндэсний шуудан гэдэг бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаанд нөлөөлөх том салбар. Тиймээс энэ том салбараа бид стратегийн ач холбогдолтой гэж үзээд өөрчилж, шинэчлэх шаардлага ирсэн.

-Яагаад шуудан харилцаа ийм нөхцөл байдал руу оров. Шалтгааныг нь та мэдээж тодорхойлсон байлгүй?

-Монгол шуудан компанийн 34 хувийг хувьчилчихсан юм билээ. Ингэж хувьчлагдсанаасаа хойш үндэсний аюулгүй байдлын чиг үүргүүдээ хэрэгжүүлэхдээ зардлаас нь болоод хойш суусаар байсан нэг том шалтгаан байна. Тэгэхээр нэн тэргүүнд хувьчилж авсан компаниудад яг ямар асуудал байна тэрийг нь сонсох хэрэгтэй. Хувийн хэвшилдээ саад болохгүйгээр ямар боломж байна, тэр боломжийг нь нээж өгөх зарчмаар асуудалд хандаж явна. Ямартаа ч бүх иргэд найдвартай эх сурвалжаас илгээмж авах бүх үйлчилгээг нь нээж өгдөг болно. Мөн сонин хэвлэлүүдэд бүх боломжийг нь буцааж сэргээж өгье. Ингэж байж бид сууриараа бодитой хөгжих боломж бий болно гэж үзэж байна.

Э.МӨНХТҮВШИН

Эх сурвалж: Өдрийн сонин


П.Мөнхтулга: Сонин хэвлэл тухайн улсаас арчигдах нь иргэдийн боловсролоос илүү үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд сөрөг нөлөө үзүүлдэг
2025-05-13 12:41:50
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ