Дорноговь аймгийн Сайншанд суманд 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр 12 настай охин сураггүй алга болсон хэрэг Монголын нийгмийг цочроогоод байна. Охиныг хайх ажилд 700 гаруй хүн оролцож буй ч үр дүн гараагүй л байгаа.
Мэдээж энэ бол гэмт хэрэг. Гэхдээ хүүхэд амь насаа алдах, алга болох явдал сүүлийн жилүүдэд олширч буйгаас үзвэл энэ нь нийгмийн тулгамдсан асуудлын л тусгал яахын аргагүй мөн болоод байна.
Хүүхэд алга болсон, гэмтсэн, хүчирхийлүүлсэн, амь насаа алдсан тохиолдол олноор гарч байхад төр, засгаас дорвитой бодлогын шийдэлгүй л сууж байгаа нь бодит үнэн.Иймээс ч иргэд УИХ, Засгийн Газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байна.
Нэн ялангуяа УИХ-ын эмэгтэйчүүдийг энэ чиглэлээр дорвитой ажил юу ч хийсэнгүй хэмээж буй юм.
Энэ шүүмжлэл оргүй ч биш гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр батлах мэт чуулганы нэгдсэн хуралдааны өмнө үг хэлэхдээ: ""Дорноговь аймагт 12 настай охин алга болоод хоёр хонолоо. Эрэн сурвалжилж байгаа ч хараахан үр дүн гараагүй байна.
Сүүлийн 10-аад хоногт гэхэд 13 настай охин сургуулийнхаа урд машинд дайруулсан, долоон настай хүүхэд хойд эцгийнхээ гарт амь үрэгдсэн, бага насны гурван хүүхэд ээжийнхээ хамт угаартсан, энэ сарын 2-нд орон сууцны хотхоноос тав болон долоон настай хүүхэд унаж амиа алдсан зэрэг аймшигтай үйлдэл, гэмт хэргүүд гарлаа
Улсын хэмжээнд 48 цагаас эхлээд 20-30 жил эрэн сурвалжлагдаж байгаа, одоо хэр нь олдоогүй 20 орчим хүүхэд байна. Монгол даяараа эмгэнэл, айдас түгшүүр төрүүлж буй гэмт үйлдлүүдийг томчууд, ялангуяа төр засгийн байгууллагууд анхаарч, зүгээр сууж болохгүй. Монгол хүүхэд гэмт хэргийн золиос болж болохгүй.
Монгол хүүхдийг хамгаалах үүрэг хүлээсэн байгууллагууд тодорхой заагдсан. Гэвч энэ үүргээ маш муу хэрэгжүүлж байна. Эрсдэлт нөхцөл байдлын үнэлгээ хийгдэхгүй байна. Хүүхдийн амьд явах, хөгжих, хамгаалуулах, сурч боловсрох зэрэг үндсэн эрх хэрэгжиж чадаж байна уу. Зөрчигдөж байгаа талаар маш олон мэдээлэл гарч байна. Үүнд УИХ-ын гишүүд онцгой анхаарах хэрэгтэй байна.
Хүүхдийг төрсөн цагаас нь эхлээд 18 нас хүртэл нь бид хамгаалах үүрэгтэй. Энэ үүргийг УИХ-аас эхлээд Засгийн газар, Яам, Тамгын газрууд, Орон нутгийн захиргааны байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, гэр бүл бүрийн эрхэм үүрэг гэж үзэх ёстой.
Хүүхэд бол улс орны ирээдүй, маргааш нь. Нийгмийн ёс зүй хүүхдэдээ ээлгүй, хүүхдэд эрсдэлтэй орчин болжээ. Зөвхөн өөрийн хүүхэд бус бусдын хүүхдийг ч өөрийн мэт энэрэн хайрлах монгол ёс уламжлал алдагдсан байна. Тиймээс хүүхдийн эрхийн талаар нийгмийн ёс зүйг эрүүлжүүлэх нь чухал. Үүний тулд Хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд УИХ-ын гишүүд, ялангуяа эмэгтэй гишүүд манлайлал үзүүлж ажиллах шаардлагатай." гэв.
Харамсалтай нь УИХ-ын эмэгтэй гишүүд яг энэ охин алга болсон хэрэг дээр гэхэд л ямар үйлдэл үзүүлж буйг бид мэднэ.
УИХ-ын гишүүн П.Анужин, М.Оюунчимэг нар гэхэд л өчигдөр орой сошиал хуудсууд дээрээ "Хурдан олдоосой" гэсэн сэтгэгдэл, залбирч буй эможи бичин сууж байв. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа: "Би хүүхэд хамгааллын асуудалд анхаарч ажилладаг. Гэхдээ ганцаардаад байна." гэсэн бол УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд Х.Булгантуяа хэвлэлийн хурал хийх үеэрээ хийсэн ажил, төлөвлөсөн шийдэл биш баахан л гомдол, зовлон тоочин сууна. Монголд хүүхэд алга болсон хэрэг уржигдар л анх удаа гарч байгаа биш шүү дээ. Эмэгтэй гишүүд ичээч, бүрэн эрхийн чинь хугацаа дараа жил дуусах гэж байхад танин мэдэхүйн агуулгатай ярианаас хэтрэхгүй суухаасаа ичээч.
Эмэгтэй гишүүд ичиг, ичиг |
|