МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Хурлаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын боловсруулсан хүүхэд хамгаалах хуулийг МАН-ын бүлэг дэмжсэн.
ХЗДХ-ийн сайд Б. Энхбаяр:
-Бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг ногдуулах ялын бодлогыг чангаруулах багц хууль тогтоомжийн төслийг яаралтай боловсруулж Засгийн газраар хэлэлцүүлж УИХ-д өргөн барих чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Энэ хүрээнд боловсруулсан төслийг урьдчилсан байдлаар МАН болон АН-ын бүлэгт танилцууллаа.
Уг хуулийн хүрээнд дөрвөн асуудал яригдана. Ялын бодлого чангалахтай холбоотой Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах, Гэр бүлийн хуулийг шинэчлэн найруулах, Гэр бүлийн шүүх байгуулахтай холбоотой шүүх байгуулах тухай хуулийг өргөн барина. Шүүх байгуулах хуультай холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт хийнэ. Дээрх дөрвөн багц асуудлын хүрээнд холбогдох хуулийн төслийг боловсруулсан. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр нэгдсэн бодлого албан ёсоор гарна.
Урьдчилсан байдлаар бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 20 жил байгааг 30 жил болгох, мөн уг гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй.
Дээрх гэмт хэрэг болон авлигын хэрэг үйлдсэн хүнийг хорих ялаас буюу хугацаанаас өмнө суллахгүй. Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт оноох ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгох.
Бага насны хүүхдийн насны ангилал 14 байсныг 16 болгоно -
1984 оноос хойш өөрчлөгдөөгүй бага насны хүүхэд гэдэг насны ангилал 14 нас байгааг 16 нас болж нэмэгдүүлэх. Ингэснээр Эрүүгийн хуульд байгаа 10 гаруй гэмт хэргийн 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байсан бүх гэмт хэргүүдийн ялын бодлого чангарч байгаа гэсэн үг. Тухайлбал, 14-16 насны хүүхдийг алах гэмт хэрэгт 8-15 жил оноож байсан бол 12-25 жил, цаашлаад бүх насаар хорих ялтай болно. 14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг одоогийн Эрүүгийн хуулиар 5-12 жил байгааг 12-25 жилийн хорих ял болон бүх насаар хорих ял. Хүүхдийн эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангавал 1-5 жил хорих ялтай байсан бол 2-8 жил, хүүхдэд бэлгийн мөлжлөг үйлдвэл одоо 2-8 жил хорих ялтай байгааг 12-20 жил болгох, бүх насаар нь хорих гэх мэтээр өөрчилсөн.
Хүчиндэх гэмт хэргийн тухайд дотор нь ялгамжтай заалт оруулж байна. Хүчээр бэлгийн харилцаанд орох гэмт хэргийг хүнд ангилалд хамааруулж 2-8 жилийн хорих ял оногдуулж гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тэнсэнгээр суллахгүй.
16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэгт 8-15 жил байгааг 12-25 жил болгон нэмэгдүүлж, эсвэл бүх насаар нь хорих
- Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулвал хорино -
Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэргийн ялын бодлогыг чангатгана. Ингэхдээ одоо үйлчилж байгаа иргэн хүн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг олж авсан сэтгүүлч задруулвал хүлээх хариуцлагыг хөндөхгүй. Зөвхөн мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтан, прокурор, шүүгч, өмгөөлөгч зэрэг мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албаны бүрэн эрхийнх нь хүрээнд хадгалах үүрэгтэй этгээдээс нууцыг задруулвал торгох ялыг авч хаяаад хорино. Түүнчлэн тухайн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан төрийн албан хаагчийг нийтийн ажил хийх эрхийг насаар нь хасна.
- Согтуу машин жолоодвол торгохгүй хорино -
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь Зөрчлийн хуулиар шийтгэж байгаа. Уг үйлдэлийг Эрүүгийн гэмт хэрэгт тооцно. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүнд, хөнгөн хохирол учруулвал гэмт хэрэгт тооцно. Манай улсад 30-33 мянган хүн согтуугаар тээврийн хэрэгсэл бариад Зөрчлийн тухай хуулиар торгуулсан гэх статистик бий. Дунджаар нэг жилд 26 мянган орчим гэмт хэрэг бүртгэгддэг. Энэ тоо хамгийн багадаа 2 дахин нэмэгдэнэ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод торгуулж байгаа зөрчил бүгд гэмт хэрэг болох учраас дээрх 33 мянга 26 мянга дээр нэмэгдээд манай улсын тухайд жилдээ 60 мянган гэмт хэрэг бүртгэгдэнэ гэсэн үг.
Гэр бүлийн шүүх байгуулна -
Гэр бүлийн шүүхийг дагнасан хэлбэрээр байгуулна. Одоогоор манай улсад гэр бүлийн хэрэг маргааныг Иргэний хэргийн шүүх шийдвэрлэж байгаа. Хоёр жилийн өмнө иргэний шүүх жилдээ 60 орчим мянган хэргийг шийдвэрлэдэг байсан бол өнөөдөр жилд 80 гаруй мянган хэргийг шийдвэрлэж байна. Энэ хэргийн 10 орчим хувь нь гэр бүлийн маргаан. Маргаан нь үндсэндээ таван төрөл. Үүн дээр гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байна. Хүүхэд, гэр бүлийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, хүчирхийлэл, иргэний, хүүхэд үрчлэлт зэргийг дагнасан байдлаар шийддэг мэргэшсэн шүүхтэй болно.
Тэрээр Гэр бүлийн тухай хуулиар эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ хэмээн онцоллоо.
Гэр бүлийн тухай хуулийг өргөн барина. Ганцхан ялын бодлого чангарсанаар хэрэг, зөрчил буурахгүй. Эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ. Хүүхдийн тэтгэмжийг төлдөггүй бол орлогынх нь дүнгээс хамааруулж төлүүлдэг болно. Төлөхгүй бол арга хэмжээ авна.
ХЗДХ-ийн сайд Б. Энхбаяр: Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэнг магадлангаар суллахгүй |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27