Манай Монгол өнөөдөр маш замбараагүй байна. Дайны цаг мэт өдөр бүр авлигын шинэ мэдээлэл дэлбэ үсэрнэ. Гутармаар, бухимдмаар мэдээнүүд үргэлжилнэ. Авлигагүй салбар гэж алга. Албан тушаалаа хувьдаа ашиглаагүй дарга ч үлдэхгүй нь бололтой. Авлигын ийм мэдээ сэлтийн жагсаалт ахиад ч үргэлжлэх нь тодорхой ажээ.
Ердөө энэ онд л гэхэд нүүрс, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сангийн хулгай, хамгийн сүүлд ногоон автобусны луйвар ил боллоо. Одоо нийслэл тойрсон барилга, газар, нийтийн тээврийн гэх бас нэг том хулгайн хэргийг хууль хяналтынхан шалгаж эхэллээ.
Ерөөсөө энэ бухимдлыг үүсгээд байгаа гол буруутан нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ юм. Тэрбээр стратегийн ордууд, төмөр зам, нүүрс зэс, газар, өмч хувьчлал, үнэ цэнэтэй объектуудаас эхлээд төрийн тендер,бонд, тусгай зөвшөөрөл, албан тушаал гээд бүгдэд хулгай луйврын гар хүрчихсэн. Энэ бүхнийг хийдэг бүлэглэлүүд бий болчихсон. Эдгээр нь бүтэн 30 жилд боссон “бүтээн байгуулалт” юм. Тэд Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Цагдаа, Тагнуул, АТГ-ын дарга, Төрийн өмчит компаниуд, тэр дундаа Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой зэрэг хаялгатай компанийн захирал зэргийг багтай нь томилж ирсэн. Томилогдсон хүмүүс нь тэдэндээ үйлчилдэг. Тэгээд л авлига цэцэглэдэг. Ийм л систем 30 жил ажилласан. Ингэж байнга ярьдаг.
Энэ хүн 2016 онд УИХ-ын гишүүн болсноосоо хойш л иймэрхүү зүйлийг яриад эхэлсэн. Анх удаа гишүүн болоод л анхдугаар чуулган дээр “АН-ын алдаа бол хэтэрхий эрх мэдэлгүй Ерөнхий сайдтай байсан. Энэ нь эрх мэдлийн салангид зарчим алдагдсанаас болсон гэж боддог. Энэ алдаа нь батлагдчихсан, Монголын ард түмэн дүгнэлт хийчихсэн. Ийм зүйлийг давтаж сая УИХ-ын даргад МАН-ын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлсэн. Ийм учраас миний хувьд эсрэг кноп дарсан” гээд л эхэлсэн. Намар нь 2017 оны төсвийг хэлэлцэх үеэр “Оюу толгой”-гоос, “Эрдэнэт” үйлдвэрээсээ ч татвар авч чаддаггүй. Төрийн өмчит үйлдвэрийн газрууд нь бүгд ашиггүй ажилладаг. Тэгсэн мөртлөө хамгийн их халамж ярьдаг” гэсэн.
2017 он гарлаа, зун нь “65 суудалтай Засгийн газар Үндсэн хуулийг өөрчлөх санал оруулах, дөрвөн жилийн биш 20, 20 жилийн томоохон реформыг хийх, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж гаргаж ирэх, хүндрэлээс гарах зэрэг маш хурдтай, далайцтай, хүчтэй байх ёстой. Гэтэл чадахгүй байна. Танил тал тохой татсан, сонгогдож гарч ирсэн УИХ-ын гишүүдээсээ саналыг нь авахгүйгээр хэсэг бүлэг хүний хүрээлэлд шийдвэрээ гаргадаг Засгийн газар болсон.
УИХ “Эрдэнэт”-ийн асуудлаар шийдвэр гаргасан байхад өнөөдрийг хүртэл ямар ч үйлдэл хийхгүй байна. Үүндээ хариуцлага хүлээх ёстой. Цэцэрлэгийн хүүхдүүд сугалаагаар цэцэрлэгтэй болж байна. Үүнийг шийдэх ёстой байсан. Гэтэл Засгийн газрын таван сайд 2.8 тэрбум төгрөгийн концессыг өөрсдийнхөө нэрийн компани дээр авсан. Үүнээс болоод УИХ-ын гишүүд тойрогтоо очих нүүргүй боллоо. Би “Шударга ёсыг тогтооно” гэдэг амлалт өгөөд гарч ирсэн УИХ-ын гишүүн. Энд орж ирэхэд улайм цайм нүдний үзүүрт хуйвалдаан, хээл хахууль явж байхад яах ёстой юм бэ” гэсэн. Мөн намардуухан “60 тэрбумтай холбоотой асуудлын сэдэл нь өөрөө системийн авлига. Төрийн бүх системийг авлигад татан оролцуулах гэдэг бол бидний мэдэх Зимбабве, Нигер улсад л байдаг асуудал. Тийм учраас үүнийг хамгаалж болохгүй. Үүнийг тогтоох ёстой. Бичлэг хийгдсэн үү гэдэг дээр маргаад хэрэггүй. Хийгдсэн нь тодорхой. Харин бичлэг дээр байгаа схем өөрөө хэрэгжсэн үү гэдгийг тогтоох чухал. Бид УИХ-ын даргыг ч уриалсан. Та ч гэсэн шалгуулах ёстой. Таныг энэ асуудлыг хэрэгжүүлсэн гээд байгаа юм биш. Худлаа ярьсанд чинь л ард түмэн дургүйцээд байна. Тийм учраас үнэнээ хүлээ. Тэнд байгаагүй, миний хоолой биш гэж хэлсэн нь худлаа гэдгийг нь бүгд мэдсэн. Ард түмний дургүйцээд байгаа зүйл бол 60 тэрбумын асуудал хэрэгжсэн үү гэдэг нь биш ийм сэдлээр ярьсанд, дараа нь үүнийгээ худлаа гэж мэлзсэнд дургүйцэж байна” гэж ярьсан.
Солонгост Элчин сайдаар томилогдох гэж байсан Б.Хурцтай холбоотой нээлттэй сонсгол 2017 оны сүүлчээр болсон. Тэгэхэд Л.Оюун-Эрдэнэ орж үг хэлэв. Дараахан нь Б.Хурц АТГ-т хандлаа. Тэр дагуу АТГ-т мэдүүлэг өгч гарч ирээд “Хэрвээ би сонгогдвол 60 тэрбумын хэргийг илрүүлнэ гэж хэлсэн Ерөнхийлөгч хаана явна. Амиа алдахаас ч айхгүйгээр шударга ёсны дуу хоолой болно гэсэн Ерөнхий сайд хаана явна. Хэрэв би Хууль зүйн сайд болбол шударга хуулийн хайчийг ажиллуулна гэж мэдэгдэж байсан Хууль зүйн сайд хаана явна. Төрийн ордонд зөндөө хашгирлаа, болдоггүй юм байна. Хаврын чуулганаас өмнө энэ асуудлыг шийдэхгүй бол олон нийтийн дунд орж, нийт иргэд, ТББ-уудтай нэгдэж, орон даяар шударга ёсны тэмцлийг эхлүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэж байв. Тэгээд Л.Оюун-Эрдэнэ 2018 оны зун УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж 60 тэрбумаар нээлттэй сонсгол хийх шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Сүүлдээ УИХ-ын даргыг огцруулах саналыг гаргасан. Удалгүй иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамт Сүхбаатарын талбайд хоёр ч удаа томоохон жагсаал зохион байгуулсан. Ингэсээр 2019 оны нэгдүгээр сарын 29-нд М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөх шийдвэрийг чуулганд оролцсон гишүүдийн 66.2 хувь нь гаргасан юм. Г.Занданшатар УИХ-ын дарга болж, Г.Занданшатарын оронд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар томилогдсон. Энэ томилгоонуудын дараа УИХ-аар Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, бусад дагалдах хуульд өөрчлөлт оруулсан. Мөн 2018 оны Мартын 8-наар “Эрдэнэт”-д ажиллагаа явуулж баахан лацдаж ломбодоод удалгүй улсын мэдэлд авсан. Бас Хөгжлийн банкны зээл, өмч хувьчлалуудыг сөхөөд эхэлсэн. Араас нь нүүрсний хулгайг ч бас дэлгэв.
2021 он гарч дэлхийгээрээ ковидод нэрвэгдчихсэн Монгол хөл хориотой байх үед Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсон. Тэгэхдээ ч УИХ-ын чуулган дээр “Сүхбаатарын талбайд -30 хэмийн хүйтэнд 30 мянган иргэн цугларч, өнгөрсөн 30 жилийг цэглэж, шинэ 30 жилийг эхлүүлэхийг хүсч, улс төр, уул уурхай, шүүх, хууль хяналтын байгууллага дамнан оршсон бүлэглэлд “Үгүй” гэж хэлснийг би хэзээ ч мартахгүй ээ. Миний бие ордон дотор хүч мөхөствөл, олон нийтийн дэмжлэг авч тэмцлээ үргэлжлүүлэх болно. Авлигатай хийх тэмцлийг зөвхөн хогийн ургамалтай нь биш түүнийг бүрдүүлж буй хөрстэй нь хийнэ. Авлига үүсгэж буй суурь нөхцөл бол төрийн хүнд суртал, улс төрийн авилгажсан тогтолцоо гэдэг нь ойлгомжтой. Тиймээс авлигатай хийх тэмцэл амар биш ээ. Хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, ял завшуулдаггүй хараат бус шударга шүүхийн тогтолцоо бүрдүүлэхийг бүх талаар дэмжиж ажиллах болно. Төрийг албан бусаар удирдахыг хүсдэг бүлэглэлийн нөхөдтэй хатуу тэмцэх болно. Тэдний шүүхэд болон хууль хяналтын байгууллагад байршуулсан төлөөлөгч нарыг цэвэрлэхийн төлөө ажиллах болно” гэж хэлсэн.
Ийм л учраас Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн ерөөсөө л хэрэг төвөг, авлигал, гэмт хэрэг ярьдаг Ерөнхий сайд гэсэн шүүмжлэл гардаг. Хийж байгаа нь ч тэр, адилхан.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулган дээр бас л өнөөхөө ярьжээ. “Монголын ард түмэн улстөрчдийн хэн нь, юуны төлөө зорьж байгааг, хэн нь хөшигний цаана тээг хийж байгааг, хэн нь хоосон дүр үзүүлэн жүжиж байгааг, хэнийх нь биеийн хэлэмж, нүдний харц үнэн ба худал байгааг таньдаг болжээ. Нийгмийн шилжилтийг далимдуулж, өмч хувьчлал, эрдэс баялгийн лиценз, газрын наймаа өнөөдрийн тэгш бус байдал, баян ядуугийн эрс ялгаа, нийгмийн бухимдлын суурийг тавьсан гэдэг нийгмийн дүгнэлт бодитоор улс даяар тогтсон байна. Тэд тоглогчид өөрчлөгддөг ч тоглоом өөрчлөгдөхгүй гэдэг системийн авлигын дүрмээр тоглосоор Монгол Улсын 30 жилийг зөвхөн өөрсдөдөө ашигтай, ард түмэнд хүртээмжгүйгээр болгон манантуулан боолчилж чадаж байсан юм.
Хэрэв авлигажсан тогтолцоотой хийх энэхүү тэмцэл үр дүнд хүрч, эдийн засгийн хүртээмж нэмэгдэж, дундаж давхарга тэлэхгүй бол нийгэм өөрөө өөрийгөө засах өөрчлөлт рүү ороход нийгмийн сэтгэл зүй бүрэлдэн бий болсонд авлигын тэмцлийг сааруулж буй бүлэглэлийн гар хөл болсон шат шатны хувалзууд, тэдний цаана байгаа эзэд нь бодит дүгнэлт хийгээсэй хэмээн хүсч байна” гэлээ. Л.Оюун-Эрдэнэ ярьдгаа ярьж, хийдгээ хийсээр… Харин бид бужигнасаар…
Ө.БААСТ
Бужигнааны буруутан нь Л.Оюун-эрдэнэ |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27