Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Гаалийн ерөнхий газар, ШӨХТГ-аас өнөөдөр “Ebarimt” аппликейшн ашиглан импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүхийг харах боломжтой болсон талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр холбогдох албаныхан “ 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээллийн түүхийг E-Barimt болон “Гэрэгэ” киоск ашиглан хэрэглэгчид харах боломжтой болсон” гэдгийг онцлон танилцууллаа. Өөрөөр хэлбэл, и-баримт аппликейшн ашиглан тухайн тээврийн хэрэгсэл үйлдвэрээс гараад хэдэн жил явсан, ямар гэмтэл, засвар хийлгэж байсан зэрэг бүх мэдээллийг гар утсаараа дамжуулан харна гэсэн үг. Шинэ цахим үйлчилгээг нэвтрүүлэхээр 12 аймгийн 60 байршилд “Гэрэгэ” киоскыг байрлуулжээ.
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Сангийн яамны харьяа Гааль, татвар, санхүү мэдээллийн төв голлон ажиллаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн мэдээллийн төвд ирсэн гомдлын дагуу Авто тээврийн үндэсний төвтэй хамтран ажил хэрэг болголоо. Өнгөрсөн 2019 онд импортоор 69.472 тээрийн хэрэгсэл орж ирсэн. Үүний 85-93 хувийг хуучин буюу хэт хуучин тээврийн хэрэгсэл эзэлж байна. Өнөөдрөөс эхлэн хилээр сэлбэг нэрээр орж ирээд, автомашин болж угсардаг тээврийн хэрэгслийг таслан зогсоож байна. Мөн хэт хуучин машины худалдаанд цэг тавьж байна. Зам тээврийн хөгжлийн яаманд ажлын хэсэг гарч, ажиллаж эхэлсэн” гэдгийг онцлов.
Гааль, татвар, санхүү мэдээллийн төвийн захирал Т.Батбилэг “ И-Баримт аппликейшныг 1.7 сая хүн ашиглаж байна. Бид энэ удаа хилээр орж ирж буй автомашиныг хэдэн онд үйлдвэрлэсэн, аль улсаас орж ирсэн, хэдний өдөр бүртгэгдсэн бэ зэргийг И-Баримт аппликейшн руу нэвтэрч, Төрийн үйлчилгээ цэсний Гаалийн ерөнхий газар руу орж, тээврийн хэрэгслийн бүртгэл шалгах цэс рүү автомашины дугаараа оруулж, шалгана. Одоогоор 2020 оны дөрөвдүгээр сараас хойш импортоор оруулж ирсэн автомашины мэдээллийг оруулсан” гэв.
Өнгөрсөн 2019 оны мэдээгээр улсын хэмжээнд бүртгэлтэй 934.142 тээврийн хэрэгсэл бий. Замын хөдөлгөөнд оролцож буй 735 мянган тээврийн хэрэгсэл байна. Үүний 76 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн насжилттай. Мөн 0-3 жилийн насжилттай тээврийн хэрэгсэл гурав, 3-6 жилийн насжилттай нь гурав, 6-9 жилийн насжилттай 16 хувь эзэлж байгаа. Импортоор орж ирсэн 69.472 тээврийн хэрэгсэл байх ба суудлын автомашин 43.9 хувийг эзэлж байгааг албаныхан дурдлаа. Импортоор орж ирсэн автомашиныг 2018 онтой харьцуулахад 8.4 хувиар, 2017 онтой харьцуулахад 42 хувиар өссөн дүнтэй гарчээ.
“Хилээр сэлбэг оруулж, автомашин угсардаг явдлыг таслан зогсооно” |
|