Ням, 2024-11-24
Ковидын үеийн стратеги: Халдвартай нэг өвчтөнд зарцуулах өртөг 7 дахин багасжээ

Дэлхий дахинд шинэ төрлийн цар тахал дэгдээд хоёр, Монгол Улсад дотоодод тархаад жил болох гэж буй. Энэ хугацаанд манай улс гурван Эрүүл мэндийн сайдын нүүр үзэж байна. Сайд солигдохтой хамт ковидтой тэмцэх бодлого, эмчилгээний тактик ч өөрчлөгдөж ирлээ. Монгол Улсын халдварын нөхцөл байдал ч хурдтай өөрчлөгдөж, өнөөдөр халдварын тоо хяналтаас гарав.  

Хятадад 2019 оны сүүлээр цар тахал анх бүртгэгдэхэд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан бөгөөд түүнийг ажиллаж байх үед коронавирусийн халдвар дотоодод тархаагүй байв. Д.Сарангэрэл сайдын үед гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдлуудыг эмнэлэгт 14-28 хоног эмчилж, хөнгөн өвдсөн нэг иргэнд дунджаар 6-7 сая төгрөг зарцуулж байгааг мэдээлж байсан. 2020 оны гуравдугаар сард Францын иргэнээс анхны зөөвөрлөгдсөн тохиолдол илэрч, Монгол даяар сенсаац болж байсан цаг саяхан. Франц иргэнийг сар гаран эмнэлэгт эмчлэхэд нийтдээ 85 сая төгрөг зарцуулсан гэж албаныхан сүүлд мэдээлсэн. Хамгийн өндөр өртгөөр эмчилсэн тохиолдол бараг энэ байх. Тухайн үед хавьтагч бүрийг тусгаарлах байранд 14 хоног тусгаарлаж, долоо хоног бүр PCR авч, халдвар илэрвэл эмнэлэгт эмчилж байлаа. Д.Сарангэрэл сайдын үед зөвхөн зөөвөрлөгдсөн тохиолдолтой, улсын хэмжээнд нийт батлагдсан тоо хоёр оронтой тоонд, нас баралт бүртгэгдээгүй байв. 

УИХ-ын сонгуулийн дараа буюу  2020 оны долдугаар сард Д.Сарангэрэлийн халааг Т.Мөнхсайхан авсан. Түүнийг ажил авах үед мөн л дотоодод халдвар дэгдээгүй, зөөвөрлөгдсөн тохиолдлуудыг 6-7 сая төгрөгөөр эмчилж байлаа. Гэхдээ С.Мөнхсайхан сайдын үед Монгол Улс дотооддоо халдварыг алдсан. Эргэн сануулахад, 2020 оны арваннэгдүгээр сард "Энх саран" сувиллаас эхтэй халдвар дотоодод өргөн тархсан. Үүний дараа Эрүүл мэндийн сайд асан С.Мөнхсайхан, ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүү нар коронавирусийн халдвартай нэг иргэнийг эмнэлэгт эмчлэх өртгийг шинэчлэн гаргаснаа танилцуулж байв. Ингэхдээ, коронавирусийн халдвар авч, хөнгөн өвдсөн иргэний эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зардлыг хөнгөн өвчтөн 6.9 сая төгрөг, хүндэвтэр бол 9.8 сая, маш хүнд бол 12.5 сая төгрөгийг зарцуулж байгааг мэдээлж байв. Тухайн үед өдөрт илрэх халдварын тоо хоёр оронтой тоонд, нийт батлагдсан тохиолдол 300 орчим байв. 

Т.Мөнхсайханаас С.Энхболдод сайдын суудал шилжих үетэй зэрэгцэн Монгол Улсад коронавирусийн халдвар ид голомтлон тархсан. Халдвар авсан иргэн бүрийг тогтоож, эмнэлэгт хүлээн авах, хавьтагч бүрийг тусгаарлах боломж өдөр ирэх тусам хязгаарлагдмал болсоор өнөөдрийн нөхцөл байдалд ирсэн. Монгол Улсад өнөөдөр коронавирусийн халдвар авсан 68 мянган хүн эмнэлгийн тусламж авч чадахгүй, гэртээ өөрсдийгөө эмчилж байна. Жилийн өмнөхтэй харьцуулахад халдварын нөхцөл байдал тэнгэр газар шиг өөрчлөгдөв. Бид жилийн өмнө халдвар авсан иргэн бүрийг эмнэлэгт хүргэж, дунджаар 6-8 сая төгрөгийн эмчилгээ үйлчилгээ үзүүлж байсан бол өнөөдөр халдвар авсан ихэнх иргэн өрхөөсөө 160 мянган төгрөгийн багцын хүрээнд уух эмтэйгээ залгаж буй. Эмнэлэгт хэвтэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авъя гэсэн ч сул ор, хүлээж авах эмнэлэг алга. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнгөрсөн зургадугаар сард коронавирусийн халдвараас өвдсөн нэг иргэнд үзүүлэх цогц тусламж, үйлчилгээний багц төлбөрийг баталж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас санхүүжүүлж ажиллахаар болсон юм. Ингэхдээ, гэртээ тусгаарлах боломжгүй иргэдийг тусгаарлах байранд тусгаарлах зардлыг 780 мянга, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зардлыг хөнгөн өвчтөн бол 980 мянга, хүндэвтэр бол 2.1 сая, хүнд бол 4.2 сая, маш хүнд бол 7.4 сая төгрөг байхаар тооцож, ЭМД-аас нь эмнэлгүүдэд санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн байна. 

Өнөөгийн сайдын үеийг өмнөх хоёр сайдын үетэй харьцуулж харвал хөнгөн өвчтөний эмчилгээний өртөг 7 дахин, хүнд өвчтөнийх 3 дахин багасчээ. Гэхдээ энэ бол зөвхөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн л эмчилгээний өртөг. Харин бодит байдал дээр эмнэлгээс илүү гэртээ эмчилэгдэж буй иргэдийн тоо хэд дахин өндөр болсон байхад энэ чиглэлд зарцуулах санхүү, эмнэлгийн үйлчилгээ, тусламж хангалтгүй хэвээр байгаа юм. Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмчилгээний тактикаа илүү өрх рүү чиглүүлж, иргэн бүрт эмчилгээ, үйлчилгээ хүргэх төсвөө нэмэгдүүлэх нь зүйтэй болов уу. 


Ковидын үеийн стратеги: Халдвартай нэг өвчтөнд зарцуулах өртөг 7 дахин багасжээ
2021-09-24 20:17:17
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0