Ням, 2024-11-24
"Гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН) хөргөх бодисыг үе шаттай бууруулах хөтөлбөр"-ийн хүрээн дэх зөвлөлдөх уулзалт болов

“Монгол Улсад Гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC) хөргөх бодисыг үе шаттай бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүнс боловсруулах үйлдвэрлэлийн салбарын хөргөлттэй агуулах/зоорийн Засвар үйлчилгээний зөв дадал (GSPs)-д тулгуурлан боловсруулсан сургалтын хөтөлбөрийн төслийг хянуулж, хэлэлцүүлэх” зөвлөлдөх уулзалт болов.
Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколоор зохицуулдаг ГХФН/HCFC төрлийн хөргөх бодисын үйлдвэрлэл, хэрэглээг үе шаттай бууруулж 2030 оны 01 сарын 01 гэхэд үйлдвэрлэл, экспорт, импортыг зогсоож бүрмөсөн хэрэглээнээс гаргахаар дэлхийн хөгжиж буй орнууд ажиллаж байна.
Монгол Улс “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол”-ын Тал-Улс бөгөөд Монреалийн протоколоор зохицуулдаг озон задалдаг бодис (ОЗБ)-ын үйлдвэрлэл, хэрэглээг үе шаттай бууруулж, хэрэглээнээс халах үүрэг хүлээсэн болно. “Гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC) төрлийн бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)”-ийн I шатыг 2011 онд Гүйцэтгэх хороо (ExCom)-ны 63 дугаар хурлаар 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр баталсан ба ГХФН/HCFC төрлийн бодисын хэрэглээг суурь түвшнээс 1.0 Озон задлах чадвар (ОЗЧ/ODP)/тонн хэмжээгээр бууруулах зорилт тавьж амжилттай хэрэгжүүлсэн.
Тус хөтөлбөрийн II шатанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах судалгааны үр дүн, I дүгээр үе шатны хэрэгжилтээс гарсан сургамжид үндэслэн хоол, хүнс боловсруулах салбарын хөргөлттэй агуулах/зоорийн хөргөх бодисын хэрэглээний түвшин өндөр, хөргөлтийн системийн засвар үйлчилгээний сайн арга туршлага/зөв дадал болох хөргөх бодисын алдагдал тодорхойлох, хөргөх бодис юүлэх талаар мэдлэг, мэдээлэл бага, хөргөлт, агааржуулалтын техникч, засварчин бэлтгэдэг сургалтын байгууллагуудын сургалтын хөтөлбөр хуучирсан, хөргөлтийн техникт ашиглаж буй орлуулах шинэ технологи, хөргөх бодисын талаарх агуулга хангалтгүй байгааг тогтоосон.
Дээрх судалгаанд үндэслэн хүнс боловсруулах салбарын хөргөлттэй агуулах/зооринд ашиглаж буй озон задалдаг хөргөх бодисын хэрэглээг бууруулах, агаарт алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөргөлтийн системийн засвар үйлчилгээний сайн арга туршлага/зөв дадлын бүрэлдэхүүн хэсэг болох хөргөх бодисын алдагдал илрүүлэх, хөргөх бодисоор цэнэглэх, юүлэх, дахин боловсруулах мэдлэгийг сургалтын байгууллагын сургалтын хөтөлбөрт суулгах, ингэснээрээ хөргөлтийн техникийн ажилтнуудыг үндэсний хэмжээнд хөргөлтийн системийн угсралт, засвар үйлчилгээг стандартын дагуу гүйцэтгүүлж сургах сургалтын хөтөлбөрийг боловсруулах, нэвтрүүлэх эрэлт хэрэгцээг тодорхойлсон.
Мөн Монгол Улсад дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар (ДДНЧ) бага орлуулах технологи хэдийн нэвтэрсэн, цаашид манай орны зах зээлд байгальд ээлтэй байгалийн хөргөх бодис (пропан, изо-бутан, аммиак, нүүрсхүчлийн хий г.м.)-т суурилсан хөргөлтийн тоног төхөөрөмжийн хэрэглээ нэмэгдэх чиг хандлагад нийцүүлэн хөргөлтийн шатамхай, өндөр даралттай, хортой хөргөх бодисыг хөргөлтийн систем, тоног төхөөрөмжид аюулгүй ашиглаж хүний эрүүл мэнд, эд хөрөнгөнд эрсдэл учруулахгүйгээр  ашиглаж сургах юм.
Энэхүү эрэлт хэрэгцээнд тулгуурлан Монгол Улсад “Гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН) хөргөх бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)”-ийн II шатны хэрэгжилтийн хүрээнд БОАЖЯ-ны Озоны үндэсний алба (ОҮА)-аас НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Хүнс боловсруулах үйлдвэрлэлийн салбарын хөргөлттэй агуулах/зоорийн Засвар үйлчилгээний зөв дадал (GSPs)-д тулгуурлан боловсруулсан сургалтын хөтөлбөрийн төслийг хянуулж, хэлэлцүүлэх” зөвлөлдөх уулзалтыг 2023 оны 09 сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Энэхүү зөвлөлдөх уулзалт нь Ажил мэргэжлийн стандартыг хэрэглээнд нэвтрүүлэхийн зэрэгцээ одоогоор хүчин төгөлдөр мөрдөж буй чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн загварт нийцүүлэн боловсруулсан хүнс боловсруулах үйлдвэрлэлийн салбарын хөргөлттэй агуулах/зоорийн засвар үйлчилгээ хийхэд Засвар үйлчилгээний зөв дадал (GSPs)-д тулгуурлан боловсруулсан зорилтот бүлэгт танилцуулж, тэдний саналыг тусгах зорилготой байв.
Уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, Хөргөлт, агааржуулалтын Техникийн хороо (ТХ-49), Хүнс,технологийн политехник коллеж (ХТПК), Технологийн дээд сургууль (ТДС), Техник, технологийн дээд сургууль (ТТДС), Шинжлэх Ухаан технологийн их сургууль (ШУТИС), Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС), Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо, Барилгын салбарын хөргөлт, халаалт агааржуулалтын мэргэжлийн зөвлөл болон Хөргөлт, агааржуулалтын угсралт, засвар, үйлчилгээний салбарын ажил олгогчдын төлөөллүүд зэрэг нийт 50 төлөөлөл оролцлоо.
Энэхүү уулзалтад Судалгааны багаас эрхлэн доорх сэдвүүдийн хүрээнд боловсруулсан сургалтын хөтөлбөрийн төслийг танилцуулав:
Хүнс үйлдвэрлэлийн хөргөлттэй агуулах, зоорийн хөргөлтийн засвар үйлчилгээний зөв дадал (GSP) болох хөргөх бодисын алдагдал илрүүлэх, хөргөх бодисоор цэнэглэх, юүлэх, дахин боловсруулахад тулгуурласан чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулсан байдал
Монгол Улсын Мэргэжлийн болон Техникийн боловсролын эрх зүйн орчны шинэчлэл, өнөөгийн байдал
Боловсруулсан сургалтын хөтөлбөрийн бүтэц, үнэлгээний төлөвлөгөө
Хөргөлттэй агуулах, зоорийн мэргэшүүлэх модулийг багтаасан сургалтын хөтөлбөрт хийсэн шинэчлэл, уялдаа холбоо, онцлог шинж
Хөргөлт, агааржуулалтын  засвар үйлчилгээний сайн арга туршлага гэж юу?
Хөргөлттэй агуулах, зоорийн мэргэшүүлэх  чадамжид суурилсан сургалтын модулийг боловсруулж, туршсан байдал
Уулзалтын төгсгөлд судалгааны багийн танилцуулсан хүнс боловсруулах үйлдвэрлэлийн салбарын хөргөлттэй агуулах/зоорийн Засвар үйлчилгээний зөв дадал (GSPs)-д тулгуурлан боловсруулсан сургалтын хөтөлбөрийн төсөлд оролцогч талууд саналаа тусгах хэлэлцүүлэг зохион байгуулав.
Хэлэлцүүлгийн үр дүнд багш, салбарын инженер техникчдийн гаргасан саналуудыг боловсруулсан сургалтын хөтөлбөрийн төсөлд тусгаж, эцэслэхээр тогтлоо.

"Гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН) хөргөх бодисыг үе шаттай бууруулах хөтөлбөр"-ийн хүрээн дэх зөвлөлдөх уулзалт болов
2023-09-15 09:38:36
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0