Лхагва, 2024-05-08
Ч.Даваасүрэн: Монгол Улсад хөдөлмөрийн бүтээмж жилийн 11 мянга, Солонгост 61 мянган ам.доллар байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг MMCJ компанид захиалан хийлгэжээ. Судалгааны тайланг тус компанийн Судалгаа, хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн өнгөрсөн мягмар гарагт ХНХЯ-ны албан хаагчид болон хөдөлмөрийн зах зээлд оролцогч ажилтан, ажил олгогч төр, хувийн хэвшлийн төлөөллүүдэд танилцуулсан юм. 

Улс орнуудын хооронд хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсний зөрүү маш их гарч байна. Тиймээс хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлс багатай газраас ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн, цагаачлал явагдаж байна. Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын /ILO/ тайланд дурдсанаар Монгол Улсад  хөдөлмөрийн бүтээмж жилийн 11 мянган доллар байгаа бол БНСУ-д 61 мянга, Японд 67 мянга,  Шведэд 111 мянган доллар байна.

Улс орнуудын хооронд хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсний асар их зөрүү гарч байгаад засгийн газрууд анхаарал хандуулж эхэлжээ. Сингапурын жишээг дурдахад, бүтээмжтэй ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжүүдийг татвар, санхүүгийн бодлогоор дэмждэг.

Тиймээс Монгол Улсын Засгийн газраас “бүтээмжийн хувьсгал”-ыг санаачлан хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ нь ганц ХНХЯ-ны анхаарах асуудал биш. Макро эдийн засгийн бодлого, салбаруудын оновчтой бодлогын үр дүнд хөдөлмөр эрхлэлт нэмэгдэнэ. Бүтээмжийн хувьсгал, бүтээмжийн сэргэлтийн үр дүнд цалин нэмэгдэнэ. Үүнийг хэрэгжүүлэхэд институцийн зохицуулалт, зохион байгуулалт хэрэгтэй хэмээн тэрбээр онцолж байв.

-Та бүхэн энэ судалгааг ямар хугацаанд хийв. Хөдөлмөрийн зах зээлийн аль салбарт боловсон хүчин дутагдалтай байна вэ?
-Судалгаа, зөвлөх үйлчилгээний MMCJ компани ХНХЯ-ны захиалгаар “Хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн судалгаа”-г хийсэн. Судалгаагаар хөдөлмөрийн зах зээл дээр 2035 он хүртэлх хугацаанд бий болох эрэлт, нийлүүлэлтийг тооцоолсон. Судалгааг гурван сарын хугацаанд хийсэн. 

Монгол Улсад хөдөлмөрийн насны хүн амын тоо хангалттай бий. Харин ажил хөдөлмөр эрхлэх сонирхлыг бууруулж буй олон хүчин зүйл байна. Жишээлбэл, цалин хөлс. Сүүлийн 10 жилд эдийн засаг дунджаар 4.5 хувь өссөн бол бодит цалин 2.5 хувиар л өссөн. Цалин хөлс өсөхгүй байгаа, нөгөө талд үнийн өсөлт болон хөдөлмөр эрхэлснээс илүүтэй тэндээс алдагдах мөнгөн бус зардлууд буюу түгжрэлд зарцуулж буй хугацаа, стресс, гэртээ хүүхэд, гэр бүлийнхнээ асрах зэрэг нийгмийн асуудлууд нь хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж байна.

-Цалин хөлс яагаад бага байна вэ?
-Цалин хөлсийг хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан авч үзэх нь зүйтэй. Ажил олгогчдын хувьд цалин өсгөх нь хүндрэлтэй асуудал. Бусад улс орнуудтай харьцуулахад Монголд бүтээмж бага байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын /ILO/ датанаас харахад Монголд нэг ажилтан ногдох хөдөлмөрийн бүтээмж 11 мянган ам.доллар байна. Гэтэл Солонгост 61 мянга, Японд 67 мянган ам.доллар. Шведэд бол 111 мянган ам.доллар байна.



-Монголд хөдөлмөрийн бүтээмж доогуур байгаа нь ямар учир холбогдолтой вэ?
-Манай улсын эдийн засгийн гол салбар нь хөдөлмөр бага шингээдэг уул уурхайн салбарын эдийн засгийн өсөлтийг хангаж байна. Нөгөө талд бүтээмжийг бий болгодоггүй худалдааны салбарынхан хөдөлмөрийн зах зээлд жин дарж байна.

Боловсруулах аж үйлдвэрийн салбар хөдөлмөр илүү шингээдэг. Гэтэл Монголд энэ салбарын технологийн түвшин доогуур, мөн түүн дээр ажиллах инженер техникийн ажилтнуудын тоо цөөн байна. Технологи өндөр хөгжсөн, монголчуудын олноороо ажилладаг Солонгосын аж үйлдвэрийн салбартай харьцуулж үзэхэд боловсруулах салбарын ажилтнуудын 33 хувь нь машин тоног төхөөрөмжийн оператор, угсрагч буюу тоног төхөөрөмжөөр ажлаа түлхүү хийдэг. Харин Монголд эсрэгээрээ энгийн гар ажиллагаатай ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хувийн жин өндөр байна. Үүний эсрэг талд бүтээмж, мэргэжилтэн бэлтгэж буй сургуулиудын мэргэжилтний тоо бага байна. Сүүлийн 10  жилд бэлтгэсэн мэргэжилтнүүдийн 25-30 хувь нь худалдаа, бизнесийн чиглэлийн мэргэжилтнүүд байна.

-Хөдөлмөрийн бүтээмжийн асуудлыг манай улсад тэр бүр хөндөж ярьдаггүй. Бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд хэрхэн ажиллах шаардлага байна вэ?
-Өндөр хөгжилтэй орнуудаас гадна хөгжиж буй улс орнууд ч бүтээмжийг нэмэгдүүлэх бодлого, хөтөлбөрийг төлөвлөн хэрэгжүүлж байна. Энэ бодлогыг Монгол Улс ч санаачилж хэрэгжүүлэх  хэрэгтэй. Тиймээс бид бүтээмжийн эко системийг бий болгох загварыг гаргасан. Хөдөлмөрийн зах зээлийн хөрсөнд буулгахын тулд макро, микро, мезо бүх түвшинд ажиллах шаардлага бий. Макро түвшинд төр засгийн бодлогыг боловсруулах асуудал орно. Мезо түвшинд мэргэжлийн холбоод, байгууллагууд салбарын түвшинд бодлогууд хэрэгжүүлнэ. Микро түвшинд нь аж ахуй нэгж, ажил олгогчид байгууллага дээрээ бүтээмжээ нэмэгдүүлэх чиглэлд ажиллана. Жишээлбэл, ажиллагсдынхаа сайн сайхан байдал, олон талт байдлыг дэмжих зэргээр ажлын байрандаа бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж болно. 

Үүний тулд Хөдөлмөрийн зах зээлийн макро бодлогын зөвлөлийг УИХ эсвэл Засгийн газрын дэргэд байгуулах шаардлагатай. Зөвлөлд Монголбанк, яамдууд, Үндэсний статистикийн хороо, ажил олгогчид, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оруулж, бүтээмж, хөдөлмөрийн хөлстэй холбоотой асуудлыг олон талаас нь авч үзэх нь зөв юм.

АНУ-ын Холбооны нөөцийн банк, Европын холбооны банкууд мөнгөний бодлогодоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг тусгадаг. Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогоороо хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмждэг вэ гэхээр бодлогын хүү нь ажилгүйдлийн түвшинтэй сөрөг хамааралтай байдаг. Ажилгүйдэл нэмэгдэх тусам бодлогын хүүгээ бууруулдаг. Манай улс бол инфляцыг онилох бодлогынхоо хүрээнд үнийн өсөлттэй холбогдуулан бодлогын хүүг өндөр барьдаг. Гэтэл тэр нь нэг талаар бизнес, хөрөнгө оруулалтыг хумьдаг. Бодлогын хүү, үнийн өсөлт гэх мэт олон асуудлыг хамтад нь авч үзэхгүй бол цалингийн өсөлт нэг талаар ажил олгогчдод хүндрэл учруулдаг тал бий.

-Хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний хомсдолыг шийдэхийн тулд ямар бодлого хэрэгжүүлэх нь зохистой вэ?
-Манай улсад хөдөлмөрийн насны хүн амын тоо хангалттай хэдий ч ажиллах хүчний хомсдол үүсэж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулж болохоор байна. Тухайлбал, зуны цагт боловсролын салбарынхан аялал жуулчлалын салбартаа ажиллах, өвлийн цагт газар тариалангийн салбарынхан худалдаа, тээврийн салбартаа ажиллах зэргээр жилийн турш хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлж, зуучлах үйлчилгээг Хөдөлмөр зуучийн байгууллагууд хийх хэрэгтэй юм.



-Сүүлийн үеийн хөдөлмөрийн зах зээлд ямар онцлог, чиг хандлагууд гарч байна вэ?
-Ажил олгогчид ажилтнуудынхаа сайн сайхан байдал, олон талт байдлыг нь хүлээн зөвшөөрөх зэрэг хандлагыг түлхүү харж байна. Ажиллагсдын сайн сайхан байдал гэдэгт цалин хөлснөөс гадна ар гэрийн байдал, ажил амьдралын тэнцвэрийг хангах, сэтгэл санааны байдал, эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд ч анхаарал хандуулж байна. Хөдөлмөрийн зах зээл дэх хүний нөөцийн нийлүүлэлт бага байгаатай холбоотойгоор одоо ажиллаж байгаа хүчээ халамжилж авч үлдэх чиглэлийн бодлого чухлаар тавигдах болов.  

Мөн их, дээд сургуулиуд боловсон хүчин бэлтгэхээс гадна ажил олгогчид ажлын байрандаа сургаж, бэлтгэж байна. Үүнээс гадна орчин үед өөрөө өөртөө бий болгодог ажлын байрууд гарч байна. Цахимаар захиалга авах, гэрээсээ ажиллах, уян хатан цагийн ажлуудыг хүмүүс түлхүү сонирхож, тэр чиглэлд ажилла болсон. Энэ онцлогт нийцүүлэн нийгмийн даатгал, нийгмийн хамгааллыг нь хэрхэн зохицуулах талаар бодлого хэрэгжүүлэх шаардлага үүсэж байна. 

-Хөдөлмөрийн зах зээлд шинэ үе түрэн орж ирэх нь ажлын байранд тавигдах шаардлагуудад онцлог өөрчлөлт авчрах уу?
-2035 он гэхэд шинэ мянганыхан буюу 2000 оноос хойш төрсөн залуучууд нийт ажиллах хүчний 33 хувийг эзэлнэ. Гурван хүн тутмын нэг нь шинэ үеийнхэн болно. Тэдний ажил хөдөлмөрт хандах хандлага маш өөр. Тэгэхээр ажил олгогчид энэ мэт онцлогийг тооцож, хүний нөөцийн бодлогодоо одооноос анхаарах шаардлага бий. Наад зах нь энгийн хэллэгээр “эморох” зэргийг нь хүний нөөцийн бодлогодоо авч үзэх шаардлага үүснэ. Бизнесийн байгууллагууд ажил олгогчдын хувьд шинэ мянганыхан хөдөлмөрийн зах зээлийг бүрдүүлнэ.

2007, 2008 онд төрөлт нэмэгдэж, жилд 70-80 мянган хүүхэд төрсөн. Алтан гахай жилд төрсөн хүүхдүүд одоо хөдөлмөрийн зах зээлд гарах гэж байна. Тэгэхээр бид хөдөлмөрийн зах зээл дэх бодлогоо одоо болон 2028 оноос хойш ямар бодлого баримтлах зэрэг урагшаа харсан бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал нь зөвхөн ХНХЯ-ны бодлого биш. Макро эдийн засгийн томоохон асуудал, эдийн засгийг хөдөлгөж байгаа гол хүчин зүйл юм. Тэгэхээр бодлогын хувь макро бодлогын зөвлөл байгуулж ажиллах хэрэгтэй. Дээр нь бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд макро, микро, мезо бүх түвшиндээ арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага байна.

-Бүтээмжийн эко системийг нэмэгдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах нь зохистой вэ?
-Хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих хуулийн хүрээг тэлэх, хөдөлмөр зуучлалын үйл ажиллагааг илүү төрөлжүүлэх, цагийн ажил, түр ажлын байрыг зохицуулдаг, зохион байгуулалтыг сайн хийвэл залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих боломж нэмэгдэнэ. Асрахуйн эдийн засаг буюу өндөр настан, хүүхдийг асардаг үйлчилгээ нь үржүүлэгч шинж чанартай. Хүүхдээ хүнээр асруулснаар тэр эмэгтэй өөрөө илүү бүтээмжтэй ажиллахын дээр бас нэг ажлын байр бий болгодог.


Ч.Даваасүрэн: Монгол Улсад хөдөлмөрийн бүтээмж жилийн 11 мянга, Солонгост 61 мянган ам.доллар байна
2024-02-02 09:53:35
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ