Зэс бол цахилгаан тоног төхөөрөмжийн түүхий эд болдог хамгийн эрэлттэй ашигт малтмал мөн. Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машин, хиймэл оюун ухаан хөгжиж, цахилгаан технологийн үйлдвэрлэл нэмэгдсэнээр зэсийн эрэлт дагаад өсөж байна. Он гарснаар хойш зэсийн үнэ маш огцом буюу өмнө жилийнхээсээ 29 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 5-р сарын 15-ны байдлаар нэг кг зэсийн үнэ 10 доллар 22 цент хүрсэн байна. Энэ нь 2022 оны 3-р сар буюу зэсийн ханш бүх цаг үеийн дээд түвшиндээ хүрснээс хойших шинэ рекордыг тогтоосон гэсэн үг юм. Цаашдаа зэсийн эрэлт нэмэгдэж үнэ улам өсөх төлөвтэй байна.
Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машин зэрэг цахилгаан технологийн үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр Барууны орнууд зэсийн уурхайн салбарын өсөлтөд анхаарлаа их хандуулах боллоо. Харамсалтай нь уул уурхайн компаниуд ажиллах хүч хомсдож, хөрөнгө оруулалт муу байгаагийн улмаас зэс, өнгөт металлын уурхайнуудаа хаах нь мөн нэмэгдэж байна. Зэсийн нийлүүлэлт багасаж байгаа энэ үед зэсийн эрэлт харин тасралтгүй өссөөр байгаа нь ирэх жилүүдэд зэсийн хомсдолд орох эрсдэлийг үүсгэнэ гэж шинжээчид үзэж байна. Тиймээс эрэлтээс үүдэлтэй зэсийн үнэ өсөж байна. Эрэлтээс гадна зэсийг үнийг хөөргөдүүлж байгаа бас нэг хүчин зүйл нь Хятадын эдийн засгийн бодлоготой холбоотой гэж Европын эдийн засагчид үзжээ. Хятад улс бол зэсийн нийлүүлэлтээр ч, зэсийн импортоор ч дэлхийд тэргүүлдэг улс. Тиймээс Хятадын эдийн засгийн бодлого, өсөлт зэс зэрэг ховор металлын үнэ хэлбэлзэхэд маш их нөлөөлдөг. Саяхан Хятадын сангийн яам дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтад зориулж хэт урт хугацааны бонд гаргахаар 1 их наяд юанийн төсөв төлөвлөсөн. Энэ мэдээгээр Мягмар гарагт зэсийн үнэ огцом өссөн байна. Өнгөрсөн 3-р сард Хятадын зэс хайлуулагчдад хүртээх ашгийн хувь хэмжээг ихээхэн танасны улмаас зэс хайлуулагчид зэсийн үйлдвэрлэлээ 5-10 хувь бууруулна гэдэг зөвшилцөлд хүрсэн байна. Энэ мэдээ зэсийн үнийг огцом хөөргөдүүлж, тухайн үедээ нэг кг зэс 8 доллар давахад хүргэсэн юм. Энэ нь бүтэн жилийн хугацаан дахь хамгийн өндөр дүн болсон. Зэсийг үнэ хөөргөдөхөд нөлөөлсөн дараагийн хүчин зүйл нь долларын ханш унасан нь болсон. Америк долларын ханш унаснаар 4-р сарын эхээр зэсийн нэг кг-ийн үнэ 9 долларт хүрсэн. Долларын ханш харин АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөх үгүй дээр тодорхойгүй байр суурьтай байсны улмаас унасан гэж шинжээчид үзэж байна.
Дэлхийн томоохон капиталын зах зээлийн компани S&O Global-ийн шинжээчдийн үзэж байгаагаар дээрх шалтгаанууд, тэр дундаа зэсийн эрэлт сэргээгдэх эрчим хүчний нөлөөгөөр өсөх төлөвийг харах юм бол зэсийн үнэ богино хугацаанд огцом хөөргөдөөд зогсохгүй урт хугацаандаа ч өссөөр байх болно гэсэн таамаглал дэвшүүлж байна. 2035 он гэхэд зэсийн эрэлт одоогийнхоос хоёр дахин нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоолол гарчээ. Зэсийн эрэлт хамгийн их нэмэгдэх орнуудад АНУ, БНХАУ, Европын Холбоо, Энэтхэг орж байна. Харин эсрэгээрээ 2036 он хүртэл зэсийн үйлдвэрлэл одоо байгаа хурдаараа л өсөх тул тухайн он гэхэд нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүй байх эрсдэл харагдаж байна гэж эдийн засагчид үзэж байна. Зэсийн уурхайн олборлолт харин өнгөрсөн арван жилийн хугацаанд 50 хувиар удааширсан гэсэн статистик байна. Ялангуяа Латин Америкийн орнууд дахь зэсийн уурхайнуудын олборлолт удааширч байгаа нь нийлүүлэлт, зэсийн хомсдол үүсэх гол шалтгаан болно гэж тооцоолжээ.
Зэсийн эрэлт нэмэгдэж үнэ өсөх төлөвтэй байна |
2024-12-03 10:13:19
2024-12-03 10:12:40
2024-12-03 10:12:04
2024-12-03 10:09:02
2024-12-03 10:07:37
2024-12-03 10:07:03
2024-12-02 17:16:11
2024-12-02 16:48:20
2024-12-02 16:47:28
2024-12-02 16:45:11