Манай улс нийт хүн амын 80 хувь нь /хүүхдийн мөнгөн тэтгэмжийг оролцуулаад/ төрөөс ямарваа нэг тусламж, дэмжлэг хүртэж байгаа бөгөөд халамжинд улсын төсвийн 30 хувийг зарцуулж байна. Манай улс уул уурхайн салбараар төсвийн орлогын 30 орчим хувийг /3-4 их наяд төгрөг/ бүрдүүлдэг бөгөөд эргээд ийм хэмжээний мөнгийг зөвхөн халамжинд зарцуулдаг гэсэн үг.
Халамжийн 60 хувь нь хүн амын өсөлтийг дэмжихэд чиглэсэн чиглэсэн бол 28 хувийг хүн амын амьжиргааны түвшин өндөртэй хэсэг хүртэж байна гэсэн тооцоо гарчээ. Иймд төсвийн ерөнхийлөн захирагч 2022 оны төсөвт халамжийг хөдөлмөрт шилжүүлэх бодлого барьж, дараах зорилтыг хэрэгжүүлэхээр тусгажээ.
-Эмзэг бүлгийн өрх, иргэнд чиглэсэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар үр дүнг сайжруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Тухайлбал, сонгосон өрхийн амьжиргааг дээшлүүлж тодорхой хугацааны дотор ядуурлаас гаргах зорилтод төлөвлөгөөг халамжийн байгууллага хэрэгжүүлж үүнд хөдөлмөр эрхлэлт, өрхийн аж ахуй, үйлдвэрлэл, орлогын менежмент, зан үйлийн өөрчлөлт зэрэг олон асуудлыг цогц байдлаар авч үздэг болно.
-Ядууралд хүргэсэн тодорхой болон давагдашгүй хүчин зүйлсийн улмаас үүссэн цочролын сөрөг нөлөөг бууруулах, нийгэмд бие даан амьдрах чадваргүй иргэдийг нийгэмшүүлэх, хөдөлмөрт бэлтгэх, гэр бүлд нь эргэн нэгтгэх зэрэг нэн шаардлагатай үйлчилгээнүүдийг нэвтрүүлнэ.
-Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг эрчимжүүлэхийн тулд мэргэжлийн боловсрол сургалтын санхүүжилтийн тогтолцоог хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулна. Үүний тулд мэргэжлийн сургалтын байгууллагын орцод суурилсан санхүүжилтийг өөрчилж хөдөлмөрийн зах зээлд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг хүрэх үр дүнд харгалзан санхүүжүүлэх хэлбэрт шилжүүлнэ гэжээ.
Халамжаас хөдөлмөрт хэрхэн шилжих талаар зарим эдийн засагчийн байр суурийг хүргэж байна.
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг:
-Халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү шилжихэд шууд төсвийг нь бууруулж болохгүй. Хамгийн гол нь халамж хүртэх хүмүүсээ л тодорхой болгохыг хариуцсан яаманд чиглэл болгож байгаа. Хөдөлмөр эрхэлж чадахгүй иргэн халамжийн мөнгөөрөө л амьдарна. Тэр хүмүүсийг зөв үнэлж тогтоож, хүртэх халамж, дэмжлэг амьдралд нь хүрэхүйц болох ёстой. Харин хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийг үе шаттай халамжаас хасах шаардлага бий. Төсөв хасах, хасахгүй нь гол биш. Гол нь зарцуулалт үр дүнтэй, зөв томьёолсон, хүрэх ёстой хүндээ хүрэх ёстой.
Эдийн засагч Н.Энхбаяр:
-Монгол Улсын нийт хүн амын 70 гаруй хувь залуучууд. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид дараагийн шатны боловсрол эзэмших боломж харилцсан адилгүй байна. Гэтэл нөгөө талд арван жилийн боловсролтой хүнийг ажилд авах газар алга. Энэ нь ажилгүйдэл өсч байгаа суурь шалтгаан. Хүн ам зүйн ийм бүтэцтэй манайх шиг улсад эдгээр хүмүүсийг яаж ажлын байртай болгох вэ гэдэг бодлого хэрэгтэй. Хамгийн чухал нь энэ. Хөдөлмөрийн яам, Боловсролын яамны судалгаагаар ажилгүй 100 мянган хүн байна, нөгөө талд ажил хайж байгаа 40 мянган хүн байна. Энэ хоёрыг хооронд нь зуучлахаар 3000-4000 нь ажлын байртай болж байна. Хөдөлмөрийн зах зээлд эрэлт үүсгэж байгаа мэргэжил нь гагнуурчин, засварчин зэрэг нарийн мэргэжлүүд байдаг. Гэтэл ажил хайгчид нь тэс өөр мэргэжилтэй, их дээд сургууль төгссөн хүмүүс байна. Энэ зөрүүг хэрхэн нийлүүлэх вэ гэдэг бодлого хамгийн нэгдүгээрт чухал. Үүнийг хийхгүй бол ажилгүйдэл буурахгүй. Ажилгүй хүмүүс олон байгаа нөхцөлд халамж буурахгүй.
Цааш нь өргөжүүлээд яривал ажлын чадвартай байх эсэх асуудал чухал юм. Өнөөдөр иргэдийн өвчлөл, осол гэмтэл маш өндөр байна. Эхлээд ажиллах чадвартай боловсон хүчинг яаж эрүүл саруул байлгах уу, дараа нь хэрхэн ажлын байранд зуучлах уу гэдэг бодлого хэрэгжиж байж халамжаас хөдөлмөр рүү шилжих боломж бүрдэнэ. Нэгхэн жилийн дотор халамжаас хөдөлмөр рүү шилжих бололцоогүй.
Гаднын зарим улс мэргэжил сургалт үйлдвэрийн төвүүдээс гадна өмнө нь өөр мэргэжлээр төгссөн ч дахин өөр мэргэжлээр мэргэшүүлэх тогтолцоог хэрэгжүүлж байна. Ингэхдээ тухайн улс нь үндэсний томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг түшиглэн, хувийн хэвшлүүдийн оролцоотой хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Манайд хэрэгжүүлж болох хамгийн сайн жишиг бол төмөр зам, дулааны цахилгаан станцууд байна. Техникийн маш сайн бааз, хүний нөөцийг түшиглэн өөр мэргэшлээр мэргэшин сонирхолтой залуусыг дадлагажуулж, хамгийн наад захын ур чадварыг эзэмшүүлж болно. Боловсролоор бус ур чадвараар ажлын байраа олох тогтолцоо руу явах ёстой.
Эдийн засагч Б.Алтанцэцэг:
-Төсвийн бодлого дээр халамжийн хүрээгээ нэн түрүүнд өөрчлөх шаардлага байна. Тодорхой хөшүүрэгтэй, зорилтод бүлэг рүүгээ чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхгүй бол хэтдээ маш олон эрсдэлийг дагуулна. Уламжлал болсон бүгдэд нь санал болгодог халамжийн бодлого цааш явахад хүнд болсон. Шууд утгаараа төсвийн зардлыг үр ашиггүй нэмэгдүүлж байна. Улсын төсөв хэр удаан ачааллыг нь дааж явах вэ. Төсвийн талаасаа нөөц ч байхгүй болж байна шүү дээ. Тиймээс халамжийн бодлогын дизайнаа өөрчлөх цаг болсон. Гэхдээ бодлогын өөрчлөлтөө судалгаатай, шинжилгээтэй, тооцоотой хийх хэрэгтэй. Хэрэгтэй хүнд нь хэрэгтэй дэмжлэгийг нь өгөх чиглэлд анхаарах.
Өнөөдөр хэдэн их наядын бодлого хэрэгжүүлчихээд тэрийгээ үр дүнтэй эсэхийг юугаар хэмжээд байгаа юм бэ гэдэг бодлогын том асуудал байна. Засгийн газар гурван их наядын хөтөлбөрт 300 хүн хамрагдсан, гурван мянган хүн хамрагдсан гээд яриад байгаа. Гэтэл эцсийн дүнд тухайн бодлогод хэдэн хүн хамруулах нь гол зорилго биш. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого бол түүнийг хэмжих хэмжүүр нь юу байх вэ гэдэгээ тодорхой болгох болгох. Тухайлбал, ажил эрхлэлт хэдээр нэмэгдсэн, орлого хэдээ өсөв, ажилгүйдлийн түвшин хэдээр буурсан вэ зэргээр хэмжих шалгуур үзүүлэлтүүд байх ёстой.
Байр суурь: Ажилгүй хүмүүс олон байгаа нөхцөлд халамж буурахгүй |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27