Баасан, 2024-11-22
“ЭТТ” ирэх сарын 1-нээс нүүрсээ хил үнээр худалдах ТҮҮХЭН ШИЙДВЭР гаргав

“ЭТТ” ХК ирэх сарын 1-нээс нүүрсээ хил үнээр худалдана гэж тус компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдэгдэв.

Өнөөг хүртэл тус компани нүүрсээ амны үнээр худалдсаар ирсэн юм. Худалдан авагч тал авсан нүүрсээ уурхайн амнаас өөрсдөө ачуулдаг буюу тээврээ өөрсдөө хариуцдаг, хэний машинаар ачуулахаа өөрөө шийддэг тогтолцоо байв. Энэ тогтолцоог нэг сарын дараа халж, илүү өндөр үнээр буюу хил үнээр л нүүрс худалдах шийдвэрийг “ЭТТ”-н шинэ удирдлагууд гаргажээ.

Ингэснээр

  • Үнэ өсөж, борлуулалт нэмэгдэнэ.
  • Тээврийн зардлыг зохистой түвшинд байлгана.
  • Төмөр зам, боомтын бүтээн байгуулалттай уялдана.
  • Валютын нөөц өснө.
  • Төсөвт төлөх татвар нэмэгдэх зэрэг давуу талтай юм байна.

“ЭТТ” компанийг 2011 онд байгуулж, 2017 оноос нүүрсний борлуулалт нь ихээхэн өсжээ.

Дараах графикт хил үнэ болон одоогийн борлуулалтын орлогыг харьцуулан харуулав.

Тус компани хил нөхцөлөөр коксжих нүүрсээ худалдсан бол 4.2 тэрбум ам.долларын нэмэлт орлого олох боломжтой байжээ.

2011 оноос өнөөг хүртэл “ЭТТ” нийт 4.9 тэрбум ам.долларын орлого олсон байна. Хил үнээр худалдсан бол 9.1 тэрбум ам.долларын орлого олох байв.

Үүний зөрүү 4.2 тэрбум ам.доллар. Энэ мөнгө нүүрс худалдан авагч тал буюу урд хөршид үлддэг байжээ.

Энэ онд тус компани 23 сая тонн нүүрс борлуулах төлөвлөгөөтэй. Сард 2-2.5 сая тонн нүүрс борлуулна гэсэн үг юм.

Хэдийгээр нүүрс ачсан машинууд урд хилээр нэвтэрч байсан ч ам.долларын орлого оруулахгүй байсан тул Засгийн газраас “ЭТТ”-д бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг  томилсон юм. Түүнд 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор 500 сая ам.долларын орлого олох гэрийн даалгавар өгсөн.  

Даалгаврын биелэлтийг харвал Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанид өнгөрсөн аравдугаар сарын 26-нд онцгой дэглэм тогтоон, бүрэн эрхт төлөөлөгч томилсноос хойш тус компанийн  нүүрс экспортыг хоёр, нүүрс ачилтыг дөрөв дахин нэмж, борлуулалтын орлогыг 495 сая ам.доллароор өсгөжээ.

Энэ оны нийт борлуулалтын орлого 1.1 тэрбум долларт хүрсэн байна. Түүнчлэн нүүрс дагасан далд эдийн засгийг ил болгож, улсын төсөвт төвлөрүүлэх татвар, хураамжийг 1.5 дахин буюу 410 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж, төлбөрийн тэнцлийг сайжруулж, гадаад валютын орох урсгалыг 416.6 сая доллараар нэмсэн аж.

Эдгээр үр дүнд  хүрэхийн тулд өдөрт 200 машин нүүрс ачдаг байсныг 800 болгон нэмжээ. Энэ хэрээр тээвэрчдийн орлого ч өссөн.              

НҮҮРСЭЭ ХИЛ ҮНЭЭР ХУДАЛДАХАД ЯМАР ЭРСДЭЛ ҮҮСЭЖ БОЛЗОШГҮЙ ВЭ?

“ЭТТ” ХК-ийн сайн чанарын буюу коксжих нүүрсийг БНХАУ-ын Бугат хот дахь гангийн үйлдвэрүүд болон бусад хувь хүмүүс (нийт 170 орчим  худалдан авагч) авдаг. Тэд өнөөдрийг хүртэл тээврээ бүрэн хариуцдаг байсан талаар дээр дурдсан.

Тэгвэл ирэх сарын 1-нээс Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан сонгон шалгаруулалтад шалгарсан компаниуд тээврийг гүйцэтгэнэ. Сонгон шалгаруулалтад дотоодын болон урд хөршийн компаниуд оролцох эрхтэй.

Сонгон шалгаруулалтад оролцсон компаниудын мэдээллийг энэ сарын 18-нд нээж, шаардлага хангасан ААН-үүдийг зарлах юм.

Дээрх 170 худалдан авагч зохион байгуулалтад орж, хил үнээр л нүүрс худалдах шийдвэрийг эсэргүүцэх, хэвлэлийн хурал хийн, ташаа мэдээлэл тараах гэх мэт эрсдэл бий. Гэвч одоо ч “ЭТТ”-д хамтран ажиллаж, нүүрс авах сонирхлоо илэрхийлсэн албан бичгийг урд хөршөөс илгээсээр байгаа аж. Ж.Ганбат дарга “Хил үнээр нүүрсээ худалдах болсон нь түүхэн шийдвэр. Бид нүүрсээ үнэд хүргэх энэ боломжийг алдаж болохгүй. 2011 оноос хойш ихээхэн орлого олох боломжоо алдлаа. Ирэх сарын 1-нээс өмнө тээврээ бүрэн шийднэ” гэсэн юм.       

"ЭТТ"-н 2022 оны IV улирлын коксжих нүүрсний уурхайн амны үнэ 113$, хилийн боомт дээрх үнэ 144$ байжээ. Энэ оны эхний улиралд хилийн боомт дээрх нүүрсний үнийг Биржийн зарчмаар дуудлага худалдааны зарчмаар тогтооно.

ӨНДӨР ҮНЭЭР ХҮНД ДААЦЫН МАШИН АВЧ, ЭРСДЭЛ ҮҮРСЭН ТЭЭВЭРЧИД ЭСЭРГҮҮЦЭЖ БОЛЗОШГҮЙ

Нүүрс тээврийн жолооч нар байсхийгээд л хэвлэлийн хурал хийн, хил нэвтрэхээр хүлээж буй жолооч нарын урдуур авлига өгсөн жолооч нар түрүүлж гарав, ковидын шинжилгээний хариу манайд болон урд хөршид өөр өөр гарлаа гэх мэт мэдээллийг өгдөг. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сарын 26-нд болсон хэвлэлийн хурлаар "Монгол туургатан" ачаа тээврийн холбоо тендерт шалгарсан компаниудтай “Эрдэнэс тавантолгой” тээврийн хариуцлагын гэрээ байгуулахыг эсэргүүцсэн.

Тэд “Энэ тендерт тэнцэх монгол компани ховор. Хятад улсын хөрөнгө оруулалттай, багадаа 600 мянга гаруй хувийн машинтай, ямар нэг зээлийн өргүй бол тендерт шалгарна. Эх орондоо үйл ажиллагаагаа явуулж аж ахуй нэгжүүдээ дэмжихгүй, гаднын компаниудад хандсан ажил болно.

Нүүрс худалдан авагч талд илт давуу байдал үүсгэж байна. Тээврийн зах зээлийг чөлөөт хэвээр нь үлдээх хэрэгтэй. Нүүрсний зах зээлийг тээвэртэй нэгтгэхгүй байхыг шаардаж байна” гэсэн юм.

Энэ талаар “ЭТТ”-н Худалдан авах газрын дарга Н.Цэрэнсамбуу “Бид тээвэрчидтэй олон удаа уулзаж, санал солилцоод сонгон шалгаруулалтаа зарласан. Тээврийн олон машинтай бол хятад эзэнтэй байх магадлал өндөр. Иймд цөөн машинтай иргэд хамтраад тендерт орж болно. Бид хамгийн хямд үнэ амласан талтай гэрээ байгуулна. Ингэхээр хятадууд үнээр цохин, энэ тендерийг авах нь гээд байгаа юмХамгийн хямд үнэ, үндэслэлгүй үнээс ялгаатай. Хэт хямд буюу үндэслэлгүй үнэ хэлбэл бид тухайн саналыг авахгүй. Манай улсын ямар ч хуульд монгол эзэнтэй, монгол жолоочтой компанид давуу байдал олгох заалт байхгүй ч монгол тээвэрчдэд боломж олгоно” гэсэн юм.  

НҮҮРС ТЭЭВЭРЛЭХЭЭР 22 МЯНГАН ЖОЛООЧ БҮРТГҮҮЛСЭН НЬ ЭРЭЛТЭЭС ДАВЖЭЭ  

Авто тээврийн үндэсний төвд 22 мянган жолооч нүүрс тээвэрлэх бүртгэлтэй. Одоо бөмбөлөг тээвэрт орохоор 4500 жолооч машинтайгаа Цагаан хаданд дугаарлаж байна. Эрэлтээс хэт давсан, олон тооны жолоочид Авто тээврийн үндэсний төв зөвшөөрөл олгосон тул энэ асуудлыг ЗТХЯ-тай хамтран шийдэх ёстой гэж “ЭТТ” ХК үзэж байна.

Учир нь жолооч нарын дунд маргаан тасардаггүй аж. Мөн уурхайгаас Цагаан хад хүртэлх уртын тээвэрт (220 км) машин эвдэрнэ, эрсдэл их хэмээн явах жолооч хомс байгаа бол Цагаан хадны овоолгоос БНХАУ-ын Ганц мод боомт хүртэлх богинын тээвэрт явахаар (25 км) 4500 жолооч дугаарлаж байна.

Уг нь 11 мянган жолооч л бүртгэлтэй байхад нүүрс тээвэрт маргаан гарахгүй аж. Иймд нэгэнт С зөвшөөрлөө авсан жолооч нарт Ганц модноос өөр боомтууд руу тээвэр хийх нөхцөлийг бүрдүүлэх гэнэ.

Иргэд, аж ахуйн нэгжүүд нүүрс тээвэрлэхээр дунджаар 370 сая төгрөгөөр машин худалдан авдаг байна. Хэдий олон сар дугаарлах ч богинын тээвэрт хэдэн удаа яваад л машины мөнгөө төлсөн гэх яриа тархсаны дараа иргэд энэ бизнес рүү хошуурч, АТҮТ хүссэн бүхэнд нь зөвшөөрөл олгосноор хөөс үүсжээ.    

Хоёр орны хооронд нүүрс тээвэрлэх зөвшөөрлийг 7800 машинд олгохоор урд хөрштэй тохиролцсон. Гэвч 11 мянган ААН энэ зөвшөөрлийг авах хүсэлтээ илгээжээ. Машин, жолооч нарыг оновчилж, зөв зохион байгуулалтад оруулбал 2000-3000 зөвшөөрөл хангалттай аж. Ийн эрэлтээс илүү олон зөвшөөрөл олгосон тул одоо арван өдөр хүлээгээд нэг машин хил нэвтэрдэг. Зүй нь нэг машин нэг өдөрт хил гарч, нэг машинд дээд тал нь гурван жолооч ажиллахад хангалттай юм байна.       

Хэдий өндөр үнэтэй машиныг зээлээр авсан, тээвэрт удаан яваагүй олон жолооч бий ч “ЭТТ” тэдгээр жолооч нарын эрсдэлийг өмнөөс нь үүрэхгүй гэдгээ ч хатуу мэдэгдэж, сар бүр зарлах тендерт оролцохыг тээвэрчдэд уриалав. Тус компани нүүрс тээврийн эргэлт хурдан байх ёстой гэсэн шаардлагыг л тавьжээ.   

Энэ сарын 18-нд анх удаа нээх сонгон шалгаруулалтыг Төрийн худалдан авах ажиллагааны газраас цаашид сар бүр зарлана. Шаардлага хангасан ААН-үүдийг жагсаалтад нэмнэ. Сонгон шалгаруулалтын II шатанд дээд үнээс доошоо үнэ хаялцах байдлаар өрсөлдөж, шалгуур хангасан бүх тээвэрлэгчтэй гэрээ байгуулах аж.

Нүүрс  тээврийг шинэ дүрмээр явуулж эхэлснээр бөмбөлгийг системийг задлах нь хэмээн жолооч нар эсэргүүцлээ илэрхийлсэн. Одоогоор БНХАУ-д “Тэг ковид” бодлого үргэлжилж, халдвар хамгааллын хатуу дүрмийг үргэлжлүүлэн мөрдөж байна. Тус улсаас цаашдаа ч бөмбөлгийн зарчмаар буюу нэг бөмбөлөгт 20-иос ихгүй жолооч байрлан, тэдгээр жолооч нар хамтдаа хил нэвтэрдэг тогтолцоог үргэлжлүүлэх нь зөв гэжээ.

Гэхдээ хоёр жилийн дараа ТТ-ГШ чиглэлийн төмөр зам, Ханги-Мандалын төмөр замууд урд хөрштэй холбогдвол Цагаан хаданд нүүрс овоолж, нүүрсний хорогдол үүсгэх, орчныг бохирдуулах шаардлага үгүй болно. Авто тээврээр нүүрс тээвэрлэх эрэлт ч буурна. Учир нь төмөр зам хамгийн хямд тээвэрт тооцогддог юм.


“ЭТТ” ирэх сарын 1-нээс нүүрсээ хил үнээр худалдах ТҮҮХЭН ШИЙДВЭР гаргав
2023-01-03 09:00:59
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0