Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа цар тахлын эсрэг гурван жилийн турш хэрэгжүүлсэн хатуу дэглэм болон аялал жуулчлалын хязгаарлалтаа цуцалсан Хятад Улсын 2023 оны эдийн засгийн төлөв байдлын талаарх мэдээллийг онцолж байна.
Шинжээчдийн таамагласнаар, хөл хориог сулруулсны улмаас халдварын тархалт нэмэгдэж, өвчлөл ихсэх тусам тус улсын аж үйлдвэрлэлийн индекс 50 нэгжээс доошлох нь тодорхой байгаа аж. Аж үйлдвэрлэлийн индекс нь үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаа хэр идэвхтэй байгааг тодорхойлдог бөгөөд 50 нэгжээс доошилбол аж үйлдвэрийн гарц багасна гэсэн үг. Ийнхүү гарц буурахын хэрээр түүхий эдийн эрэлт багасч, зэс тэргүүтэй металлын ханшид сөргөөр нөлөөлөх билээ.
БНХАУ-ын эдийн засаг 2023 оны эхний улиралд удааширч, сүүлээр илүү хүчтэй сэргэх боломжтой гэж шинжээчид үзэж байна.
Bloomberg”-ийн эдийн засагчид 2023 онд БНХАУ-ын эдийн засаг 4.8 хувиар өснө гэж таамаглажээ. Харин Хятадын хэд хэдэн гол муж, хотуудын ихэнх нь 2023 онд эдийн засаг 5-аас дээш хувийн өсөлттэй байна гэж төсөөлж буйгаа зарлав.
Хятадын эх газрын хамгийн чинээлэг хот болох Шанхай өнгөрсөн Лхагва гаригт энэ онд эдийн засгийн өсөлтийг 5.5 хувьд хүргэхээр зорьж байгаагаа зарлав. Тус хотын дарга Гонг Жэний мэдээлснээр, өнгөрсөн онд тус хотын эдийн засаг гурван хувиар өсчээ. Салбараар нь авч үзвэл, зочид буудал, нийтийн хоолны салбар хамгийн их хохирол амссан бөгөөд 2022 онд нийт орлого нь 63 хувиар буурсан байна. Энд онд юанийн болон хил дамнасан худалдааг хөгжүүлэх зорилт тавьжээ. Мөн өдөр Фүжянь, Сычуань, Хэбэй мужууд 2023 онд эдийн засгийн 6 хувийн өсөлтийн зорилтоо зарласан бол Зянши муж 7 хувьд хүргэх илүү амбицтай зорилт дэвшүүлсэн байна.
Хятадын Ардын банк энэ оны эхний улиралд бодлогын хүүгээ бууруул, мөнгөний зөөлөн бодлого баримтлах магадлал өндөр байгаа ажээ.
Ингэснээр юанийн ханш бусад валютын эсрэг суларч, хөрөнгө оруулалт, экспорт нэмэгдэнэ. Юанийн ханш суларснаар богино хугацаанд эдийн засгаа сэргээх зорилготой БНХАУ-ын эрх баригчдын хувьд хамгийн үр дүнтэй бодлого байх магадлалтай.
Хятадын Засгийн газар зээлийг хязгаарлах арга хэмжээ авсны дараа үл хөдлөх хөрөнгийн салбар нь удаа дараалан дефолттой нүүр тулж, борлуулалт нь доод түвшинд хүрсэн. Энэ жилийн хувьд Хятадын эрх баригчид дотоодын барилга, эрчим хүчний салбарт түлхүү хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.
Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үүссэн хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор БНХАУ-ын эрх баригчид дуусаагүй барилгын төслүүдийг дэмжих бодлогын арга хэмжээ авахаар төлөвлөсөн байна. Мөн хүртээмжтэй өсөлтийг дэмжих, нийлүүлэлтийн сүлжээг илүү үр ашигтай болгох зорилгоор орчин үеийн логистик систем бүтээх төлөвлөгөөгөө танилцуулсан билээ.
БНХАУ-ын эрх баригчид 2023 онд дотоод эрэлтийг дэмжих, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлд түлхүү анхаарахаа мэдэгдэв. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2035 он гэхэд хөгжингүй орны түвшинд хүргэх зорилт дэвшүүлсэн. Үүний тулд эдийн засгийн өсөлтийг 5 хувиас бууруулахгүй байх шаардлагатай ч “Тэг-Ковид” бодлого болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралаас шалтгаалан эдийн засгийн өсөлт энэ онд 5 хувиас бага түвшинд хадгалагдах эрсдэлтэй байгаа аж.
Шинжээчид Хятадын төсвийн алдагдал түүхэн дээд түвшинд хүрч, Засгийн газрын өрийн тогтвортой байдал алдагдах эрсдэл өндөр байгаа тул төсвийн тэлэх бодлого хэрэгжүүлэх орон зай бага байгааг анхааруулжээ.
Хэдийгээр БНХАУ-ын Засгийн газраас үл хөдлөх хөрөнгийн салбараа дэмжих шат дараатай арга хэмжээг авсан хэвээр байгаа ч асуудал бүрэн шийдвэрлэгдэхэд хугацаа шаардлагатайг шинжээчид онцолжээ.
Эх сурвалж: CNN, XINHUA, FITCHRATINGS