Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ы тэргүүн, улсын заан Ц.Магалжавтай цаг үеийн асуудлаар товч ярилцлаа.
-Үндэсний их баяр наадмын тухай хууль удахгүй батлагдах гэж байгаа. Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-оос оруулсан саналууд хуульд тусгагдсан уу?
– МҮБХ-ноос Баяр наадмын тухай хуульд 2021 онд саналаа өгсөн. Бидний энэхүү саналд сум, аймаг, улсын баяр наадмыг нэг өдөр хийх. Ингэснээр аймаг, сумын наадмыг улсын баяраас өмнө эсвэл хойно зохион байгуулж, том цолтой бөхчүүд нь очиж үймүүлдэг зохисгүй явдлыг таслах мөн нэг өдөр хийх тул их ойтой 10 жил тутамдаа улсад 1024 бөх барилдах боломжтой болох. Өөрөөр хэлбэл, таван жил тутам 1024 бөх барилдахад энэ хугацаанд 4-5 аварга цолтон гарч, үүнээс болж бөхчүүд дунд үүсээд байгаа хоёр удаа 9 давж түрүүлсэн аваргыг нэг удаа 10 давсан аваргатай ямар шалгуураар адил эрэмбэтэй гэж тооцож байгаа зэрэг ойлгомжгүй асуудлууд байсныг хуульчлах юм. Мөн допингийн шинжилгээг дөрөв давсан бөхчүүдээс авах, шинжилгээний хариу гарсаны дараа цол олгох, наадмаар цолны батламж олгох санал байсан. Хууль хэлэлцэж байх явцад УИХ-ын гишүүдийн гаргаж байгаа саналаар допингийн зөрчил гаргасан бөхөд оногдуулах хариуцлагыг шууд хуульд тусгаж цолыг наадмын өдрөө өгөх зэрэг саналууд нэмж гарч байна. Дараагийн нэг асуудал бол сум, аймгийн найраа будлианаас болж наадмаа хаалттай хийж зэргэлдээ сумын, өөр аймгийн бөхийг барилдуулахгүй болсон. Энэ даамжирвал илүү муу нөхцөл байдал үүснэ. Бид нэг үндэстэн тул бөх хаана ч очиж барилдах боломжийг хуулиар зохицуулж, зохион байгуулалт биелэлтэд МҮБХ орж ажиллах. Энэ санал хуульд орж дэмжигдэж байгаа. Үзэгчид бөх сонирхогчид ч бас харьцуулалт гаргаж шүүмжилж байна. Өөрөөр хэлбэл аймаг, сум наадмын барилдаанаа хаалттай хийж цөөн тооны өөрийн нутгийн бөхөө барилдуулахаар шинэ цолтонгууд нь өмнөх үеийн бөхчүүдийн хэмжээнд барилдахгүй, мөн тухайн нутгийн бөхийн хөгжил өрсөлдөөнгүйн улмаас сайжрахгүй байх талтай гэж үзэж байна. Аймгийн наадамд 2-3 түрүүлсэн хурц арслангууд болох Ш.Мөнгөнбаатар, Н.Золбоо, А.Алтанхуяг нар заал танхимд яаж барилдаж байсанг бөх сонирхогчид одооны залуу бөхчүүдтэй жишээд, хөгжлийн дагуу залуучуудын амжилт өгсөж байх ёстойгоос буурч болохгүй гэсэн зүй ёсны шаардлагыг тавьдаг.
Бид бөхөө илүү хөгжүүлье гэвэл жалга довны үзлээс салах хэрэгтэй.
-Жалга довны үзэл бол Монгол бөхийг муухай харагдуулах зүйл. Зарим бөх сонирхогчид нутгийн бөхөө буруу үйлдэл гаргахад өмөөрөх хандлагыг хэт илэрхийлдэг. Энэ наадмаар монгол туургатан бөхчүүд барилдана гэсэн яриа гарч байна. Энэ талаар?
-Бид өөр сум, аймгийн бөх барилдуулахгүй хаалттай нээлттэй наадам, допингийн хэрүүл зэрэг нэг талаас харвал жижиг, нөгөө талаас муу уршиг ихтэй, том өв уламжлалаа бүдгэрүүлэх асуудлуудыг, хуулийн нарийн зохицууулалтгүй явж ирснээс үүнийгээ тойроод маргаад байдаг. Иймд одоо бүх зүйлээ өөрчлөхөөс аргагүй.
Сүүлийн үед монгол дээл өмссөн зарим нь бүр монгол бөхийн малгайтай хүмүүс хятад хэлээр ярьж монгол ахуйг харуулсан соёлын контент олон нийтийн цахим сүлжээгээр их гарч байна. Үүнд бид анхаарах хэрэгтэй.
Монгол бөхөөрөө барилдаж, сурталчилж байгаа гадаадад байгаа монголчуудаа, монгол туургатныг урамшуулах, алдаршуулах зайлшгүй шаардлагатай. Бид үндэсний бөхөө илүү сайнаар сурталчлах хэрэгтэй. Иймд МҮБХ-ноос хэд хэдэн ажлыг ойрын үед зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнийг дурдвал,
Энэ жилийн улсын наадамдаа монгол туургатан болох Буриад, Өвөрмонгол, Халимаг, Тува бөхчүүдээ урьж оролцуулан барилдуулах боломжийг нээх,
21 аймгийнхаа наадамд монгол туургатан 1-2 бөх барилдуулах саналыг салбар холбоодоороо дамжуулж наадам зохион байгуулах комисст нь хүргүүлэх,
Наадмын өмнө өөр өөр ажил мэргэжлийн залуучуудыг хамруулсан 512 залуу бөхийн барилдааныг зохион байгуулах, тэднийг шагнаж урамшуулах,
Мөн наадмын өмнө 9-14 насны хүүхдүүдийн барилдааныг нас бүрээр зохион байгуулах,
Европ, АНУ-Канад, Япон-Солонгос-Автралийн Монголчуудынхаа 3 том наадамд оролцогсод, өв соёлоо тээгч бөхчүүд, жаяг дэгийн багийнхандаа МҮБХ хүндэтгэл үзүүлэх,
Намар 10-р сараас тэгш саруудад зохиогдох багийн цуврал барилдаанд оролцох 32 багийн 2-3 багийг өвөрмонгол, тува, буриад бөхчүүдээр бүрдүүлэх зэрэг ажлуудыг үр дүнтэйгээр хийхээр төлөвлөж байна.
Спорт таавар, бооцооны тухай хууль даруй батлагдвал бай шагнал өндөр энэ барилдаанаар хөрш орнуудад байгаа монгол туургатанууд бооцоо тааварт оролцож, бөхийн сурталчилгаанд эерэг нөлөөг үзүүлэхээр байгаа. Мөн одоо манай барилдаж байгаа залуучууд цалингаас гадна бөхийн барилдаанаар орлогоо нэмэгдүүлэх боломжтой.
-Наадмын хуультай хамт дагаж мөрдөх журмын тухай хууль гарч бөхчүүдэд цол олгогдох асуудал яригдаад байсан энэ талаар ?
-Бид харийн дарлалаас 1921 онд гарч, тусгаар улс хэмээж нийт ард олноор баярлаж наадмаа хийж ирсэн. Энэ жил 101 жилийн ой болох гэж байгаа. Өнгөрсөн 100 жилд улс маань хөгжиж дэвшиж л явна. Бас 100 жилд бөхийн түүхэнд янз бүрийн л асуудал гарч байж. Үүнийгээ томоор харцгаая. Энэ 101 жилээс эхлээд бөхийн талаар гаргаж байсан бүх санал, хүсэлт, гомдол байдаг бол цэгцэлчихье. Төр засагтаа нийгмийн гарал, эрхэлж байгаа ажил алба зэргээсээ болж ялгаварлан гадуурхагдсан ахмад үеийн бөхчүүд байсан. Үүний жишээ нь, Мөнгөнморьтын Номчийн хэмээх Чимэд арслан, Завханы Цэргийн хэмээх Шагж, Дэмид жанжны бөх Лхагва арслан зэрэг бөхчүүд байна. Өрөвдмөөр, харамсмаар түүхтэй байдаг. Шагж гуай 1927 онд 9 давж үзүүрлэж заан, 1928 онд 8 давсан, 1929 онд дахин 9 давж үзүүрлэхэд нь арслан цол өгч, 1930 онд 10 давж түрүүлэхэд нь цол өгөөгүй. Иймд гомдсон байх 1931 онд өөрийн Их-Уул сумандаа түрүүлж, 1932 онд буудуулсан байдаг. Тэрээр улсын наадамд 4 удаа л барилдсан нь харамсалтай. Гандангийн ч гэдэг Л.Чимэд арслан 9, 10, 9 давж түрүүлж, үзүүрлэсэн байна. М.Лхагва гуай 1931 онд 9 давж үзүүрлээд арслан цолтой болж, дараа нь 1933 онд 10 давж түрүүлсэн, 1939 онд 8 давж үзүүрлээд Дэмид жанжны бөх гэж улс төрийн хэргээр шоронд долоон жил хоригдсон.
Энэ хэлмэгдүүлэлт, нугалааны талаар үндэсний бөхийн холбоонд сум орон нутаг, ах дүү төрөл төрөгсөдөөс нь санал хүсэлт ирдэг.
Энэ ахмад бөхчүүд, мөн 100 жилийн түүхийн хугацаанд уламжлан ирсэн улсын цолны болзол, өгөөд буцааж авсан цол, наадмыг таслахгүй хэмээн зохион байгуулсан барилдаанд амжилт гаргасан бөхчүүд болон одоогийн даваа бүрийг цолтой болгосон хуульд заасан амжилтыг гаргасан ахмад бөхчүүдийг түүхэнд авах ёстой цолоор үлдээх нь зөв юм гэж МҮБХ-ны тэргүүлэгчид үзсэн юм. Үүнээс болж улс нийгэмд, хэн нэг иргэнд хохиролтой зүйл огт байхгүй. Энэ тухайгаа бид уламжилсан. Одоо наадмын хуулиа УИХ-аар зөв батлуулъя гэж зорьж байна.
Мөн Монгол улс 2007 онд олон улсын допингийн эсрэг конвенцид нэгдсэн. Манай олон засгийн газар энэ конвенцид нэгдсэнийхээ үүргийг гүйцэтгээгүй.
Энэ нь Үндэсний журмаа гаргаж мөрдөөгүйн алдаа байсан. Иймд допингийн талаар наадмын хууль, олон улсын дүрэм, холбоодын журам гээд зөрчилдөх зүйлүүд гарч эхэлсэн. Засгийн газар үндэсний журмаа одоо батлах гэж байна. Тэгэхээр допингийн асуудал цэгцэндээ орох бололтой.
Допингийн асуудал цэгцэндээ орно |
|