АН-ынхан 2025 оны наймдугаар сарын 31-нд хуралдаж О.Цогтгэрэлийг намын даргаар сонгосон. Тэрээр УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажилладаг. Нэгэнт, АН-ын даргаар сонгогдсон болохоор энэ ажлаа өгнө. Эх сурвалжийн мэдээллээр, АН-ын өмнөх дарга Лу.Гантөмөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга болох бололтой.
Харин О.Цогтгэрэлийг Дээд шүүх бүртгэснээр албан ёсоор АН-ын дарга болно. Ямар ч байсан Лу.Гантөмөр 2025 оны есдүгээр сарын 3-нд О.Цогтгэрэлийг бүртгүүлэх өргөдлөө өгч, Дээд шүүх “...АН-ын дарга Лу.Гантөмөрөөс намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх агуулгатай өргөдөл ирүүлэв” хэмээн мэдээлжээ. Дээд шүүх одоогоор уг асуудлыг хэлэлцээгүй байна.
Гэхдээ, Дээд шүүх АН-ын даргыг бүртгэж таарна. Түүний дараа тус намын шинэ Үндсэн дүрмийг бас хүлээж авч баталгаажуулна.
Тэгээд АН-д бүтцийн өөрчлөлт явагдана. Ийм зураглалыг АН-ынхан гаргаад “хувийн бэлтгэл”-ээ базаацгаагаад эхэлжээ.
Мэдээж, ҮБХ-ны гишүүд шинэчилэгдэнэ. Аймгуудын АН-ын дарга нар ч шинээр сонгогдоно. Дор бүрнээ л хариуцлага нэхсэн дотоод сонгууль энэ намд явагдана.
Эдгээрээс хамгийн ихээр анхааралд байгаа нь “...АН-ын генсек хэн болох вэ” гэдэг байгаа юм. АН-ын үе үеийн төлөөллөөс генсекийн төлөө өрсөлдөх төлөвтэй байна. Бас, Улс төрийн зөвлөлийг шинэчлэх асуудал АН-ынхан дунд хурцаар яригдаад эхэлжээ.
Өөрөөр хэлбэл, АН-ын генсек, мөн Улс төрийн зөвлөлийн гишүүдийн сонгуультай холбоотойгоор АН дахь хуучин фракцууд задарч, дахин шинээр бүрдээд эхэлсэн байна.
Тухайлбал, 2024 оны сонгуулийн өмнө сүр дуулиантай нэгдэж, “...АН дахь хамгийн том фракц” хэмээн зарлаж байсан “Нэг Монгол” таржээ. Ер нь л, АН-ын фракцууд энд тэндгүй хөдөлж, яг одоо бол хэн хэний бүрэлдэхүүнтэй, хэдэн фракцтай болж байгаа нь тодорхойгүй байна. Ямартай ч МАН шиг 1980, 1990-ээд оныхон, магадгүй 2000-аад оны гишүүд голлосон томоохон фракцууд бий болох шинжтэй байна. Энэ үеийнхний ярьж буй гол асуудал нь “...Манай намын ах нар намынхаа залууст боломж олгохгүй байна. Одоо болно шүү дээ. О.Цогтгэрэл дарга үүнийг онцгой анхаараасай. Үндсэн дүрэм шинэчлэгдсэний дараа хийх намын дотоод зохион байгуулалт, сонгууль дээр намдаа үе шинэчлэх, залууст боломж бололцоо олгох тал дээр ажиллаасай” гэцгээж байгаа юм. Эндээс үзвэл, энэ удаад АН-д залуусынх нь улс төр давамгайлах бололтой. Тэд амбицаа нуухгүй байгаагаас тэгж дүгнэж болно.
Тэгээд ч, АН-ын дарга О.Цогтгэрэлийн тухайд дөнгөж сонгогдоод “…УИХ-ын 2028, 2032 оны сонгуульд дараалж давхар ялах улс төрийн амбиц, зорилго хамтаараа тавих ёстой. Дараалж ялна гэдэг нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгуульд ч ялах ёстой гэсэн үг. Ингэж байж ардчилсан тогтолцоо, хувийн өмчийг дээдэлсэн, хүний эрхийг дээдэлсэн, жижиг төрийг дээдэлсэн тогтолцоо сонгуулиас сонгуулийн хооронд батжих ёстой гэсэн ийм л тодорхой зорилтыг нөхөддөө уриалж байгаа” гэчихсэн. Энэ бол улс төрийн маш том амлалт юм. Үүнийг нь АН-ынхан, олон нийт ч маш их анхаарч хүлээж авсан. Тиймээс, АН-ын дарга О.Цогтгэрэл намаа амласан “давхар ялалт”-даа хүргэхийн тулд сайн багтай явах ёстой. “…Долоо хэмжиж нэг огтол” гэдэг шиг сайтар бодох шаардлагатай гэсэн үг. Эс тэгвээс, АН-ынхны өөрсдийнх нь хэлдгээр “дотоод ардчилал” нь бас л чанга шүү дээ.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
| АН-ынхан шинэ бүтэцдээ бэлдэж фракцууд нь шинээр бүрдээд эхэллээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24