Улс төр судлаач, нийтийн удирдлагын магистр С.Өнөртэй улс төрийн цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд намрын улс төр Ерөнхий сайдын захидлаар халж байх шиг. Ер нь улс төр судлаач хүний хувьд яг одоогийн Монголын улс төр ямар уур амьсгалтай өрнөж байна гэж харж байгаа вэ?
-Найр наадам, ойн баярууд шувтарч, намрын чуулган нээгдмэгц хэлэлцэх нэн чухал асуудал бол улсын төсвийн хэлэлцүүлэг. Ерөнхий сайд Г.Занданшатар өмнө нь УИХ-ын дарга байхдаа ч пи-арын хувьд идэвхтэй нэгэн байсан. Энэ утгаараа хичээлийн шинэ жилийг пи-араар эхлүүлж байх шиг. Магадгүй 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч нэр нь дурдагдаж буй кандитат. Харамсалтай нь боловсролын салбарын бодит байр байдал ямар байгаа, өнгөрсөн 30 гаруй жил манай улс боловсролоо хэрхэн хөсөр хаясны ул мөр одоо хүчтэй илэрч эхэлж байна. Ерөнхий сайд төсвийг ард түмэнтэйгээ хэлэлцэнэ гэж дурдаад, олон нийтээс санал аваад амжсан. Наймдугаар сарын 3-ны байдлаар 37 мянга гаруй иргэн санал өгсөн мэдээ байна. Өнгөц харвал ард түмний оролцоог хангаад аятайхан. Энд хэд хэдэн асуудал байгаа юм. Нэгдүгээрт, олон нийтийн саналд дурдагдсан зүйлсийг төсөвт тусгана гэх баталгаа байхгүй. Тиймээс санал орж ч болно, орохгүй ч байж болно. Энэ утгаараа улстөрчдөд таалагдсан санал “ард түмний хүсэл зорго” болж, таалагдаагүй нь дарагдах боломжтой. Хоёрдугаарт, гүйцэтгэх засаглал хууль тогтоох засаглалаа даваад ард иргэд рүүгээ шуу д“хандраад” байж болохгүй. Учир нь ЗГ-ыг УИХ-аас байгуулдаг ба УИХ-ын өмнө ажлаа хариуцна. Тэгэхээр УИХ-ын чиг үүргийг тодорхой хэмжээнд “булааж” байна гэж ойлгож болох нь. Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлд маш тодорхой заасан зүйл. Өнгөц сонсоход нэг ноцтой биш боловч, засаглал хуваах, хяналт-тэнцвэрийг алдагдуулах эрсдэлтэй. Жижигхэн ч гэсэн иймэрхүү үйлдэл алсдаа “хорон” үр дагавартай. Гуравдугаарт, төсөвт саналаа өгөхийн тулд мэдлэг, мэдээллээр манай иргэд хэр сайн хангагдсан бэ. Төсвийн тоо, танилцуулга гэж 300 гаруй нүүр pdf файл байдаг. Тэрийг нь дундаж иргэн битгий хэл, мэргэжлийн эдийн засагч харсан ч дундаас нь юм гаргаж авахад бэрх. Төсвийн төдийгүй, төрийн бүх шатны үйл ажиллагаа, тоо мэдээ, тайлангийн ил тод байдал, өгөгдлийг эмх цэгцтэй хадгалах, түгээх тухай бүр тусгайлан ярих шаардлагатай. Нэмээд Төрийн болон албаны нууцын тухай хууль гээд “даам” гарчихсан зүйл байна даа.
-АН-ын хувьд мэдээж даргаа солилоо. Улс төрд тодорхой жишиг тогтоосон гэдгийг зарим хүмүүс хэлж байна. Таны хувьд АН-ын даргын сонгууль болон улс төрийн намын тухай хуульд нийцүүлж дүрмээ баталж байгаа үйл явцыг хэрхэн үнэлж байна вэ?
-Монголын улс төрийн соёлд дэвшил мөн. Ардчилал, засаглал сайтай оронтой харьцуулбал хийх ёстой юмаа л хийж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, бидний хүлээдэг норм, шаардлагыг ихэд доош унагасан учраас жаахан аятайхан юм хийхэд л сайхан, сайн харагдаад байгаа хэрэг. Яах вэ, чамлахаар чанга атга гээд явж болох. Дөрвөн нэр дэвшигчийн мэтгэлцээнийг анхааралтай сонслоо. “Үзэл санаа” гэдэг үгийг их хэрэглэж байгаа нь сайшаалтай ч, хоосон, нэр төдий байна. Баруун төвийн гэж ирснээ удаа ч үгүй “төрөөс дэмжих” гэсэн социалист өнгө аяс цухалзуулах жишээтэй. Ил тод байдал, дотоод ардчилал, зөв засаглал, хяналт-тэнцвэр гэх мэт үгс ховорхон унав. Ядаж энэ дөрвөн нэр дэвшигчийн мэтгэлцээний бүрэн текстийг хаана ч гаргаж тавиагүй байна. Угтаа орчин цагийн машин сургалтын аргаар хүний төрөлх хэл ярианд шинжилгээ (natural language processing) хийх боломж аль хэдийнэ гарчихсан. Гагцхүү өгөгдлөө сайн цуглуулж чадахгүй учраас шинжилгээ жаахан тааруу байна. Намын дотоод ардчиллын асуудал таг харанхуй байна аа. Намын гишүүдэд ч, олон нийтэд ч тэр. Товчхондоо Монгол дахь улс төрийн намыг “зөвлөлт” хэв маягийн, хаалттай нам гээд байдаг нь оргүй зүйл биш.
-АН даргаа сонгосонтой холбоотойгоор одоо МАН бас даргаа соль гэдэг шахалтыг улс төрийн хүрээнд хийж эхэллээ. Ер нь намуудын дарга солигдох нь улс төрд ямар нөлөө үзүүлдэг юм бэ?
Маш товчхондоо нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэр өөрчлөгдөхгүй л болов уу. Лу.Гантөмөр О.Цогтгэрэл хоёрын хооронд яг ямар том ялгаа байна вэ. Өмнөх МАН, АН-ын дарга нар өөрчлөгдөхөд улс төрийн соёлд томоохон өгсөлт, уруудалт бий болов уу.
Өөрөөр хэлбэл, намын засаглал, дотоод ардчилал, ил тод байдал зэрэгт өөрчлөлт орохгүй бол намын дарга солигдлоо гээд дорвитой өөрчлөлтийн салхи дэгдэхгүй. С.Эрдэнийн АН, Лу.Гантөмөрийн АН хоёрт ямар том ялгаа байсан бэ? У.Хүрэлсүхийн МАН, Л.Оюун-Эрдэнийн МАН хоёрын хооронд илтэд мэдрэгдэх соёл, засаглал, институцийн зөрүү байв уу. Манай улс төрийн манлайлагчдад үнэхээр цэгцтэй, дэгтэй, сайтар боловсруулсан улс төрийн философи, тунхаг, хөтөлбөртэй хүн хэн бэ. Байлаа гэхэд тэрнийгээ уйгагүй олон нийтэд ойлгуулж, түгээж, дэмжлэг татаж байна уу?
-Намуудын дарга солигдох үйл явцад эрх мэдэл бүхий улс төрийн том нөлөөлөл оролцох боломж ямар байдаг бол?
-“Тамхины цэг”-ийн яриагаар төр улсын хэргийг ярихдаа тулчихсан нь харамсалтай. Мэдээж улс төр, бизнест албан бус, хувь хүн хоорондын тохиролцоо байдаг. Гэхдээ дийлэнх чухал шийдвэр ийм албан бус зүйл рүү хумигдаад ирвэл тун ч хортой. Дундаж иргэн энэ мэдээллийг яаж шалгах вэ. Мэдлээ гээд ямар ач холбогдол байх вэ. Хардлаа гээд ямар үр дүнд хүрэх вэ. Солонго хөөж гүйхтэй л адил зүйл. Тэгснээс илүү барьцтай, биетэй зүйл рүү анхаарлаа хандуулах хэрэгтэй. Эсвэл мэдээллийг илүү барьцтай, биетэй буюу ил тод болгохын төлөө ажиллавал илүү үр дүнтэй. Америк ч юм уу бусад өндөр хөгжсөн эдийн засаг сайтай улс орнуудад ямар нам эрх барьж, ямар нам сөрөг хүчин хийж, тэдгээр намуудыг хэн даргалж байгааг бид анхааралтай ажигладаг. Үүн шиг Монголын улс төрийг анхааралтай харж байгаа байх. Одоо АН, МАН-ын дарга солигдоод ирэхээр гадаад нөхцөл байдалд ямар нөлөө, ямар өөрчлөлт бий болох бол. Жишээ нь, МАН-ын дарга Ерөнхий сайд болчихвол Оростой харилцах харилцаа сайжрина ч гэдэг юм уу, ийм геополитикийн улс төрийн өөрчлөлт ажиглагдах уу. Орос, Хятад тус тусынхаа гадаад бодлогыг үргэлжлүүлэн барина. Удирдагч нар нь ч ойрын ирээдүйд солигдох шинжгүй байна. Монголын жишээг харъя. С.Эрдэнэ дарга болсон цагаас АН-ын байр суурь улам хуваагдсан ч бодлогын чанартай өөрчлөлт гараагүй. МАН-д У.Хүрэлсүх дарга болсон ч намын бодлого, институцийн соёл урьдын хэвээр үлдсэн. Л.Оюун-Эрдэнийн үед мэдэгдэхүйц юу өөрчлөгдөв? Лу.Гантөмөр АН-ын дарга болж байсан ч намын дотоод ардчилал, ил тод байдлын асуудал шийдэгдээгүй хэвээр байна. Энэ нь манайд “хүн солигдох” нь бодит институцийн өөрчлөлтөд хүргэдэггүйг харуулж байна. Гадаадын жишээтэй харьцуулбал, Японд Либерал ардчилсан намын дарга нар ойр ойрхон солигддог ч бодлогын чиглэл үндсэндээ өөрчлөгддөггүй. Харин Их Британид Тереза Мэйгээс Борис Жонсон солигдох үед Brexit-ийн асуудалд илүү хурц өөрчлөлт гарч байсан. Энэ нь зарим улсад даргын өөрчлөлт бодлогын эрс шинэчлэл авчирч чаддаг бол, манайд ихэнхдээ институцийн хомсдолоос болж зөвхөн хүний солигдолт төдий үлддэгийг харуулж байна.
-МАН-ын даргын сонгууль дотооддоо нэлээд бужигнаантай байгаа гэж сонссон. Даргын сонгуулиас үүдэлтэй хагарал, зөрчилдөөн Засгийн газрыг унагах суурь болох эрсдэл бий юу?
-Прагматик өнцгөөс харвал МАН 27 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө засгаа унагах нь ямар ч ашиг тусгүй. Бужигнаж байгаад сонгуульд ялагдчихвал 28 онд парламентын сонгуульд ч ялагдах магадлал өснө. Үүнийг тооцож байгаа болов уу. Тиймээс хэдий зөрчилдсөн ч зөв харж инээж, буруу харж уйлж байгаад сонгуулиа давах байх.
-Ер нь намуудын тэр дундаа томоохон улс төрийн хүчний удирдлага сонгогдох тэрхүү процесс Монголд яг дүрмийнхээ дагуу шударга, өрсөлдөөнтэй болдог уу. Эсвэл аль хэдийнэ шийдэгдсэн асуудлыг дүр эсгэсэн сонгуулиар ард түмний нүдийг хуурч хийдэг үү?
-Өмнө дурдсанчлан манайх “зөвлөлт” хэв маягийн намтай учраас сонгууль фасад шинжтэй явдаг гэхэд хилсдэхгүй. АН-ын ганц нэг сонгууль ихэд “ширүүн” өрнөж байсан нь магадгүй илүү шударга, өрсөлдөөнтэйн шинж байх. МАН-д бол тийм зүйл байхгүй. Язгуур шалтгаан нь намын дотоод ардчилал, ил тод байдалгүйгээс л үүдэлтэй. Ил тод гэдэг нь намын гишүүд төдийгүй, олон нийтэд ил тод байх тухай юм. Ийм дотоод ардчилал, ил тод байдалгүй бол бүх зүйл урьдаас төлөвлөсний дагуу явна, намын хурал нижгэнэсэн алга ташилт, цэцгийн баглаа, тэврэлт, үнсэлтээр л дүүрэн байх болов уу даа.
-Намын дарга хүн ер нь хэрхэн ажиллах нь зөв бэ. Өнөөгийн Монголын улс төрийн намын төлөвшил, институци болох асуудлыг ямар бодлогоор хийж чадах вэ. Зарчмын хувьд…
-Намын даргын эцсийн бөгөөд туйлын зорилгыг прагматик өнцгөөс харвал мэдээж намаа ялуулах. Энэ бол ил харагдаж байгаа хэсэг нь. Харин төрийн зүтгэлтэн, сайн улстөрч, улс төрийн өв үлдээх гэж байгаа бол дахиад илүү зүйл, холын зорилго бодох ёстой юм болов уу. Өнгөрсөн сонгуульд МАН, АН ялаад л байлаа. Ерөөс энэ хоёрын нэг нь л ялж байв. Энэ хугацаанд манай улс төрийн соёл, төрийн институци, засаглалын чанар сайжрав уу? Уруудсан шүү дээ. Нам ялж л байдаг, ялагдаж л байдаг. Харин бидний үе юу үлдээх вэ? 50 жилийн дараа яах вэ? Бидний түүхэн үүрэг юу вэ гэдийг улс төрийн шинжлэх ухаан, философийн үндэстэй бодож сэтгэх ёстой. Сайн менежер байж болно. Үр ашигтай зохион байгуулагч байж болно. Ирэх сонгуульд ялж болно. Гэхдээ хангалтгүй. Нэмээд алсын хараатай лидер байх ёстой. Намын идеологи, сэтгэлгээ, философийг бэхжүүлж, энэ нь эцэстээ иргэдийн амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, бүтээмж, аз жаргалыг нэмэгдүүлэхэд чиглэх ёстой. Хамгийн түрүүнд зоригтой хийх ёстой алхам бол ил тод байдал, дүрмийн засаглалыг хангах, цаашлаад намын гишүүд, дэмжигчдийнхээ боловсрол, мэдлэгийг тэтгэх юм болов уу. Ил тод байдлын тухай өмнөх хэсэгт дурдсан тул, нуршилгүй орхиё. Дүрмийн засаглалын хувьд аливаа асуудлыг аль болох албан институциэр шийдэж сурах, дүрмээ боловсронгуй болгох, дотоод хяналт-тэнцвэрээ сайжруулах чиглэлд ажиллах учиртай. Ингэхгүй бол албан бус тохироо, хуваагдал, цуурхал, хардалт, сэрдэлт ихэсдэг. Шударга байя, хулгайгүй байя гэвэл ил тод, дүрмээр засаглахаас өөр аргагүй. Харанхуй гудамж, хуульгүй газарт л гэмт хэрэг цэцэглэнэ. Цаашлаад, манай намын гишүүн гэж буй идэвхтэй залуусын нэлээд хэсэг нь улс төр, эдийн засаг, нийгмийн ухааны суурь мэдлэг тааруухан. Нухацтай сэтгэх чадвар муу. Энэ үед дарга нар манипуляци хийдэг, эсвэл дарга нар цүнх баригч цуглуулах сонирхолтой болдог. Үндсэндээ “Чи ямар ур чадвар, үзэл бодолтой байх нь чухал биш, гагцхүү надад үнэнч бай” гэх феодал маягийн схем угсарчихаар урвалт, шарвалт, хор найруулах үзэгдэл буюу “дотоод улс төр”-өө дийлэхээ байчихдаг. Ингээд эрүүл орчин, хөгжиж дэвших боломж хумигдаж, зарим ирээдүйд сайн улстөрч, төрийн зүтгэлтэн болохуйц залуус улс төрийг орхиход хүрдэг.
-Ер нь Монголын улс төрийн ирж байгаа сорилтыг та юу гэж харж байгаа вэ?
-Монголын улс төрийн хамгийн том сорилт бол ил тод байдал, дүрмийн засаглалын дутагдал юм. Богино хугацаанд нам ялах, дарга солигдох зэрэгт бус харин ирэх 50 жилийн дараа бид ямар институци үлдээх вэ гэдэгт анхаарах шаардлагатай. Энэ бол бидний үеийн түүхэн үүрэг гэж бодож байна.
ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
Эх сурвалж: Өдрийн сонин
Судлаач С.Өнөр: Монголын улс төрийн хамгийн том сорилт бол ил тод байдал, дүрмийн засаглалын дутагдал юм |
2025-09-09 12:27:52
2025-09-09 12:23:36
2025-09-09 12:22:32
2025-09-09 08:56:57
2025-09-08 11:53:12
2025-09-08 11:01:04
2025-09-08 08:23:08
2025-09-05 11:19:22
2025-09-05 11:18:48
2025-09-05 11:17:54