Баасан, 2024-12-27
Хүйтнийг хүсэж, оргилд тэмүүлэгч сарлаг

Сагсгар сүүлээ мандуулаад, савгаа намируулан тонгочин оодогнох нь өхөөрдөм ч халуун хошуут амьтдаас тэр л хамгийн онгироо нь. Тийм гэхийн аргагүй сүрийг үзүүлэн дур зоргоороо аашлах нь гайхмаар. Анх харж байгаа хүнд айдас төрж мэдэхээр сүрлэг. Энэ амьтныг монголчууд сарлаг, кыргизчүүд топос, төвдүүд яага гэж нэрлэдэг.

Би сарлагтай нутгийн хүн биш. Гэхдээ өвөөгийнд маань гурван сарлаг байдаг байлаа. Сарлаг нэг онгирч, зүрх нь хөөрвөл тайвширах гэж нэлээд юм болно. Бага байхад саахалтаас сарлагийн бух хагшиж ирэх үеэр манай айлууд бөөн бужигнаан болдог байв. Айлын бухтай  мөргөлдөөд эхэлбэл хэдэн цагаар ч хамаагүй хавь орчноо түйвээдэг юм. Шөнө мөргөлдөөд гэр дайрч унагаах шахна. Үхэр, тугал үймж, зэл авахуулах, наанаас нь хүн хашгирч, гууглаж байгаа нь тэдэнд огтхон ч хамаагүй. Өглөө нь энд тэндхийн газар онгилж шороо, тоос болсон сүрдмээр амьтад булгийн эхэнд хэдэн тийшээ хараад хэвтэж байдаг байв. Шартай гэж жигтэйхэн. Өрсөлдөгчөө заавал буулгах гэж улайрна. Үүний тулд их сүрийг бадруулсан саваг түүнд байдаг биз. Ингэж сагсуурч, онгирсны эцэст тэр хол оо явж өгнө. Эзэн нь эргүүлэн туухгүй л бол уулын өндөр, өндрийн оргилыг чиглэн гүйнэ. Гэрээдээ ер яарахгүй. Барагтай л бол торойгоо тоохгүй. Шим сайтай ч сүү багатай энэ малд тэнэж явах нь жаргал мэт ээ. Ингэж явахдаа ч хэнээс ч айхгүй сүрийг үзүүлнэ. Тэнэж, тэнэж ирсэн сарлаг өмнөхөөсөө улам сүрлэг сайхан амьтан болсон байдгийг тод санаж байна. Түүнийг хашиж, тушаад, эрх чөлөөг нь хязгаарлах тусам өнгө зүсээ алдан доройтож, эцэж, ядардаг амьтан. Сарлаг дүүгүүрийн сум шиг чулууны исгэрэх чимээнээс л айна. Энэ чимээ л сарлагийг уулнаас буулгах шидтэй. Хэчнээн ороолгож, шилбүүрдээд ч түүний зөрүүд занг дийлж, зорилгоос нь няцааж чадахгүй. Сарлаг хөөж байгаа хүнээ гүйвэл гүйнэ. Алхвал алхана. Юмаар цохивол мөргөх гэж сэжилнэ. Дүүгүүрдэж мэдэхгүй, чадахгүй нэгнийг дошсон сарлагийн эрэлд явуулвал дэмий л явдлын гарз болж, уур уцаараа барахын нэмэр. Даанч хүний уурлах, хашгирах түүнд хамаагүй.

Намар дуусаж, өвлийн амьсгал орж, уул толгодоор цан хүүрэг цохиж, цас мөсний түрүүч үзэгдээд ирэхийн цагаар сарлагийн бух дошиж эхэлнэ. Доших дошихдоо уул толгодыг дамжин, уул нуруудын хяр, таг, их өвс, ургамалтай сайхан шар дэвсэг газрыг сонгон, салхи сөрөн дошно. Юунаас ч айхгүй, хэнд ч хал балгүй, ганцаар дошиж чимээгүйхэн өгсөж, уруудаж байх нь зун, намрын зургаан сарын явдлыг бодон бодон яваа ч юм шиг.. Дошсон сарлагийн бух зогсож, хэвтэж, идэж, хөрвөөж, сүр бараагаа үзүүлж явсаар хүссэн оргилдоо хүрч тэнгэрийн хязгаарыг харан хаа нэгтээ байгаа зэрлэг ахан дүүсээ үгүйлэх  шиг алсыг ширтэнэ.

Төвдийн тэр өндөрлөг газраас ямар гээчийн үйлийн үр нь дуудсанаар өмнөд их говийг туулан байж манай оронд сарлаг гээч амьтан ирсэний учрыг ёстой л бурхан тэнгэр мэдэх байх.

Дэлхий дээрх нийт сарлагийн 85 хувь нь урд хөршид нутагладаг бол манайх хоёрдугаарт ордог аж.

Дэлхийд Хятад, Энэтхэг, Балба, Бутан, Орос, Пакистан зэрэг арав хүрэхгүй оронд 10 гаруй сая толгой сарлаг идээшлэн нутагладаг.

Хятадын Хөхнуур мужид таван сая гаруй толгой сарлаг байдаг нь манай бөмбөрцөг дээрх хамгийн олон сарлаг суурьшсан газар аж.

Өнгөрсөн оны тооллогоор манай 13 аймгийн 132 суманд 600 мянга гаруй сарлаг байгааг тогтоожээ. Архангай, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Баянхонгор  зэрэг аймгийн иргэд сарлагийг илүү өсгөж, ахуйдаа ашигладаг. Гэвч сүүлийн жилүүдэд сарлагийн тоо толгой эрс цөөрч байгаад судлаачид зовнидог.

Сарлаг нь 130 гаруй төрлийн өвс иддэг. Иддэг өвс, ихэрлэлтээрээ ямаатай их төстэй амьтан. 1000 сарлаг тутмын гурав нь ихэрлэдэг бөгөөд сарлагийн үнээ 3-6 сард тугална.  Сарлагийн тугалыг торой гэнэ. Сарлаг, монгол үхэр хоёрын дундаас гарсан эрлийзийг хайнаг гэдэг. Хайнаг нь сарлагийн эрлийз гэхэд хүч чадлаараа монгол үхрээс хэд дахин илүү. Түүнийг уналга, ачилгад ашиглана.

Сарлаг нь биеийн жингээрээ зэргэлдээ нутгийн монгол үхэртэй ойролцоо, намар нас гүйцсэн бух 400-450 , үнээ нь 270-280 кг жинтэй байдаг.

Сарлаг гурван төрлийн буюу ноолуур, хялгас /сор үс/, завсрын гэсэн үсэн бүрхүүлтэй. Сарлагийн ноолуур жил бүр гуужиж шинэчлэгддэг бол сор үс нь аажмаар солигддог. Сарлагийн шир харьцангуй зузаан, хөлсний булчирхай багатай байдаг нь өндөр уулын сэрүүн нөхцөлд биеийн дулаанаа бага алдах зохицолдолгоо юм. Сарлаг биеийн дулаанаа арьсаараа зохицуулах чадвар дутмаг учир халууцах, хөөж туух үед хэлээ унжуулан хахирч амьсгаадаж байдаг нь дулаанаа амьсгалаар зохицуулж байгаа нь тэр.

Сарлагийн хамгийн үнэт түүхий эд нь түүний хөөвөр. Хөөвөр нь ямааны ноолуурын нэгэн адил хөнгөн зөөлөн, ширхэгтэй, дулаан хадгалах чадвар сайтай, Сарлагийн хөөврийг 1970 оноос ашиглаж эхэлсэн гэдэг ч манай өвөг дээдэс эрт үеэс ахуйн хэрэгцээндээ хэрэглэж иржээ.

Сарлагийг ойр зуурын уналгад ашиглаж болохоос биш хүнд ачаа ачихад зохимжгүй мал. Бидний өвөг сарлагийн шарыг нуруу ачихаас бус тэргэнд хөллөдөггүй байжээ. Сарлаг харагдаж байгаа шигээ хүнд ачаа ачиж, хол замд тээх чадваргүй дорой амьтан юм. Түүнд ачаа ачиж, аянд тээвэл амь голтой яваад байдаг ч зүрхний болоод амьсгалын замынх нь хэмнэл алдагдаж улмаар дулааны зохицуулалтаа алддаг байна. Идэр есийн хүйтэнд ажралгүй жавхааж байдаг бие нь даарч, бээрэн тарга, хүч нь муудаад зогсохгүй төлжих чадваргүйд хүрч элдэв өвчинд амархан нэрвэгддэг гэнэ.

Сарлагийн өвөг одоо ч Төвдийн ууланд амьдардаг аж. Онгон дагшин байгальдаа эрх дураараа омогших зэрлэг сарлагийн сүрэг тэжээвэр сарлагаас хэд дахин сүрлэг, бардам харагддаг гэсэн.

Сарлаг хүнд ачаа ачих чадваргүй ч асар их зориг, тэвчээртэй амьтан гэнэ. Сарлагийн бух чоно, шилүүсээс сүргээ харамлахдаа үнэхээр сүрдмээр гэнэ лээ. Үс ноос ихтэй болохоор сүрэг чоно дайраад ч яаж ч чаддаггүй гэсэн. Сүргээ хамгаалж тулалдсаар эцэж ядарсан сарлагийн бух эцэстээ хаданд бөгсөө наагаад хэвтээд өгдөг гэнэ. Сүрэг чоно ноолж ноолж, 2-3 хоногоор сахидаг гэх. Эцэст нь тэвчээр алдаад өөр хялбар зууш хайхаар явж оддог гэнэ лээ. Халуун ам бүлээ араатнаас хамгаалсан сарлагийн бух омогшин онгирохдоо цаст өндөр оргилыг зорин сүргээ дагуулж оддог. Сарлагт дулаан өвөлжөө, бууц хэрэггүй. Тэр бол хүйтнийг эрхэмлэгч. Цаг үргэлж сэрүүн, хүйтэн, өндөрт яардаг.

Сарлаг амьдралынх нь салшгүй хэсэг болсон улс, хүн ард ч бий. Тэд сарлагийг бүхнээс дээгүүрт тавьж бэлгэдэл болгон өргөмжлөн залдаг байна. Харин зарим хүн тэрхүү онгироо амьтныг их муу санаатай гэх юм билээ. Бодвол үгэнд нь орохгүй зөрүүдлэснийх нь төлөө тэгж хэлдэгч байж мэдэх. Зарим хүн сарлагийг цагаан цайлган амьтан ч гэдэг. 

Сарлагийг зарим газарт “Цаст уулын завь” хэмээн  нэрийддэг. Учир нь цаст өндөр уулын оройгоос хүүхэд, багачуудад унуулсан сарлагууд далайн усанд хөвж яваа завь адил намуухнаар бууж ирдэг гэнэ лээ.


Хүйтнийг хүсэж, оргилд тэмүүлэгч сарлаг
2019-11-03 15:31:15
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 2
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ