ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Халдварын нөхцөл байдал буурсан ч нас баралт буурахгүй байна. Цаашдаа халдварын нөхцөл байдал ямар байх нөхцөл байдал ажиглагдаж байна вэ?
-ХӨСҮТ-өөс долоо хоног бүр тойм гаргаж, холбогдох байгууллагуудад хүргэдэг. Энэ тойм дотор цаашдын прогноз, авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ, зөвлөмжүүд багтдаг. Хамгийн сүүлийн долоо хоногийн тайлан, тоймыг харахад халдварын эх уурхай, эрсдэл, хүндрэлийг илтгэх үзүүлэлтүүд бүгд буурсан харагдаж байна. Гэхдээ гуравдугаар давлагаа ихэссэн шигээ огцом, хурдтай буурахгүй байна. Энэ нь нийтэд чиглэсэн арга хэмжээ болон вакцинжуулалттай холбоотой.
-Арванхоёр, нэгдүгээр сард дарааллан баярууд болно. Олны хөдөлгөөн нэмэгдсэнээр халдвар дахин нэмэгдэх эрсдэл бий юү?
-Өвчлөлийн зэрэг дөрвөн зэрэгтэй байдаг. Нэн хүнд, хүнд хүний тоо буурахгүй байгаа. Үүнтэй уялдаад нас баралт ч буурахгүй байна. Өвчлөл их байгаатай холбоотойгоор эмнэлгийн ачаалал ч өндөр хэвээрээ байна. Бид оргил үедээ улсын хэмжээнд 22 мянган ор дэлгэж байсан. Энэ орны 14 мянга нь хөдөө орон нутагт, 6000-7000 нь нийслэлд байсан. Улаанбаатарт дэлгэсэн орны тоо буураагүй харин хөдөө орон нутагт дэлгэсэн орны тоо буурсан.
-Нас баралт буурахгүй байгаа шалтгаан нь дельта хувилбар илүү их тарахаад байгаатай холбоотой юу. Сүүлийн хоёр сар өдөр бүхэн 10 гаруй хүнээ алдчихлаа?
-Эрсдэлд хүргэж байгаа үндсэн гурван шалтгаан байна. Нэгд, вакцины бүрэн тундаа хамрагдаагүй, хоёрт, өндөр нас, гуравт, хавсарсан эмгэгүүд гэсэн шалтгаанууд хүндрэлийг нэмэгдүүлж, нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Нийт тохиолдлын тоотой харьцуулсан тооцоогоор нас баралт ихсээгүй байгаа.
-Хил хаасантай холбоотойгоор эм, тариа хомстож байна. Танай эмнэлэг дээр нөхцөл байдал ямар байна вэ?
-Манай төв долоо хоног тутам мэдээнүүдээ урьдчилж гаргаад, төлөвлөөд явдаг. Эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодисууд долоо хоногийн нөөцтэй явж байна. Гэхдээ тариур яаралтай шаардлагатай, нөөц багассан байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд ЭМЯ, агентлаг үндсэн зохицуулалтыг хийж байна. Өчигдрийн түр хорооны хуралдаанаар эм, эмнэлгийн хэрэгслийг яаралтай худалдан авах, татах шийдвэрүүдийг гаргасан. Эхний нөөц иртэл манай төвд 7-10 хоногийн нөөц байна.
-5-12 насны хүүхдүүдийг вакцинжуулах асуудлыг ярьж байна. Манай улсад энэ асуудлыг ямар түвшинд ярьж, судалж байна вэ?
-Вакцинжуулалттай холбоотой үйл ажиллагаа манай төв дээр зангидагдаж явдаг. 0-5 насны хүүхдийн вакцинжуулалтын асуудлыг онцгой анхаарахгүй бол болохгүй. Яагаад гэхээр олон улсад хүүхдүүдэд вакцин хийсэн туршлага одоогоор байхгүй. АНУ-д 0-11 насны хүүхдүүдийг гуравны нэг тунгаар хоёр удаагийн бүрэн тунгаар вакцинжуулалт хийж болох юм гэсэн асуудлыг ярьж байна.
-Манай улс зөвхөн PCR шинжилгээгээр батлагдсан тохиолдлыг тоолж, мэдээлж байгаа гэсэн. Тэгвэл түргэвчилсэн шинжилгээгээр улсын хэмжээнд өдөрт хэдэн хүн батлагдаж байгаа вэ?
-Өнгөрсөн долоо хоногийн ХӨСҮТ-ийн мэдээнд нийт 40 мянга орчим PCR шинжилгээ хийсэн бол үүнээс хоёр дахин их түргэвчилсэн шинжилгээ хийсэн байна. PCR шинжилгээ болон түргэвчилсэн шинжилгээ өөр өөрийн гэсэн онцлог, давуу талтай. PCR шинжилгээ ковид-19 өвчнийг оношлох алтан стандарт. Гэхдээ өртөг өндөртэй, тусгай мэргэжилтэн, тоног төхөөрөмж шаарддаг учраас өндөр зардалтай. Харин түргэвчилсэн шинжилгээ заавал лаборатори шаардахгүй, тусгай мэргэжилтэн хэрэггүй, богино хугацаанд хариугаа мэдэх боломжтой. Манай улсын бодлого бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх үүднээс түргэвчилсэн оношлуурыг батлагдсан тохиолдлыг оношлоход ашиглаж байгаа. Эцсийн мэдээ, мэдээллээ PCR шинжилгээгээр баталгаажуулсан дүнгээ өгч байгаа гэсэн үг.
-БШУЯ 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах, танхимын хичээлийг 100 хэвийн горимд шилжүүлэх саналтай байгаа. Энэ нь хүүхдүүдийн дунд халдварыг нэмэгдүүлэх үү?
-ХӨСҮТ-ийн долоо хоногийн тоймд томуугийн мэдээлэл ороод явдаг. Сүүлийн хоёр долоо хоногт улирлын томуу идэвхжлийнхээ түвшинд ороод ирсэн байна. Сүүлийн нэг жил томуугийн дэгдэлт болоогүй байсан. Гэтэл танхимаар хичээлээ нээсэнтэй холбоотойгоор томуугийн тохиолдлын тоо ихсээд ирсэн байна. Өнгөрсөн 7 хоногт 10 мянган хүн тутамд 25.9 гэсэн тохиолдол бүртгэгдсэн байна. Томуугийн улирал эхэлж байна. Арванхоёр, нэгдүгээр сард томуугийн оргил үе байдаг. Энэ жил томуугийн вакцинаа есдүгээр сард хийсэн.
-Ярилцсанд баярлалаа.
Ц.Билэгтсайхан: Манай эмнэлэгт тариур дуусч байгаа бол эм, тарианы 7-10 хоногийн нөөц байна |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27