Монгол Улсын Үндсэн хуульд Засгийн газартай холбоотой заалтыг 2020 оны 5 дугаар сарын 25-нд даган мөрдөнө хэмээн заасан нь ирэх сард У.Хүрэлсүхийн Засгийн газар ч огцорно гэдэг дуулиан иргэд төдийгүй хуульчдийн дунд өрнөж байна. Энэ талаар хуульчдийн хэлсэн байр суурийг онцлон хүргэе.
Х.Нямбаатар: Тавдугаар сарын 25-нд багтахгүй байлаа гэхэд Үндсэн хуулийн зөрчил болохгүй
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар: Хуульчид гэдэг хуульчид байх ёстой. Улс төрч хуульчид гэж байх ёсгүй. Хуульчийн мэргэжлийн ёс зүй тангараг өргөсөн хүмүүс улс төрийн өнцгөөр хуулийг гуйвуулж тайлбарлаж болохгүй. ҮХНӨ-д оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэгдүгээр зүйлд уг харилцааг зохицуулсан шинэ хууль хүчин төгөлдөр үйлчлэх хүртэл өмнөх хуулиар уг харилцааг зохицуулна гэсэн хуультай. Хаврын чуулганаар 10 гаруй органик хуулийг батлах үүрэг хүлээсэн.
Өнөөдөр Засгийн газар Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар бэлдэн ажиллаж байна. Магадгүй ирэх тавдугаар сарын 25-нд багтахгүй байлаа гэхэд Үндсэн хуулийн зөрчил болохгүй. 1992 оны Үндсэн хууль нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдсан. Үндсэн хуульдаа 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн.
Органик хуулиуд нь 1993,1994,1995,1997 1998,1999 онуудад үйлчилж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, дагаж мөрдөх журмын хуулиар ийм харилцааг зохицуулдаг. Жишээ нь 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилсэн Үндсэн хуульд Монгол Улс засаг захиргаа нэгжийн хувьд аймаг нийслэл сум дүүрэг баг хороонд хуваагдана гэсэн боловч органик хууль нь 1993 онд батлагдаж Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хууль батлагдсанаар хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.
Ч.Өнөрбаяр: Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, Ерөнхий сайдад хүргүүлнэ
Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн зөвлөх асан, хуульч Ч.Өнөрбаяр: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнгөрсөн онд баталсан. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Ерөнхийлөгч уг эхийг ёсчилсон. Энэ хууль хүчин төгөлдөр болоод 4,5 сар болчихсон. Энэ хугацаанд Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтөд бусад хууль тогтоомжийг нийцүүлэх хангалттай хугацаа байсан гэж харж байгаа. Тавдугаар сарын 25-ны өдөр бол дагаж мөрдөх хугацаа. Үндсэн хуулийг дагаж мөрдөнө гэдэг шууд хэрэгжүүлж эхэлнэ гэсэн үг.
Би Үндсэн хуулийн чадамжтай байх эсэхийг хуульч хүнийхээ хувьд ярьж байгаа. Судлаачдын байр суурь янз бүр байж болно. Гэхдээ албан ёсны биш. Харин төрийн байр суурь нэг л байх ёстой. Төрийн мэдээлэл дээр ҮХНӨ-ийн дагаж мөрдөх хугацааг тавдугаар сарын 25-ны өдөр 12 цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө гэж заасан.
Хэрвээ Үндсэн хуулийг дагаж мөрдөхөд шаардлагатай хуулиудыг боловсруулж амжихгүй байсан юм бол дагаж мөрдөх журмын тухай хуульдаа анхнаасаа тусгахгүй яасан юм бэ. ҮХНӨ-д бусад хууль тогтоомжийг нийцүүлэх тухай ойлголт. Тавдугаар сарын 25-наас өмнө эдгээр хуулийг хийж өргөн барьсан байх ёстой. Иймд би Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулаад Ерөнхий сайдын ажлын албанд хүргүүлэхээр болсноо мэдэгдэж байна
Б.Гүнбилэг: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нэг сарын настай Засгийн газар байна гэж огт тусгаагүй
Монголын хуульчдийн холбооны ерөнхийлөгч асан, хуульч Б.Гүнбилэг: Засгийн газрыг огцруулна гэж энэ хуулийн хаана нь ч ямар нэг утга санаа байхгүй. Үүнийг дэс дараатай тайлбарлая. ҮХНӨ нь тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр болно гэж байгаа. Харин Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн Нэгдүгээр зүйлд ”Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана” гэсэн байгаа. Энэ хуулийн нэр нь дагаж мөрдөхөд шилжих журмын тухай гэж байгаа. Зүгээр дагаж мөрдөх биш, шилжих гэж үг байгааг анхаарах ёстой. Тийм учраас “хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө” гэж заасан. Мөн Үндсэн хууль нь өөрөө улсын үндсийг тодорхойлдог тул шууд нэг өдөр үсрээд орчихож болдоггүй онцлогтой. Тиймээс УИХ өөртөө хуваарь баталж, хуулиудаа батлах, шинэ болон өөрчлөгдсөн зохицуулалтуудыг батлах боломжийг өөртөө болон бусдад үүсгэсэн ба хаврын чуулганаар Засгийн газрын хуулийг батлахаар төлөвлөжээ.
Байр суурь ҮХНӨ-ийн заалт 5 дугаар сарын 25-аас хэрэгжинэ, хэрэгжихгүй |
|