“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” арга хэмжээ “АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ АМАА НЭЭЦГЭЭЕ” уриан дор улс орон даяар үргэлжилж байна. Гэвч дэлхий нийтэд тархаж буй “COVID-19” цар тахлаас үүдэн “ХАБЭА-н сарын аян-2020” олон нийтийн арга хэмжээ цуцлагдсан. Тиймээс сарын аяны үйл ажиллагааг цахим болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчилж олон нийтэд хүргэж байгаа юм. Тэгвэл энэ удаа Чингэлтэй дүүрэгт сарын аяны арга хэмжээ хэрхэн зохион байгуулагдаж буй талаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл хариуцсан дарга Ж.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “ХАБЭА-сарын аян-2020” аяныг өрнүүлж, энэ хүрээнд ажлаа дүгнэж байна. Танай дүүргийн салбар зөвлөлөөс ямар ажил амжуулав?
-Би Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн даргаар 2013 оноос хойш ажиллалаа. Энэ хугацаанд яам, нийслэл, агентлагаас зохион байгуулж буй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай /ХАБЭА/ холбоотой бүх төрлийн үйл ажиллагааг сурталчлах, дүүрэг, орон нутгийн хэмжээнд чанартай сайн зохион байгуулах чиглэлээр анхаарч ажилласан. Чингэлтэй дүүрэгт ХАБЭА-н чиглэлээр хэд хэдэн шинэлэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн байдаг. Дүүргийн зөвлөл ажиллахаас гадна тус дүүргийнхээ 19 хороо болгон дээр ХАБЭА-н Дэд зөвлөл байгуулж, үүнийгээ дүүргийн Засаг даргын захирамжаар албажуулаад, тэр хүмүүстээ үнэмлэх тэмдэг олгон ажиллаж байна. Зөвлөл маань өнөөдрийн байдлаар таван хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Дүүргийн ХАБЭА-н салбар зөвлөл дангаараа дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага болгонд хүрч ажиллахад хүндрэлтэй байдаг. Харин хороо бүрт салбар зөвлөл байгуулснаар илүү Аж ахуйн нэгж, байгууллагыг орхигдуулалгүйгээр ХАБЭА-н хууль дүрмийг сурталчлах, агентлагаас зохион байгуулж буй ажил, бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, яам, агентлаг, нийслэл, салбар дүүргийн үйл ажиллагаанд татан оруулахад илүү дөхөм болж өгсөн. Ингээд үзэхээр энэ зөвлөл үр дүнтэй ажиллаж байна гэдэг нь сүүлийн гурван жилийн ажлын судалгаа, явцаас харагдана.
-Өвчнөөс үүдэлтэй хорио цээр гэж нэг зүйл байна, ажлын хамрах хүрээнд нөлөөлж байгаа зүйл байна уу?
-Жил болгон яам, салбар зөвлөлтэй хамтраад ХАБЭА-н хүрээнд сарын аяныг зохион байгуулдаг. Энэ зохион байгуулж буй ажилд Чингэлтэй дүүргийн салбар зөвлөл бас тусгайлсан төлөвлөгөө гаргаад сарын аяны хүрээнд юу хийж гүйцэтгэх вэ гэдгээ зөвлөлийнхөө хурлаар шийдвэрлээд явдаг. Өнөөдрийн байдлаар хорио цээртэй холбогдуулаад аль болох бүх Аж ахуйн нэгж байгууллагуудыг татан оролцуулъя, гэхдээ бүх зүйлээ цахимаар явуулах гэх мэтчилэн төлөвлөөд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дээд сургуулиуд, дүүргийн Төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийнхныг татан оролцуулдаг. Тэдэнд ХАБЭА гэж яг юу юм, эрүүл ахуйн дэглэм хорио цээрийг дагаж мөрдсөнөөрөө хувь хүнд өөрт нь ямар ашигтай вэ гэдгийг сурталчлах зорилгоор эссэ бичлэгийн уралдаан зарлах мэтээр арга хэмжээ авсан. Мөн дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй 46 барилга байгууламжид ХАБЭА зөвлөмжийг хүргүүлсэн. Энэ чиглэлээрээ дүүргийн Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан оролцуулаад бүх байгууллагууд дээр хяналт шалгалт хийлгэн, зөрчил дутагдалтай байгаа зарим газруудад шаардлага хүргүүлсэн гээд хөл хориотой үед тохируулсан арга хэмжээ авлаа. Ингэхээр өөрсдийнхөө хэмжээнд хамрах хүрээ өргөн боллоо гэж харж байна. Харин дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг олон хүнтэй, томоохон нэгж, байгууллагуудаас аль нэгийг нь сонгож аваад сарын аяны нээлтийн хүрээнд бусад нэгж байгууллагуудын удирдлагууд, ХАБ-ын инженерүүдийг оролцуулсан үзүүлэх сургалт жил бүр зохион байгуулдаг байсан ч энэ жилийн хувьд хийж чадсангүй. Бидний хувьд хөл хориотой уялдуулан, ажлаа хэвийн зохион байгууллаа гэж болно.
-Анхан шатны нэгж хороонд хэр хүртээмжтэй зүйл болов?
-Бүх хороодод сарын аян эхэлснийг зарлаад хороо тус бүр дээр байгаа Дэд зөвлөл болгон өөрсдийн онцлогтой уялдуулан, ажлаа зохион байгуулдаг. Үүний дагуу ажлын тайлангаа ирүүлэх үүрэг өгч, сарын аян тавдугаар сард дуусахад тайлан мэдээллүүдийг нь нэгтгэн, сайн ажилласан Дэд зөвлөлөө урамшуулна. Саар ажилласныг нь тухайн чиглэлээр нь зөвлөгөө чиглэл өгч, анхааруулдаг. Бидний хувьд салбар зөвлөлөө шинэчлэх, ажиллагааг нь эрчимжүүлэх чиглэлээр төлөвлөгөө гарган, зарим хороон дээр Дэд зөвлөлүүдийг шинэчилсэн юм. Дээр нь дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэстэй хамтраад чиглэлийнхээ хууль тогтоомжуудыг сурталчлах хүрээнд ажил явуулдаг. Тухайлбал, хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар “ААН, байгууллага 20 буюу түүнээс дээш ажилтантай бол заавал хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулна, хэрэв үгүй бол тодорхой хэмжээгээр улсын төсөвт татвар төлөх ёстой” гэсэн хуулийн хэрэгжилтийг мөрдүүлэхэд анхаарал тавьдаг. Мөн яам, агентлаг нийслэлээс ирүүлсэн үүргийн дагуу зурагт хуудас, самбар үзүүлэнгүүдийг Аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлж байна.
-Өнгөрсөн жил Чингэлтэй дүүрэг шилдэг байгууллага болсон. Улсын хэмжээнд яам нийслэл гэсэн чиг үүргийн дагуу аяны хүрээнд шилдгүүдээ шалгаруулдаг. Дотроо бас шилдгүүдээ шалгаруулдаг гэхээр сайшаалтай санагдлаа?
-Чингэлтэй дүүрэг 19 хороотой, хороо тус бүр Дэд зөвлөлтэй. Тэгэхээр Дэд зөвлөлүүдийн үйл ажиллагаа аль болох сайн байх тал дээр дүүргийн салбар зөвлөл их анхаарч ажилладаг. Учир нь бүгд жигд сайн ажиллахгүй шүү дээ. Зарим Дэд зөвлөл Аж ахуйн нэгж, байгууллагууддаа хүрч ажиллаж байна, зарим нь хүрч ажиллахгүй орхигдуулдаг учир дотроо жил болгон ажлаар нь дүгнэн, байр эзлүүлдэг. Ингэхээр өрсөлдөөн бий болж, ажил урагштай байдаг.
Эх сурвалж: http://www.habemt.gov.mn
Ж.Лхагвасүрэн: Хөл хориотой уялдуулан, ХАБЭА-н сарын аяны ажлаа зохион байгуулж байна |
|