Ням, 2024-11-24
Ж.Батсуурь: Нийслэлийн хэрэглээний ус фтор, кальци багатай учраас хүн амын дундах шүдний өвчлөл, ясны сийрэгжилт ихсэж байна

СӨХ-г ОСК-той нэгтгэх боломжгүй
Сүүлийн жилүүдэд нийслэлд барилгажилт ихээр нэмэгдэж байна. Энэ хэрээр барилгуудын цэвэр усны хангамж, хэрэглээний цэвэр, хэрэглэсэн ус зайлуулах байгууламжийн хэрэгцээ хүрээгээ тэлж байгаа. Өмнөх нийгмийн үед дээрх асуудлыг Нийтийн аж ахуйн яам хариуцдаг байсан аж. Харин 1990 оноос тус яам татан буугдсанаар орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээ доголдож эхэлжээ. Өнөөдөр нийтийн орон сууцны оршин суугчдын гомдлын багагүй хувийг цэвэр, бохир ус, хэрэглээний усны асуудал эзэлж байна. 2018 оноос тус асуудлыг мэргэжлийн зөвлөмж, хяналтаар хангах зорилгоор Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл байгуулжээ. Тус байгууллагын даргаар Ж.Батсуурь ажиллаж байна. Тэрбээр 2008-2016 онд УИХ-ын гишүүн, 2016-2017 онд Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайдаар ажиллаж байв.
 
-Танай байгууллага олонд танил биш бололтой. Юу хийдэг байгууллага вэ?
-Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь Засгийн газрын дэргэдэх байгууллага. Дарга нь Ерөнхий сайдаар томилогддог. Манай байгууллага нийтийн хэрэглээний цэвэр усны хангамж, бохир усны зайлуулалт, тэдгээрийн инженерийн байгууламж, цэвэрлэх байгууламжийг хариуцаж, засвар, үйлчилгээ, тусгай зөвшөөрөл өгч, мэргэжлийн зөвлөгөө өгдөг. Хуучнаар бол нийтийн үйлчилгээ хариуцдаг гэж ойлгож болно. Улаанбаатарт Орон сууцны удирдах газар гэж байгаа.
 
-Танай байгууллага аль яаманд харьяалагддаг вэ?
-Яаманд харьяалагддаггүй. Эрчим хүчний зохицуулах хороо, Цахилгаан харилцаа холбооны зохицуулах хороо болон манай зөвлөл нь аль нэг яамнаас хараат бус ажилладаг.
 
-Яагаад?
-Дээрх хороо, зөвлөлийн хариуцаж байгаа салбар нь монополь салбарууд. Тиймээс дангаар ноёрхох боломжтой ийм салбаруудыг аль ч оронд төрөөс хараат бус байгууллага зохицуулалт хийх замаар хянадаг. Өрсөлдөөний хуулиар бол дээрх салбарууд зүй ёсны монополь тогтоож байгаа юм. Зах зээлийн эдийн засагт монополь үйлчилгээг төр зохицуулах үүрэг хүлээдэг. Манай байгууллага хэрэглээний усны үнийг зохицуулдаг.
 
-Хөдөө орон нутагт ямар хүрээг хамаарч байна?
-Аймгийн төвүүдэд болон томоохон суурин газруудад цэвэр усны хангамж, бохир зайлуулах инженерийн байгууламж, цэвэрлэх байгууламжууд байдаг. Эдгээр нь бас манай байгууллагын хүрээнд хамрагдана. Ихэнх сум одоохондоо дэд бүтэц сул байна.
 
-Цаашдаа дэд бүтэц байгуулагдах болов уу?
-Байгуулагдана. Энэ Засгийн газар, БХБЯ бүх сумыг дэд бүтцээр хангахаар “Сумын хөгжил” хөтөлбөр боловсруулсан. Жилээс жилд дэд бүтэцтэй сумдын тоо нэмэгдэж байгаа. Дэд бүтэц байгуулагдсан суурин бүрт мэргэжлийн байгууллага үйл ажиллагаа явуулна. Тэр байгууллагуудад манай байгууллага тусгай зөвшөөрөл олгодог.
 
-Ямар шалгуураар зөвшөөрөл олгодог вэ?
-Үйлчилгээ явуулах чиглэлийн бүх мэргэжилтэнтэй байх шаардлага тавигддаг. Энэ чиглэлийн хэд хэдэн тусгай зөвшөөрөл олгодог.
 
- Хэд хэдэн зөвшөөрөл гэдэг нь?
- Жишээлбэл, халаалтын шугам сүлжээг угаах, цэвэрлэх, 24 цагаар дуудлага үйлчилгээ явуулах чадамж, шугам сүлжээг байнгын хэвийн ажиллагаагаар хангах зэрэг чилэлийн зөвшөөрөл өгнө. Улаанбаатар хотод энэ үйлчилгээг Ус сувгийн удирдах газар хариуцна. 
 
-Нийслэлийн гэр хороолол, хөдөө орон нутагт хувь хүмүүс худаг гаргах нь олширсон. Энэ бүхэн танай байгууллагад хамаарах уу?
-Хамаарахгүй. Бэлчээрийн усжуулалт, ахуйн хэрэглээний худгуудад БОАЖЯ зөвшөөрөл олгодог. Манайх нийтийн хэрэглээний хангамж, инженерийн байгууламжид л үйл ажиллагаа явуулдаг. 
 
-Энэ хэрээр тусгай зөвшөөрлийн тоо нэмэгдэх үү?
- Харинч эсрэг. Тусгай зөвшөөрлийн олгох тоо буурч байна.
 
-Яагаад?
- Хороолол барьсан компаниуд нь өөрсдөө орон сууцны контороо байгуулдаг болсон.
 
-Барилгын компаниуд танайхаас тусгай зөвшөөрөл авалгүйгээр үйлчилгээ явуулах эрхтэй юм уу?
-Манайхаас зөвшөөрлөө аваад явуулна. Гэхдээ манай байгууллагыг байгууллагдахаас өмнө хувийн орон сууцны конторууд байгуулагдсан байсан. Гэхдээ тэдэнд манай байгууллага тусгай зөвшөөрлийг нь олгосон. Үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Тусгай зөвшөөрлүүдийг гурван жил тутам сунгадаг.
 
-Танай тусгай зөвшөөрөл бусад зөвшөөрлөөс юугаараа ялгаатай вэ?
-Маш их ялгаатай. Жишээлбэл, барилгын компани барилга барихаасаа өмнө зөвшөөрлөө авдаг. Зөвшөөрөл авсны дараа барилга барьдаг. Харин манайхаас зөвшөөрөл авахын тулд үйлчилгээ үзүүлэх барилга, байгууламжаа үзүүлж байж зөвшөөрөл авна. Барилгын компани нэг тусгай зөвшөөрлөөрөө хэдэн ч барилга барьж болно. Харин манайх зөвшөөрөл олгохдоо тухайн байгууламж бүрийг үзэж, үйлчилгээний цар хүрээ, төрлийг шалгасны дараа л зөвшөөрөл олгоно. 
 
-Сууц өмчлөгчдийн холбоог орон сууцны контортой нэгтгэх асуудал яригдаж байсан.
-Шал өөр статустай байгууллагууд шүү дээ. Нийтийн аж ахуйн яам татан буугдсаны дараа хэсэг хугацаанд Сууц өмчлөгчдийн холбоо нийтийн аж ахуйг бүхэлд нь хариуцаж байсан үе байдаг. Гэхдээ өнөөдөр энэ байгууллагууд тэс өөр үйл ажиллагаа явуулж байна. Сууц өмчлөгчдийн холбоо бол олон нийтийн сайн дурын ТББ. Иргэд өөрсдөө сайн дураараа байгуулна. Нийтийн орон сууцны орчны цэвэрлэгээ, харуул хамгаалалт, орц барилгын ойр орчны талбайн асуудлыг л хариуцна. Энэ байгууллага сайн дурынх учраас төр нэг их оролцоод байдаггүй.
 
-Орон сууцны контор төрийн байгууллага юм уу?
- Биш л дээ. Гэхдээ нарийн мэргэжлийн байгууллага гэж болно. Орон сууцны конторын хувьд орон сууцны стратегийн байгууллага гэж үзнэ. Дулаан, цэвэр, хэрэглээний ус, цахилгаан, бохир зайлуулах инженерийн байгууламж бол нийт оршин суугчдын аюулгүй байдал, тав тухтай орчинг тасралтгүй хангах үүрэгтэй. Тэр утгаараа төр тусгай зөвшөөрөл өгч, хяналт тавих үүрэг хүлээдэг. Энэ утгаараа орон сууцны контор бол төрийн хяналтад байдаг хуулийн этгээд. Үүрэг, хариуцлага хүлээх чадвартай байгууллагад тооцогдоно. Орон сууцны контор Сууц өмчлөгчийн холбоог хутгаж ойлгож болохгүй. Үйлчилгээний хүрээ, аюулгүй байдал, үүрэг хариуцлагаараа шал өөр байгууллагууд. Сууц өмчлөгчийн холбоо ажлаа хийхгүй бол иргэд мөнгөө өгөхгүй байж болно. Иргэд өөрсдөө байгуулаад, сайн дураараа мөнгөө төлж байгаа. Харин орон сууцны контор үйлчилгээ үзүүлсэнийхээ дараа мөнгөө авдаг. Энэ үйлчилгээний төлбөрийг төлөх нь иргэний үүрэг. Хэрэв төлөхгүй бол цахилгаан, ус, дулааны үйлчилгээгээ авч чадахгүй.
 
-Танай байгууллага орон сууцны чухал байгууламжийг хариуцдаг. Орон сууц хүлээн авах комисст танай байгууллагын төлөөлөл байдаг уу?
-Байхгүй. Уг бид цэвэрлэх байгууламжаас эхлээд орон сууцны мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх байгууллагад тусгай зөвшөөрөл олгож байгаа шүү дээ. Гэтэл энэ байгууламжуудыг барих тендер зарлахаас эхлээд хүлээн авах ажиллагаанд манай байгууллага оролцдоггүй.
 
-Оролцдог бол ашиглалтын явцад гарах хүндрэл бага гарах байх даа.
-Тэр комисст бид орохын тулд хуульд өөрчлөлт оруулах юм байна лээ. Бид яаманд санал тавьж байгаа.
 
-Танай байгууллага цэвэрлэх байгууламжид хяналт тавьдаг боловч барьж байгаа компанид хяналт тавих эрхгүй гэсэн үг үү?
-Өмнө нь тийм байсан. Гэхдээ бид санал тавьж байгаад цэвэрлэх байгууламж барих компани манай байгууллагаас бас тусгай зөвшөөрөл авах журамтай болсон.
 
-Тийм тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн үү?
-4-5 компанид олгосон. Цэвэрлэх байгууламж барих компани ашиглалтад өгснийхөө дараа жилийн турш тохиргоо, үйлчилгээний туршилт хийдэг. Тэгэхээр ашиглалтын инженерээс эхлээд микро биологич хүртэл тус компанид байх шаардлагатай.
 
-Цэвэрлэх байгууламжийн мэргэжилтнүүд манай улсад хэр олон байдаг бол?
-Байгаа. Гэхдээ нэг хэсэг нь ахмад настай болсон ч ажил хийх чадвартай мэргэжилтнүүд бий. Ер нь мэргэжилтнүүд дутагдалтай. Усан татуургын мэргэжилтнүүд буюу бидний ярьж заншсанаар сантехникийн инженер мэргэжлээр суралцах залуус цөөрч байгаа. Гэхдээ их сургуулиудтай санамж бичиг зураад, мэргэжилтэн бэлтгэх арга хэмжээ авч байна.
 
-Канадын нэг инженер “Танай улс геологийн бүү хэл усны судалгаа хийгээгүй байна” гэж гайхширч байсан.
-Агаар, ус, хөрс амьдралын үндэс гэж ярьдаг. Тэр тусмаа цэвэр ус эрүүл мэндийн үндэс гэдэг. Манай улсад хуулиар нийслэл, аймаг, сумын Засаг дарга нар усны аюулгүй байдлыг хариуцдаг. Цэвэр усны стандарт байдаг.
 
-Бидний орчинд байгаа ус стандартыг хангаж байна уу?
-Хангаж байна гэж хэлэх боломжгүй. Жишээлбэл, Улаанбаатар орчмын ус фтор дутагдалтай. Тийм учраас Эрүүл мэндийн яам хүүхдийн шүдний өвчинд маш их хүч тавьж анхаарч байна. Фтор дутагдалтай учраас хүүхдийн шүдний өвчлөл их байгаа. Кальци багатай ус хэрэглээд ясны сийрэгжилтэд нэрвэгдэж байна. Ундны усны аюулгүй байдлын зөвлөлийн төлөвлөгөө гэж байдаг. Түүнд харуул хамгаалалт гэх мэт ердийн асуудлууд туссан байсан. Харин манай байгууллага мэргэжлийн байгууллагатай хамтраад нийслэл, бүх аймаг, томоохон суурин газруудад ундны усны чанарын судалгаа хийж байгаа. Өнгөрсөн онд С.Амарсайхан даргын дэмжлэгээр нийслэлийн хамгийн их эрсдэлтэй Хан-Уул дүүрэгт судалгаа хийсэн.
 
-Хан-Уул дүүрэг яагаад хамгийн эрсдэлтэйд тооцогдож байна?
-Тэнд байгаа байгууллагууд ихэнх нь өөрсдийн худагтай. Түүгээрээ хэрэгцээгээ хангадаг. Нэг санд төвлөрүүлж, ариутгал хийдэггүй. Энэ онд нийслэлийн найман дүүрэгт хийнэ. Өнгөрсөн онд Дархан, Орхон, Увс, Завхан,  Баянхонгор, Говь-Алтай аймгуудад хийсэн. Судалгааны дүнгээр Дархан хотод зарим худгийг хаасан. Ер нь нийслэлийн орчин дахь цэвэр ус ч шаардлага хангахгүй байгаа. Нийслэл маань олон жил ил задгай жорлон, муу усны нүх хэрэглэсэн. Усны мэргэжилтнүүд зарим газраа 30-40 метр гүн бохирдсон гэдэг.
 
-АНУ-ын ус цэвэршүүлэхэд зарцуулах их мөнгө юу болсон бэ?
-Ковидоос болоод жаахан хойшилж байгаа. АНУ 350 сая ам.доллар, манай улс 112 сая ам.доллар гаргах ёстой.
 
-Асуудал үүсэн гэсэн үү?
-Толгойтод том усан сан байгуулаад нийслэлийг хангах ёстой юм. Гэтэл усан сан байгуулах гүний ус нь асуудалтай учраас нэмж цэвэршүүлэх үйлдвэр байгуулах болж байгаа. Америкчууд өөрсдөө судалгаа хийгээд ус цэвэршүүлэх үйлдвэр байгуулах шаардлагатай гэж үзсэн. 
 
-Дахиад мөнгө шаардлагатай юу?
-Төслийн хөрөнгөндөө багтааж үйлдвэр байгуулна.
 
 
Ж.Батсуурь: Нийслэлийн хэрэглээний ус фтор, кальци багатай учраас хүн амын дундах шүдний өвчлөл, ясны сийрэгжилт ихсэж байна

Ж.Батсуурь: Нийслэлийн хэрэглээний ус фтор, кальци багатай учраас хүн амын дундах шүдний өвчлөл, ясны сийрэгжилт ихсэж байна
2020-09-29 13:06:11
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0