Пүрэв, 2024-12-05
Монгол хэлтэй хийж байгаа Хятадын дайн

“Өмнө нь “Лос Анжелес Таймс” сонинд хэвлэгдсэн Хятад Улс “үлгэр жишээ” цөөнхөө хэрхэн харгислаж байгаа тухай нийтлэлийг орчуулж хүргэсэн. Энэ удаа “Вашингтон Таймс” сонинд хоёр хятад хүний бичиж хэвлүүлсэн нийтлэлийг Монгол хэл рүү хөрвүүлэн хүргэж байна. Богинохон, харьцуулалт, баримттай, бас Хан үндэстэн хүн ийнхүү бичиж нийтлүүлсэн нь сонирхол татав. Бүү залхуур, бүрэн уншихаас!” Монголын Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

Ямар учраас Хятадын Коммунист намын удирдлага “Өвөр” Монголчуудын уур бухимдлыг асааж орхив?

Жианли Ян, Лианчао Хан                            2020 оны 9 дүгээр сарын 29, Мягмар гариг

Үнэлэлт, дүгнэлт / сэтгэгдэл.

Өвөр Монголын бага болон дунд сургуульд “хос хэл”-ний сургалт нэвтрүүлэх гэснээс болж, Хятадын хойд хэсгийн бүс нутагт эсэргүүцэл тэмцэл гарч байгаа тухай мэдээ мэдээлэл сүүлийн үед тасрахгүй байна. 2020 оны 9 дүгээр сарын 1-нээс эхэлсэн сургалтын хөтөлбөрийн дагуу тодорхой хичээлүүд Хятад голчтой болохоор болжээ. Өмнө нь, Монгол хэлээр голлож ордог хичээлүүдийг Хятад хэлээр бүрэн хэмжээнд бүх сургуулиудад орлуулах болсон нь, цаашдаа Монгол хэлийг устгаж алга болгох руу хөтөлнө гэсэн айдас хүйдэс төрүүлж байгаа юм.

Хятадын Коммунист Намаар удирдуулсан, төв Засгийн газрын энэхүү үйлдлийг үндэстнийх нь хэв шинжийг булшлах авсанд шигтгэж байгаа сүүлчийн хадаас гэж Монгол үндэстэн олон харж байна.

Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлөөр Өмнөд Монголын бүс нутгийг эрхшээсэн цагаасаа Хятад нь “Өвөр Монгол” гэж өөрийнхөөрөө нэрлэн, Монголын соёл ахуйг Хятадынхаар солих ажлыг тогтолцоо, тодорхой үйл ажиллагаа болгон тасралтгүй хийж байгаа юм. Олон арван жил үргэлжилсэн Хан үндэстний нүүлгэн шилжүүлэлт бас холимог гэрлэлтийн улмаас Өвөр Монголын 24 сая хүн амын зөвхөн 17-хон хувийг Монгол үндэстэн эзлэх болж өөрийн уугуул газар нутагтаа тэд цөөнхи болцгоожээ.

Хөдөө тал нутагтаа амьдран аж төрж ирсэн уламжлалт гэр орноос нь хот суурин бараадуулж барилга орон сууцанд нийтээр нь оруулснаар уламжлалт нүүдлийн мал аж ахуйн соёлоо малчид бүр мөсөн алдахад хүрч байна. Хэдийгээр энэ бодлого нь ядуурлыг бууруулж, бэлчээрийн талхадлаас сэргийлж байгаа нэртэй боловч, ачир дээрээ тус бүс нутаг дахь баялаг нүүрсний ордуудыг ашиглахад л оршиж байна.

Туурга тусгаар Монгол Улсад хүртэл Оросын нөлөөгөөр крилл бичгээр солигдож хэрэглэхээ больсон Монгол үндэстний хэв соёл хэлийг илэрхийлэгч гайхамшигт Монгол бичиг зөвхөн энэ бүс нутагт хэрэглэгдсээр байгаа юм. Гэтэл энэ бүхэн өнөөдөр өтгөн манан дунд хучигдах мэт болж, Монгол хүний илэрхийлэл болсон тод хэв шинж тэр чигтээ устан алга болох аюулд орж байна. Тэдэнд ч Си Жинпины Уйгаруудын, Төвдүүдийн нэгэн адил хувь заяа нүүрлэн иржээ.

Хятадын төр засаг маш сайн төлөвлөж, онцгой анхааран гаргасан зураглалынхаа дагуу цөөнх үндэстнүүдийг уусгаж Хан соёл бүхий Хятадын хүн амын нэгэн гэр бүл бүхий нийгмийг байгуулах ажлаа шуурхайлж байна.

Харин Монгол хүмүүсийн төрөлх нутагт бүрэн эзэн сууж, үндэстнийх нь хэв шинжийг устган алга болгох эрх Хан Хятадуудад хаанаас гараад ирэв, ерөөс тийм эрх байж болох уу? Хариулт ойлгомжтой, маш том “Үгүй”. Үүний гэрч нь түүхэн болон хэзээ ч “өөрчлөгдөшгүй” үнэнээр нотлогддог юм. Хятадын их Цагаан хэрэм лугаа энэ үнэн өөрөө оршдог юм.

Хятадын соёл иргэншлийн сод билэгдэл Хятадын их хэрэм (хятадаар “Yi” гэж нэрлэдэг) хойд зүгийн “зэрлэгүүд”-ийг үл нэвтрүүлэх зорилгоор Хятадын үе үеийн хаадыг дамжин, зуун зууныг өртөөлөн баригдаж, өргөжин шинэчлэгдэж, бэхжин боссоор байсан. Зэрлэгүүд гэж нэрлэгдсэн тэдгээр хүмүүс нүүдэлчин ахуйтай учир соёл иргэншилд нь холилдон орж ирж болохгүй, дэндүү “бүдүүлэг”-үүд гэж Хан Хятадын эрх баригчид үздэг байсан.

Тиймээс Хятадын их Хэрэм бол Хятадын хойд зах хязгаарыг тодорхойлсон хилийн байгууламж юм. Тиймээс өнөөгийн Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО) хойд хилээр тогтсон тэр түүхэн хэрмийн цаана оршдог.

Өөрөөр хэлбэл, МЭӨ 247 он Цин Шихуанын байгуулсан Хятадын анхны нэгдмэл эзэнт гүрнээс 1279 оноор төгсгөл болсон Сон гүрнийг хүртэл, нүүдэлчдийн амьдран ирсэн Монголын бүс нутгийн бэлчээрийн газар орон хэзээ ч Хятад гүрний хэсэг байгаагүй юм. Хан Хятадын соёл иргэншил нь өнөөгийн Хятадын зүүн өмнөд хэсэг болох газар тариалангийн бүсээр хязгаарлагдан олон зууны турш тэнд төвлөж оршсон.

Сонирхолтой нь, зөвхөн 1279 оноор тасалбар болж, Монголын их эзэн болон баатар Чингис хааны ач хүү Хубилай хаан Сон-ы хаанчлалыг устгаж, Монголын Юань гүрний нэгэн удирдлагад Хятад, Монгол лугаа газар орон, хүн зон багтсан байдаг. Энэ бол Хятадуудын биш Монголчуудын хаанчлал байсан юм.

Амьдрал дээр, Монгол бол Хятадын нэг хэсэг байгаагүй, харин ЕвроАзийг бүрхэн тогтож байсан Монголын эзэнт гүрний нэг хэсэг нь Хятад байсан юм. Мөн баримт эшилвэл, Монгол эрх баригчид анх удаа Бээжинг Хятадын нийслэл болгож цогцлоосон.

Эдгээр түүхэн баримтуудыг үндэслэн авч үзвэл, ХКН-ын зүгээс гаргадаг Монгол нь Хятадын нэг хэсэг гэх үг хэллэг балар үеэс наашхи цаг хугацаанд асуудалтай байсаар байгаа юм. Ямар ч байсан, өдөөсөн иргэний дайндаа ялсан ХКН-ын ялалт, хоёрдугаар дайны үр дүнд үүссэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын удирдлага дор орших Өвөр Монголын Өөртөө Засах Орон гэгдэх орны Монгол хүмүүс бол, соёлын өвөрмөц хэв шинжээ хадгалж үлдэх, соёлоор аймаглан устгахын эсрэг тэмцэх бүрэн эрхтэй билээ.

Хамгийн багаар бодоход, сүүлийн гурван арваны туршид, Хятад дахь Монголын цөөнх Хан Хятадуудтай харьцангуй тайван, харин ч ойр дотно оршин амьдарч ирсэн. 2011 онд болсон үйл явдлыг, Монгол малчныг уурхайн машинаар дайрч алсаны улмаас үүссэн эсэргүүцэл тэмцлийг эс тооцвол, тэд Хятадын удирдлагын толгойг төдийлөн өвтгөж байгаагүй.

Харин, ямар учраас Хятадын Коммунист Намын удирдлага Өвөр Монголчуудын уур хилэнг улам бадрааж, хананд шахаж, өөртөө зовлон дуудаад байгаа юм бэ? Үүнийг учир шалтгааны холбоосоор авч үзвэл, Бүгд Найрамдах Хятад Ард Улс нь цөөнх шашин шүтлэг, хэл яриаг хүртэл хамруулж Хан биш соёлын хэв шинжийг уусган хятадчилах аварга том компанит ажлынхаа бүрэлдэхүүн хэсгээс үйл явцыг салгаж чадахгүй, салгахгүй байгаад оршино.

Хятадын үндэсний бусад цөөнх болох Шинжаан, Төвдөд болж байгаа бослого тэмцлээс Монголчуудтай холбоотой гарч байгаа мэдээ мэдээлэл, түүх олон улсад бага хүрч, бага харагдаж, сонсогдож байгаагийн улмаас дэлхийн хамтын нийгэмлэгийн анхааралд дээрхи асуудал төдийлөн мэдрэгдэхгүй байсаар байна. Олон зүйл нуршихгүй дүгнэхэд, Өвөр (Өмнөд) Монголд соёлын аймаглан устгал явагдаж байна, “Хятадчилах” нэрийн дор ХКН-аас тэр бахархам соёлыг хүйс тэмтрэн арилгахыг эрмэлзэж байна. Ийм байдлыг цаашид тэвчин өөгшүүлж болохгүй.

Жианли Ян бол Хятад дахь Иргэний эрх санаачилгын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч. Лианчао Хан бол Хятад дахь Иргэний эрх санаачилгын дэд ерөнхийлөгч юм.

Англи хэл дээрх холбоос: https://www.washingtontimes.com/news/2020/sep/29/chinas-war-against-the-mongolian-language/


Монгол хэлтэй хийж байгаа Хятадын дайн
2020-10-05 13:14:07
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-25 16:02:00
    zochin: bidnii ech chel Mongol chelee zaaval chamgaalna, bid mongolchuud tegeedch bid ech oronch schuudee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-05 13:50:47
    ...: Түүх мэддэг сайн орчуулагчаар орчуулга хийлгэхгүй яасан юм дээ.
Шинэ мэдээ