Пүрэв, 2025-08-28
Цэргийн төв эмнэлэгт илэрсэн их хэмжээний хохирлыг хэн барагдуулах вэ?

Өнгөрсөн онд Цэргийн төв эмнэлгийн удирдлагууд ажилчдынхаа илүү цагийн мөнгийг цалин болгон авсан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Тодруулбал, тус эмнэлгийн дарга асан Б.Энх-Одтой холбоотой хэрэг бөгөөд АТГ-ын шалгалтаар 200 гаруй сая төгрөгийг авсан болох нь тогтоогдсон байдаг. Тэрээр энэхүү мөнгийг эмч, ажилчдынхаа шөнийн цагаар нойр, хоолоо хасан байж ажилласан ажлын хөлсөнд зарцуулсан бол ёс зүйгүй удирдлага хэмээн өөрийгөө цоллуулахгүй байсан болов уу.

Энэ асуудлын талаар Цэргийн төв эмнэлгийн хуулийн зөвлөхөөс байр суурийг нь тодруулахад “202 сая төгрөгийн хэрэг бол шүүхээр яваад аль хэдийнэ шийдэгдсэн. Манайх ажилчдынхаа илүү цагийн мөнгийг хуулийн дагуу үргэлж өгч байгаа. Удирдлагууд ажилчдынхаа илүү цагийн мөнгийг хувьдаа завшсан зүйл байхгүй” гэсэн юм.

Гэвч АТГ-аас гаргасан зөвлөмж болон яамны шалгалтаас харахад өөр дүр зураг харагдаж байна. Яаж ч бодсон илүү цагийн мөнгө буюу нэмэгдэл хөлсийг Цэргийн төв эмнэлгийн дарга Б.Энх-Од тэргүүтэй удирдлагууд авах эрх байхгүй. Нэмэгдэл хөлс гэдэг бол ажилтан үндсэн ажлынхаа хажуугаар өөр ажлыг давхар хийх, эзгүй ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэх, эсвэл шөнийн цагаар ажилласан тохиолдолд олгодог мөнгө.

АТГ-аас гаргасан зөвлөмжөөс үзэхэд Цэргийн төв эмнэлгийн дарга, ерөнхий эмч асан хурандаа Б.Энх-Од огт бүртгэгдээгүй 1008 цагтай байна.

Нөгөө талд төрийн тусгай алба хаагч буюу цэргийн алба хаагчдын нэмэгдэл хөлс авах эрх хуулинд хязгаарлагдсан байдаг. Ийм нөхцөлд хаагуур нь ямар үндэслэлээр Цэргийн төв эмнэлгийн дарга Б.Энх-Од нь 200 гаруй сая төгрөгийг халаасандаа шургуулчихав. Хэн түүнд ажилчдынхаа хөдөлмөрийг шулах илтэд давуу эрх олгов. Хамгийн чухал нь нойр хоолгүй шөнийн ээлж, жижүүрт гарсан жирийн ажилчдын илүү цагийн мөнгийг буцаан олгож, цэргийн төв эмнэлгийг хэзээ хохиролгүй болгохыг БХЯ анхааралдаа авах цаг болжээ.

Б.Энх-Од нь энэ мөнгийг төлөх ёсгүй гэж шүүхэд хандсан ч шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан хариу ирүүлсэн аж.

Үүнээс гадна нийт ажилтан албан хаагчдынхаа хоолны мөнгийг гарт олгохгүйгээр барахгүй түүнтэй тэнцэхүйц хэмжээний мөнгийг байгууллагаас өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжид сүүлийн гурван жилд хоёр тэрбум төгрөг ямар ч хараа хяналтгүй шилжүүлсэн байгаа нь дээрх шалгалтуудаар илэрсэн байдаг.

Мөн Цэргийн төв эмнэлэгт байрлах эмийн сан, кофе шоп ямар нэгэн түрээсгүй үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээлэл бий. Түрээсийн төлбөрөө яагаад аваагүй талаар холбогдох шалгалтынхан асуухад “мартсан” гэж хариулсан гэдэг.

Улмаар АТГ-аас Б.Энх-Одын албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн санхүүгийн холбогдох дүрэм журмыг зөрчин 3 тэрбум гаруй төгрөгийн 20 орчим зөрчлийг илрүүлж, тодорхой зөвлөмжүүдийг өгсөн хэдий ч өнөөдөр энэхүү зөвлөмжийн дагуу зөрчлийг огт арилгаагүй байна.

Ингээд Цэргийн төв эмнэлэг болон жирийн ажилчдад учирсан хохирлыг тоочоод байвал дуусахгүй их.

Б.Энх-Од даргыг анхнаасаа хуудуутай томилсон нь өнөөдрийн балгийг бий болгож байна. Учир нь түүнийг төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн эмнэлгийн захирлын тусгай шалгуурыг хангаагүй байхад “томилсныг” дээрх шалгалтаар илрүүлсэн байна.

Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлгийн хуудуутай үйл ажиллагаа, зөрчлийг арилгаж, хохирлыг барагдуулах арга хэмжээг салбарын сайд өөрийн анхааралдаа авч ажиллаж байгаа гэсэн хүлээлт эмнэлгийн ажилчдад бий болоод байна.

Харин одоо Ерөнхий сайд Г.Занданшатарын эхлүүлсэн төрийг хохиролгүй болгох ажлын хүрээнд БХЯ, ЦТЭ-ийг хэзээ, хэн хохиролгүй болгох вэ гэдгийг харах үлдлээ.

А.ДАВААДУЛАМ

Эх сурвалж: Өдрийн сонин


Цэргийн төв эмнэлэгт илэрсэн их хэмжээний хохирлыг хэн барагдуулах вэ?
2025-08-27 11:13:41
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ