Баасан, 2024-04-19
ЭHTEPTEЙHMEHT ЖOPЛOH БA УЛCТӨPЧДИЙH HOЙTOH 3YYД

У.Хүрэлсүхийн засгийн газрын шаардлагагүй олон хөл хорионы улмаас улс орны эдийн засаг туйлдаж, айл өрхүүд хоолны ч мөнгөгүй хоосон шахуу хонох дээрээ тулчихаад байхад Шадар сайд С.Амарсайханы нуршуу яриа, бодлогогүй шийдвэр, арай гэмээр ичгүүргүй ширэн нүүр нэрмээс болж ард түмнийг дээд цэгт нь бухимдуулаад байлаа. Харамсалтай нь корона вирусын цар тахал хяналтаас алдагдаж, хөл хорио тогтоохоос өөр ямар ч аргагүй гэсэн дүгнэлтийг эрүүл мэндийн салбарынхан гаргаад байж. Ингээд аргагүй үнэнд гүйцэгдэж ахиж хөл хорихгүй гээд ард түмнээ арай тайвшруулж байсан Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрийн дагуу 4 сарын 10-наас хойш хатуу хөл хорио тогтоохоор болов. Ахиад л хөл хорио... Бөөн бухимдал!
 
Анхандаа 14 хононо гэж аргалаад иргэн бүрт 300,000 төгрөг тараасан нь нийгмийн бухимдлыг бага ч гэсэн багасгав. Мэдээж 300,000 гэдэг бол хангалттай их мөнгө биш. Гэхдээ л аргаа барсан айлуудад хагас сар аргацааж болохуйц мөнгө. Дэлбэрчих гээд байсан нийгэм хэд хоногтоо л тайван хонож байж болохоор болов.
 
Харин өмнөх хөл хорионуудаас ялгарах ганц онцлог нь “Карантин-14” гэсэн энтертейнмент хөтөлбөртэй байв. Хөл хорио сунгагдангуут л “Мэдээллийн урсгал” гээд дараагийн хөтөлбөр бэлэн ч байх шиг... Арилжааны найман телевизийн эфирийг өдөржин блоклож байгаад хошин урлагийнханыг завсаргүй маазруулах чадах, “Мөнхийн залуу” Э.Одгэрэлийг Монгол комментийн М.Батбилэгтэй нь холбож улсаар нь хайрын романсанд живүүлэх, Монголын урдаа барьдаг дөрвөн сэтгүүлчийг уйлуулж, дуулуулж, хэрэлдүүлж, хэлэлцүүлж байгаад нийгмийн бухимдлыг Засгийн газраас холуур байлгах ухаан зөвхөн Херо студийн найруулагч Б.Баатараас л гарна. Муйхар тэнэг шийдвэрүүдээсээ болж ард түмний уурыг дээд цэгт нь хүргэж, албан тушаалаасаа огцорч улс төрийн карьераа дуусгах болзлоо бүрэн хангаад байсан Шадар сайд С.Амарсайхан хүртэл Мэдээллийн урсгалаар орсныхоо маргаашнаас л гэнэт муулуулахаа больчихсон.
 
Хөл хорионы төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “нэр бүхий улстөрчид вакцины хангалтыг санаатайгаар гацаасан” гэх сүржин мэдэгдлээ хийв. Улстөрчдийн байнга л хийдэг сүржин мэдэгдлүүдийн нэг. Харин түүний үг үнэн бол Засгийн газар огцроход “ганцхан хуруу л дутуу” байжээ гэсэн дүгнэлтийг хийж болно. Вакцин гацаасан нэр бүхий улс төрчид гэдэг нь дараагийн Засгийн газар, Ерөнхий сайдад горилогчид л байх. Тийм бяртай, амбицтай улс төрч гэвэл гарын таван хуруунд багтахаар л цөөхөн. Тоолоход амархан дөө... Намын дарга, генсек, бүлгийн дарга, шадар сайд түүнтэй дүйцэх месттэй хүмүүсийн өмнөх, хойдох дүр гэж тооцоолоод хэрэггүй хүмүүсийг хасахад тав гэдэг тоо бараг томдохоор ч юм шиг.
 
Товчхондоо, Ерөнхийлөгчийн сонгуулийн халууралтай зэрэгцээд вакцинаа татаж чадаагүй, үхэл хагацал нэмэгдсэн гэдэг шалтгаанаар чадваргүй Засгийн газрыг огцруулах, чадвал өөрсдөө Ерөнхий сайд болчих гээд нойтон зүүдэлж явсан МАН-ын нэр бүхий улстөрчдийн хамаг гоё мөрөөдлийг Л.Оюун-Эрдэнийн ах Херо Б.Баатар “энтертейнмент жорлон”-доо хийгээд усыг нь татчихав. Ямар ч л гэсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгууль дуустал хэд хоног тайван унтаж болохоор л боллоо. Хэрхэхийг ард түмний сонголт мэдтүгэй!

ЭHTEPTEЙHMEHT ЖOPЛOH БA УЛCТӨPЧДИЙH HOЙTOH 3YYД
2021-05-07 12:01:39
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0