Пүрэв, 2024-04-25
Үндсэн хуулийг өөрчлөх 57 буюу хаврын улс төр

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар өнгөрсөн хугацаанд багагүй ажил хийж буй. Үүний нэг нь Зөвлөлдөх санал асуулга. УИХ-аар Зөвлөлдөх санал асуулгын бүрэлдэхүүнийг томилж, Зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулах ажиллагаа өндөрлөв. Ингэхдээ олон улсын түүврийн аргачлалаар 1570 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгож, өгөгдсөн асуултад хариулт авах арга хэмжээг Үндэсний статистикийг хороо зохион байгуулж дуусав.

Энэ асуулгын асуултыг Зөвлөлдөх зөвлөл боловсруулсан бөгөөд нийгэм, эдийн засаг, төрийн тогтолцооны талаарх асуултуудыг багтаасан гэж мэдээлсэн.  Санал асуулгыг зургаан бүлэгт хувааж, 1-10 оноо өгөх байдлаар асуултаа боловсруулжээ.

Ингэхдээ, Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, парламентын ардчилал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр дүн, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах, нийгмийн тулгамдсан асуудлыг багтаасан гэж албаныхан тайлбарлаж буй.  Мөн энэ үеэр хоёрдугаар сарын 14, 15-нд Төрийн ордонд болох “Зөвлөлдөх уулзалт” буюу хоёр дахь шатыг зохион байгуулахад өөрийн биеэр оролцох эсэхийг нь эхний шатанд асууж буй. Хэрэв 1570 хүнээс оролцох боломжгүй гэж мэдэгдвэл дахин санамсаргүй түүврийн аргаар сонгож, тэдний 50-иас дээш хувь нь Төрийн ордонд болох хоёр дахь шатны уулзалтад оролцох юм. Эхний шатны мэдээлэл цуглуулалтад хамгийн сүүлийн удаа буюу 2020 онд явагдсан УИХ-ын болон аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас тохиолдлын зарчмаар сонгож авсан 1570 иргэн бүрэн хамрагдсан байна. Тусгайлан бэлтгэсэн 77 мэдээлэл цуглуулагч улсын хэмжээнд 157 цэгт ажиллаж, сонгогдсон өрхөд биечлэн очиж, санал асуулгыг авчээ.

ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ ХУУЛЬ:

  • 11.10.2.зөвлөлдөх санал асуулгад оролцогчид олгох урамшуулал, томилолтын зардал /байр, хоол, унаа/-ыг төлөх
  • 11.10.3.хоёр дахь шатны зөвлөлдөх санал асуулга буюу зөвлөлдөх уулзалтад оролцогчийг 15-аас илүүгүй хүнтэй хэсэг болгож, бүрэлдэхүүнийг тохиолдлын зарчмаар сонгох
  • 11.10.4.хэсэг бүрд явагдах хэлэлцүүлгийг хөтлөх бэлтгэгдсэн хөтлөгч /модератор/ нь тухайн хэсгийн оролцогчид мэдээллийг бүрэн хүргэж, оролцогчийн тэгш оролцоог хангах үүргийг хариуцах
  • 11.10.5.хэсэгт явагдах хэлэлцүүлгийн бүх ажиллагааг дууны болон дүрсний бичлэгээр баталгаажуулах
  • 11.10.6.хэсэгт явагдсан хэлэлцүүлэгт оролцогчийн асуултыг нэгтгэн зөвлөлдөх уулзалтын нийт оролцогчид тухайн санал асуулгын сэдвээр олон талт мэдээлэл, тайлбар, танилцуулгыг шийдвэр гаргах эрх бүхий этгээд, хөндлөнгийн судлаач, мэргэжилтэн, шинжээч өгөх.

Зөвлөлдөх санал асуулгын асуултууд нууц байх ёстой бөгөөд ямар нэг байдлаар санал өгч байгаа иргэнд нөлөөлөл орно гэж тооцдог аж. Тиймээс саналыг нууцалж, зөвхөн асуулгад оролцогчид мэдэх юм. Хоёр дахь шатны санал асуулга ч гэсэн нууц байх бөгөөд Төрийн ордонд сонгогдсон иргэдийг хувааж, хэсэг бүрээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, эцсийн асуулгын дүнг Үндэсний статистикийн хороо Зөвлөлдөх зөвлөлд танилцуулна.  Зөвлөлдөх зөвлөл санал асуулгыг эцэслэж, УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх шийдвэрийг гаргах юм.

  • 11.11.Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд санал авах ажлыг гүйцэтгэх статистикийн байгууллага нь нэг дэх шатны санал асуулгын хуудсаар саналыг нь дахин авна. Энэ хуулийн 11.4.3-т заасан зөвлөлдөх санал асуулгын санал авах хуудас дахь мэдээлэл нууц байна.

Зөвлөлдөх санал асуулга, зөвлөлийн шийдвэр ямар байхаас МАН-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх тодорхой болно. Мэдээж эрх баригчдын хүсч буй зүйл бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах. Яг одоогийн нөхцөлд УИХ-ын гишүүд нь хуулийн байгууллагаар шалгуулж, эхнээсээ гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэж байгааг нь харвал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт парламентын дэмжлэг авч чадах эсэх нь эргэлзээтэй.  Ялангуяа нүүрсний хулгайн асуудалтай холбоотой байж болзошгүй хэд хэдэн гишүүдийн нэрс ил, далд зарлагдаж байгаа энэ цаг үед бүр ч эргэлзээтэй.

Саяхан намын "даалгавар"-аар Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөлт оруулах эсэх талаар олон нийтийн саналыг харгалзахаар хэдэн өдөр "анхаарлын төвд" оруулсан боловч олон нийтийн дэмжлэг авч чадахгүй гэдгийг нь монголчууд харуулав.

Хууль эрх зүйн хувьд ч одоогийн Үндсэн хуулийг шинэчлэхгүйгээр нэмэлт, өөрчлөлт хийгээд явах нь зөв гэдэгтэй МАН эвлэрэв. Тиймээс ч Зөвлөлдөх санал асуулгад өөрсдийн "хүсч" буй парламентын гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоог өөрчлөх эсэх зэрэг асуултуудаа шингээж чадсан. Одоо тэдний хүслийг гүйцээх хоёр дахь шатны санал асуулга олон зүйлийг тодорхойлж, ирэх хаврын улс төрийн өнгийг ч тодорхойлж болох юм.

Гэхдээ МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд 57 кноп хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг өөрчлөнө гэж үзвэл түүнийг нь дэмжих 57 гишүүний кноп хэрэгтэй болно.

11 дүгээр зүйл. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн шийдвэрлэх:

  • 11.2.Улсын Их Хурал төслийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлнэ.

11.3.Төслийг чуулганаар хэлэлцэхэд дараахь зарчмыг баримтална:

  • 11.3.1.Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын нийт /76/ гишүүний дөрөвний гурав /57/ -аас доошгүйн ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ
  • 11.3.2.Улсын Их Хурлын гишүүн хуралдаанд биеэр оролцож, саналаа өгнө. Бусдыг төлөөлж санал өгөхийг хориглоно
  • 11.3.3.төслийг батлахдаа гурван хэлэлцүүлгээр шийдвэрлэнэ. Нэг болон хоёр дахь хэлэлцүүлгээр төслийг эцэслэн батлахыг хориглоно
  • 11.3.4.чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно
  • 11.3.5.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд санал хураалтыг асуудлын шинж байдал, нөхцөл байдлыг харгалзан илээр, эсхүл нууцаар хурааж болох бөгөөд аль хэлбэрээр санал хураахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ
  • 11.3.6.хэлэлцүүлгийг тасралтгүй явуулна. Төслийг чуулган нэгэнт хэлэлцэж эхэлсэн бол эцсийн шийдвэр гартал Улсын Их Хурал өөр асуудал хэлэлцэхгүй.
  • 11.4.Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж байгаа асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх бөгөөд дээд хязгаарыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоож болно. Энэ хугацаанд Байнгын хороо, гишүүд олон нийтийн санал бодлыг сонсох, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хийж, санал, дүгнэлтээ гаргана. Энэ нь тасралтгүй ажиллагаанд хамаарна.
  • 11.5.Энэ хуулийн 11.3.6 дахь заалт нь хэлэлцүүлгийн үе шат хооронд зохион байгуулалтын болон нэг удаагийн /хэм хэмжээний бус/ шинжтэй хойшлуулшгүй, түүнчлэн хуулиар Улсын Их Хурлаас батлах хугацааг нь тусгайлан заасан асуудлыг шийдвэрлэхэд хамаарахгүй.

Хэрэв Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв гэсэн Зөвлөлдөх санал асуулгын дүн гарвал ирэх хаврын чуулганаар хэлэлцэнэ. Хэрэв УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж эхэлбэл өөр асуудал хэлэлцэхгүй байх зохицуулалттай бөгөөд УИХ-ын 76 гишүүн гишүүний дөрөвний гурав буюу 57 кноп байхад хангалттай. МАН-д 63 гишүүнтэй гэж тооцвол тэд дангаараа ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах боломжтой ч сөрөг хүчин, асуудалд холбогдсон гишүүдээ тооцвол 57 кноп хүрэх эсэх нь эргэлзээ дагуулж буй нь  нүүрсний хулгай, Хөгжлийн банкны асуудал зэргээс харвал энэ хаврын улс төрөө даах эсэх нь ч эргэлзээ дагуулж байна. Эхнээсээ ч гишүүнээсээ түдгэлзэх хүсэлт өгөөд эхэлсэн, хуулийн байгууллага нь дахиад ч хэд хэдэн гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулж ирнэ гэх бор шувуу нисч буй үед бүр ч их эргэлзүүлээд эхлэв. Сар шинийн баяраас өмнө хоёр шатны санал асуулга дуусна, энэ санал асуулгын дүн МАН-ын хүслийг биелүүлэх үү, эсвэл…

 


Үндсэн хуулийг өөрчлөх 57 буюу хаврын улс төр
2023-02-06 09:51:32
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ