Мягмар, 2024-05-28
УИХ-ын танхимаас “хөөгдөх” улстөрчид

УИХ-ын хаврын чуулгантай зэрэгцээд улс төр хөдөлгөөд орж эхэллээ. Энэ хаврын улс төр авлигатай тэмцэхэд чиглэсэн нь УИХ-ын дарга Г.Занданшатарын үгнээс шууд уншигдав. Тэрбээр энэ удаагийн чуулганыг “авлига”-ын эсрэг чуулган болно хэмээн тодотгосон нь сүрдүүлэг биш нь ойлгомжтой.

Нүүрсний болон Хөгжлийн банкны гэх хэрэгт нэр  холбогдсон, хууль шүүхэд дуудагдсан гишүүд ч чуулганы танхимд хавталзаж, хулмалзсаар хаврын улс төр халуухан эхлэв.

Хаврын чуулганаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Ж. Мөнхбат нарыг чөлөөлөх асуудал УИХ-д орж ирэх нь ч тодорхой болсон.

УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийсэн өдөр Ерөнхий сайд захирамж гарган Т.Аюурсайханыг өөрийнх нь хүсэлтийн дагуу ХНХ-ын сайдаас чөлөөлсөн. Тиймээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын суудалд суухаар МАН-ын аль хэдийнэ амбицалж эхлэв. Хэдхэн сарын өмнө амны алдаа гаргасан Д.Сарангэрэлийг ХНХ-ын сайдаас чөлөөлж Т.Аюурсайханыг оронд нь томилж байсан Ерөнхий  сайд хулгай, луйврын хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдсан журмын нөхрөө танхимаасаа явууллаа.  Давхар дээлээ тайлсан Т.Аюурсайхан өмнө нь шоудсан уу ямар ч байсан гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдлөө буцаан татсан гэх мэдээлэл бий.

Тиймээс АТГ-аас “ Нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах явцад зарим нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг хөндөх нөхцөл байдал үүссэн. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлсэн” гэж чуулганы өмнөх өдөр  мэдээлсэн нь санамсаргүй явдал биш юм.

Харин гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдлөө өгөөд Өмнөд Солонгос руу явсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг АТГ ялагдагчаар татан шалгаад эхэлжээ. Учир нь, түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтийг  УИХ-аас ёсоор болгоно хэмээн АТГ-аас үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирвэл гишүүд ангийн нөхдөө түлхэх үү, түших үү гэдэг нь анхаарал татаж байна.

Ямар байсан нүүрсний гэх хэргээр нэжгээд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирэх нь цаг хугацааны асуудал болов.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгойн бүлэг орд газраас “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани болон орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компани нүүрс олборлох, борлуулах, тээвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, төмөр замын бүтээн байгуулалт барилгын ажлыг гүйцэтгэх, тендер сонгон шалгаруулах ажиллагаанд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан хэргийг АТГ-аас ажлын хэсэг мөрдөн шалгаж байгаа.

Мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 85 албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд 48 нь нийтийн албан тушаалтан байна. Тодруулбал, улс төрд нөлөө бүхий этгээд буюу УИХ-ын зургаан гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд асан нэг, Төрийн нарийн бичгийн дарга асан нэг, аймаг болон сумын Засаг дарга асан дөрөв, ИТХ-ын дарга нэг, УИХ-ын гишүүний зөвлөх нэг, гаалийн улсын байцаагч 12, хил хамгаалах байгууллагын дөрөв, Авто тээврийн үндэсний төвийн дөрвөн албан тушаалтан, Өмнөговь аймгийн Газрын харилцаа зохион байгуулалтын газрын хоёр даамал, Боомтын захиргааны хоёр мэргэжилтэн, "ЭТТ"хувьцаат компанийн эрх бүхий долоон албан тушаалтан, "Тавантолгой төмөр зам" ХК-ийн гурав, нэр бүхий хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан болог иргэд хууль шүүхийн хаалга татахад хүрлээ.

Үүний 24 албан тушаалтныг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 14 нь хахууль авсан, 26 иргэн, албан тушаалтан хахууль өгөх, 21 албан тушаалтан мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна.

Ийнхүү энэ хаврын улс төрийн гол сэдэв авлига байх нь нэгэнтээ тодорхой болсон.


УИХ-ын танхимаас “хөөгдөх” улстөрчид
2023-03-17 12:00:50
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0