Лхагва, 2024-12-04
Монголчууд нүүрс тээвэрлэх эрхээ хятадаас авдаг гэв

Автотээврийн үндэсний төвөөс улс хоорондын ачаа тээвэрлэх “С” зөвшөөрлийн олголтын талаар мэдээлэл өглөө.
Тус газраас ачаа тээврийн “С” зөвшөөрлийн бичгийг холбогдох журам болон Зам, тээврийн хөгжлийн яамнаас баталсан хуваарийн дагуу улирал бүр олгодог. Энэ оны дөрөвдүгээр улиралд Баянхошуу боомтоор 100, Бичигт боомтоор 300, Гашуунсухайт боомтоор 7000, Замын-Үүд боомтоор 500, Шивээхүрэн боомтоор 2500, Ханги боомтоор 400, Булган боомтоор 1250 ширхэг хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийн олгох хуваарилалтыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас баталгаажуулсан байна. Нийтдээ БНХАУ-тай хиллэдэг есөн боомтоор   264 компанийн 12660 ачааны машинд “С” зөвшөөрлийн бичиг авах хүсэлт ирүүлжээ. Улмаар 258 компанийн 9291 тээврийн хэрэгсэлд олгосон талаар албанынхан танилцуулав. Тухайлбал, Гашуунсухайт боомтын чиглэлд дөрвөн уурхайгаас нүүрс тээвэрлэдэг 160 компанийн 9969 тээврийн хэрэгсэлд зөвшөөрлийн бичиг авах хүсэлт ирүүлжээ.
 
Монгол, Хятад хоёр улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээр, холбогдох хууль, дүрэм, журам, салбарын яамнаас өгсөн чиглэлд үндэслэн Автотээврийн төвөөс 154 компанийн 6600 тээврийн хэрэгсэлд “С” зөвшөөрөл  олгосон байна. Өөрөөр хэлбэл, Хятадаас Монголд өгсөн зөвшөөрлийн дагуу Автотээврийн үндэсний төв компаниудын “С” зөвшөөрлийг гаргаж байгаа аж. Үүнээс өмнө тээврийн хэрэгслийн ашиглалтын байдал, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайланг олон нийтэд нээлттэй харах байдлаар цахим хуудсанд байршуулсан гэдгийг мэдээлэв.
 
Шалгалтад 161 тээврийн компани хамрагдсанаас 25 нь "бага", 67 нь "дунд", 69 нь "их" эрсдэлтэй гэсэн дүгнэлт авчээ. Автотээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон “Жолоочийн амрах байртай, жолоочийн нийгмийн асуудалд анхаардаг, нийгмийн даатгал төлдөг, улсад татвар төлдөг, засвар үйлчилгээний байртай, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон инженер техникийн ажилтнуудтай гэх мэт шалгуур үзүүлэлтүүдийг хангасан, тээврийн нэгдсэн системд бүртгэгдсэнээр холбогдох дүрэм журмын дагуу “С”  зөвшөөрлийн бичгийг хуваарилж олгосон. Олголт болон хяналт шалгалттай холбоотой мэдээлэл олон нийтэд ил тод, нээлттэй харах боломжийг бүрдүүлж байгууллагын цахим хуудсанд байршуулаад байна. Гашуунсухайт боомтын чиглэлд тээвэрлэлт хийж буй бүртгэлтэй 14000 гаруй тээврийн хэрэгсэл байдаг ч хил нэвтрэх энэхүү зөвшөөрлийн бичгийг БНХАУ-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд улиралдаа зөвхөн 6000 тээврийн хэрэгсэлд л олгохоор тусгасан байдаг. Тиймээс шалгалтад огт хамрагдаагүй, жолоочгүй, кемпгүй, нийгмийн даатгал, татвар төлдөггүй зэрэг ямар ч шалгуур үзүүлэлт байхгүй компаниудыг цэгцлэх шаардлагатай байна. Үүний цаана хүний амь нас, эрүүл мэнд, 14000 жолооч, түүний ар гэрийн нийгмийн асуудал хөндөгдөж байгаа учраас ийнхүү компаниудад зэрэглэл тогтоож, шаардлага хангаагүй тээвэрлэгчдэд зөвшөөрлийн бичиг олгоогүй” гэж мэдэгдлээ.
 
 Автотээврийн үндэсний төвөөс зөвшөөрлийн бичиг олгох явцыг нээлттэй байдлаар зохион байгуулахын тулд  “Тээврийн нэгдсэн систем” нэвтрүүлж, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Цагдаагийн Лицензийн төв, Албан журмын даатгагчдын холбоо байгууллагуудын мэдээллийн сантай холбосон байна. Цаашид гааль, хил хамгаалах, уурхай зэрэг холбогдох байгууллагуудын мэдээллийн сантай холбохоор ажиллаж байгаа аж. Энэхүү системийг нэвтрүүлснээр хувь хүн, албан тушаалтны оролцоо, нөлөөлөх хүчин зүйлийг багасгаснаар цаг алдалгүй, хүндрэл чирэгдэлгүй болсноос гадна цаасан хэрэглээг халж, цахим хэлбэрээр мэдээлэл илгээх, хүлээн авах боломжийг бүрдүүлэх гэнэ. Тухайлбал, Нийгмийн даатгалын мэдээллийн сантай холбогдсоноор жолоочийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг шалгах, Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн сангаас жолоочийн үнэмлэхний ангилал, хүчинтэй хугацаа, оноо, эрх хүчинтэй эсэхийг шалгах боломжтой аж. Тэгвэл Албан журмын даатгагчдын холбооны мэдээллийн сангаас аж ахуй нэгж байгууллагуудын бүртгэлтэй тээврийн хэрэгсэл дээр жолоочийн хариуцлагын даатгал төлсөн эсэхийг шалгах ач холбогдолтой юм байна. Ингэснээр ямар нэгэн хардлага сэрдлэг болон ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой ажил болсон гэдгийг Автотээврийн үндэсний төвийн дэд захирал Ц.Эрдэнэчулуун хэлэв.
 
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Монголчууд нүүрс тээвэрлэх эрхээ хятадаас авдаг гэв
2020-10-01 14:44:51
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ