Бямба, 2024-04-20
З.Мэндсайхан: Будаа, элсэн чихэр хомсдохгүй, нарийн ногоо тасалдах эрсдэлтэй байна

Импортоор авдаг голлох хүнсний бүтээгдэхүүний нөөцийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.

Засгийн газрын ээлжит хурлаар хил гааль дээр үүсээд буй асуудлыг шийдэх Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэгт хилээр нэвтэрч байгаа хүнсний нөөц болон богино хугацаанд муудах бүтээгдэхүүнийг саадгүй нэвтрүүлэх тал дээр судалгаа хийж, арга хэмжээ авахыг үүрэг болгосон байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд чиглэл, чиглэлийн сайд нар багтаж байна.

Өнгөрсөн онд Засгийн газрын санаачилгаар гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн, бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлсөн билээ. Үүний хүрээнд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нөөц 2.6 дахин нэмэгдсэн учир үнэ тогтвортой байгаа аж.

Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Өнгөрсөн зургадугаар сард гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээ захиалаад ААН-үүд татахад бэлэн болсон байсан. Гэтэл гаалийн асуудлаас болж захиалсан бүтээгдэхүүнүүд хилийн цаана импортлогч орны зоорь, агуулахад хадгалагдаж байна. Өнөөдрийн байдлаар хүнсний гол бүтээгдэхүүн хомсдоогүй. Эрээн боомтыг тодорхойгүй хугацаагаар хааснаас болж нарийн ногоо тасалдах эрсдэлтэй болсон. БНХАУ талаас хэзээ хилээ нээх нь тодорхойгүй байна.

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох будаа, элсэн чихэр, ургамлын тосны нөөц зохистой түвшинд буюу 20-42 хоногийн нөөцтэй байгаа. Энэ хугацаанд тээвэрлэлтээ хийж чадвал гол нэрийн бүтээгдэхүүн тасалдахгүй. Өнөөдөр байгуулагдсан ажлын хэсэг ойрын хугацаанд хилээр хүнсний бүтээгдэхүүнийг тусгай горимоор нэвтрүүлэх боломжийг судлан, хамтын шийдэл гаргахаар болсон” гэлээ.


З.Мэндсайхан: Будаа, элсэн чихэр хомсдохгүй, нарийн ногоо тасалдах эрсдэлтэй байна
2021-10-20 14:17:29
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0