Баасан, 2024-04-19
Статистик: Эдийн засгийн голлох таван салбарын үзүүлэлт

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын эдийн засгийн голлох таван салбарын үзүүлэлтүүдийг сүүлийн таван сарын байдлаар мэдээллээ. Mөнгөний нийлүүлэлт (M2) 2020 оны 5 дугаар сарын эцэст 20.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 259.9 (1.3%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэхүү өсөлтөд валютын хадгаламж 1046.8 (35.7%) тэрбум төгрөгөөр, валютын харилцах 62.5 (2.7%) тэрбум төгрөгөөр, хадгаламжийн байгууллагаас гадуурхи мөнгө 34.2 (5.1%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 5 дугаар сарын эцэст 17.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 16.6 (0.1%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 795.6 (4.4%) тэрбум төгрөгөөр буурсан байна.  Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.8 (51.2%) их наяд төгрөг нь иргэдийнх байна. Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 5 дугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 161.4 (12.3%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 324.6 (39.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.7 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 2.0 пунктээр өссөн байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2020 оны 5 дугаар сарын эцэст 1.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 100.9 (5.4%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 2.3 (0.1%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.5 пунктээр өссөн байна. Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш 2020 оны 5 дугаар сард 2797.25 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар суларсан байна. Монголбанкнаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 2020 оны 5 дугаар сард 393.69 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.0 хувиар, өмнөх сараас 0.1 хувиар суларсан байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3.6 их наяд   төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 3.3 их наяд төгрөг байна. Нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь нийт орлогын 93.8 хувийг эзэлж байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 4.9 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020  оны 5 дугаар сард 697.0 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 54.6 (8.5%) тэрбум төгрөг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 631.6 (65.1%) тэрбум төгрөгөөр өсчээ. Татварын нийт орлого 2020 оны эхний 5 сард 3.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 533.3 (14.9%) тэрбум төгрөгөөр буурахад бусад татвар, төлбөр хураамжийн орлого 116.2 (31.2%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 84.7 (10.4%) тэрбум төгрөг, онцгой албан татвар 62.8 (18.3%) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 60.2 (8.1%) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 23.5 (8.1%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 5 дугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.1 хувь, өмнөх оны эцсээс 2.4 хувь, өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өссөн байна. Ингэж өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 4.7 хувь (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 4.5 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 3.9 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.7 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 5.0 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 4.5 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 4.3 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.1 хувиар  өссөн нь голлон нөлөөлсөн хэдий ч тээврийн бүлгийн үнэ 6.8 хувиар буурсан байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 5 дугаар сард өмнөх оны эцсээс 2.4 хувиар өсөхөд  хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 10.3 хувь (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 23.7 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.9 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн хэдий ч тээврийн бүлгийн үнэ 6.2 хувиар буурсан байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 5 дугаар сард өмнөх сараас 0.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.3 хувиар ( мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 3.2 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.2 хувь,  эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.3 хувиар өссөн хэдий ч тээврийн бүлгийн үнэ 2.6 хувиар буурсан байна. Инфляцийн түвшин 2017 оны 5 дугаар сард 3.6 хувь, 2018 оны 5 дугаар сард 6.1 хувь, 2019 оны 5 дугаар  сард 8.0 хувь гарч байсан бол 2020 оны 5 дугаар  сард 3.3 хувь болж, өмнөх оны мөн үеэс 4.7 пунктээр буурсан байна. Инфляцын түвшин 2020 оны 5 дугаар  сард улсын хэмжээнд 3.3 хувь гарсны 1.3 нэгж буюу 39.4 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгээс, 0.8 нэгж буюу 24.2 хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгээс, 0.5 нэгж буюу 15.2 хувь нь боловсролын үйлчилгээний бүлгийн үнийн өсөлтөөс тус тус шалтгаалсан байна. 
Улаанбаатарт хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.1 хувиар буурч, өмнөх оны эцсээс 2.6 хувь,  өмнөх оны мөн үеэс 3.5 хувиар өслөө. Харин хөдөө орон нутагт хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс бүх аймагт 1.2-6.0 хувиар өссөн. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 5 дугаар сард Сэлэнгэ аймагт 1.2 хувиар өссөн нь хамгийн бага, Дундговь аймагт 6.0 хувиар өссөн нь хамгийн их байна. 
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны эхний 5 сард урьдчилсан гүйцэтгэлээр 5.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9 (27.3%) их наяд төгрөгөөр буурлаа. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.8 (34.6%) их наяд төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 230.3 (16.1%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарын үйлдвэрлэл 67.0 (12.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны эхний 5 сард урьдчилсан гүйцэтгэлээр 3.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.8 (34.6%) их наяд төгрөгөөр буурахад нүүрс олборлолт 1.3 (59.6%) их наяд төгрөгөөр, газрын тос олборлолт 331.6 (78.9%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 113.6 (4.8%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна. Энэ салбарт 2020 оны эхний 5 сард төмрийн хүдэр болон алт олборлолт өмнөх оны мөн үеэс 5.3-46.9 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт спирт, шохой, шингэн сүү, гурил, ус, ундаа, жүүс зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3.8-23.0 хувиар тус тус өссөн байна. Мөн нүүрсэн шахмал түлш болон амны хаалтны үйлдвэрлэл 2020 оны эхний 5 сард өмнөх оны мөн үеэс 3.9-18.7 дахин өссөн байна.

 


Статистик: Эдийн засгийн голлох таван салбарын үзүүлэлт
2020-06-12 12:54:19
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ