Ням, 2025-06-01
Иргэд Л.Оюун-Эрдэнийг дэмжихгүй байгаа гэдэг нь худлаа шүү

Орлогоо нотол гэх шаардлагаас эхэлсэн “Огцрох амархан” жагсаалын үр дүнд Ерөнхий сайд, цаашлаад хамтарсан засгийн хувь заяа дээсэн дөрөөн дээр ирээд байгаа билээ. Сийх салхины чимээнд хоосон лонх хамгийн их дуу гаргадаг учраас Ерөнхий сайдыг дэмжигсдийн дуу хоолой төдийлөн тод сонсогдохгүй байгаа энэ цаг үед түүнийг дэмжих шалтгааныг сийрүүлэн бичих нь зүйтэй биз ээ.

НЭГ. Л.ОЮУН-ЭРДЭНЭЭР ОВОГЛОСОН ЗАСАГ ОЮУН-ЭРДЭНЭГҮЙ АМЬДРАХГҮЙ
“Орлогоо нотол гэтэл бүхэл бүтэн засгаа аваад уначихлаа”. Энэ бол сатааруулах тактик. “Энэ хүн байхгүй бол том ажлууд зогсоно гэвэл манай төрд хүнээс үл хамаарах бүтэц, систем бий болоогүйн нотолгоо” гэж Ерөнхий сайдыг эсэргүүцэгчид орилж байна. Хүнээс үл хамаарах улс төр хаана бий болчхоод байгаа юм бэ. Яагаад улс бүрд Засгийн газрыг тэргүүлж байсан Ерөнхий сайдаар нь овоглож, улс төрийн чиг баримжаа, бодлогыг нь дүгнэдэг юм бэ. “Би С.Баярын Засгийн газарт ажиллаж байсан” гэж сайд нар нь ярьж, засгаас гадуурх хүмүүс нь Н.Алтанхуягийн засагт дүн өгдөг биз дээ. Гэтэл зөвхөн Л.ОюунЭрдэнийн засагт “Даргаа сольчих оо, шинэ хүн нь яг адилхан хамтралыг дэмжээд, яг адилхан асуудуудыг чухалчлаад, нөгөө хоёр намын дарга нь өмнөх хүндээ хандаж байсан шиг яг адилхан шинэ хүнд ханд” гээд шахаад буй нь үнэхээр хачин, магадгүй улс төрийн мэдлэггүй байна аа. Бараг л Л.Оюун-Эрдэнийг нэрээ солиод, өөр хүний дүрээр буцаад ир гэж байгаа аятай. Заримд нь тайлбарлахад хэн нэгэн хүн намынхныхаа үзэл санааг нэгтгэж, асуудлын дарааллыг зөв тодорхойлж, чиглүүлэх ёстой шүү дээ. Цаашлаад энэ удаагийн хамтралыг засаг болгож гурван намын мөрийн хөтөлбөрийг нэгтгэн, хоорондоо алалцах биш, нэгдье гэсэн санал санаачилга бол бас л Л.Оюун-Эрдэнийнх.

Ардчилсан намын гишүүд нь хүртэл “Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар сонгогдсоныхоо дараа манай намыг хамтралд урьсан болохоос энэ хүн чинь гурван намын Ерөнхий сайд биш” гээд байгаа шүү дээ. Нэгдлийг бий болгох сонголт, санаачилгыг Л.Оюун-Эрдэнэ гаргаж, нөгөө хоёр намын удирдлага нь бас л энэ хувь улс төрчид итгэсэн. Ерөнхий сайд унавал хамтарсан засаг унана. Хамтарсан засаг унавал хийж байсан ажлууд нь удааширч, зогсохыг ч үгүйсгэхгүй. Энэ бол бодит үнэн. Бүхэл бүтэн намын мөрийн хөтөлбөрийг тодорхойлон, чиглүүлж, сонгуулиас ард түмний итгэлийг авч, хамтралын засгийг бий болгосон хүн шүү дээ. Хүссэн, хүсээгүй энэ хамтарсан Засгийн газрын хувь заяа Л.ОюунЭрдэнэтэй салшгүй холбоотой.

ХОЁР. ЕРӨНХИЙ САЙДЫГ ДЭМЖИЖ БАЙГАА БОЛГОН ТРОЛЛ БИШ

Огцрохыг дэмжигсэд ардчиллын төлөөх залуус гэж цоллогдож байгаа бол нөгөө талд тохох нэр, тодорхойлолтын хамгийн соёлтой нь “өвөө, эмээ”. Цаашлаад Ерөнхий сайдыг дэмжвэл “боловсрол мэдлэггүй, мөнгө авсан тролл” гэж чичилж байна. Үгүй шүү дээ. Дээр дурдсан нөхцөл байдлыг ойлгож буй, эсвэл энэ засаг юм хийж байгааг харсан мэдлэг боловсролтой залуус, дунд эргэм насныхан, адлагдаад байгаа өвөө, эмээ нар ч бий. Энэ засаг үг хэлэх эрхийг үгүй хийлээ гэж орилох залуус “Л.Оюун-Эрдэнийг дэмжиж байна аа” гэж хэлэхээс ичтэл хүмүүс рүү дайрч, засгийн талд дуугарсан хэвлэл бүрийг худалдагдсан гэж шүүх хуралгүйгээр цоллож байгаа нь олон ургалч үзэлтэй ардчилал юм уу. Нөгөө талдаа зөв мэдээлэл авах чадваргүй гэж доромжлох жагсагчид дэлхийн нөхцөл байдалтай жишиж шаардлагаа тавиасай. Дэлхий дахиныг хамарсан “Ковид-19” цар тахлын дараа ард иргэдийн амьдрал нь сайжирсан улс орон хаана байгаа юм бэ. Үйлчилгээний газрууд нь үнээ нэмдэггүй, тогтвортой эдийн засгаараа алдартай Япон Улсад хүртэл үнийн өсөлт маш таагүй өөрчлөлтүүдийг авчирч байгаа. Үнийн ханш түүхэнд байгаагүй доод хэмжээнд хүрч, зөвхөн дэлгүүр хэсэхээр Токиог зоригсод бий боллоо. Өндөг зэрэг өдөр тутмын хүнсний үнийн өсөлтөөс шалтгаалж АНУ-ын баячууд хүртэл борчуудын дэлгүүрээр үйлчлүүлж байна гэх хошигнол газар авсаар. Харин ч дэлхийн өнцөг булан бүрд дайн дэгдэж, үзэл баримтлалаараа хуваагдсан их гүрнүүд Монгол мэтийн жижиг улс орнуудыг “аль нэг талдаа гар” гэж шахан шаардаж, барьцаалж байгаа энэ цаг үед аль алинд нь тал алдчихгүйхэн шиг явж байгаа нь Ерөнхий сайд болон одоогийн удирдлагуудын ач гавьяа. Л.Оюун-Эрдэнийг огцруулаад гарч ирэх дараагийн хүн нь хэн байх вэ гэдэг айдаст “тэр хамаагүй, түүнийг нь ч гэсэн огцруулъя, бид хэдэн ч удаа огцруулсан яадаг юм” гэж “хаус”-д уриалах залуус байхад олон улсын харилцаа, тогтвортой байдлыг эрхэмлэх, дэлхийн эдийн засгийг ойлгох залуус ч байна аа. Залгамж халаа, дараагийн засгаа бодохгүй зайл гэх шаадлагыг Л.Оюун-Эрдэнэд тавих залуус бодит амьдралаас арай л хол тасарсан аж.

ГУРАВ. ОРЛОГОО ЯГ ЯАЖ НОТЛОХ ВЭ

“Маш амархан, орлогоо нотол” гэх уриаг урьтал болгосон жагсагчид хэрхэн гэдэгт хариулт өгдөггүй. Сошиалаар явж байгаа бүхнийг нотлох баримт мэт ярьж давшлах сэтгүүлчдэд улс төрчид “Хуулийн байгууллагын хийх ажил шүү дээ” гэж хариулна. Орлогоо нотлохын тулд хуулийн байгууллагад шалгуулахаас биш, сошиалын пост болон чанга яригч барьсан залуусын үгээр үнэн дэнслэгдэхгүй шүү дээ. Хуулийн байгууллагад итгэх итгэл алдарсныг ойлгож байгаа ч Монголд, цаашлаад дэлхий дахинд улс төрчийн хувьд орлогоо эцэслэн батлах ийм л арга зам байдаг. Тэр ч бүү хэл, таван минут тутам орлогоо “нотолж” байгаа гэх жагсагчид ч жагсаал босгосон арга замаа үнэн болон бүрэн тайлагнаж байгаа, эсэх дээр эцсийн дүгнэлтийг гуравдагч этгээд, хуулийн байгууллага л өгнө. Ерөнхий сайд орлогоо нотолно гээд байхад хуулийн байгууллага дүгнэлт гаргах боломж олгох нь байтугай “хэргийн эзэн” мэдүүлэг өгөх завдал ч өгөлгүй жагсаалаа зохион байгуулж байгаа нь нэг л хачирхалтай.

Т.Саруул
Эх сурвалж: Unuudur.mn


Иргэд Л.Оюун-Эрдэнийг дэмжихгүй байгаа гэдэг нь худлаа шүү
2025-05-30 13:52:43
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ