Бямба, 2021-09-18
Оюу Толгойн цахилгааны зардал гадагшаа гарсаар байх уу

Улаанбаатар Ассет Менежмент компанийн гүйцэтгэх захирал Н.Монсор
 
Бид Оюу Толгойн гэрээг хэдэн жилээр маргаж байх хооронд Оюу Толгой жил бүр 130-200 сая долларыг урд хөршийн цахилгаан станцуудад төлсөөр ирлээ. Анх 2012 оны 12 сард баяжуулах үйлдвэр нээлтээ хийсэн цагаас хойш Оюу Толгой нийтдээ 950 орчим сая долларыг урд хөршийн цахилгаан станцуудад төлөөд байгаа мэдээ байна.
 
Оюу Толгойн гүнд олборлолт явуулах техник хэрэгсэл нь тэр чигтээ цахилгаан эрчим хүчээр ажилладаг билээ. Үүний ердөө 4-5 жилийн зардлаар л Таван толгойн нүүрсний ордыг түшиглэсэн дотоодын цахилгаан станц барьчих боломжтой байсан гэхээр манайхны улс төржилт хэрээс хэтэрч байгаа нь харагдана. Таван толгойн нүүрсний ордын хүрэн нүүрс ашиглагдахгүй хэвтсээр л байна.
 
Оюу Толгойн төслийн нийт зардал дотор томоохон зардлуудын нэг бол эрчим хүч. Бид улсаараа эрчим хүчний хомстолтой байдаг үүний тод жишээ бол импортоор авч буй цахилгааны өндөр зардал юм. Гэтэл Оюу Толгойн хажууд 100 орчим километрийн зайд манай  Таван Толгойн хүрэн нүүрс үнэгүйдэх эрсдэлд ороод багагүй хугацаа өнгөрч байна. Таван Толгойн цахилгаан станц гэж ярьсаар бид арав гаран жил өнгөрч байна. Гэтэл Оюу Толгойн цахилгааны зардал гадагшаа гарсаар. Өнгөрсөн оны байдлаар Оюу Толгой дангаараа цахилгааны зардалд Хятад улсад 130 гаран сая долларыг гаргасаар байна. Цар тахлын үед энэхүү мөнгө нь дотооддоо үлдэж олон зуун ажлын байр бий болгохоос гадна тасраад байгаа төсвийн орлогыг бүрдүүлэхэд өөрийн хувь нэмрийг үлдээх учиртай.
 
Олон улсад ийм төрлийн төслийн санхүүжилтийг хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж ард иргэд нь урт хугацааны тогтвортой ашиг хүртэх бүрэн боломжтой юм. Олон нийтийн хөрөнгө оруулалт гэдэг бол хяналтыг ил тод болгож өгнө зардлыг бодит байлгана гээд олон давуу талуудтай. Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт хийгдэж дуусмагц зөвхөн цахилгааны зардал нь жилдээ 300 орчим сая доллар болох тооцоог ч эдийн засагчид гаргаад байна.
 
Тэгвэл дотоодын хөрөнгө оруулалтын сангууд нь нээлттэй хэлбэртэй санхүүжилт босгож энэхүү бүтээн байгуулалтад оролцох бүрэн боломжтой юм. Үүнийг хийх нөхцөл ч манай санхүүгийн зах зээл дээр бий болсон бөгөөд эхний хөрөнгө оруулалтын сангууд ч амжилттай хөрөнгө оруулалт босгоод  эхэлсэн байна. Хэрэв бид нэгдэж үндэсний бүтээн байгуулалтаа дэмжиж чадвал гадагшаа гарч байгаа валютын урсгалаа дотоодын хөрөнгө оруулагчид даа хүртээх бүрэн боломжтой.

Оюу Толгойн цахилгааны зардал гадагшаа гарсаар байх уу
2021-09-07 10:57:52
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-11 13:04:55
    Зочин: эргүү толгойлсон уул уурхай, эрчим хүчний сайд нэртэй цүнх баригч нар уншаач
Шинэ мэдээ