Лхагва, 2021-12-08
​Г.Гийхнаран: Төлбөрийн чадвар буурсан хоёр банкны мэдээллийг Монголбанк огт өгөөгүй

Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт эх үүсвэрийг гаргаж өгөхгүй байгаа гэх асуудал яригдаж байгаа. Энэ талаар ЭМДС-ийн Дэд дарга Г.Гийхнарангаас тодрууллаа.

-ЭМДС-ийн чөлөөт эх үүсвэрүүд ямар ямар банкинд байршиж байгаа вэ?

-ЭМДС-ийн чөлөөт үлдэгдэл болох 350 тэрбум төгрөг бүгд Төрийн сангийн хадгаламжийн дансанд байгаа. Харин эмийн сан, хувийн эмнэлгүүдэд хийх гүйлгээг арилжааны банкаар хийдэг учир найман банкинд харилцах данстай. Үүнд, Хаан, Төрийн, Голомт, Капитрон, Худалдаа хөгжил, Хас, Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк багтаж байна.

-Төлбөрийн чадвар буурсан хоёр банкинд байршиж буй ЭМДС-ийн мөнгийг авч чадахгүй байгаа шүү дээ. Сангийн сайд ойрын хугацаанд татан авна гэсэн. Үүний үйл явц хэр явж байна?

-Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 24.5 тэрбум, Чингис хаан банкинд 30.6 тэрбум төгрөг байгаа. Нийтдээ 55.1 тэрбум төгрөг. Өнгөрсөн оноос хойш төлбөрийн хүсэлт өгөхөд тус хоёр банк биелүүлж чадахгүй байгаа тул аль алинаас  нь мөнгөө нэхэмжлэн шүүхэд хандсан.

Чингис хаан банкийг 2020 оны дөрөвдүгээр сарын 6-нд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч, 27.8 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхэд бид ялсан ч Чингис хаан банк давж заалдах шатанд хандсан. Давж заалдах шатны шүүх хурал хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байна.

Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг 2020 оны арваннэгдүгээр сарын 22-нд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч, 25.4 тэрбум төгрөг барагдуулахаар нэхэмжилсэн. Шүүхийн шатанд ҮХОБ-аас манайд эвлэрэх санал тавьсан. Ингэхдээ эргүүлэн төлөх график гаргаад, 2022 оны 12 дугаар сарын 31 хүртэл төлөх саналтай байгаа. Үүнийг бид дангаар шийдэх боломжгүй. Энэ саналыг Нийслэлийн прокурорын газар, Монголбанк, Сангийн яам, Эрүүл мэндийн яам зэрэг холбогдох газрууд руу хүргүүлсэн.

Саналын хариуд дээрх байгууллагуудаас яаралтай, хурдан хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэсэн чиглэлийг манайд өгч байна. Тиймээс бид анхан шатны шүүх дээр эвлэрэхгүй байгаа.

-Хэзээнээс тус хоёр банкинд харилцах данстай болсон бэ?

-2017 оны Засгийн газрын 344 дүгээр тогтоолоор манай агентлаг байгуулагдсан. Тэгээд 2018 оны нэгдүгээр сарын 1-нд НДЕГ-аас байр, эд хогшил, хадгаламжийн данс, харилцах данс зэрэг бүх зүйлтэйгээ салсан. Энэ үед тус хоёр банкинд харилцах дансны үлдэгдэлтэй шилжиж ирсэн юм.

-Банкуудын төлбөрийн чадварт хэн хяналт тавих ёстой вэ?

-Хуулиараа хадгаламжийг Төрийн санд байршуулж байгаа. Өмнө нь арилжааны банкуудад хадгаламж байршуулахад Монголбанкны мэдээлэлд тулгуурлан байршуулдаг байсан. Монголбанк банкуудын талаарх мэдээллээ нээлттэй өгч байгаад 2019 оноос хойш төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үнэлгээгээ нээлттэй байршуулахаа больсон. Албан бичиг явуулахад тухайн банкнаас өөрсдөөс нь олж ав гэсэн хариуг удаа дараа өгсөн. Банкны төлбөр гүйцэтгэх чадвартай холбоотой мэдээллийг өгөөгүй гэсэн үг.


​Г.Гийхнаран: Төлбөрийн чадвар буурсан хоёр банкны мэдээллийг Монголбанк огт өгөөгүй
2021-11-15 12:34:45
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ