Баасан, 2024-04-19
Статистик: Иргэдийн бодит цалин 40 мянгаар буурч, чанаргүй зээл өслөө

Үндэсний статистикийн хорооноос 2021 оны аравдугаар сарын байдлаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн  байдлыг  танилцуулсан. Гуравдугаар улирлын байдлаар ДНБ-ий өсөлт, ажилгүйдэл, өрхийн орлого зэрэг голлох үзүүлэлтийг тоймлоё.

Экспорт 1.5 тэрбум доллараар өсжээ

Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл аравдугаар сарын байдлаар 1.9 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Экспортын гол түүхий эдийн биет хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан ч үнэ өссөн орлого өсөхөд нөлөөлжээ. Монгол Улсын хувьд газрын тос, зэсийн баяжмалаас бусад түүхий эдийн экспорт буурсан дүнтэй байна. Нүүрс гэхэд өнгөрсөн оны мөн үед 23.9 сая тонныг гаргаж байсан бол энэ оны аравдугаар сарын байдлаар 13.9 сая тонныг л экспортлоод байна. Нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 10 сая тонноор багассан ч орлого үнийн өсөлтөөс шалтгаалж, орлого нь 213 сая доллараар өсжээ. Биет хэмжээний бууралтыг үнийн өсөлтөөр нөхөх боломж бүрдсэн байна. Нийт экспорт өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллараар өсөхөд 1.4 тэрбум ам.долларын өсөлт нь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөн нь голлон нөлөөлжээ. Мөн ургамлын гаралтай бүтээгдэхүүн тэр дундаа самрын экспорт 80 сая ам.доллараар нэмэгджээ.

Аравдугаар сарын байдлаар Монгол Улсын импортын хэмжээ 1.2 тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна. Авто машин болон газрын тосны бүтээгдэхүүний импорт голлон өсжээ.

Банкин дахь төгрөгийн хадгаламж 5.1 их наядаар нэмэгдэв

Аравдугаар сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт 27.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 21 хувиар өссөн. Банкин дахь төгрөгийн харилцах хадгаламж 15.2 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 5.1 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Валютын хадгаламж 4.1  их наяд төгрөг болжээ. Банкин дахь нийт зээлийн үлдэгдэл 20.2 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 16.5 хувиар өссөн байна. Нийт зээлийн үлдэгдлийн 5.2 хувийнх нь хугацаа хэтэрсэн бол 9.8 хувь нь чанаргүй зээлийн ангилалд оржээ. 

Төсвийн татварын орлого сайн биелжээ

Аравдугаар сарын байдлаар Монгол Улсын төсөв 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна. Төсвийн орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.1 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 10.7 их наядад хүрсэн байна. Харин төсвийн зарлага 1.4 их наяд төгрөгөөр нэмэгдэж 10.2 их наяд төгрөгт хүрчээ. Орлого өсөхөд орлогын албан татвар 1.2 их наядаар давж биелсэн, татварын бус орлого 560 тэрбумаар, НӨАТ 450 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Жилийн өмнөхөөс махны үнэ кг тутамдаа 2000 төгрөгөөр өсчээ

Инфляц улсын хэмжээнд 9.7, нийслэлийн хэмжээнд 9.3 хувьд хүрлээ. Хэрэглээний сагсан дахь нийт барааны үнэ нийт дүнгээрээ 9.7 хувиар өсөхөд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 50 хувийг нь эзэлж байна. Хүнсний бүтээгдэхүүний үнэ жилийн дүнгээрээ 18.2 хувиар өссөн. Хамгийн өндөр өсч байгаа бүтээгдэхүүн нь мах. Өнгөрсөн жирийнхээс махны үнэ кг тутамдаа 2000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Мөн жилийн инфляцын өсөлтөд бензиний үнийн өсөлт голлон нөлөөлсөн. Долдугаар сард шатахууны үнэ 300 төгрөгөөр хоёр удаа өссөн юм.

Мөн инфляцад импортын барааны үнэ нөлөөлж байна. Хэрэглээний сагсан дахь бараа бүтээгдэхийн 46.5 хувь нь импортын бараа эзэлж байгаа бөгөөд нийт 9.7 хувийн өсөлтийн 4.6 хувь нь импортоос хамаарч байна. Аравдугаар сарын инфляц өмнөх сараас 0.5 хувиар өсөхөд нарийн ногоо, хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн нөлөөлсөн. Мөн дотоодын бараа бүтээгдэхүүн болох сүү, өндөг, махны өссөн.

Өрхийн орлого, зарлага буурлаа

Гуравдугаар улирлын байдлаар өрхийн сарын дундаж бодит орлого өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар буурсан. Өрхийн сард орж ирдэг цалингийн орлого дунджаар 40 мянган төгрөгөөр буурсан байна. Зарлагын хувьд мөн өнгөрсөн оныхоос 37 мянган төгрөгөөр буурчээ. Өрхүүдийн хувьд хүнсний бус бараа бүтээгдэхүүний зарлага буурсан байна

Эдийн засаг 3.6 хувиар өслөө

2021 оны гуравдугаар улирлын байдлаар ДНБ-ий хэмжээ /Үйлдвэрлэлийн аргаар тооцсон/ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.6 хувиар өсөлттэй гарчээ. ДНБ өсөхөд уул уурхайн салбар 11.7 хувь, бүтээгдэхүүний цэвэр татварын хэмжээ 15 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Уул уурхайн салбар дундаа Оюу толгойн зэс, алтны агууламж нэмэгдсэн нь нөлөөлөв. Салбараар нь авч үзвэл хөдөө аж ахуй болон аж үйлдвэр, барилгын салбар уналттай гарсан байна. Хөдөө аж ахуйн салбар оны дүнгээр 4.7 хувиар унав. Зүй бусаар хоргодсон малын тоо өссөн, төл бойжилт 10 хувиар буурсан нь нөлөөлжээ. Барилгын салбарын хувьд гурван улирал дараалан суларч, өмнөх оны үеэс 17 хувиар унажээ.

Ажиллах хүчний  хувьд өмнөх онтой харьцуулахад 40 мянгаар буурсан. Харин өмнөх улиралтай харьцуулахад 30 мянгаар нэмэгдлээ. Тухайлбал, цар тахалд хамгийн их өртөж байсан үйлчилгээний салбарын ажилчдын тоо эргээд 39 хувиар өссөн эерэг нөлөө үзүүлжээ. 


Статистик: Иргэдийн бодит цалин 40 мянгаар буурч, чанаргүй зээл өслөө
2021-11-18 11:56:41
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0