Даваа, 2021-10-25
АНУ, Их Британи, Австралийн түншлэл Францчуудыг бухимдуулав

Лхагва гарагт АНУ, Их Британи, Австрали улсууд Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хамтран ажиллах аюулгүй байдлын гэрээг байгуулсан билээ.

 

Энэхүү гэрээний хүрээнд гурван улс батлан хамгаалах салбарын мэдлэг туршлага, технологио хуваалцаж, бүс нутагт өсөн нэмэгдэж байгаа Хятадын хүч нөлөөг хязгаарлахын төлөө хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Гэрээний нэг том хохирогч нь Франц улс байв. Тус улс 2016 онд Австралид 12 ширхэг цөмийн шумбагч хөлөг нийлүүлэх $50 тэрбумын дүнтэй гэрээг байгуулаад байсан юм.

Гэтэл шинэ түншлэлийн дагуу Канберрагийн эрх баригчид уг гэрээг цуцалж, АНУ-аас шумбагч хөлгүүд авахаар болсон байна.

Үйлдвэрлэлд шаардлагатай эд ангиудыг Австралиас худалдаж авах шаардлагын улмаас Францтай байгуулсан гэрээний хэрэгжилт саатаад байжээ.

Францын өндөр албан тушаалтнууд Австралийн тал гэрээгээ цуцалсанд бухимдалтай байгаагаа илэрхийлцгээж байна.

“Энэ бол ар нуруунд хутга шаасан хэрэг. Бид Австралийн талтай бүрэн итгэлцлийн үндсэн дээр гэрээ байгуулсан. Харин одоо тэд биднээс урваж, итгэл эвдлээ” хэмээн Францын гадаад хэргийн сайд Жан Ив Ле Дриан өчигдөр France Info радиод ярьжээ.

“Би өнөөдөр маш их ууртай байна. Энэ бол холбоотнуудын хооронд байж боломгүй асуудал. Ийм гэнэтийн, нэг талын, урьдчилж харах боломжгүй шийдвэр нь ноён Трампын үеийг санагдуулж байна” гэж тэр хэлсэн байна.

Өчигдөр бас Вашингтон дахь Франц улсын элчин сайдын яам түүхэн ойд зориулсан хүлээн авалтаа цуцалсан байна.

Энэ бол 240 жилийн өмнө Францын тэнгисийн флот Британийн хатан хааны флотод цохилт өгснөөр АНУ-д тусгаар тогтнолоо олох боломж олгосон түүхэн үйл явдлын ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ байжээ.

Лхагва гарагт АНУ дахь Франц улсын элчин сайд Филипп Этиен “Францын тэнгисийн флот Британийн флотыг Чизапикийн буланд бут цохиж, АНУ-д тусгаар тогтнолоо зарлах боломж олгосон үйл явдлын 240 дэх жилийн ой дээр ийм гэрээ байгуулагдсан нь сонирхолтой” гэж твиттер хуудсандаа бичсэн юм.

Европын Холбооны удирдлагууд ч бас АНУ, Их Британи, Австрали улсууд аюулгүй байдлын гэрээнд гэнэт нэгдсэнд гайхаж байгаагаа илэрхийлжээ.

Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел “Бидэнтэй зөвлөлдөлгүй ийм гэрээ байгуулсныг сая л хэвлэлээс мэдлээ. Аюулгүй байдлын асуудал хариуцдаг өндөр албан тушаалтныхаа хувьд би энэ талаар огт мэдээлэлгүй байв. Ийм түншлэлийн гэрээг ганцхан шөнийн дотор байгуулдаггүй. Нэлээд эртнээс яригдсан асуудал гэж би бодож байна. Яриа хэлэлцээний гадна орхиж, ямар ч мэдээлэл өгөөгүйд харамсаж байна” гэж хэлсэн байна.

Тэрбээр Европын Холбооны бие даасан гадаад бодлого чухал болсныг онцолж, энэ талаар ойрын үед гишүүн орнуудын удирдлагуудтай хэлэлцэхээр төлөвлөж буйгаа мэдэгджээ.

Шумбагч хөлөг онгоцнууд нийлүүлэх гэрээ нь Франц улсын хувьд санхүүгийн төдийгүй дипломат бодлогын, Ази-Номхон далайн бүс нутагт байр сууриа нэмэгдүүлэх стратегийн өндөр ач холбогдолтой зүйл байсан юм.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өчигдөр Европын түншүүдээ тайтгаруулах мэдэгдэл хийсэн байна. “Гэрээ байгуулснаар манай Атлантын, Номхон далайн түншүүдийн ашиг сонирхолд зөрчил гарахгүй гэж би үзэж байна. Европын орнууд ч Энэтхэг-Номхон далайн бүсэд чухал үүрэгтэй байдаг. Ялангуяа Франц улс манай эртний, үнэнч түнш бөгөөд бид Трансатлантын түншлэлээ Номхон далайд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт бас өргөжүүлэх эрмэлзлэлтэй байна” гэж тэр мэдэгджээ.

 

Эх сурвалж: CNN


АНУ, Их Британи, Австралийн түншлэл Францчуудыг бухимдуулав
2021-09-17 18:43:43
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0