Бямба, 2024-04-27
Японы өмнөд арлын Асо галт уул дэлбэрчээ

Японы өмнөд арал Кюшүд оршдог Асо галт уул өчигдөр үдээс өмнө дэлбэрч, агаарт 3.5 км-ийн өндөр үнс нурам цацсан байна.

 

Тус улсын цаг уурын хүрээлэн галт уулын дэлбэрэлийн гуравдугаар түвшний анхааруулгыг нутгийн оршин суугчдад өгчээ. Уг анхааруулах систем нь таван түвшинтэй юм.

Гуравдугаар түвшинд иргэдийг галт уул руу ойртохгүй  байх, уулын тогооноос нэг километрийн радиус дотор том хад чулуунд цохиулах аюултайг анхааруулдаг.

Лхагва гарагийн оройн байдлаар хүн эрсэдсэн, гэмтсэн тохиолдол бүртгэгдээгүйг орон нутгийн цагдаагийн газар мэдээлжээ.

Галт уул дэлбэрэхээс өмнө уул руу авирахаар явсан 16 хүн эсэн мэнд эргэж ирснийг бас мэдээлсэн байна.

1,592 метрийн өндөртэй Асо уулын тогооноос агаарт цацагдсан үнс нурам ойролцоох тосгон суурингуудад удахгүй буух төлөвтэй байгааг цаг уурчид анхааруулжээ.

Асо галт уул хамгийн сүүлд 2019 онд бага хэмжээгээр дэлбэрч байсан юм.

Сүүлийн 90 жилийн хугацаанд Японд гарсан хамгийн их хохиролтой галт уулын дэлбэрэлт 2014 оны есдүгээр сард тохиож байжээ. Тухайн үед Онтаке галт уул дэлбэрэхэд 63 хүний амь үрэгдсэн юм.

Одоо Японы телевизүүд Асо уулын нөхцөл байдлыг шууд дамжуулж байна.

 

Эх сурвалж: Reuters


Японы өмнөд арлын Асо галт уул дэлбэрчээ
2021-10-21 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ