Пүрэв, 2024-04-25
ОХУ болон НАТО-гийн хооронд дайн дэгдэх эрсдэл нэмэгдэв

Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес мягмар гаригт Украин улсад айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзалт хийх үеэрээ Киевт тэнгисийн цэргийн хүчээ зузаатгахад санхүүжилт олгож, Азовын тэнгист усан цэргийн флот байгуулах талаар хэлэлцээр байгуулсан.

Хэлэлцээр байгуулагдсаны дараа Их Британи болон Украины Засгийн газрууд Москватай дайсагнах зорилгогүй бөгөөд стратегийн хувьд ОХУ-ыг бүслэх зорилго агуулаагүй гэх хамтарсан байр суурь илэрхийлсэн юм. Гэвч Владимир Зеленский уулзалтын дараа Москва Крымд цэргийн хүчээ нэмэгдүүлж байгаа явдлын эсрэг Украин болон НАТО нэгдмэл байр суурьтай байгаа гэж мэдэгдсэн билээ. Үүнээс өмнө Их Британийн Засгийн газар ОХУ-ын “Nord Stream 2” байгалийн хийн хоолойг эсэргүүцэж байгаа Украины байр суурийг тууштай дэмжинэ гэдгээ илэрхийлээд байв.

Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова лхагва гаригт Энэ бол ОХУ-тай хил залгаа Украины нутаг дэвсгэрт Их Британи цэргийн үйл ажиллагаагаа нэмэгдүүлж байгаагийн бодитой нотолгоо гэсэн байна. Москва Украин улс НАТО-д элсэх болон барууны орнууд Крымийн асуудлаар Киевт цэргийн дэмжлэг үзүүлэх тухай асуудлыг хүчтэй эсэргүүцсээр ирсэн билээ. Улмаар ОХУ ирэх сараас Крымд шүхрийн анги нэмж байршуулахаар төлөвлөжээ.

ОХУ 2014 онд Украины эзэмшилд байсан Крымийн хойгийг эзлэн түрэмгийлснээр НАТО Балканы хойг орчмын Хар тэнгис дэх цэргийн үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн түүхтэй.

НАТО-гийн цэргийн эвслийн 14 улс өнгөрөгч долдугаар сард Хар тэнгист 1996 оноос хойш хэрэгжүүлсэн агаарын довтолгооноос хамгаалах Бриз усан цэргийн сургуулилтыг өргөн хүрээнд зохион байгуулсан билээ. Нийт 30 хөлөг онгоц, 2000 гаруй цэргийн бүрэлдэхүүнтэй явагдсан Бриз 2021 нь НАТО-гийн хувьд сүүлийн 10 жилийн хугацаанд Европ тивд зохион байгуулсан хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй цэргийн сургуулилт байсан юм.

Түүнчлэн, АНУ-ын тэнгисийн цэргийн VI флот 2021 оны наймдугаар сард Хар тэнгист хэрэгжүүлж буй НАТО-гийн цэргийн хамтарсан ажиллагаанд нэгдсэн. Улмаар Вашингтон өнгөрөгч сард удирдлагатай пуужин устгагч Портер хөлөг онгоцоо мөн Хар тэнгист үүрэг гүйцэтгүүлэхээр илгээсэн.

Тэгвэл ОХУ-ын Хар тэнгисийн флотын шумбагч хөлөг онгоцууд өнгөрөгч долоо хоногт мөн Хар тэнгист сургуулилт явуулж, дайсны хөлөг онгоцнуудад пуужингийн цохилт өгөх сургуулилалт хэрэгжүүлсэн.

Ийнхүү их гүрнүүд Крымийн хойг болон Польш-Беларусийн хил дээр хурцадмал байдал үүсээд байгаа энэ үед тэнгисийн цэргийн гол хүчээ Хар тэнгист төвлөрүүлэх болсон нь бүс нутгийн тогтвортой байдал алдагдах болгоомжлолыг бий болгоод байна.

Тухайлбал, Их Британийн Батлан хамгаалахын штабын дарга, генерал Ник Картер өнгөрөгч долоо хоногт НАТО болон ОХУ-ын хооронд санамсаргүй дайн үүсэж болох эрсдэл хүйтэн дайны цаг үеэс ч өндөр байгааг анхааруулсан юм. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гаригт Хар тэнгис дэх хурцадмал байдлыг даамжруулахаас зайлсхийж байгаагаа илэрхийлсэн бөгөөд тогтворгүй байдал үүсгэхээс сэргийлэх зорилгоор Хар тэнгист хийхээр төлөвлөсөн тэнгисийн цэргийн өөр нэг сургуулилтыг цуцалсан билээ.

Эх сурвалж: Reuters, TASS, FAS


ОХУ болон НАТО-гийн хооронд дайн дэгдэх эрсдэл нэмэгдэв
2021-11-18 12:01:20
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ