Баасан, 2020-12-04
ХААН Банк төрийн үйлчилгээний цахим систем E-MONGOLIA-д нэгдлээ

Төрийн 181 үйлчилгээг авах боломжтой E-Mongolia үндэсний цахим системд ХААН Банк нэгдлээ. Ингэснээр эрхэм харилцагч та энэхүү системээс төрийн үйлчилгээ авахаар хандахдаа ХААН Банкны интернэт банкны эрхээрээ нэвтрэн өөрийгөө зайнаас танин баталгаажуулалт хийх боломжтой болж буй. Тус үйлчилгээг авахын тулд та www.e-mongolia.mn цахим хуудас болон E-Mongolia аппликэйшнээр дамжуулан ХААН Банкны нэвтрэх хуудсыг сонгон, интернэт банкны эрхээрээ нэвтрэн орж, банканд бүртгэлтэй өөрийн регистрийн дугаараа ДАН систем рүү илгээхийг зөвшөөрсөн тохиолдолд харилцагч таныг зайнаас танин баталгаажуулах юм. ДАН систем рүү харилцагч таныг амжилттай танин баталгаажуулсан мэдээллийг илгээсний дараа интернэт банкны нэвтрэлт автоматаар хаагдана. Хэрэв та үйлчилгээ авч, төлбөрөө төлөх тохиолдолд вэб хуудсаар дамжуулан нэвтэрсэн бол QR код гарч ирсний дараа гар утсаараа уншуулан төлнө. Харин E-mongolia аппликэйшнээр нэвтэрсэн бол QPay дээр дарж банкаа сонгон интернэт банк руугаа ороод үүссэн гүйлгээний дагуу төлбөрөө төлөх юм.
 
E-Mongolia үндэсний цахим системээс халамж, нийгмийн даатгал болон улсын бүртгэл, жолоодох эрх, тээврийн хэрэгсэл, зөвшөөрөл, тодорхойлолт, дүгнэлт акт, иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөн, татвар төлбөр тооцоо, боловсрол бусад зөвлөгөө мэдээлэл зэрэг маш олон үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломжтой. Эдгээр үйлчилгээнд иргэдэд өдөр тутам хэрэгтэй лавлагаа, иргэний үнэмлэхний захиалга зэрэг багтсан байдаг. Цаашдаа иргэдэд үзүүлдэг 11 мянга гаруй үйлчилгээг нэг системд төвлөрүүлснээр цаг хугацаа, мөнгө хэмнэхээс гадна төрийн үйлчилгээ хүнээс хамааралгүй болж шат дамжлага багасах, улмаар төрийн байгууллагуудын цахимжих үйл явцад томоохон ахиц, дэвшил гарна хэмээн тус системийг хөгжүүлэгчдийн зүгээс онцолж байна.
 
ХААН Банкны харилцагч та E-Mongolia цахим системд хандахдаа хэн нэгэнд өөрийн интернэт банкны нэвтрэх нэр нууц үгээ дамжуулан өгөх, нууцлалыг хангахгүй байх нь аливаа санхүүгийн луйварт өртөх, хувийн нууц мэдээллээ бусдад алдах эрсдэлтэй. Тиймээс өөрийн цахим аюулгүй байдлыг хангаж, бусдад хувийн мэдээллээ, тухайлбал, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, банканд бүртгэлтэй и-мэйл хаяг, утасаа хэн нэгэнд дамжуулж хэрэглэх боломжтойгоор орхиж болохгүйг анхаарна уу.

ХААН Банк төрийн үйлчилгээний цахим систем E-MONGOLIA-д нэгдлээ
2020-11-18 16:01:23
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ